Categories
мэдээ соёл-урлаг

А.Цэгмэд: “Нийслэл хүүхэн”-ий Ажаагаас хойш тав, зургаан дүрд тоглолоо

“Нийслэл хүүхэн” киноны Ажаагийн дүрд тоглосон жүжигчин А.Цэгмэдтэй ярилцлаа.


-Сүүлийн үеийн хэд хэдэн кинонд таныг харлаа?

-Баярлалаа, урлагийн буян.

-“Нийслэл хүүхэн” киноны Ажаа гэж хүн бүр дууддаг хөөрхөн эмээгийн дүрээр од болж байна даа?

-Ажаагаас хойш тав, зургаан ажил орж ирсэн. Ддиш, Look TV, Юнивишн багцаар л яваад байгаа юм гэсэн. “Карантины хүүхдүүд” л гэнэ. “Амар байна уу, Ким” л гэнэ. Бас нэг удганы тухай кино бий. Заримынх нь нэрийг тогтоогоогүй ээ.

-Ойр ойрхон эмээгийн дүр бүтээхээр нэгийг нь нөгөөгөөс нь ялгаруулах хэцүү юү?

-Яалаа гэж. Сурсан эрдмийнхээ оройд нь хүрээгүй ч зах зухаас нь чаргууцалдаад зуураад, базаад авсан юм болохоор “Нийслэл хүүхэн” киноны эмгэний дараа Ким солонгос охины хадам ээж боллоо. Хүлээж авахад бас өөр байх талаас нь өөрийгөө элээж, ирлэж, хуурайдна шүү дээ. “Нийслэл хүүхэн”-ий эмгэн бол жавхалзсан, тачигнасан, хүнээр хүн хийх гэж хичээж байхад тэр Кимийн ээжийн дүр хоорондоо 15-20 хоногийн зайтай л орж ирж байгаа ажил шүү дээ. Хэрвээ хэлийг нь мэдэхгүй солонгос бэр ороод ирвэл хүүгийнхээ төлөө бүхнээ л зориулна. Тийм маягтай байх жишээтэй. Дараа нь Лүн суманд очиж зураг авсан, бас нэг хөдөөгийн эмгэний дүр. Сайхан зээ охин нь удганы угтай болж, ухаан алдаж унаад болдоггүй. Эмгэн рүүгээ хайч хүртэл шиднэ. Тэрийг аргалахын тулд бас яах вэ. Ингээд огт өөр өөр байхын тулд хувь хүнээс зөндөө зүтгэл шаардана даа.

-Ажаа эмээ хөөрхөн дүр л дээ. Гэхдээ бэрээ бол харцаараа удирдах шахдаг хатуухан хадам ээж юм шиг ээ. Бодит амьдрал дээр та ямархуу хадам ээж вэ?

-Амьдрал дээр би Ажаагаас огт өөр хадам ээж. Миний бага хүүгийн эхнэр ихрийн өрөөсөн байгаа юм. Дархан бэр шүү дээ. Тэр бэр маань найзууддаа “Хүүгээсээ илүү намайг өмөөрдөг” гэж ярьсан гэсэн. Бэр, худтайгаа дотно, сайхан харилцаатай. Бэрдээ сайн байвал амьдрал сайхан болно. Бэр маань ч намайг сайн сонсдог, хүлээн зөвшөөрдөг.

-“Нийслэл хүүхэн” кинонд таны тамирчин байсан чадварыг ашигласан хөөрхөн хэсэг байдаг даа. Толгой дээрээ бол ядах юмгүй л тогтож байна лээ. Та одоо ч дасгал хөдөлгөөн хийдэг үү?

-Өглөөний дасгал байнга хийнэ. Одоо энэ коронагийн үед гэртээ л пижигнээд байна шүү дээ. Гадаа гарах арга байхгүй. Гэртээ цаг минутаа харж байгаад дороо зөөлөн гүйнэ. Амьсгаадаад хөлрөөд эхлэхээр нь өөртөө таарсан дасгал хийнэ. Дал гарсан хүн чинь залуудаа хийж байсан дасгалаа нэг их хийхгүй. Таарсан юмнуудаа хийгээд байхаар хар багадаа хийж байсан сунгалтын дасгалууд, энээ тэрээ юмнууд чинь хэвээрээ хадгалагдаж үлддэг юм билээ. “Нийслэл хүүхэн” кинон дээр дасгал хөдөлгөөн оруулсан нь миний санаа биш. Зохиолд энэ тухай бичигдээгүй. Нэг өглөө үүрээр найруулагчийн группийнхэн намайг дуудахаар нь нойрмогдуу очсон чинь “Та илүү гэрийнхээ гадаа тэрлэгээ дэвс, энэ дээрээ дасгал хийнэ дээ” гэсэн. “Ямар юмаа хийх вэ” гэсэн чинь “Та драмын театрт 70 насныхаа ойг тэмдэглүүлж байхдаа толгой дээрээ хөлөө өргөөд шуугиулсан байна лээ, тэрийгээ хий” гэсэн. “Аан за, тэрийг хийх юм уу” гээд хийлээ. “За болчихлоо” гэсэн. Сүүлд киногоо үзсэн чинь төө тэнд байгаа хоёр нөхөр гэрээсээ гарч ирээд “Хүүе, тэнд нэг хүн гацчихсан байна” гэсэн чинь Б.Баатархүү “Ажаа л дасгалаа хийж байна шүү дээ” гэх байдлаар оруулсан юм билээ. Найруулагч, Ааяа, Б.Баатархүү гурав нийлж байгаад Ажаа гэдэг хүний дүрийг тодотгоход онцлог нь ийм байна шүү. Залуудаа энэ хүн олби оготно шиг спорт хөөгөөд гүйж байсан гэдгийг тодотгоё гээд ингэж оруулсан юм билээ.

-”Мартагдсан дууль” кинон дээр та гурван найз эмэгтэйн нэгний дүрд тоглодог шүү дээ. “Алив нэг татчихъя” гээд нөхрөөсөө эмээсэн, хойшоо яарсан эмэгтэйн дүрийг сайн гаргадаг?

-Гучин хэдтэй л байсан даа. Уг нь намайг агсам тавьдаг эмэгтэйн дүрд тоглуулах гэхээр нь би дүрээ солиулсан юм. Социализмын үед найруулагчийн оноосон дүрийг “Би үүнд тоглохгүй ээ” гэж хэлдэг зоригтой хүн байгаагүй. Тухайн үедээ би зоригтойдоо биш, амьдралын байдлаас шалтгаалаад “Би нөхөртэй эмэгтэйн дүрд тогломоор байна. Гадаад дотоодын хүнтэй явалддаг эмэгтэйн дүрд тогломооргүй байна” гээд аминдаа дүрээ голсон чинь Ж.Сэлэнгэсүрэн найруулагч “Чи тэгвэл Улаанбаатар яв, дүрээ голдог жүжигчинг бид авахгүй” гэлээ. Дарханд зураг авсан юм. “За за би явъя” гэсэн чинь найруулагч “Энэ ер нь явах нь байна шүү” гэж бодсон шиг байгаа юм “За, чи тэгвэл даруу Дэжидэд нь тогло” гэж зөвшөөрсөн юм. Даруу Дэжид нь нөхөргүй хоёр найздаа хань болж, “Өвгөн чинь юм хэлэхгүй биз дээ. Юунд нь дав дув гээд байгаа юм бэ” гэхэд нь “Яахав, дараа гарахаа бодъё” гэдэг шүү дээ.

-Та “Өөрийгөө тоодоггүй хүн” кинонд өвгөн нь гэнэт муудахад сандраад гүйж байгаа эзэгтэйн дүрийг бас их сайхан гаргасан даа. Та туслах дүр мөртлөө сэтгэлд үлдсэн дүрүүд бүтээдэг. Дүр дээрээ их ажилладаг уу?

-Баярлалаа. Туслах дүр дээр ажиллахын тулд тэр дүрийн намтрыг би өөрөө бичдэг юм. Туслах дүр ч бодит хүн шүү дээ. Намтар гараад ирэхээр энэ хүнтэй төстэй амьдралтай ямар хүн байна гэж хайхаар нэг хүн гараад ирнэ. Түүнийгээ хараад судлаад байхаар нэг онцлог ажиглагдана. Жишээлбэл, Янжмааг хараад байхаар инээдэг юм уу эсвэл “Буруу хойшоо” гээд цочдог ч юм уу байх жишээтэй. Тэгэнгүүт түүнийг нь бариад авдаг. Туслах дүр жижигддэггүй юм даа. Жижиг дүр ч уран бүтээл.

-Тийм болохоор та “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртсэн байх л даа?

-Үртэй хүн жаргалтай гэдэг. Үр хүүхэд төрүүлж үзээгүй өрөвдмөөр эмэгтэйн зовлонг гаргахын тулд бас судалгаа явсаан. Яалт ч үгүй зүрхэндээ нулимстай дүр. Тэгээд л шагнал авсан байж магадгүй ээ, хөөрхий.

-Та Польшид 15 жил амьдарсан гэсэн үү?

-Тэгсэн. Амьдрал судалсан. Гурван дээд сургууль төгсөхийн дайтай болсон. Тэнд миний өсгөсөн хүүхэд түрүүч нь 33 хүрчихсэн явж байна. Намайг “Марка Поло” кинонд тоглож, Унгарт хоёр сар хагас зураг авалттай байхад Варшаваас аав ээжтэйгээ ирсэн. Тэр хүү Америкт сурдаг мөртлөө зуныхаа амралтаар ээж, аав хоёртойгоо над дээр очсон. Миний хамгийн анх өсгөсөн польш хүүхэд байгаа юм. Түүнээс хойш хоёр ихэр хүүхэд, бас нэг хүүхэд нийтдээ долоон хүүхэд өсгөсөн юм. Заримыг нь өлгийтэй байхаас нь арван сар хүргэнэ. Заримыг нь тав зургаан сартай байхаас нь ой өнгөртөл нь харна. Тэгээд л дараагийн айлд шилжинэ. Айлууд нь “Энд нэг хулгай хийдэггүй, худлаа хэлдэггүй монгол эмгэн байна, жүжигчин юм гэнэ ээ, найдвартай хүн шүү, танайх авах уу” гээд бие биедээ дамжуулчихна. (инээв) Ийм маягаар хүүхэд асардаг ажил хийхийн хажуугаар бас зүгээр суухгүй шүү дээ. Шинэ барилгын цонх угаана. Баян айлын гэр цэвэрлэнэ. Польш эмэгтэйчүүд юм индүүдэх дургүй. Индүүний халуун уур хүний эрүүл мэндэд тааламжгүй гэж үздэг. Би сард хоёр удаа нэг том профессорынд очиж, 54 цамц индүүддэг байлаа.

-Ямар ч олон цамцтай юм бэ дээ. Та ч мэргэжлийн өндөр түвшинд индүүдэх нь ээ?

-Өдөрт гурван цамц өмсдөг юм гэнэ билээ,тэр том профессор. Найруулагч, гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг” гэдэг кинонд тоглосон юм. О.Бат-Өлзий намайг “Үүнийг А.Цэгмэд эгч л хийж чадна. Гэрийн үйлчлэгчийг бүр супер, европ стандартаар хийж байсан” гээд сонгосон шүү дээ.(инээв)

-Та удаан хугацаагаар завсарлаж байгаад үзэгчдэдээ буцаж ирлээ. Хүн бүрийн гялалзах хугацаа өөр. Магадгүй та 70 насандаа шуугиулах ёстой юм байлгүй дээ?

-Тийм. Бурхнаас өгсөн цаг хугацаа байх аа. Зах зээл эхлэхэд театр нь тарж, ажилгүй болсон. Тэр дунд болох ёстой юм болдгоороо болоход энэ нэг хүн орон зайгаа яаж олох нь вэ гэж бурхан намайг сорьсон байх. “Олвол аз чинь олохгүй бол хохь чинь” гэсэн юм байлгүй. Юунд баярладаг гэхээр урлагийн сайхан эхлэл байвч төгс гүйцээж чаддаггүй тийм сайхан мэргэжил надад заяасан болохоор нэг их гандаж, зэвэрчихгүй хоцрогдчихгүй байхыг хичээсэн. Польшид 15 жилийг өнгөрүүлсэн туршлага намайг улам хурцалж, юм бодуулсан байх. Байнга урлагийнхаа төлөө оюун санаа, бие бялдрын хувьд бэлэн бай гэж бурхны зарлиг шиг цаанаасаа тушаасан байх гэж баярладаг юм.

-Эргээд кинонд тоглоход төсөөрсөн юм шиг санагдсан уу?

-Би чинь театрын жүжигчин хүн тэр тусмаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дүрд голдуу тоглож байсан болохоор “Ану” хатан киноны түүхэн дүрд тоглох их л том хариуцлага юм билээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгт маш их баярладаг. “Би Дарабалжи хатнаа олчихлоо. Кино проб хийх хэрэггүй. Би хүүхэд байхдаа үзэж байсан “Нэр төр” жүжгийн Пагмын дүрд тоглосон эгчийг олчихлоо” гэж хэлж байсан. Өмнөд Монголд багшилж байхад намайг дуудаж авчирч тоглуулсан юм. Эхэндээ камерын өмнө сандарч байна лээ. Яагаад гэвэл “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Гал хам”, “Их замын тоос”, “Анхны яргуй”-гаас хойш завсарлаж байгаад, дахин кинонд зураг авахуулсан юм. Би театрын жүжигчин байсан учраас ерөнхий зураглаач Д.Ангараг, Ардын жүжигчин Г.Равдан нар их түшиг болсон. Театрын тайзан дээр тоглох, кинонд тоглох өөр гэдгийг тэд надад хэлэхгүйгээр мэдрүүлсэн. Хэрвээ би театрт хүүхдийн дүрд тоглож байсан бол 650 үзэгчид хүргэхийн тулд ёстой хэтрүүлээд өгнө шүү дээ. Харин камерын өмнө хэтрүүлэх л юм бол худлаа болно гэдгийг тэгэхэд мэдэрсэн учраас “Ану” хатан кино бол өнөөдөр эрэлт хэрэгцээтэй байгаагийн маань эх суурь нь болсон. Тийм учиртай.

-Одоо таны нэг өдөр ямархуу өнгөрч байна вэ. Өдрийн дэглэм барьдаг уу?

-Өглөө босоод дасгалаа хийнэ. Өглөөний цайгаа ууна. Хүний өдөрт иддэг хоол ундны хэмжээ гарын таван хуруутай адил. Өглөөний цай чигчий хуруу шиг жаахан бага. 11 цагийн үед түүнээс арай ахиу. Өдөр бол сайхан амттай хоол, хүссэнээрээ иднэ. Дараа нь бага шиг юм иднэ. Орой бол эрхий хуруу шиг багахан хэмжээтэй иднэ. Гарын таван хурууны хэмжээгээр өдөртөө хооллох хэрэгтэй гэж боддог доо. Ойрд би Соёрхын Пүрэвсүрэнгийн номуудыг их уншиж байна. Сая энэ хүн “Хавт Хасар” зохиолоороо “Алтан Өд” хүртсэн. “Хайр нандин” богино өгүүллэгийн түүвэрт оюутнууддаа хэлж өгөх гоё санаанууд байдаг юм. Би “Зохиомж” дээд сургуульд багшилдаг л даа. Удаан телевиз ширтэх, утас маажихаас зугтах маягтай. Гэхдээ утас маань байнга нээлттэй байдаг юм. Киноныхон залгавал хаагаад хаячихаж болохгүй.

-Та сошиалд идэвхтэй байх юм аа?

-Заримдаа хамаагүй шүүмжилж байж буруудна аа. Тэгээд постоо устгана шүү дээ. “Эхиймаа” киноны дараа бужигнуулсан. Жаахан шүүмжилсэн пост оруулсан чинь зарим нь ч “Зөв, ингэж зоригтой дуугарахгүй бол хэн дуугарах вэ” гээд. Зарим нь та Ц.Алдармаагийн анхны уран бүтээлийг харлуулах гэж байгаа юм шиг пост хийлээ гэсэн. Би тэгээд постоо хоёр хонуулаад татсаан.

-Хичээж хийсэн уран бүтээл нь хасагдаж, танагдахаар ямар ч уран бүтээлчийн хувьд сэтгэлд юм хуралдана, хэлж яримаар санагдах үе байдаг даа?

-Харин тийм. “Зоорь-2” гээд аймшгийн кино бас телевизээр гараад байна лээ. Хүүхдүүд бас их сонин, аймшгийн кинонд дуртай юм билээ. Гудамжаар явж байсан чинь “Хөөе, нөгөө муу хөөрхий хэлмэгдсэн эмээ энд явж байна” гэж байсан. Түүн дээр миний тоглосон дүрийг таазнаас дүүжилж байгаад хана савдаг, зомбидуулна гэж ярьдаг шүү дээ, тийм хэсэг гардаг юм. Тэгэхэд шатнаас унаж байгаа хэсэгт орлон тоглогч авна гэхээр нь би “Үгүй, би өөрөө хийнэ” гэсэн юм. Тэр чинь 2018 оны кино. “Таныг гэмтчихвэл хэн хариуцах юм бэ” гэхээр нь “Би гэмтэхгүй ээ, спортын хүн чинь яаж унахаа мэднэ” гэсээр байгаад тоглосон.

-Та ер нь ирсэн урилгыг хүлээж аваад тоглоод л байна уу?

-Үгүй гэдэггүй юм. Заримдаа миний оюутнууд клип хийлгэнэ гэдэг. Зарим нь “Анхныхаа киног хийнэ” гэдэг. Тэдэндээ бол үгүй гэж хэлж чаддаггүй. Хөөрхий минь, багш нь дэмжихгүй бол хэн дэмжих вэ. “Тэдэн төгрөгөөр тоглоно” гээд гэдийчихвэл миний шавь гомдоно шүү дээ. Тэгж бодоод үгтэй ч бай үггүй ч бай бага ч бай, гол дүр биш ч бай яваад л байгаа.

-Та Цагаан сараар хуулиа л дагав уу, яав?

-Өө, хууль дүрэм нэг жаахан зөрчигдчих шиг болно лээ. Яг л сайхан гэртээ байсан чинь телевизийн нэвтрүүлэгт оролцооч гэлээ. Гэхдээ арваад хоногийн өмнөөс над руу ярьсан юм. “Монгол ёс заншилтай холбоотой Цагаан сарын нэвтрүүлэгт хүүхэд насны чинь Цагаан сарын тухай яриулах гэсэн юм” гэсэн. “Таны яриа их таалагдаж байна” гээд нэлээд яриулж авсан юм. Шинийн нэгэнд цаг нь багтаагүй зайлуул, нөгөө коронагийн мэдээ орж ирээд, саяхан гаргах шиг болно лээ. Гэртээ байсан чинь унаагаар сапп гэж аваад, буцаагаад авчирсан.

-Цагаан сарын өмнөхөн баахан хүмүүс шагнал авав даа. Таныг гавьяат болчихлоо гээд зарим нь андуураад байх шиг байсан?

-Зарим нь андуураад, зарим нь энэ хүн болчихоосой гээд зөндөө л юм бичсэн байсан. Ард түмэн сэтгэлээрээ энэ шагналыг өгөөд байгаа юм байна даа гэж ойлгоод урамтай гоё байсан.

-Төрийн түмэн нүд харах байх аа. Үзэгчийн хувьд удахгүй сайхан мэдээ дуулдана гэж найдаж байна?

-Би л настай хүн гээд насаараа түрээ бариад гавьяа шагнал авах гээд байвал намбагүй л юм болно. Нас бол яах вэ. Бүтээлээр авах учиртай. Итгэлт баяны дайтай дүр бүтээчихээд бардам явж байхад яах вэ. Тэгээгүй байж наана нь горьдоод хэрэггүй. Маршал Х.Чойбалсанг улс удирдаж байх үеэс эхлээд, хичнээн ч төрийн нүүр үзэв. Олон нийгэм үзэж байгаадаа баяртай байдаг. Улс хувьсгалын 40 жилийн ойгоор гимнастик хийгээд явж байсан хүн одоо ч гимнастикаа хаяагүй байгаадаа гимнастикийн Г.Норов багшдаа баярлаж явдаг даа. Спортын мастер байлаа шүү дээ. Миний үеийн жүжигчид дотор спортын мастер бөгөөд жүжигчин хоёрхон л байсан юм. Нэг нь циркийн Д.Дамдин гуай. 40 жилийн ойг нь үзэж байсан хүн одоо 100 жилийн ойг нь үзэх гэж байна. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Би чинь хэдэн ч алтан аяганаас ус уухын дайтай явна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *