Categories
мэдээ цаг-үе

А.Тлейхан: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүс илүүдэл эрчим хүчээ төвд нийлүүлдэг болно

Өчигдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар салбарынхаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний яам өнгөрсөн жилийг “Эрчим хүч хэмнэх жил” болгосон бол өнөө жил Эрчим хүчийг ухаалаг болгох уриа дэвшүүлжээ. Өнгөрсөн онд энэ салбар 20 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Мөн цахилгаан, дулааны станцууд уурхайнуудаас нүүрсийг өөрийн өртгөөс нь хоёр мянган төгрөгөөр бууруулж авдаг гэнэ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхантай ярилцлаа.


-Өнгөрсөн оныг Эрчим хүчний яам “Эрчим хүчний хэмнэлтийн жил” гэж зарласан. Ямар үр дүн гарав?

-Өнгөрсөн жилийг Эрчим хүчний хэмнэлтийн жил гэж зарласнаар олон үр дүн гарсан. Эрчим хүчний хэмнэлт гэдэг бол зөвхөн эрчим хүчний салбарт хэрэгжих асуудал биш. Үйлдвэрлэгч, хэрэглэгч гээд эрчим хүчний зах зээлд хамрагдаж байгаа бүх оролцогчдод хамаарах асуудал. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гэж бий. Хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний ёс зүйн хороо. Өнөөдөр бид хэмнэлтийн жил хийсэн ажлынхаа дүнг гаргаж байна. Гуравдугаар сард улсын хэмжээний үр дүн гарна. Зөвхөн манай эрчим хүчний салбар дангаараа өнгөрсөн жил 40 сая квт цахилгаан хэмнэсэн тооцоо гарсан. Мөнгөн дүнгээр тооцвол зургаан тэрбум төгрөг шүү дээ. Бусад салбаруудын хэмнэлт удахгүй гарна. Эрчим хүч хэмнэнэ гэдэг нь байгаль орчинд ч эерэг нөлөө үзүүлдэг. Нүүрс түлэх ч буурна.

-Энэ жил зарласан ухаалаг эрчим хүч гэж юу вэ?

-Ухаалаг утас гэдэгтэй адил ойлголт. Эрчим хүчний тоног төхөөрөмж, технологи шинэ түвшинд гарна. Хамгийн чухал нь эрчим хүчний найдвартай ажиллагааны түвшин дээшилнэ. Янз бүрийн мэдрэгчүүдтэй төхөөрөмжүүд аливаа гэмтлийг цагтай, газартай нь мэдэрнэ. Тэр бүү хэл урьдчилан сэргийлэх боломж олгоно. Үүнийг эрчим хүчний системийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэх гэж байгаа юм. Эрчим хүчний үйлдвэрлэл ч ялгаа байхгүй. Ухаалаг зуух, ухаалаг турбин, ухаалаг генератор, ухаалаг релейтэй болно. Дулаан, цахилгаан ухаалаг тоолууртай болно. Дэлхий даяар ухаалаг тоног төхөөрөмжид шилжсэн. Ингэснээр та бүх хэрэглээгээ алсаас удирдаж болно. Хянаж болно. Хамгийн гол нь ухаалаг төхөөрөмжүүдийг ашигласнаар их хэмжээний цахилгаан хэмнэнэ.

-Сайд энэ жил 30 гаруй томоохон ажил хэрэгжүүлнэ гэсэн.

-Ухаалаг эрчим хүч төслийг эхлүүлж цаашдаа томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хамгийн том ажил нь ухаалаг төхөөрөмжүүдийг ажиллуулах мэргэжилтнүүдийг бэлдэнэ. Судалгаа, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэнэ. Ухаалаг төхөөрөмжүүд дээр энгийн хүн ажиллахгүй. Өндөр мэргэжилтэн ажиллана. Цалин ч өндөр байх ёстой.

-Яагаад өнгөрсөн онд хүчний салбар 20 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бэ?

-Эрчим хүчийг үйлдвэрлэлийн өртгөөс доогуур үнээр хэрэглэгчдэд зарж байгаа юм. Жишээлбэл, өнөөдөр нэг килокалори дулааныг 30 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 15 мянган төгрөгөөр зарж байгаа. Зарим 3-4 дахин хямд. Нэг киловатт цахилгааныг 140 төгрөгөөр үйлдвэрлээд 110 төгрөгөөр зарж байх жишээтэй.

-Аажмаар үнэ чөлөөлөх хөтөлбөр бий юу?

-Үнэ чөлөөлөх гэж буруу яриад байгаа юм. Энэ дэлхий дээр цахилгааны үнийг чөлөөлсөн ямар ч улс байхгүй. Зохицуулалт хийдэг. Үйлдвэрлэгч хэрэглэгчийн аль алиных эрх ашгийг хамгаална. Цахилгааны бодит үнийг л тогтоодог. Сүүлийн гурван жил эрчим хүчний үнэ хөдлөөгүй. Одоо бол энэ чигээрээ явах боломжгүй. Үнэ хөдөлнө. Гэхдээ нийгмийн амьжиргаа хүнд байгаа тул огцом өсгөхгүй, аажмаар бага зэргээр өсгөх бодлого баримтална. Боломж шавхагдаж дуусч байгаа. Хүссэн, хүсээгүй бодит өртөгт ойртуулахаас өөр аргагүй.

-Нүүрсний уурхайнууд цахилгаан, улааны станцууд нүүрсийг өртгөөс нь доогуур үнээр авч байна гэж гомдоллодог.

-Үнэн л дээ. Багануур, Шивээ-Овоо, Шарын гол гэсэн гурван уурхайгаас том станцууд нүүрс авдаг. Эдгээр уурхайнуудаас нүүрсийг өртгөөс хоёр мянга орчим төгрөгөөр доогуур авч байгаа нь үнэн.

-Дулаан, цахилгааныг өртгөөс доогуур үнээр зараад хэрэглэгчдэд хэр их хөнгөлөлт болох вэ?

-Энэ хөнгөлөлт хэрэглэгчдэд 53 тэрбум төгрөгийн хэмжээтэй болж байгаа юм. 650 мянган өрх ахуйн хэрэглээнд цахилгаан авдаг. Өрхийн дундаж хэрэглээ сарын 28 мянган төгрөг. Дөрвөн хүнтэй өрх гэхэд хүн бүр өдөр 200 гаруйхан төгрөгөөр цахилгааны хэрэгцээгээ хангаж байна. Гэтэл өдөр бүр өдрийн хоол, гар утас, унаанд хэдэн төгрөг зарцуулдаг билээ. Хамгийн чухал хэрэглээ нь хамгийн хямд үнэтэй байгаа юм.

-Багануурын цахилгаан, дулааны станцын ажил яагаад зогсов?

-Яг ч зогсоогүй л дээ. 2014 онд гэрээ байгуулагдсан юм билээ. Зарим ажлууд нь хийгдэж байгаа.

-Намайг очиход зогссон байсан.

-Тэнд 350 мегаваттын турбин суурилуулахаар гэрээ хийсэн. Энэ нь манай эрчим хүчний системд ахадсан хүчин чадал.

-Манайд цахилгаан, дулааны эрчим хүч дутагдаад байгаа юм уу, илүүдээд байгаа юм уу?

-Энэ өндөр хүчин чадалтай турбиныг төвийн эрчим хүчинд холбоход ямар нэгэн эрсдэл үүсэхэд нийт системийг татан унагах аюултай. Одоо бид ажлын хэсэг гаргаад асуудлыг ярилцаж байна. Нэгэнт угсарчихсан өндөр хүчин чадалтай турбины учрыг олох хэрэгтэй. Ойрын үед дүгнэлт гарахаар олон нийтэд зарлана. Одоохондоо би ярих боломжгүй байна.

-Ойрын үед ямар цахилгаан станцууд ашиглалтад орох вэ?

-Багануурынх 2022, Таван толгойнх 2023 онд ашиглалтад орно. Ингэснээр манай улс дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, тодорхой хэмжээний эрчим хүчний нөөцтэй болно.

-Таван толгойн цахилгаан станцын санхүүжилтийг шийдсэн үү?

-Саяхан байгуулсан гэрээгээр Оюу толгой цахилгаан станцаа барина. Дээр цахилгаанаа дотоодоос авна гэж заасан. Энэ станцын 51-ээс доошгүй хувийг Оюу толгой эзэмшинэ.

-51-ээс бол хэдэн ч хувийг эзэмшиж болно гэсэн үг үү?

-Тийм. Тэгэхээр хөрөнгө босгох ажил нь Оюу толгойнх гэсэн үг.

-Баруун бүсийн цахилгаан хангамж ямар байгаа вэ?

-Баруун бүсэд Дөргөний, Тайширын хоёр цахилгаан станц ажиллаж байгаа. Цаашдаа Ховд голын Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ашиглалтад орно.

-Ямар хүчин чадалтай станцууд?

-Одоо ажиллаж байгаа Дөргөн, Тайширын станцууд 23 мегаватт, ашиглалтад орох Эрдэнэ бүрэнгийнх нь 64 мегаватт.

-Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ хэд вэ?

-30 мегаватт.

-Эрдэнэбүрэнгийн станц ашиглалтад орохоор илүүдэл цахилгаанаа яах вэ?

-Илүүдэл цахилгааныг шугам татаад төвийн эрчим хүч рүүгээ татна. Цахилгаан илүүдэхгүй л дээ. Бүр дэлхийн зах зээлд гарах боломж бидэнд байгаа юм. Жишээлбэл, Азийн эрчим хүчний супер сүлжээнд нэгдэх хэрэгтэй.

-Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж юу вэ?

-ОХУ, БНХАУ, Монгол, Япон, Солонгосыг холбох сүлжээ.

-Энэ хэр том сүлжээ вэ?

-Маш том. Азийн эрчим хүчний супер сүлжээнд нэгдвэл манай улсад асар их ашиг авчирна.

Х.БАТТӨгС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *