Categories
мэдээ улс-төр

А.Сүхбат: Туул голын хурдасаас шинжлэхэд хүнцэл, мөнгөн ус их хэмжээгээр илэрсэн

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо.Энэ удаагийн хуралдаанаар ганцхан асуудал хэлэлцсэн нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын төслийн анхны хэлэлцүүлэг байсан юм. Уг Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төслийг тусгасан бөгөөд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр анхдагч хуулийн төсөл 14, шинэчилсэн найруулгын төсөл долоо, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл нэг байгаа юм.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн А.Сүхбат Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн төсөл Үндсэн чиглэлд багтаж байгааг онцлоод “Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ үеэр Туул голын хурдасаас авч шинжлэхэд хүнцэл, мөнгөн ус маш их хэмжээгээр илэрсэн. Хуулийн төсөлд химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, худалдах ашиглахад тагнуулын байгууллагын хяналт, оролцоог нэмэгдүүлэх, химийн хорт болон аюултай бодисын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгажээ. Тагнуулын байгууллагын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ” гэв.

Түүний асуултад хариулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Ц.Шийрэвдамбын хэлснээр Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Тагнуулын байгууллагын санаачилгаар Засгийн газраас боловсруулж байгаа аж. Химийн хортой болон аюултай бодисын үр дагавар их учир эдгээрийг экспортлох, импортлох, худалдах, ашиглахад тагнуулын байгууллага оролцохоос өөр аргагүй гэж Засгийн газар үзэж буй юм байна. Өөрөөр хэлбэл, үүнд дан ганц Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих боломжгүй гэж үзсэн ажээ.

Гишүүд энэ мэтээр байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *