Үндэсний их баяр наадмын 94 жилийн ойн бөхийн барилдаанд Дархан аварга
А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайг магнайлах вэ гэх
асуудал нийгэмд талцал маргаан үүсгээд байгаа. Баяр наадмыг зохион
байгуулах комиссоос дээрх бөхчүүдийг амжилтынх нь эрэмбээр ангилна
хэмээн мэдэгдсэн.
Энэ асуудалд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат тайлбар өгөхөөр дөнгөж
сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Дархан аваргуудыг
эрэмбэлдэггүй. Хэн түрүүлж энэ цолонд хүрсэн нь зүүний магнайд гардаг.
Миний хувьд 2004 онд дархан аварга цолны болзол хангасан. Харин
Г.Өсөхбаяр 2009 онд энэ болзлыг хангасан байдаг. Тэр утгаараа Монгол
Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө бид хоёр дархан
аварга цол өгч, үнэмлэх гардуулахдаа 08 тоот үнэмлэхийг надад өгсөн.
Өөрөөр хэлбэл, дархан аварга цолыг би Г.Өсөхбаярын өмнө хүртсэн.
Гаргасан амжилтаараа ч би зүүний магнайд гарах ёстой. Эрэмбэндээ багтаж
амьдрах ёстой” гэв.