Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Онон: Охин минь “Тавтай морилно уу” гэхэд Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь” гээд үнссэн гэнэ лээ


ОХУ-ын Ерөнхийлөгч B.В.Путиний Монгол Улсад хийсэн айлчлал сонин, хачин ихтэй өндөрлөв.

Тэр дундаас хойд хөршийн ерөнхийлөгчийг Сүхбаатарын талбайд угтан авах ёслолын үеэр монгол үндэсний хувцастай бяцхан охин цэцэг барин угтсан юм. Ерөнхийлөгч В.Путин өвдөг нугалан сууж цэцэг барьсан охинтой мэндчилэн үнсэж буй мөч монголчуудын анхаарлыг татав бололтой. Бяцхан охины ээж А.Ононтой ярилцлаа.


-Ерөнхийлөгч В.Путинийг цэцэг барин угтсан бяцхан охины нэр алдар хэн бэ. Хэдэн настай вэ?

-Охиныг маань Намударь гэдэг. Зургаан настай. “English school” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч.

-Шинэхэн сурагч байх нь ээ?

-Тийм ээ.

-Ерөнхийлөгчийг угтах ёслолд хэр бэлдэцгээв?

-Охин маань чухал үйл явдалд оролцож байгаа болохоор сэтгэл их догдолж байлаа. Хувцсаа захиалж хийлгэхдээ их анхаарсан, зөндөө газруудаар явсан.

-Үг, үйлдлийг бас зааж байв уу?

-Зааж өгдөг юм билээ. Ингэж хэлээрэй, тэгж өгөөрэй гээд

-Ёслолын багийнхан зочдыг цаг гаруй хүлээцгээсэн. Нэлээд халуун өдөр ч болсон. Охиныг тань нэг хэсэг сүүдэрт байлгаж байгаад л авчирч зогсоогоод байна лээ. Хүүхэд болохоор ядарсан байх?

-Би яг тэр үед нь хажууд нь байгаагүй. Утсаар шууд бичлэг үзэж байсан. Харин цаана нь юу болж байгааг нь мэдээгүй. Ер нь их халуун өдөр болсон. Охин маань их халууцсан гэсэн.

-Ерөнхийлөгч В.Путин бууж ирээд охинтой тань мэндчилж байгаа мөчийг монголчууд одоо ч дурсаж байна. Танд ямар санагдаж байв?

-Тэгэлгүй яахав. Мэдээж том гүрний ерөнхийлөгч манай улсад айлчлаад охин маань цэцэг бариад угтаж байна гээд бодоход бидэнд төдийгүй охины маань амьдралд сайхан дурсамж болж үлдэж байна.

Үнэхээр дурсгалтай, гоё үйл явдал байлаа. Путин ерөнхийлөгч хөл дээрээ өвдөглөж суугаад охины минь харааны түвшинд зэрэгцэж очоод мэндчилж байгаа тэр мөч маш гоё санагдсан. Хүүхдийг хараа, өндрийнх нь түвшинд тааруулж харьцана гэдэг бол маш өндөр соёл.

-Охиныг тань үнсээд, хоорондоо хэсэгхэн хором ярилцах шиг болсон. Юуны тухай ярилцаж вэ?

-Манай охин орос хэл дээр “Тавтай морилно уу” гэж хэлсэн. Хариуд нь Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь” гэсэн гэнэ лээ. Бас дараа нь “Намайг үнсчихээд урдаас хараад инээсэн” гээд охин маань их хөөр баяртай ирсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас дэргэд нь байсан шүү дээ?

-Тийм ээ, Ерөнхийлөгч маань бас охинтой маань мэндчилээд нэр, насыг нь асуусан байсан.

-Олон нийт Ерөнхийлөгч Путиний хүндэтгэлтэй харьцааг онцолж, охиныг тань ихээхэн өхөөрдсөн сэтгэгдэл илэрхийлсээр байна. Та бүхэн тэр сэтгэгдлүүдийг уншиж л байгаа биз дээ?

-Хүмүүсийн сэтгэгдлийг уншлаад л байгаа. Зарим нь шүүмжилж байсан. Дараа нь бодоход “Нээрээ бодоход тийм байж шүү” гэж бодох ч үе гарч байна. Жишээ нь, бид гутлыг нь солих байж гээд л. Цаанаасаа нэг их шаардлага тавиагүй болохоор бид байсан гутлыг нь л өмсгөсөн. Гэхдээ сөрөг гэхээс эерэг сэтгэгдлүүд дийлэнх байгаа учраас уншаад л баймаар байна.

-Хувцсыг нь бэлдэхдээ ямар нэгэн зүйлийг бэлгэдэв үү?

-Монголынхоо хөх тэнгэрийг бэлгэдэж цэнхэр, номин цэнхэр өнгийг сонгохыг хичээсэн. Оёдолчинтойгоо ярилцаж байгаад охин маань цайвар царайтай болохоор цэнхэр өнгө гоё зохих байх гэж сонгосон. Бидэнд тавьж байсан шаардлага бол хэт гялалзсан, ганган байх дэмий гэж хэлж өгсөн.

-Б.Намударь охин ах дүү хэдүүлээ вэ, аав ээж нь ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Манайх ам бүл долуулаа. Охин маань дээрээ ах, эгч хоёртой, доороо хоёр дүүтэй.

-Ямар авьяастай вэ?

-Дуулж, бүжиглэх дуртай. Дээр нь бас номын хуудас эргүүлэх их дуртай. Дөнгөж нэгдүгээр ангид орсон болохоор уншиж сурахаараа номонд илүү дуртай болох байх аа.“Том болоод мисс болно” гээд л явдаг охин доо (инээв).

-Дуучин А.Хаянхярваа охиныг “Хайртай дүү Наамуу цэцэг өгсөн” гэж олон нийтийн сүлжээнд жиргэсэн байсан. Та бүхэн ах дүүс үү?

-Бид гэр бүлийн л найзууд.

-Гадны улсын ерөнхийлөгчийг угтах ёслолд оролцох болсноо та бүхэн яаж мэдсэн бэ. Шалгуур шүүлэг хэр тавив?

-Шалгуур тавилгүй яах вэ. Яг нарийн юу, юу шалгасныг сайн мэдэхгүй байна. Би өөрөө нялх хүүхдээ хараад гэртээ байдаг хүн. Хүүхдээ ирж шалгуулаарай гэхэд нь явуулсан.

-Ярилцсанд баярлалаа

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *