Categories
мэдээ цаг-үе

А.Мөнхбаяр: Монгол хүүхдийн цусанд нь баг болох чадвар байдаггүй

Волейболын дээд лигийн аварга, хошой мөнгөн медальт, хавар, намрын тэргүүн лигийн аварга, үндэсний шигшээ багийн ахлагч асан олон улсын хэмжээний мастер А.Мөнхбаяртай ярилцлаа.


-Волейболын спорттой хэдэн оноос нөхөрлөх болов. Энэ спортод хөтөлсөн багшийнхаа талаар ярихгүй юу?

-Миний бага нас Дархан-Уул аймагт өнгөрсөн. 2003 оны арван хоёрдугаар сард волейболын олон улсын хэмжээний мастер Б.Уранцэцэг багшийн бэлтгэлд очиж энэ спорттой танилцаж байсан түүхтэй. Манай ангийн гурван ч хүүхэд энэ бэлтгэлд явдаг байсан юм. Надаас өндөр, өсгөлүүн биетэй. Хичээл ном гээд гэртээ суугаад байхад биеийн хөгжил үеийнхнээс хоцорчих юм шиг санагдаад л зааланд очсон хэрэг. Спорт зааланд нь аймгийн шигшээ багийн тамирчид бэлтгэл хийдэг учраас тэр бүр хүүхдүүдийг аваад байхгүй. Гар хурууны урт, алганы хэмжээ, биеийн өндрийг харна. Энэ шалгуураар би яагаад ч тэнцэхгүй нь тодорхой байсан. Аз болоход Б.Уранцэцэг багш “Бөмбөг зөөж байгаад шантраад явна” биз гээд авч байсан юм билээ. Миний дугуйланд орсон жил Японы “Жайка”-гийн мэргэжилтэн Сатоши волейбол хөгжүүлэхээр Дарханы шигшээ багт дасгалжуулагчаар ирсэн юм. Зуны амралтаар дугуйлангийн сурагчид хөдөө явах нь явж, таслах нь таслаад цөөхөн хүүхэд үлдсэн. Би ч волейболын гоё сайханд хэдийнэ татагдсан тул зуны гурван сарын турш шилдэг мэргэжилтэнтэй бэлтгэл хийж энэ гоё спортын сууриа зөв тавьсан юм шиг санагддаг.

-Волейбол өндөр хөгжсөн газрын мэргэжилтэнтэй хамт ажилласан хүү улсын хэмжээний тэмцээнүүдэд хэдий үеэс оролцож эхлэв. Гаргасан амжилтуудынхаа тухай ярихгүй юу?

-Тэр жилээ өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа ирж оролцож байсан. Дарханы баг 12 жилийн хугацаанд ямар нэгэн амжилт гаргаагүй байсан болохоор заавал медаль зүүнэ гэсэн том зорилготой талбайд гарч байснаа мартдаггүй. Нийслэлийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж хүрэл медаль зүүчихээд мөн ч их баярлаж байсан даа. Тэр багт өнөөдрийн шилдэг тамирчдын нэг Отгонбаяр тоглож байсан. Өнөөдрийг хүртэл волейбол тоглох эрч хүчийг тэр хүрэл медаль надад өгсөн.

-10 жилийн сургуулиа төгсөхөд хичээл эсвэл волейбол гэсэн хүнд сонголттой тулсан байх?

-Ерөнхий эрдмийн хичээлүүдээр улс, бүсийн олимпиадад оролцдог байсан хүүхэд өдрийн ихэнх цагийг спорт зааланд өнгөрүүлээд байхаар сурлага муудсан л даа. Багш нар ч дургүйцэж гэр бүлийнхэнд хов хүргээд байдаг. Би химийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч эмч болно гэж сэтгэл шулуудаад байв. Харин их сургуулиа сонгохдоо эргэлзэлгүй волейболоор тоглох боломжийг нь хараад МУИС-ийн Эдийн засгийн сургуульд орсон доо. Энэ сонголтыг хийхэд надад хүнд байгаагүй ээ.

-Оюутан болоод сургуулийнхаа шигшээ багт тоглосон байх. Волейболын дээд лигийн утаа хэзээ үнэрлэж байв?

-Дээд лигийн клубүүд шинэ оюутнуудаас тамирчдыг шалгаруулж багтаа элсүүлдэг байсан юм. Манайхаас Отгонбаяр, Ангараг хоёр тэнцэж “Их Тин” багийн тоглогч болж байлаа. Манай хоёр бэлтгэлдээ явахад нь л би дагаж очоод бэлтгэлийг нь хараад суучихна шүү дээ. Сүүлдээ бөмбөг зөөдөг болоод л клубийн гишүүнээр элсч байсан. Тус баг маань 2006 онд дээд лигийн цомын эзэн болж байсан даа. Анх удаа дээд лигийн утаа үнэрлэж багийн ах нар дасгалжуулагчаасаа их зүйл сурч мэдсэн. Тухайн үед манай багт ОХУ-ын хоёр легионер тамирчин хүчин зүтгэж байсан.

Эрчим багийн хамтаар амжилттай тоглож байсныг тань мэдэх юм. Энэ багтай яаж холбогдож байв?

-Мөнгөндөл дасгалжуулагч маань “Эрчим” рүү орохдоо намайг дуудсан. 2009 болон 2010 онд дээд лигийн мөнгөн медаль зүүж байлаа. Энд л дээд лигийн ширүүн өрсөлдөөнийг ойлгож авсан. Дээд лигийн тэмцээнд 2006-2010 оны хооронд оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль зүүж байлаа.

-Дараа нь та Тэнүүн-Огоо-ийн ахлагчаар тоглож хавар, намрын тэргүүн лигийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байсан санагдаж байна?

-“Тэнүүн-Огоо”-г Эрчимийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Мөнхнасан ахтай хамтарч 2011 онд байгуулсан. 2012 онд Монголын бүх ард түмний спартикадад оролцоод түрүүлж шилдэг тоглогчоор шалгарч байсан. Баг ахалж оролцож гаргасан анхны томоохон амжилт маань тэр. Дараахан нь “Хаврын тэргүүн” лигийн тэмцээнд мөн л түрүүлж тэгш тоглогчоор шалгарсан.

-Шигшээ багийн дуудлагыг анх хэзээ хүлээж авав?

-Шигшээгийн дуудлагыг анх 2013 онд хүлээж авсан. Тэр цагаас хойш 2017 он хүртэл хүчин зүтгэсэн. Монгол гэсэн нэрийг үүрч талбайд гарахад өөрийн эрхгүй эх орноороо бахархах сэтгэл төрдөг шүү. 2015 онд ахлагчаар нь тоглож олон улсын тэмцээнүүдэд оролцож байлаа.

-Волейболын спорт хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?

-Хурд, хүчийг дээд зэргээр шаардана. Дээшээ тоглоход нурууны өндөр мэдээж чухал. Дараагийн яригдах чухал асуудал нь хувь хүний толгой ажиллах чадвар. Багшийн зааж буй дасгал юунд хэрэгтэй, яагаад зааж байгааг өөрөө тунгаан бодож, сайтар ойлгоод талбайд гаргах ухаантай байх хэрэгтэй. Багийн спортод хувь хүн бүрийн хандлага чухал. Хүн бүрийн хандлага эерэг байж л баг амжилт гаргана. Нэг хүний хандлага буруу байхад л багт сөргөөр нөлөөлдөг. Бүгд ижил хүсэл зорилготой байж л амжилт гаргах боломж бүрдэнэ дээ.

-Монголын волейболын спортын хөгжлийг та яаж хардаг вэ?

-Манайд ганцаарчилсан спорт илүү хөгжсөн. Хөгжсөн спортынхоо хэмжээнд хүрч байж л олон улсын түвшинд яригдана. Волейболчдыг бэлтгэж буй дасгалжуулагчид орчин үеийн техник ур чадвартай нийцүүлж өөрсдийгөө байнга хөгжүүлж байх шаардлагатай. Сайн багш дасгалжуулагчийн гараас сайн тамирчид төрнө. Монголд тамирчин байсан хүмүүс шууд дасгалжуулагч болоод өөрийнхөө туршлагаар баг бэлтгээд явдаг. Энэ нь манай нөхцөлд болоод байдаг ч, олон улсад гарахад ялгаа нь харагддаг. Дасгалжуулагч гэж тусдаа бэлтгэгдсэн мэргэжилтэн байх хэрэгтэй. Хөгжихөд өөр нэг асуудал байгаа нь хүүхдүүдэд ур чадвар, техникийг өгөхөд баг болох чадвар монгол хүний цусанд байдаггүй юм шиг харагддаг. Би чадна, би, би гэх хандлага манайханд ажиглагддаг. Тэгэхээр спортын сэтгэл зүйч шаардлагатай байгаа юм. Манайд спортын сэтгэл зүйчээр төгсөөд өөрийгөө хөгжүүлээд явж байгаа мэргэжилтэн ховор. Энэ төрлийн боловсон хүчин бэлтгээд сууриа зөв тавих шаардлагатай.

-Волейболын спортын ач тус юу вэ. Та энэ спортоор 10 гаруй жил хичээллэж юуг авав?

-Багийн спорт өөрийнхөө давуу талыг илэрхийлэх чадварыг суулгаж, нийгэмшүүлж өгдөг. Дээрээс нь баг хамт олноор ажиллах, өөрс өөрсдийн үүргийг биелүүлж, нэгнийхээ дутууг нөхөж явах чадварт суралцуулна. Хуучин хувь хүн өөр өөрсдийнхөө ажлыг хийгээд явдаг байсан. Одоо даяарчлагдаж буй нийгэмд багаар ажиллах чадвар чухал болоод байна. Нэг хүн олон чадвартай байхаас илүү, ганц л зүйлд илүү дадсан байхыг шаарддаг болсон. Өөр өөрсдийн чадварыг сайтар эзэмшсэн хүмүүсийн нэгдэл цогцоороо дээшээ явдаг болоод байна. Волейболын спорт яг л ийм. Довтлогч довтолно, холбогч холбоно өөр өөрсдийн үүргээ гүйцэтгэнэ. Үүний хажуугаар талбайд алдаа гаргасан нэгнээ нөхөхөд бэлэн байдаг. Ганцаарчилсан төрлийн спортоос ялгарах онцлог нь энэ.

-Та Алтайн барс клубийг үүсгэн байгуулж байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Тийм ээ. “Алтай барс” багийг үүсгэн байгуулж өөрөө ахалж, дасгалжуулаад явж байгаа. Хүчтэй баг бүрдүүлье гэвэл олон төрлийн зан характертай хүмүүсийг нэгтгэж, нэг зорилгын төлөө явуулж чадах юм бол олон талаас харж, олон талын хөрвөх чадвартай болдог. Нэг л төрлийн хүлээцтэй, даруухан 12 хүн байхад энгийн л тоглолттой болчихдог талтай. Гэхдээ бүр эрс тэс зантай хүнийг ярилцаж үзээд болохгүй бол бүрэлдэхүүнээ өөрчилнө.

-Таны гар нийлж байсан хамгийн шилдэг тамирчин хэн бэ?

-Элсний волейболын спорт хоёулаа тоглодог болохоор илүү мэдрэгдэнэ л дээ. Мягмарсүрэн гэж залуутай хамт олон ч тэмцээнд орж байсан. Хамт тоглоход түшигтэй шүү. Тэрнээс биш волейболын спортод 12 хүн баг болж явдаг учраас нэр зааж онцлоход хэцүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *