Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Мөнхжин: Хүн мэдэхгүй зүйлээсээ айж түгшдэг DNN.mn

Өнөөгийн нийгэмд иргэд олон хүчин зүйлээс шалтгаалж түгшүүртэй амьдрах болжээ. Түгших эмгэгийн тухай сэтгэл судлаач А.Мөнхжинтэй ярилцлаа.


-Түгших эмгэг гэж юу вэ?

Түгших айдас гэдэг бол энгийн үгээр сэтгэл тавгүйрхэх, аюулаас сэргийлэх мэдрэмж юм. Түгших айдас дангаараа гэхээс илүү бусад эмгэгтэй хавсарч илэрдэг. Дийлэнх сэтгэцийн эмгэгийн суурь шалтгаан бол сэтгэл түгшилтийн асуудалтай холбоотой. Сэтгэл түгшилтийн тухай ярихын тулд бид эхлээд түгшүүр гэдэг ойлголтыг ярих хэрэгтэй. Түгшүүр гэдэг ойлголт бол гаднын өдөөгчид үзүүлж байгаа хариу үйлдэл. Тухайн хариу үйлдлээсээ хүн айдас, сөрөг болон тухгүй мэдрэмж авч байгааг түгшүүр гэдэг. Өдөөгчид хариу үйлдэл үзүүлж байгаа нь тухайн хүн айдастай байгааг илэрхийлж байна гэсэн үг.

-Тэгвэл түгшүүр гэж юу вэ?

-Түгшүүр гэх ойлголт хоёр янз. Нэгдүгээрт бодит буюу химийн түгшүүр. Химийн түгшүүр бидний өдөр тутмын амьдралд тохиолддог. Тухайлбал, оюутнууд шалгалтаас, харин оффисын ажилтан чухал илтгэл, тайлангийн өмнө түгшүүрийн мэдрэмж авдаг гэх мэт. Яагаад гэвэл түгшиж байгаа шалтгаан нь тодорхой. Эрүүл амьдралд байх ёстой сэтгэл хөдлөл явагдаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, невротик түгшүүр юм. Өдөөгч нь тодорхойгүй, хаанаас ямар шалтгаанаас түгшүүр үүсэж байгааг тодорхойлоход бэрх. Өдөөгч хүчин зүйл байгаа ч түүнийг анзаарахад хэцүү юм. Энэхүү шинж тэмдгийг ужгарсан түгшүүр гэж нэрлэдэг. Үүний шалтгаан нь урт хугацааны стресс. Стресс нь депрессийн хэмжээнд хүрэх, мэдрэлийн ядаргаа, зарим тохиолдолд бусад эмгэгтэй хавсарч үүсдэг.

-Түгших айдас хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Жишээ нь, сэтгэцийн эмгэгийн салбарт дэмийрэл буюу эмгэг бодол санаа гэж байдаг. Паранойд буюу хардах бүлгийн дэмийрэл, өөрийгөө буруутгах, аугаа ихийн дэмийрэл гэх мэт эмгэгүүд үүсээд эхэлдэг. Хардах гэдэг нь хэн нэгэн өөрт нь аюул занал учруулах гээд байна гэх болгоомжлох айдсаас үүдэлтэй байдаг. Түгшүүр өөрөө болгоомжлох айдсаас бий болдог. Хүн юунаас түгшдэг вэ гэхээр хүн мэдэхгүй зүйлээсээ айж түгшдэг. Жишээлбэл, шалгалтандаа сайн бэлдсэн оюутанд түгшүүр үүсэхгүй. Шалгалтандаа бэлдээгүй оюутанд бол шууд түгшүүр үүсдэг учир нь мэдэхгүй зүйлийг нь багш асуух гэж байна шүү дээ. Түгшүүрийн тухай хамгийн тод жишээ нь “Ковид-19”.

Тухайн үед дэлхий нийтээрээ түгшүүрт автсан. Яагаад вэ гэхээр “Ковид-19” халдварт өвчин нь шинэ төрлийн халдварт өвчин байсан. Хүмүүс энэхүү өвчний тухай ямар ч мэдлэг мэдээлэлгүй байлаа. Халдвар авсан тохиолдолд эмчилгээ авч чадалгүй үхэх эрсдэлтэй, эмчлэх эм, вакцин байгаагүй болохоор хүмүүс түгшүүрт автсан. Хүмүүс аливаа үйл явдлын сөрөг талыг өнгөцхөн хүлээж авдаг. Үүний үр дүнд тухайн зүйлийн талаар бодит бодолгүй мэдээлэлгүй байдаг. Сэтгэл хөдлөлд тулгуурласан бодол санаа нь сэтгэл түгшилтийн үндэс.

-Өөр нийгмийн хүчин зүйлсээс үүсэх боломжтой юу?

-Хүүхэд насны трауманаас үүдэлтэй түгшил мөн байдаг. Таагүй дурсамжийг өөрөөсөө чөлөөлж, салж чадаагүй тохиолдолд тэр дурсамж нь хүний ухамсарт бус сэтгэц рүү нэвтэрдэг. Энэ нь хүний түгшүүрлэхэд хүргэдэг. Практик амьдрал дээрээ чанга дуу чимээнээс, амьтнаас айдаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс хүүхэд насандаа чанга дуу чимээ, амьтан холбоотой таагүй дурсамжтай. Жишээлбэл, багадаа нохойнд хазуулж байсан бол нохойноос айх түгшүүртэй байна гэсэн үг. Гэмтлийн дараах сэтгэл гутралын үед сэтгэл түгшилт гэдэг зүйл үүснэ. Хүчтэй осол аваар, гэмтэл авсан шалтгааныг нь санагдуулам өдөөгч байгаа тохиолдолд сэтгэл түгшилт үүсдэг.

-Түгших айдсаас хэрхэн ангижрах вэ?

-Сэтгэл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлээд сурчихсан хүмүүс сэтгэлзүйчид хандах тохиолдол өндөр байдаг. Харин манай нийгмийн ихэнх хүмүүс мэдрэмжээ нуун дарагдуулах хандлагатай. Нийгэм соёлын онцлог юм. Учир нь монголчууд нүүдэлчин ард түмэн байсан болохоор нийгмийн харилцаанд харьцангуй бага ордог байсан. Монгол хүний хувь хүний онцлог нь мэдрэмжээ илэрхийлж сураагүй байдаг. “Эр хүн уйлж болохгүй, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэх эдгээр үгс нь хүнийг зоригтой, тэвчээртэй байхад сургаж байгаа ч нөгөө талаасаа хүнийг мэдрэмжээ илэрхийлэхэд хааж боогдуулаад байдаг. Хүн мэдрэмжээ илэрхийлж, хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэр нь ужгарсаар түгшүүрийн төрлийн эмгэг үүсгэх шалтгаан болдог. Иргэд өөрийнхөө мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлж сурах хэрэгтэй.

-Хүүхдийг түгших айдастай болохоос эцэг эхчүүд хэрхэн сэргийлэх вэ?

-Хүүхдийн хүмүүжлийн асуудалд хүүхдийн нас зүйн онцлогийг анхаарах хэрэгтэй. Хүүхдийн зан төлөв өсвөр насанд хүрэх хүртлээ харьцангуй тогтвортой байдаг. Өсвөр насандаа хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, батлах, мэдрэмжээ илэрхийлэх хэрэгцээ маш их байдаг. Харин эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийн шаардлагад нийцүүлэх гэж хүүхдийнхээ бодол санаа, мэдрэмжийг сонсолгүй хаалт тавьчихдаг. Хүүхэд мэдрэмжээ, тулгамдаж байгаа асуудлаа ярилцах гэж оролдох үед сонсдоггүй.

Энэхүү үйлдэл нь хүүхдээ үл хайхарч байна гэсэн үг. Хүүхэд эцэг эхдээ мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлээд идэвхтэй харилцаа үүсгэж байна гэдэг тэдний дундах ээнэгшил бат байна гэсэн үг. Харилцаа дутмаг байгаа тохиолдолд мэдрэмжээ нуудаг. Хүүхэд асуудалд орлоо гэхэд ээж ааваасаа нууна. Хамгийн ойр дотны хүмүүсээсээ нууж байна гэсэн үг. Насанд хүрсэн хойноо асуудалд орлоо гэхэд түүнийгээ нуудаг болно. Хорт хавдартай хэрнээ гэр бүлийнхэнээс нуудаг хүмүүс байдаг шүү дээ.

Н.Нарванчин

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *