Categories
гадаад мэдээ

А.МЕРКЕЛЬ: Крымд Ялалтын баярын парад хийх нь гутамшиг

Маргааш ОХУ-д Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Оросын эрх баригчид энэ өдөр Крымд Ялалтын парадыг хийхээр төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн юм. Үүнийг ХБНГУ-ын канцлер А.Меркель шүүмжилж “Миний бодлоор зөрчилдөөн, хямралтай  байгаа энэ үед ийм өдрийг ашиглан парад зохион байгуулах нь гутамшигт явдал” гэж мэдэгджээ. 

Германы Засгийн газрын тэргүүн цааш нь хэлэхдээ “Ялалтын баяр  оросуудын хувьд чухал өдөр. Харин Украин хямралд автаад байгаа үед Крымд ийм арга хэмжээ зохион байгуулах нь тохиромжгүй юм. Түүх бидэнд сургамж хайрласан гэдгийг харуулахын тулд би хэдэн жилийн өмнө тавдугаар сарын 9-ний өдөр Москвад очсон. Харин хямрал ид болж байгаа газар цэргийн парад хийх нь үнэхээр гунигтай явдал” гэжээ. ХБНГУ-ын канцлер хэвлэл бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн нь учиртай юм. Германы хэвлэлд саяхан В.Путин Севастополь хотод айлчилж магадгүй байгаа тухай бичсэн. Хэрвээ айлчлах юм бол тус хотод цэргийн парад болж, энэ нь Орост В.Путины нэр хүнд өсөх хэдий ч олон улсын байгууллагын дургүйцлийг төрүүлэх гэнэ. 

Уржигдар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу мэдэгдэл хийхдээ “Энэ жил Крым, Севастополийг фашистын Германы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөний 70 жилийн ойг тэмдэглэнэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яам нэлээд өргөн хүрээг хамарсан баярын хөтөлбөр боловруулсан бөгөөд Севастополь, Керчи хотуудад цэргийн парад болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *