Монгол Улсад гар бууны “7.62х23мм” М загварын сум үйлдвэрлэх технологи боловсруулж, амжилттай туршсан Цэргийн техникийн ухааны доктор, профессор, Зэвсгийн мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, чөлөөнд суугаа хурандаа А.Хүү-Ухнаатай ярилцлаа.
-Сум үйлдвэрлэх технологи боловсруулж, амжилттай туршсан гэж байна. Хоёулаа сумны дариа хэрхэн гаргаж авсан талаар яриагаа эхлэх үү?
-Би 1966-1972 онд ОХУ-ын Пенза хотын цэргийн зэвсгийн дээд сургуульд суралцаж, артиллерийн зэвсгийн инженер мэргэжлийг эзэмшсэн. Тэр цаг үеэс хойш Монгол Улсдаа Дарины үйлдвэр байгуулахыг, ядаж одоо байгаа сумныхаа дарийг шинжлэх лабораторитой болох юмсан гэж боддог байлаа. Манай улс 1990 оноос зарим мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх болсны нэг нь зэвсгийн мэргэжилтэн байв. 1991 онд одоогийн БХИС-д Зэвсгийн тэнхим шинээр байгуулж, намайг даргаар нь томилж, зэвсэг ашиглалтын инженер бэлтгэх ажлыг хариуцуулсан юм. 1992 онд анхны элсэлтээ авч, 1996 онд найман хүн төгссөний гурав нь дарь тэсрэх бодис үйлдвэрлэх судалгаа хийж, дипломоо хамгаалсан. Харин 2010 онд улсын хэмжээнд зарласан “Цэргийн зориулалттай дарь тэсрэх бодис үйлдвэрлэх” сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл шалгаруулах уралдаанд Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дайн цэргийн урлаг судлалын төвийн дарга, цэргийн шинжлэх ухааны доктор, (Sc.D) профессор Ш.Паламдоржоор удирдуулсан багийн бүрэлдэхүүнд орж манай баг шалгарсан юм. Тэр төслөө амжилттай гүйцэтгэж, 2012 онд хүлээлгэн өгсөн.
-Цэргийн зориулалттай сумны дарь үйлдвэрлэж эхлэхэд бэлэн болсон гэсэн үг үү?
-Цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх судалгаа үргэлжилж байна. Цэргийн зориулалттай дарины иж бүрэн үйлдвэр байгуулахад наанадаж 1.7 наяд төгрөгийн зардал шаардсан нүсэр ажил бөгөөд түүний хэрэгцээ, ашиглалт, борлуулалтад анхаарал татсан олон асуудал байна. Харин түүхий эд нь хямд үнээр олдох бололцоотой зарим төрлийн хольцот дарь, хар дарийг үйлдвэрлэх боломж бий. Эдгээр дарийг үйлдвэрлэж сургуулийн сум, гранатыг цэнэглэж цэрэг дайчдын сургалтанд хэрэглэж болно.
-Тухайлбал, ямар асуудал байна гэж?
-Бид асар их хөрөнгө, хүч зарцуулаад цэргийн зориулалттай дарины үйлдвэр байгуулчихлаа гэхэд манай улс сум үйлдвэрлэх боломжгүй байна. Үйлдвэрлэсэн дариа экспортолъё гэхэд гадны улс орнууд худалдаж авах эсэх нь эргэлзээтэй. Тийм болохоор бид сум үйлдвэрлэх технологийн судалгааг ч мөн хийж байгаа. Олон улсын гэрээ конвенциор сум үйлдвэрлэх гэж буй улс оронд тодорхой нөхцөл тавьдаг. Тухайлбал, ОХУ-ын зэвсэгт зориулсан сумыг бид шууд үйлдвэрлэж болохгүй. Зөвшөөрөл авах эсвэл лицензийг худалдан авах хэрэгтэй болно. Ер нь сум үйлдвэрлэнэ гэдэг нэлээд нарийн төвөгтэй асуудал. 12 төрлийн суурь машинаар 180 технологийн ажиллагаа гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд сумны зарим эд ангийг худалдан аваад угсрах технологийг олон оронд хэрэглэж байна. Энэ нь ч манайд одоогоор тохиромжтой. Би “7.62х23 мм М” загварын сум үйлдвэрлэх технологи боловсруулж, сумны бялт, хонгиог нь гаднаас худалдан авч туршсан. Амжилттай болсон. Гар бууны сумны хонгиог 25 удаа, АКА-ны сумны хонгиог таван удаа ашиглаж болдог. Тэгэхлээр дээр дурдсан “7.62х23 мм М” суманд зориулсан гар буу үйлдвэрлэх төсөл боловсруулах шаардлагатай болж байна.
-Хольцот болон хар дарийг сумны хонгионд хийж болох уу. “7.62х23 мм М” загварын сумандаа та ямар дарь ашигласан бэ?
-Болохгүй. Модны болон ердийн хөвөнг нитратжуулан гаргаж авдаг коллоид бүтцийн дарийг ашигласан.
-Цэргийн зориулалттай дариа аль улсын ямар технологиор гарган авсан бэ?
-ОХУ, АНУ, Австрали, БНСУ, Хятад зэрэг улсуудын технологи дээр үндэслэн өөрсдийн боловсруулсан технологиор үйлдвэрлэж байгаа.
-Цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болон нийгэмд ямар ач тустай вэ?
-Ямар ч улс орны зэвсэгт хүчний байлдах чадвар тайван цагт хийсэн цэргийн сургуулилтаас ихээхэн хамаардаг. “Тайван цагт хөлс хэр их урсгана, дайны цагт цус бага урсгана”, “Цэрэг эрсийг 1000 өдөр тэжээж, нэг хоромд ашиглана” гэсэн цэргийн жанжин, судлаачдын хэлсэн үг байдаг. Тийм болохоор байлдааны цагийн байдал бий болгох, зэвсэг галт хэрэгсэл эзэмшиж сургахад цэргийн зориулалттай дарь чухал үүрэгтэй. Бидний лабораторийн нөхцөлд гарган авсан хар дарь, хөнгөн цагааны болон аммиакийн шүүний дарийг байлдааны цагийн байдал бий болгох, зэвсэг галт хэрэгсэл эзэмшиж сургахад ашиглана гэсэн үг. Эдгээр дариар тэсэлгээ хийх, тэсрэлтийг дуурайлган үзүүлэх, сургуулийн гранатыг цэнэглэж болох юм. Энэ төрлийн сургуулилт хичнээн ач холбогдолтойг миний амьдралд тохиолдсон сургамжууд надад бэлхэн харуулсан. Тухайлбал, 1973 онд намайг Зүүнбаянд байлдааны гранат шидүүлэх сургалт хийлгэж байх үед армид он удаан жил ажилласан нэгэн дэд хурандаа гранатныхаа хамгаалагчийг авсны дараа шидэж чадалгүй надад эргүүлэн өгч байж билээ. 3-4 секундэд гранат дэлбэрэх ёстой байсан юм. Мөн 1986 онд нэгэн ахлагч шидэх гэж байсан гранатаа алдаж олон хүний амь нас сүйтгэх аюул учруулж байсан. Орчин үед нийгэм ард иргэдэд нэлээн ач тустай, нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохицуулахад аминд халгүй сум гранат чухал үүрэгтэй. Саяхан Монгол Улсад зохиогдсон “Аминд халгүй зэвсэг” сэдэвт олон улсын сургалт семинарт энэ сэдвээр намайг илтгэл тавьж хэлэлцүүлэхэд гадаадын зочид их сонирхож байсан.
-Тэгвэл нийгэмд, хүн ардад ямар ач тустай вэ?
-Улсын захиалгатай цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх технологи боловсруулах төслийн судалгааны ажилд оролцсон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн зэвсгийн албаны даргын туслах, БХИС-ийнмагистрант, ахлах дэслэгч Э.Эрдэнэ-Очир судалгааны ажлаа үргэлжлүүлэн хар дарины үйлдвэр байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна. Хар дарийг цэргийн зориулалттай хэрэглэхээс гадна ард иргэд ядарсан малыг тэнхрүүлэх адуу, үхрийн ханиад эмчлэх, хүний бие дээр гарсан түүхий, яр шархыг эдгээх, нохой хээлтүүлгээс урьдчилан сэргийлэх зэргээр хэрэглэж ирсэн. Гэвч энэ нь эрдэм шинжилгээ судалгааны аргаар батлагдаагүй, ардын уламжлалт эмчилгээний арга тул болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн ахлах дэслэгч Э.Эрдэнэ-Очир нь ёслолын буудлагын хэрэгсэл, олон өнгийн пуужин үйлдвэрлэх, пиротехникийн бодис гарган авах судалгааны ажлаа амжилттай хийж байна.
-Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас таныг хэрхэн дэмжиж байна?
-Маш сайн дэмждэг. Улс орныхоо батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд олон талт арга хэмжээ авахаас гадна дотоод нөөц бололцоондоо тулгуурлан шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд дарь тэсрэх бодис, сум гранат үйлдвэрлэх технологи боловсруулах төсөл хэрэгжүүлж байна.
-Монголчуудын зэр зэвсэг, нум сум Чингисийн үед дэлхийд гайхагдаж байсан гэдэг. Түүнээс хойш монгол цэргүүд буу зэвсэг, дарь, сум хийж байсан түүх бий юу?
-Их Монгол Улс байгуулагдахаас өмнө Монголын нутаг дэвсгэр дээр оршин байсан улс гүрнүүд дарь хийдэг байсан. Чингис хаан болон түүний залгамжлагчдын хийсэн дайн байлдаанд дарьт зэвсэг хэрэглэж байсныг гадаадын эрдэмтэн судлаачид түүхэн эх сурвалжуудад үндэслэн тогтоосон. Монголчууд 1220 оноос газрын тостой бортгыг (дарьт сав) гал урвуур (их буу) гэдэг оньсон багажаар хол зайд харвадаг байсан. Энэ нь хот балгасыг эвдэж, хэрмийг цөмлөдөг байв. Мөн Ойрхи Дорнод, дундад Ази, Европт монголчууд дарийг хамгийн анх дэлгэрүүлсэн гэж үздэг. Мөн орчин үеийн шатаагч, утаат, гэрэлтүүлэгч, задран дэлбэрдэг зэрэг олон төрлийн галт хэрэгслийн анхдагч нь монголчууд юм. Монголчуудын зэвсэг галт хэрэгслийн үйлдвэрлэл 1744 онд Зүүн гарын хаант улсын хан Галданцэрэн гүн 50 кг жинтэй, сумтай, мортер (миномот) бууг зохион бүтээж ашиглаж байснаас хойш тасарсан.
-Та энэ салбарт ямар, ямар судалгааны ажлууд хийж байв?
-2006 онд “Монгол орны нөхцөлд галт хэрэгслийн удаан хадгалагдах чадварыг үнэлэх нь“ сэдвээр цэргийн техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, 2007 онд БХИС-ийн профессор цол хүртсэн. Үүнээс өмнө “Пуужин артиллерийн зэвсэглэлийн ашиглалтын гарын авлага’’, “Цэргийн зэвсгийн галт хэрэгсэл”, “Дарь, тэсрэх бодисын шинж чанар, үйлдвэрлэл, хэрэглээ”, “Зэвсэглэлийн түүх, орчин үе, хэтийн төлөв” зэрэг 20 гаруй ном, сурах бичиг бичиж хэвлүүлсэн. Монгол орны нөхцөлд дарь, тэсрэх бодис, дарин бүтээгдэхүүн, гар бууны болон ангийн бууны сум, сургуулийн гранат үйлдвэрлэх улсын захиалгатай шинжлэх ухааны төсөл гүйцэтгэж, технологи боловсруулсан нь Монгол Улсад зэвсэг, галт хэрэгслийн үндэсний аж үйлдвэр хөгжих эх суурь болж байна.
-Манай улсад энгийн дарины 20 гаруй үйлдвэр байдаг гэж сонссон. Цэргийн зориулалттай дарь нь энгийн даринаас юугаараа ялгаатай вэ?
-Цэргийн зориулалттай дарь нь тэсрэх бодисын нэг төрөл бөгөөд хүчин чадал баллистик үзүүлэлт, хими физик шинж чанараараа энгийн үйлдвэрлэлийн тэсрэх бодисоос эрс ялгаатай, удаан хугацаагаар хадгалах шаардлагатай байдаг. Тэдгээр 20 гаруй үйлдвэрээс гаргаж авсан тэсрэх бодисыг уул уурхайн тэсэлгээнд голдуу ашиглаж байна. Монгол оронд дарины түүхий эд элбэг байдгаас гадна хүнд аж үйлдвэрийн хаягдал илүүдэл бүтээгдэхүүнийг ашиглах бололцоотой. Жишээлбэл, биодизель түлшний үйлдвэрээс их хэмжээний глицерин хаягдал болон гардаг. Энэ нь нитроглицерин дарины үндсэн түүхий эд болдог. Нитроглицерин дарийг 1888 онд Шведийн эрдэмтэн А.Нобель нээж динамит үйлдвэрлэх болсон. Цэргийн зориулалттай утаагүй дарийг нитратжуулахад хүхрийн хүчил гол үүрэгтэй байдаг. Гэтэл цэвэр зэс боловсруулах үйлдвэрээс хүхрийн хүчил хаягдал илүүдэл бүтээгдэхүүн болон гардаг. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулж 300000 тонн цэвэр зэс үйлдвэрлэж эхэлбэл нэг сая тонн хүхрийн хүчил хаягдал болон гарах тооцоог уул уурхайн эрдэмтэд хийсэн байгаа юм.
-Таны үйлдвэрлэсэн дарийг кино зураг авалтад ашиглаж байсан уу?
2015 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Найдандоржийн найруулсан “Тэр жилийн тэр нэг өдөр” киноны байлдааны ажиллагаа, буудлага, тэсрэлтийг дуурайлган үзүүлэхэд ашигласан.