Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Хаумдас: Манайд газрын ховор элементийн Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэйн ордууд байна DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер А.Хаумдастай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд газрын ховор элементүүдийн талаар нэлээд яригдаж, олон улсын анхаарлыг ихэд татах боллоо. Тэгэхээр газрын ховор элементүүд болоод тэдгээрийн хэрэглээний талаар ярилцлагаа эхэлье?

-Өндөр технологид хэрэглэгдэх газрын ховор элементүүдийн талаар сүүлийн үед хүн бүр ярьдаг боловч эдгээр элементүүд нь чухам аль элементүүд гэдгийг төдийлөн ойлгохгүйгээр хэрэглээд байгаа тал бий. Олон улсын ангиллаар ховор элементүүдийг дөрвөн бүлэгт хуваарилдаг. Хөнгөн, өндөр температурт хайлдаг, сарнимал, газрын ховор гэж хуваагдана. Цахим орчин, сонин, нийтлэлд газрын ховор элемент (ГХЭ)-ийг газрын ховор металлууд, ховор шорооны элементүүд гэж нэрлэдэг. Эдгээр лантанойдын бүлгийн 17 элемент нь ховор металлын ангиллын нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 1794-1947 он хүртэлх 150-иад жилийн хугацаанд химийн ба физик механикийн шинж чанараараа нэн төстэй газрын ховор хэмээх бүлэг элементүүдийг нээсэн байдаг. Газрын ховор нь лантанойдын бүлгийн 15 элемент мөн сканди, иттрийг оролцуулаад нийт 17 элементээс бүрддэг. ГХЭ-ийг хэдийгээр ховор хэмээн нэрлэсэн ч эдгээр элементүүд нь газрын гадаргуу дээр харьцангуй элбэг тархсан байдаг. Жишээ нь, хар тугалгаас 10 дахин, молибденээс 50 дахин, жинхэнэ ховор тархацтай элементүүд болох мөнгө болон алттай харьцуулбал даруй 1000 дахин их нөөцтэй. ГХЭ-ийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн хөгжил, дэлхийн дулааралтай холбоотойгоор шинээр эрчимтэй хөгжиж буй байгальд ээлтэй техник, технологийн салбарын өрсөлдөөнтэй холбоотой юм. ГХЭ-ийг өндөр хүчин чадал бүхий зай хураагуур, нарны цахилгаан үүсгүүр, салхин төхөөрөмж, цахилгаан автомашин, LCD дэлгэц, гар утас, шилэн кабель, сансрын болон батлан хамгаалах салбар, фотоцахилгаан эд анги, хэт дамжуулагч, хэт соронзон, лазер, компьютер, дахин цэнэглэх цэнэг хураагуур, зохиомол алмааз шил ба керамик, цөмийн түлш ба реакторын материал, пуужин болоод тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийн эд анги хийхэд, радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэл, металлурги, био, нанотехнологи зэрэг олон салбарт хэрэглэж байна. Ногоон технологи буюу байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж ч ГХЭ-ийн эрэлт хэрэгцээг өсөн нэмэгдүүлж буй томоохон салбар. Дэлхийн улс орнуудын ногоон санаачилгын илрэл болсон салхин хөдөлгүүрт нэг тонноос илүү хэмжээний соронз ашигладаг бол үүний 350 кг орчим нь ГХЭ-ийн нэг болох неодим байдаг. Дээр дурдсанчлан орчин үеийн байгальд ээлтэй, өндөр технологийн аж үйлдвэрүүд болон шинжлэх ухаан, анагаах ухаан, батлан хамгаалахын салбарууд ойрын жилүүдэд эрчимтэй хөгжиж, улмаар улс орнуудын цаашдын хөгжил дэвшлийг тодорхойлох чухал салбарууд гэдэг нь ойлгомжтой. Технологийн тэргүүлэгч гүрнүүд ГХЭ-ийн найдвартай эх үүсвэрээр аж үйлдвэр, шинжлэх ухааны салбараа хангахгүй бол технологийн хөгжлөөс хоцорч, байгалийн баялагтай орнуудтай өрсөлдөх чадвараа ердөө ойрын арван жилд алдах болно гэдгээс эмээж байна.

-ГХЭ-ийн дэлхий нийтийн болон манай орны батлагдсан нөөцийн хэмжээ хэр байдаг бол?

-Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд газрын ховор металлын эрэлт хэрэгцээ тогтмол өсөн нэмэгдэж байна. Хөгжингүй орнуудын аж үйлдвэрийн дэвшил, нэн ялангуяа өндөр технологид суурилсан аж үйлдвэр хөгжихийн хэрээр чухал шаардлагатай түүхий эд болох стратегийн металлын эрэлт эрчимжиж байна. Дэлхийн хэмжээнд 130 гаруй сая тонны ГХЭ-ийн ислийн нөөц тогтоосон байдаг. Үүний 44 сая тонн нь БНХАУ-д, үлдсэн нь Бразил, Австрали, Вьетнам, Орос, АНУ гэх мэт улс орнуудад тогтоогдсон бөгөөд Монгол орны хувьд гурван гаруй сая тонны ГХЭ-ийн ислийн нөөц тогтоогоод байна. Дэлхийн ГХЭ-ийн нөөцийн ихэнх хэсэг нь ойролцоогоор бастнезит болон монацитийн эрдэс агуулсан ордуудад илэрдэг байна. Дэлхийн хэмжээнд ГХЭ-ийн хэрэглээ жилд дунджаар 170,000-200,000 тонн байна. Дэлхий дээрх газрын ховор элементийн ордуудад баяжмалын тогтсон үнэ байдаггүй. Газрын ховор элементийн ордын хүдрийн үнэ цэнэ нь тухайн ордын хүдрийн нөөцийн хэмжээнээс хамаарахгүй. Харин тухайн ордын нөөцөд үнэтэй газрын ховор элемент хэр их агуулагдаж байгаагаас шалтгаалан тодорхойлогдож байна. Түүнчлэн баяжмал дахь неодим, празеодим, терби, европын агуулга өндөр байвал тухайн баяжмалын үнэ цэнэ хоёр дахин өсөх тохиолдол байдаг.

-Манай оронд хэд хэдэн ГХЭ-ийн ордууд байна. Тэдгээр ордуудад ямар төрлийн ГХЭ-үүд агуулагддаг вэ. Манайд хийгдсэн судалгааны ажлуудын талаар тойм мэдээлэл өгөөч.

-Монгол орны газрын ховор элементийн өнөөгийн судалгааны түвшинд олборлолт, боловсруулалтын талаар авч үзэхэд хараахан эрт байна. Ялангуяа эрдсийн судалгааг шат дараалалтай хийж дүгнэлт гаргах, нөөцийг бодитойгоор тогтоон олон улсын стандартаар тооцож батлуулах, ордын хэмжээнд иж бүрэн технологийн судалгаа хийх шаардлагатай. Ингэснээр тухайн орд газраас ямар элемент, металлыг хэр хэмжээгээр олборлон боловсруулах талаар бодитой төсөөлөл бий болно. Түүндээ үндэслэн эдийн засгийн үр ашгийн талаар тооцоо, судалгааг нарийвчлан хийх боломж бүрдэх юм. Манай улсад Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэй зэрэг ГХЭ-ийн дөрвөн ордууд тогтоогдсон. Монгол орны ГХЭ-ийн ордын хүдрийг баяжуулах технологийн хувьд судлагдсан ордууд нь Лугийн голын, Мушгиа худаг болон Хотгорын ордууд юм. Халзан бүргэдтэйн ховор металлын ордын хүдрийн дээжид гадаадын ба дотоодын судлаачид удаа дараа баяжуулалтын туршилтыг гүйцэтгэсэн боловч одоогоор хараахан боломжийн үр дүнд хүрээгүй байна. Хотгорын ГХЭ-ийн ордын хувьд туршилт судалгааны ажил хувийн хөрөнгөөр хийгдсэн. Одоо Австрали улсын Parabellum Resours компани өрөмдлөг хийж, дараа жилээс ажиллаж эхлэхээр төлөвлөж байна.

-Дэлхий дахин сүүлийн үед Монголын ГХЭ-ийн нөөц болоод энэ салбарыг ихээхэн сонирхож байна.

-Монгол орны ГХЭ-ийн орд газрыг сонирхох асуудал урьд нь байсан боловч, 2010 онд Хятад улс экспортод хориг тавьсан. Энэ бол ГХЭ-ийн бүтээгдэхүүний үнийг өсгөсөн үеэс эхлэлтэй. 2011 онд Япон улсын төрийн өмчийн ЖОГМЕК корпараци болон Дэвшилт материал, Шинжлэх ухаан технологийн хүрээлэн хооронд ГХЭ-ийн судалгааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. 2011 оны есдүгээр сард Финлянд улсын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Финлянд улсын засгийн газраас Монгол Улсын Геологийн Төв Лабораторид ГХЭ-ийг баяжуулах лаборатори байгуулах төсөл хэрэгжүүлэхээр яригдаж, төслийн хүрээнд 700 мянган еврогийн өртөгтэй шинжилгээний тоног төхөөрөмж орж ирсэн. 2011 оны аравдугаар сард ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монголд хийсэн айлчлалынхаа үеэр “Хоёр орны Засгийн Газрын хооронд байгуулсан Ашигт малтмалын түншлэлийн гэрээнд” гарын үсэг зурсан. Энэ гэрээний үндсэн дээр Герман Улсын хувьд ГХЭ-ийг ашиглах боломж бүрдэх бол Монгол Улс орчин үеийн шинэ техник технологи, мэдлэг мэдээллийг олж авахаар төлөвлөсөн байсан. 11 жилийн өмнө зурагдсан энэ түншлэлийн гэрээ ажил хэрэгчээр биеллээ олоосой гэж хүсч байна.

-Газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтлоо. Энэ ажил хэдийд биеллээ олно гэж та харж байна?

-ХБНГУ нь Европт төдийгүй дэлхийд өндөр технологийн машин техник, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улсуудын нэг. ХБНГУ өндөр технологид хэрэгцээт түүхий эдийн дийлэнх хэсгийг бусад орнуудаас импортоор авдаг. Мөн стратегийн түүхий эд болох кобальт, платин, титан болон бусад ховор металл болон ГХЭ-ийн импортоос ихээхэн хамааралтай. ХБНГУ өндөр технологийн үйлдвэрлэлийн оронд өрсөлдөхүйц үнээр түүхий эдийн найдвартай нийлүүлэлтийг хангах нь нэн тэргүүний ач холбогдолтой. Түүхий эдийн нийлүүлэлтээ бататгах нь Германы аж үйлдвэрийн хамгийн тэргүүний, хамгийн чухал зорилт болоод байна. 2010 оны аравдугаар сарын 26-нд Германы Засгийн газар “Германы эрчим хүчний бус түүхий эдийн стратеги”-ийг батлан гаргасан бөгөөд энэ нь улс орнуудтай “түүхий эдийн түншлэл” байгуулах талаар тусгасан. ХБНГУ түүхий эдийн хангамжаа уламжлалт худалдааны тогтолцоо, хөдөлмөрийн хуваарилалтаар хангаж чадах боломжгүй болж буй нь ойлгомжтой болсон ба өндөр технологийн түүхий эдтэй олон улсын түншүүдтэйгээ түүхий эдийн салбарт хамтарч ажиллах шинэлэг арга замыг боловсруулж, дэлхийн түүхий эдийн зах зээлийн хүндрэлийг даван туулах арга замыг эрэлхийлж байгаагийн нэгэн илрэл нь манай улстай ГХЭ-ийн хүдрийг олборлох, баяжуулах, хагас боловсруулах үйлдвэр байгуулах судалгааны ажлыг эхлүүлж, хамтран ажиллах юм байна ойлгож байна. Хоёр улсын Засгийн газраас энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсруулах ажлын хамтарсан хэсэг байгуулагдаж, хийгдэх ажлын цар хүрээ, төлөвлөгөөг гаргаж батлуулснаар энэ ажлын эхлэл тавигдах болов уу гэж бодож байна.

-Бид цөмийн хуульд газрын ховор элементээ тусгасан нь буруудсан гэдэг. Энэ талаар та дэлгэрэнгүй яриач?

-Ер нь газрын ховор элементийн орд газрыг ашиглахын тулд “Ашигт малтмалын тухай” болон “Цөмийн энергийн тухай” хуулийн хүрээнд төр зохицуулах хэд хэдэн асуудал байгаа гэж үздэг. Нэгэнт төр мөнгө гаргаж геологийн эрэл хайгуул, нарийвчилсан хайгуул хийж нөөц батлуулсан бол “Ашигт малтмалын” тухай хуулиар Стратегийн орд газрын ангилалд орж төр 34 хувийг эзэмших, ГХЭ нь цөмийн энергийн бодис, материал гэж “Цөмийн энергийн тухай” хуульд тусгагдсанаар төр 51-ээс дээш хувийг эзэмших зохицуулалтай боловч одоогоор хэрэгжээгүй. Дэлхийд манай улсаас өөр ГХЭ-ийг цөмийн энергийн бодис, материал гэж хуульдаа тусгасан улс орон байхгүй. Өнөөдрийн байдлаар ГХЭ-ийн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Төрийн мэдлийн орд газар гэж байхгүй, иймд нөөц бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож (улсын төсвөөр судалгаа хийгдсэн), орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах асуудлуудыг хууль эрх зүйн хэмжээнд зохицуулсан тохиолдолд л энэ ажлын гараа эхлэх байх. Энэ боломжийг ашиглаж ГХЭ-ийн хүдрийг,бага агуулгатай үнэ цэнэгүй баяжмалаа экспортлохгүй, нэмүү өртөг шингэсэн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн нийлүүлэх стратегийг цаг хугацаа алдалгүй боловсруулан хэрэгжүүлэх нь чухал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *