“Опозит” хамтлаг есдүгээр сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хамгийн сайхан нь” нэртэйгээр бие даасан тоглолтоо хийхээр болсон.
Энэ талаар “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Удахгүй “Хамгийн сайхан нь” тоглолт болох гэж байна. Тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Манай хамтлагийн гишүүн Г.Энэрэл бид хоёр тайзан дээр гараагүй удсан байна. Одоогоор тоглолтдоо бэлдээд завгүй л явж байна. Хамтлаг байгуулагдсанаас хойш 10 гаруй жил өнгөрчээ. Тэр хооронд том тайзан дээр гарч байгаагүй. Бидний анхны том тайз байх. Мөн энэ тоглолт сүүлийнх ч байж магадгүй. Миний хувьд Америкт гэр бүлтэйгээ амьдардаг. Тэгээд тоглолт хийх саналыг хүлээж аваад Монголдоо ирсэн. Маш их догдолж байна. Зургадугаар сараас эхлээд тоглолт хийхээр яригдаж эхэлсэн. Энэ тоглолтыг хүлээж байсан фенүүдтэйгээ удахгүй уулзая. Энэ боломжийг олгосон ерөнхий найруулагч Ж.Энхжаргаландаа баярлалаа. Тоглолтоо хамгийн сайхнаар хийнэ.
-Зургадугаар сараас тоглолтын бэлтгэл ажил эхэлсэн гэлээ. Танай хамтлагийн бэлтгэл хэр байгаа вэ?
-Тоглолтод хуучны дуунуудаа дуулна. Долоо хоногийн өмнөөс Г.Энэрэлтэйгээ нийлж, дуугаа бэлдэж эхэлсэн. Бид хоёрын ганц тоодог зүйл амьдаараа тун давгүй дуулчихаад байдаг юм(инээв).
-Үзэгч фенүүддээ ямар шинэлэг зүйл бэлдсэн бэ?
-Тоглолтын ерөнхий найруулагч Ж.Энхжаргалантай анх уулзахдаа нэг зүйлийг гуйж байсан. Хамгийн хойно зогсож байгаа хүнд дууны дуугаралт адилхан сонсогдохоор тохируулж өгөөч гэсэн юм. Манай тоглолтын арын албаныхан өмнө нь болж байсан тоглолтууд дээр гаргасан жижиг алдааг хараад түүнийг нь засаад асуудал гаргагүйг хичээн анхаарч ажиллаж байгаа. Шууд дамжуулалтын гурван талд нэмэлт LED төлөвлөсөн.
-“Опозит” хамтлаг нэлээд хугацааны дараа эргэн нэгдэж тоглолтоо хийхээр боллоо. Цаашид хамтын уран бүтээлээ хийх үү?
-Цаашид уран бүтээл хийх бодол бий. Гэхдээ цаг хугацаа, зав хомс ч зайлшгүй дуу хийхээр бол хийнэ.
-Г.Энэрэлийн хувьд хувийн уран бүтээлээ хийгээд явж байсан. Таны хувьд энэ хугацаанд юу хийв?
-Г.Энэрэл урлагаа хөөгөөд явж байгаа нь маш гоё зүйл. Аливаа зүйлд тууштай байна гэдэг маш том чанар шүү дээ. Миний хувьд хамтлагаасаа хөндийрөөд гэр бүлтэй болсон. Одоогоор Америкт амьдарч байгаа. Г.Энэрэл бид хоёрын хувьд тоглолт хийх цаг хугацааны уулзвар дээр ирчихээд байна.
-Таны хувьд кино уран бүтээлд тоглох уу. Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-Одоо “Хамгийн сайхан нь” тоглолтоо хийх гэж байна. Анх 2014 онд найруулагч О.Батзоригийн бичиж, найруулсан “Хамгийн сайхан нь” кино хийгдэж байлаа. Тэрхүү кино болон киноны дуу нь олонд хүрсэн учраас киноныхоо нэрээр тоглолтоо нэрлэсэн. Мөн “Хамгийн сайхан нь 2” кино удахгүй гарахаар ажиллаж байна. Тоглолт, кино уран бүтээлүүд дууссаны дараа нэг ангитай кинонд тоглож магадгүй.
-Тоглолтод сүүлд гаргасан “TOXYO“-с өөр шинэ дуу дуулагдах уу?
-Энэ долоо хоногтоо амжвал шинэ клип гаргахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө дуугаа бэлдчихсэн зураг авалтаа хүлээж байна даа.
Г.Энэрэл: Үзэгчид бидний дууг дагаж дуулаасай гэж хүсэж байна
“Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл “Бид дараа жил нэг жилийнхээ ойг тэмдэглэх болно. Манай хамтлаг одоо шинэ өнгө төрхтэйгөөр шинээр байгуулагдаж байна. Магадгүй 10, 20 жилийн дараа “TOXYO” нэртэй тоглолтоо хийхийг үгүйсгэхгүй. Энэхүү тоглолтод 30 дуу дуулагдана. Үзэгчид дууг дагаж дуулаасай гэж хүсэж байна” гэлээ.