Categories
мэдээ цаг-үе

А.Энхтайван: Бүгд Чингисээр амьсгалсан бол өнөөдрийн амьдралыг хэд дахин нугалахаар хэмжээнд хүрчих байлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайвантай ярилцлаа.


-Уран бүтээлч хүнтэй уулзсан болохоор ярилцлагаа уран бүтээлийн ажлыг тань сонирхож эхлүүлье. Сүүлийн үед ямар бүтээл хийв?

-Ажил алба ихтэй ч уран бүтээлээ хаяагүй явна. Юу хийгээд гийгүүлчихэв гэхээр сүүлийн үед хэдэн сайхан нийтийн дуу, ганц хоёр мэргэжлийн дуучдад зориулсан дуу, “Дангина” гэж уран сайхны кино хийлээ. 2017, 2018 онд иймэрхүү уран бүтээл гаргалаа. Зарим нь ч тодорхой хэмжээгээр хүмүүсийн чихэнд хүрч байх шиг байна. Ялангуяа “Дангина” кинонд зориулж хийсэн дуу маань “Морин хуур-2017”-д түрүүллээ. Тэрэндээ урамшаад өнгөрсөн хавар, зуны турш “Дангина” гэж кино хийсэн юм. Дангина гэдэг нь дагина гэсэн үг л дээ. Киноны ерөнхий сэдэв гэвэл IX зууны үеийн Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэн гэж байсан. Тэр хүний эхнэр болох буриадын язгуурын 11 эцгийн таван хүүг нь төрүүлсэн Шаралдай хатан гэж байсан. Тэр хүний бодит амьдралаас сэдэвлэж, түүвэрлэж хийсэн түүхэн кино. Өнгөрсөн сарын 4-8-ны хооронд Эрхүү хотод болсон “Алтаргана” кино наадамд “Дангина” кино маань Гран При хүртлээ. Энэ шагнал нь манай кинонд оролцсон уран бүтээлчдэд маш их урам зориг өгсөн. Кинондоо нэг ёсны нэрд гарсан, том жүжигчдийг оролцуулаагүй.Шинэ залуу, дөнгөж сургууль соёлоо төгсч байгаа, зарим нь ирэх жил төгсөх гэж байгаа ийм хүүхдүүдээс шилж сонгож, жаахан орчин үе тал руугаа киноныхоо ерөнхий уур амьсгалыг татах маягаар хийсэн.

Киноны хөгжим нь хүмүүсийн ярьж буйгаар гайгүй болсон шиг байна. Киноныхоо хөгжмийг өөрөө хийж, ерөнхий найруулагчаар нь ажиллалаа.

Киноны маань бас нэг онцлог гэвэл том хэмжээний, бараг ари шахуу гэмээр дуу хийлээ, симфони оркестртой. Манай Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран гэж сайхан цээл хоолойтой хүн дууллаа. Мэргэжилдээ өгсч дэвжиж яваа уран бүтээлч. Ирээдүйд ямар нэгэн томоохон, Монголын үндэсний ари, том хэмжээний бүтээлүүдийг шалгаруулах конкурс болоход орох боломжтой “Шаралдай хатны ари”-г хийсэн.

-“Дангина” хэзээ дэлгэцнээ гарах вэ?

-Энэ сарын 27, 28-ны үеэр кино театруудаар гарахаар бэлтгэгдэж байна.

-“Балжийн гол”, “Ононгийн шугуй”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” гээд таны зохиосон дуу бүтээл гэвэл тоймгүй их шүү?

-1985 оноос хойш нийтдээ 200 гаруй мэргэжлийн симфони оркестртой дуу, мөн нийтийн 300 гаруй дуу зохиосон, зургаан киноны хөгжим бичээд байна. 2016 оны сүүл, 2017 оны эхээр “Тэнгэр язгуур” гэж Алунгоо эхийн тухай кино дуурь хийсэн. Энэ бүтээлийг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олонтой хамтарч хийснээрээ онцлог. Дуулалт дуурь, дуулалт кино гэж зориулж хийснээрээ Монголд анхных. Урьд нь “Учиртай гурван толгой” дуурь гэх мэт дуурийг байгаль дээр гаргаад зураглал хийгээд тавьж байсан зүйл бий. Өнөөдрийн нөхцөлд манай хөгжмийн зохиолчид киноныхонтойгоо нийлж кино дуурь гэх ийм бүтээл хийж амжаагүй байхад нь анхдагч маягаар хийчихлээ (инээв). Яруу найрагч, СТА Бямбаагийн Баярмагнай Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсан. Энэ сайхан эмэгтэйн бүтээлээр “Тэнгэр язгуур” гэж дуулалт киног хийсэн юм. Ингээд яриад байвал ер нь уран бүтээл гэж нэлээд юм байна. Мэргэжлийн дуучидтайгаа ойрхон ажиллаж байна. Дуурийн залуу дуучид их чадварлаг болж байна. Нэг үеэ бодвол дуурийн театрын дуучид сэргэж байна. Энэ нь өнөөдөр бидэнд хамтарч ажиллах, уран бүтээл хийхэд шинэлэг, сайхан санаа төрүүлэх боломжийг олгож байна. Жишээ нь, манай Дуурийн театрын гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Батжаргал, Б.Гомбо-Очир. Энэ гурав бол шинэ сайхан гурван тенор. Дуурийн театрт тав, зургаан жил сайхан дуулж байна. Энэ гуравт зориулж “Бор толгодын хавар” гэж том хэмжээний дууг симфони оркестртой хамт хийж өглөө.

-Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлэг үү?

-Тийм. Энэ дуундаа манай дуучид сэтгэл хангалуун байгаа. Өөрсдөө надаас хүссэн юм. Өмнө нь “Балжийн гол” дууг маань хамтарч дуулсан байсан. “Бор толгодын хавар” дуу маань “Морин хуур” наадмын мэргэжлийн дууны төрөлдөө гуравдугаар байрт орсон. Иймэрхүү амжилт, бүтээлтэй явж байна. Өнөөдөр гэвэл “Цагаан шонхор” гэж кино хийхээр бэлтгэж байна.

-Цагаан шонхор оо. Цагдаагийн тухай кино биш биз дээ?

-Үгүй л дээ. Хиад-Боржигончуудын сүлд туг нь цагаан шонхор. Энэ киног хийхэд бид нэг юмыг зориуд хийе гэж онцолсон. “Монголын нууц товчоо”-нд Тэмүүжингийн 13-18 насны хоорондох үйл явдал балархай байдаг. Бараг бичигдсэн юм байхгүй. Нэг ёсондоо үсэрчихсэн байдаг байхгүй юу. Энэ хугацааг зарим хүмүүс буруугаар тайлбарлаж, нөгөө Сэцэн Жамухыг Тэмүүжингийн эсрэг тавьсан байдалтайгаар зарим уран бүтээлд гаргах нь сүүлийн үед газар авах шинжтэй байна. Энэ нь ялангуяа гадаадын кинонууд дотор. Тэгэхээр нэгэнтээ Монголын кино урлаг руу орчихсон хүний хувьд бас нэг гайгүйхан шиг өөрсдийнхөө зохиолчидтой, өөрсдийнхөө зураглаач, найруулагч, уран бүтээлчидтэй хамтраад арай нэг монгол сэтгэхүйгээр, монгол маягаар тайлбар өгөх нь зүйтэй боллоо гэж хэлэх гээд байгаа юм л даа. Бид энэ киноныхоо зохиол дээр ажиллаад эхэлчихсэн. Мөн манай кинонд тодорхой хэмжээний хүмүүс татагдан оролцох шинжтэй байна. Монголын бизнесмэнүүд нэлээд анхаарал төвлөрүүлж байна. Гайгүй кино хийдэг ганц хоёр кино студитэйгээ нийлж нэгдээд хийчих юмсан гэсэн бодолтой байгаа. Монголын талаасаа манай киноныхон маань дотроо нэгдэхээс илүүтэй Монгол туургатан гэгдэж яваа Буриад, Тува, Халимаг, Якут, Өмнөд Монголоос төлөөлөл оруулж аятайхан бүтээл болгох юмсан, чадаж л өгвөл дэлхий нийтдээ байг гэхэд дэлхийд байгаа монголчууддаа Тэмүүжингийн үнэн бодит амьдралаас цухасхан ч гэсэн харуулах сан гэж зорьж байна даа.

-Тэр кинонд Тэмүүжингийн 13-18 насны амьдралыг л харуулах уу, эсвэл бүхий л амьдралыг нь уу?

-Ер нь бол кино тодорхой хэмжээгээр явна. Тэмүүжингийн төрөхөөс эхэлж үзүүлнэ. Харин хаана хүрч төгсөхийг өнөөдөр би мэдэхгүй. Ямар ч байсан би өөрөө ерөнхий найруулагчаар ажиллах учраас зохиол дээрээ ажиллаж байна. Хаана хүргэж, яаж дуусгах вэ гэдэг бас өөр асуудал л даа.

-Их хааны түүхийг гуйвуулах, буруугаар тайлбарлах үзэгдэл бий л дээ. Тэр болгонд монгол цустай хүн болгоны сэтгэл их бага хэмжээгээр зовнидог байх. Гэхдээ тэр хүмүүсээс таны сэтгэл илүү зовнидог болов уу гэж бодож байна. Учир нь та монголчуудаас анхлан Чингис хааны дүрийг бүтээсэн хүн. Тэр кинонд тоглосноор сэтгэл зовнил тань эхэлсэн байж мэдэх юм?

-Яг үнэнээ хэлэхэд, арван жилд, дөрөв тавдугаар ангид байхаасаа Чингис хаан гэдэг хүнийг үзэх юмсан, харах юмсан, судлах юмсан болж өгвөл дүрсэлж ч болтугай дотроо гаргаж ирэх юмсан гэж ийм их бодол хүсэлтэй явсан. Монголдоо арван жилээ төгсчихөөд хойно Урлагийн дээд сургуульд байхдаа хүртэл тэндхийн оюутнуудтай хамгийн их ярьдаг сэдэв маань энэ байлаа. Яагаад вэ гэвэл тэр үед В.Яны “Бат хаан”, “Чингис хаан” гэсэн хоёр том зохиолыг уншчихаад маш их дургүйцдэг байсан. Монголын үндэсний их баатар, гарамгай удирдагч маш их сэтгэж алсыг төлөвлөгч, их гаргуун хүнийг хамаагүй тэгж цуст илдээр илэрхийлэх нь арай л буруу шиг санагддаг байсан юм. 1996 онд “Вашингтон пост” сониноос Мянганы суут хүнээр тодорхойлсон. Бүр тэрнээс өмнө Германы “Чингис хаан” хамтлаг 1979 онд “Чингис хаан” гэдэг дууг дуулаад дэлхийн 70 гаруй орноор аялчихсан байдаг юм. Биднээс нэг ч төгрөг нэхэхгүйгээр Чингисийн монгол, Чингис гэж сурталчилсан байна. Саяхан би XIII зуун жуулчны баазад “Чингис хаан” хамтлагийн ахлагчтай уулзаж клипнийх нь зураг авалтад оролцохдоо энэ дууных нь үгийг сонсоод гайхаж байлаа. Германаар дуулдаг байсан болохоор бид ойлгодоггүй байж. Үнэхээр талын баатар эрийн ямар их сүрлэг, ямар их тактиктайгаар аливаа үйлсийг хийдэг байсан тухай их гоё бахархаж бичсэн шүлэгтэй юм байна. Бид юмыг их дутуу үнэлж байна. Өнгөцхөн боддог байж. 70 жил шахам өөр системээр явлаа гээд үүнийгээ буруутгаж л байдаг. Өнөөдөр хөгжингүй нийгэмд орчихлоо гээд л бүгд дэл сул явж л байдаг. Энэ бүхэн дотор харьцангуй байдлаар өөрсдөдөө дүгнэлт хийх цаг нь монголчуудад иржээ, Чингис хааныхаа талаар. Өнөөдөр Чингис хаан гээд зориод ирж байгаа гадны зочдодоо юу үзүүлэх гээд байгаа юм, юу харуулах гээд байгаа юм. Ямар жүжиг, ямар стиль байх юм. Ний нуугүй ярихад мэдэхгүй юм, Их хааны гэрэлт хөшөө Төрийн ордны өмнө нэг байна. Ерөнхийлөгчийн барьсан Цонжинболдогийн нэг хөшөө байна. Өөр юу байна.

Өнгөрсөн 30-аад жилийн дотор үнэхээр бид нар Чингис хаанаараа бүгд амьсгалсан бол өнөөдрийн амьдралыг хэд дахин нугалахаар хэмжээнд хүрэхээр боломж байсан уу гэвэл байсан. Яагаад өнөөдрийг хүртэл цөөхөн хэдэн монголчууд хоорондоо зууралдаад бие биенээсээ өрсч гарч чадахгүй, гарсан нэг нь бусдыгаа бодохгүй ийм нэг сонин байдалтай яваад байдгийн учрыг бид өөрсдөө олох ёстой байх л даа. Гэхдээ уран бүтээлчид яах вэ, үүн дээр уран бүтээлдээ янз бүрийн байдлаар илэрхийлж л байдаг. Нийт ард түмэн үүн дээр өөрсдийнхөө үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болчихсон юм болов уу.

-Таныг Чингисийн тухай кино хийх гэж байгааг дуулаад бас л муулж, шүүмжлээд эхэлнэ дээ. Тааралдсан нэгнээ дагаж сэнсэрч сайн ч бай, муу ч бай ямар ч зүйлд монголчууд байнга л шүүмжлэл хэлж, амнаасаа олигтой үг унагахаа байсан хүмүүс болжээ?

-Хаврын хамхуул гэсэн үг. Салхи хаашаа байна, тийшээ хийснэ.

-Энэ бүхэн эдгэх үү?

-2010-аад он хүртэлх хугацаанд хоёрын нийгмийн хоорондох шилжилтийн үед л ингэж байна гэж бодсон. Тэгж тэр бүхэнд тэссэн. Өнөөдөр тэрнээс хойш дахиад 10 жил болж байхад яг хэвээрээ. Гэхдээ цаагуураа улс хөгжиж байна. Хүмүүс боловсорч байна. Нийгэм арай л бас өмнөх амьдралуудаасаа дээрдэх нь дээрдэж байна. Гэвч шүүрэн шанага шиг байна. Тэр шанаган дээр тогтож байгаа нь хэдэн хувь бэ. Тогтохгүй доош унаж байгаа нь хэдэн хувь бэ. Улаанбаатар хотын захын хороолол болон хөдөө сумдын зарим багаар явахад бас л харамсалтай амьдрал харагдаж байна. Дэндүү юм уу даа гэмээр. Өөрөөсөө болж байгаа юм уу, арчаагүй юм уу, эсвэл тэр хүнд өөр амьдрах арга ухаан байхгүй юм уу гэмээр. Энэ бүхнийг тэгшитгэнэ гэвэл бас худлаа.

Гурван сая хүнд бүгдэд нь нэг нэг сая доллар өгөөд болчихдог ч юм биш. Харин нийгмийн сэтгэхүйг өөрчилж байж, хүмүүсийн дотоод сэтгэлийг нь Монголоо гэсэн чин сэтгэлтэй, хүмүүжилтэй болгохын тулд бүр багаас нь хүмүүжүүлэх жинхэнэ ардчилал дутагдаад байна шүү дээ. Би бүр юуг хэлэх гээд байна вэ гэвэл өнөөдөр “Монголын нууц товчоо” гэдэг зохиолоо хүүхдүүдийнхээ сэтгэхүйд таарахаар, ойлгогдохоор, үндэсний бичиг болчих гээд байгаа энэ кирилл үсгэн дээр нь дорвитойхон шинэчлээд тайлбарлаад сургуулиудын хөтөлбөрт багтаагаад төрийн албан хаагчдын шалгалтад нь оруулбал энэ хүмүүсийн ажиллах, амьдрах, цаашдаа бие биетэйгээ ярьж хөөрөх, хаа байгаа хязгаар нутгуудын хүмүүст хүрч үйлчлэх аргачлал нь өөр болно. Ингэхээр хүний дотор сэтгэлд нь өөрийн гэсэн үзэл бодол ургаад амьдрал нь тэрийг дагаад арай өөр болоод ирдэг. Ийм л юмыг бид өнөөдөр хийж өгөхгүй бол дээрээс нь мянган хууль батлаад, мянган тэтгэмж өгнө гэвэл би л лав олигтой юм болно гэхэд итгэл дүүрэн биш байна.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *