Монгол Улсын ардын жүжигчин, СУИС-ийн багш Аюурзанын Долгортой уулзаж ярилцлаа. Ардын уран зохиолч, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжавын цомнол, төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын хөгжмийг нь туурвисан “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно дуурийг тэрээр кино дуурь болгосноо тэрээр саяхан үзэгч түмэнд толилуулсан юм. Кино дуурийн нээлтэд урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, дуучин Эрдэнэтунгалаг, Солонгоо, Цовоо болон СУИС-ийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд зэрэг урлаг соёлын хүрээнийхэн хүрэлцэн ирсэн байлаа.
-Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын цомнол, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын аялгуу “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно дуурийг кино дуурь болгож нээлтээ хийж байгаад баяр хүргэе!
-Баярлалаа. Кино дуурь маань цаг гаруй хугацаанд үргэлжилж байгаа. Кино дууриа өмнө би үзээгүй яваа. Үзэгчидтэйгээ хамт анх удаа үзэх гэж буй болохоор сэтгэл их догдолж байна. “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” дуурийг анх Дуурь бүжгийн эрдмийн театрт тавина гэж анх төлөвлөсөн байсан. Уран бүтээл төрөх явцад кино дуурь болговол олон түмэнд хүртээмж нь сайн байх болов уу гэж бодсон. Кино дуурь болгосноор оюутнуудын сургалтад ч хэрэгтэй, хөдөө орон нутагт цомгоо тавиад үзчих юм гээд олон талаас нь бодсон. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох нь нээлттэй. Залуу дуучид дуулахгүй байхын ч аргагүй. Монголын анхны кино дуурь учраас гадаад дотоодын урлаг судлаачдад ч хүрэг гэж санасан.
-Моно дуурийн сэдэв нь чухам юу билээ?
-Ирэх онд Халх голын дайны ялалтын 60 жилийн түүхт ой тохионо. Тиймээс дайнд хүүгээ үдсэн эхийн сэтгэлийн өнгийг дууны урлагаар илэрхийлье гэж би 2016 онд анх санаачлан ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав гуайд захиалга өгч цомнолыг нь бичүүлсэн юм. Тэр дайнтай өдрүүдэд хүүгээ цэрэгт мордуулна гэдэг эх хүний хувьд зүрх өвтгөсөн хэцүү зүйл байх нь тодорхой. Сүрэнжав найрагч ч үүнийг дэндүү сайхан илэрхийлсэн цомнол бичсэн. Ганц хоёрхон бадгийг дурдахад л ямархан найраг болсон нь мэдэгдэнэ. “Шээзгийтэй аргалаа үүрч явахдаа
Шаазгайтай нутгаа ширтэн суухдаа
Үр чамайгаа дандаа бодож
Дүр төрхийг нь сэтгэлдээ ургуулна.
Аргал олоод арагшаа шидэхдээ бодно
Жаргал дуудаад урагшаа алхахдаа бодно
Холцруутай хацрыг нь үнсэж зүүдэлнэ
Цэврүүтсэн гарыг нь илбэж аргадна” гэх мэт сэтгэлийн хайлал мэлтэгнэсэн ийм л бүтээл боллоо. Хөгжмийн хувьд сэтгэлд минь маш их хүрсэн. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболд аялгууг нь үнэхээр сайхан туурвисан. Сайхан бичигдсэн хөгжмийг дуулахад сайхан байдаг. Би өөрөө миццософрана хоолойтой. Эмэгтэй хүний жаахан бүдүүн өнгийн хоолой гэх юм уу даа.
-Дайнд үрээ явуулсан эх ч түмэн янзын сэтгэлийн зовлон, жаргал эдлэх байх шүү?
-Хүүгээс ирсэн янз бүрийн захидлын аясаар эхийн сэтгэл мөнгөн ус шиг бөмбөрнө. Эхлээд сайхан байна хүү бичнэ. Сүүлд нь хэсэг сураггүй болно. Хүү нь алагдчихсан юм шиг амьд, үхсэн нь мэдэгдэхгүй болно. Энэ бүхэнд эх хүн сэтгэлээ зовлонгийн жин дээр тавьж өгнө өө дөө. Төгсгөлд нь ялалтын моринд дөрөөлөөд эсэн мэнд ирж байгаа. Хүүгийн захианд ч ээжийгээ бурханчлан хайрлах аяс их. “Зуухны гэрэлд тодорсон
Галын бурхан ээж минь
Зулын гэгээнд тодорсон
Гэрэлт амь ээж минь
Зургаан тивтэй дэлхийд
Эх орон ганцхан
Зуу наслахгүй хорвоод
Ээж минь наддаа ганцхан” гээд ямар энгийн сайхан үгтэй захидлууд хүүгээс ирж байна гээч. Тиймээс энэ дуурь тоглох ч дүр ихтэй, дуулах ч зүйл ихтэй болсон.
-Таныг Монголын дуурийн урлагийн хатан хаан гэж тодорхойлох ч үе байсан. Моно дуурь дуулна гэдэг ч хоолойн их цар шаардах байх шүү?
-Хатан хаан нь ч юу байх вэ. Би урлагт дөчин таван жил боллоо. Ер нь өөрт оногдсон дүрдээ л дуулсан хүн. Нэг мянга есөн зуун далан гурван онд Төв аймгийн Соёлын ордонд дагалдан дуучин болсноос хойш урлагийн сургуульд суралцан, их урлагийн театртаа дуулсан. Энэ өнгөрч буй онд хоёр том тоглолтоо ард түмэндээ толилуулсан.
-Монголын дуурийн эрэгтэй дуучид ч дэлхийн хэмжээнд оччихлоо шүү?
-Манай эмэгтэй дуучид ч дэлхийн зиндаанд дуулж л байгаа. Манай Мөнгөнцэцэг, гавьяат жүжигчин Ө.Уянга, Наранчимэг, Даариймаа гээд хэчнээн мундаг дуучид байна гээч. Яахав конкурсэнд л явахгүй л байгаа болохоос. Конкурсэнд явснаар дуучдын чансаа дээшилнэ гэж байхгүй шүү дээ. Хэрвээ яваад дуулбал эрэгтэйчүүдээс дутахгүй мундаг дуучид байна.
-Та одоо ямар ажил эрхэлж байна?
-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид багшилж байна. Шавь нар маань түрүүчлээд Дуурийн театрт дуулж эхэлж байна. Тэр сайхан театрт өөрөө дуулж байсан бол одоо шавь нар маань сайхан дуулж эхэлж байгаа нь сайшаалтай. Сайхан дуучдыг төрүүлнэ гэсэн бодлын минь биелэл ингэж тодорч байгаад л баяртай байна даа.
-Таныг моно дуурийнхаа нээлтэд ирээд байгаа энэ үед шагнал гардууллаа. Ямар учиртай шагнал билээ?
-Би саяхан Улаанбаатар хотын дээд шагнал “Хангарьд” шагналын эзэн болсон юм. Тэр шагналыг нийслэлийн удирдах ажилтнууд авчирч гардууллаа. Урлагт өдий олон жил зүтгэхдээ Улаанбаатар хотынхоо урлаг соёлын бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн зүтгэлийг минь үнэлсэн юм болов уу даа. Саяхан Соёлын төв өргөөний 30 жилийн ой болсон. Энэ сайхан өргөөг нээгдсэн цагаас нь тайзан дээр нь дуулсан байдаг.
-Таныг “Бодлын цагаан хун” дуугаар чинь олон түмэн гүн хүндэтгэлтэй мэхийн ханддаг. Ойрд ийм сайхан бүтээл төрүүлэх нь үү?
-Ийм сайхан бүтээл төрнө л гэж боддог. Юм гэдэг чинь дуусна гэж байдаггүй мөнхийн баян ундаргатай зүйл. Хүний оюун ухаан, бурхнаас заяасан авьяас билэг хэзээ ч дундрахгүй. Биднийг ид дуулж байх үед мэргэжлийн дуу их давамгайлж байлаа. Одоо ард түмэнд зориулсан дуу түлхүү дуулагдаж байна. Цаг цагаараа л байх юм. Ямар ч төрлөөр туурвисан уран бүтээл шигшигдээд л үлдэнэ.