Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

А.Дэлгэрмаа: Уран гулгалтад хүний боломжийн хязгаарыг сорьсон маш олон нууц бий

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн япон хэлний багш, уран гулгалтын спортын тайлбарлагч А.Дэлгэрмаатай ярилцлаа.


-Уран гулгалтын спортыг багаасаа сонирхож үзсээр тайлбарлах болсон гэсэн. Уран гулгалтад яагаад татагдах болов?

-Уран гулгалт гэдэг урлаг, спорт хоёрын зааг дээр оршдог. Тиймээс өөрийн эрхгүй сонирхол татдаг. Гоо зүйн мэдрэмжтэй олон охид залуусын сонирхлыг татдаг гэж боддог. Нэг талаасаа цэвэр спорт, нөгөө талаасаа урлаг, спорт зэрэгцэж оршдог. Ийм спортын төрөл маш ховор. Спортын гимнастик, уран сайхны гимнастикийг бас нэрлэж болно. Өвлийн спорт дотроо хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн тансаг спортын төрөл болохоор өөрийн эрхгүй татагдсан. Би зургаан настайгаасаа эхэлж үзсэн. Нарийн судалж эхэлсэн нь 2010 оноос хойш. Миний бага нас социализмын үед өнгөрсөн. ЗХУ-ын уран гулгалтын талаарх мэдээлэл мэр сэр орж ирдэг байлаа. Аав минь Засгийн газрын ордонд ажилладаг байсан болохоор тухайн үеийн сэхээтнүүд Спутник, Огонёк сэтгүүлүүдийг байнга захиалан уншина. Тэдгээр сэтгүүлийн спортын нүүрт нь уран гулгалтын талаар дэлгэрэнгүй нийтлэлүүд их гарна. Тухайн үед ЗХУ-ын уран гулгалтын тамирчид дэлхийд ноёлдог байсан шүү дээ. Яаж ялалтад хүрэв, хэрхэн амжилт гаргав гээд. Мөн телевизүүдээр ч цуврал нэвтрүүлгүүд их гарна. Энэ бүхэн сурагч, бага насны хүүхдэд үнэхээр биширмээр гайхалтай санагдсан байх. Тэр бүхэн үнэхээр сонирхолтой, үг үсэг гээхгүй уншина. Үзсэн, сонссон, уншсан болгоноо тогтооно. Өөрөө ч гүйцэтгэл хийж үзэх юмсан, уран гулгалтаар хичээллэх юмсан, өөрөө өөрийнхөө боломжийн хязгаарыг сорьж үзэх юмсан гэж боддог байлаа. Харамсалтай нь манай оронд тухайн спорт хөгжөөгүй учраас тэр бодлоо орхиход хүрсэн л дээ.

-Тэгээд та балетаар хичээллэж эхэлсэн юм уу?

-Би өөрийнхөө бүтээлч авьяасыг хөгжүүлэхийг хичээж ирсэн. Би багадаа зурна, гар урлал сонирхон, юм юм сонирхдог хүүхэд байлаа. Аль алийг нь ч мэргэжил болгож чадаагүй ч хобби маягаар хөгжүүлсэн нь одоо надад маш их хэрэг болж байна. Аав минь цэргийн хүн ч гэсэн маш гоё зурна.

Усан будгаар зөвхөн хүний хөрөг зураг зурдаг. Ээж минь их уран. Сурагч байхдаа “Монгол Улсын уран гартан” болж байсан. Оёдол, нэхмэл, хатгамал гээд бүхнийг хийнэ. Зөвхөн эрдэмтэн, судлаач, багш хүн биш бас сайхан дуулдаг, шүлэг бичдэг. Тийм бүтээлч орчинд өссөн болохоор уран сайхны гүйцэтгэлтэй зүйлд их татагддаг байсан болов уу гэж боддог.

-Таны хувьд хамгийн сонирхол татсан тэмцээн юу байв?

-2002 оны Солт-Лэйкийн олимп их дуулиантай болж байсан. Уран гулгалтын үнэлгээний систем хоцрогдсон гэдэг асуудал их хурцаар тавигдаж, хоёр алтан медаль гардуулах шаардлага бий болсон. Уран гулгалтын түүхэнд гарч байгаагүй асуудал үүсч, яаралтай 2-3 хоногийн дотор хос алтан медаль цутгаад Канадын хосод гардуулж байлаа. Энэ бүхэн уран гулгалтын ертөнцөд их хүчтэй нөлөөлж, 2003 оны олимпийн дараахь циклээс эхлээд шинэ үнэлгээний систем нэвтрүүлж эхэлсэн. Би өөрөө ч гэсэн уран гулгалт ойлгох хэмжээнд хүрчихсэн учраас цаг үеэ дагаад тэрхүү системийн өөрчлөлтийг сонирхож судалсан. Гэхдээ бүр гүнзгий судлах сэдэл болоогүй. 2010 оноос эхлээд өөрөө сонирхогчийн балетаар хичээллээд нэлээд хэдэн жил болсон байлаа. Найман жил хичээллэчихээр биеийн гүйцэтгэлийн нарийн ширийнийг ялгадаг боллоо. Хажуугаар нь эрдмийн ажлаа хийж, хамгаалах гээд Япон улсын Цукубагийн их сургуульд сурч байх цаг үед таарсан юм. Одоо эргээд бодоход судлах, анализ хийх чадвар минь хөгжсөн юм болов уу гэж бодогддог. 2010 оноос эхлээд илүү сайн ойлгож эхэлсэн болохоор сонирхогчийнхоо байр сууринаас гүнзгий орж эхэлсэн. Тэгээд тамирчдын гүйцэтгэлд өөрөө илүү анализ хийхийг хичээж, оролдох болсон. Тэмцээн болгоны дараа шүүгчдийн протоколууд хэвлэгдэн гардаг. Түүн дээр анализ хийхийг оролдох болж, дүрмээ судалж эхэлсэн. Өөрийн хэмжээнд сурсан гурван гадаад хэлтэй болохоор хүндрэл бэрхшээл байгаагүй.

-Тайлбар хийхээр зорьж, судалж эхэлсэн хэрэг үү?

-Эхлээд тайлбар хийнэ гэж зориогүй. Гадаад хэлээ мартахгүй давхар дасгал хийх гэж судалсан. Тухайлбал, би япон хэлний багш, япон хэл дээр эрдмийн ажлуудаа хийгээд эхлэхээр орос, англи хэлийг бага хэрэглэнэ. Хэл өөрөө амьд хэрэглээ учраас мартагдах гээд байдаг. Багаасаа сурсан эрдмээ гээх сонирхол байгаагүй. Тиймээс амралт маягаар өдрийн цайны цагаараа орос хэлээр уран гулгалтын мэдээлэл үздэг, японоор мэдээ харна, англи хэлээр өөр мэдээлэл байна уу гэж хайна. Өөртөө таашаал авахын сацуу хэлнийхээ мэдлэгийг тухайн түвшинд нь барих оролдлого юм. Өдөр болгон уран гулгалтын мэдээг 1-2 цаг үзээд, уншаад цаг үетэйгээ хамт яваад байсан болохоор мэдлэг маань их гүнзгийрсэн байх.

-Тэгээд 2018 оны Пёнчаны олимпийг тайлбарлахаар шийдсэн юм уу?

-Тэр олимпийг Монголдоо гаргах эрхийг авчихаад их гоё, чанартай дүрстэй хэрнээ бараг тайлбаргүй шахуу дамжуулж байсан нь харамсалтай санагдсан. Шууд дамжуулна гэдэг амаргүй асуудал. Учир нь маш өндөр үнэ төлж авч байгаа. Ингээд тухайн үед Пёнчаны олимпийг шууд дамжуулж байсан ТВ5 телевиз рүү утасдаад би өөрөө санал тавьсан. Гэхдээ би тайлбарлая гэж хэлээгүй. Танай тайлбарлагчид үндсэн элементийг заагаад өгөх үү гэж хэлсэн. Яагаад гэвэл тайлбарлагч нь зөвхөн зарлах үед л гарч ирээд, үзүүлбэр, гүйцэтгэлийн тухай бараг тайлбарлахгүй байсан. Тиймээс дэм болох зорилготой. Түүнээс шүүмжлэх зорилго хэзээ ч байгаагүй. Одоо ч байхгүй. Гэтэл утас авсан хүн “Та өөрөө ирээд тайлбарлаж чадах уу” гэсэн. Би өөрөө багш хүн болохоор нээлттэй лекцүүд хөтөлдөг. Синхрон орчуулга хийдэг. Миний судалгааны сэдэв “Орчуулгын онол”. Өндөр түвшний синхрон орчуулга төрийн айлчлалаас эхлээд, эрдэм шинжилгээний хурал хүртэл орчуулж байсан болохоор эфирт суугаад ярихад айдас байгаагүй.

-Танд өөрт чинь ямар сэтгэгдэл төрж байв?

-Надад бол үнэхээр гайхалтай итгэмээргүй ч юм шиг санагдсан. Тэр чинь миний хувьд баяр ёслол шүү дээ. Өөрийнхөө мэдлэгийг олон нийтэд хуваалцаж, мэдэхгүй хэрнээ мэдэхийг хүсч байгаа олон хүнд хүргэнэ гэдэг үнэхээр сайхан. Ер нь мэдлэгийг хүн хуваалцаж байж өөрөө хөгжинө гэж үздэг. Тиймээс уран гулгалт гэдэг спортын гайхамшиг нь юундаа байдгийг, зүгээр хараад суух нь миний хувьд чухал биш. Уран гулгалтад хүний боломжийн хязгаарыг сорьсон маш олон нууц бий. Тэр нууцыг мэдээсэй гэж хүссэн.

-Та зургаан наснаасаа эхэлж уран гулгалтын спортыг сонирхон үзжээ. Өдийг хүртэлх хугацаанд таны сэтгэлд үлдсэн хамгийн дурсамжтай тэмцээн юу байв?

-Тамирчин гэвэл эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд цагийг эзэлж байсан Алексей Ягудин. Алексей Ягудины тогтвортой ялалтууд үнэхээр бишрүүлсэн. Евгений Плющенкотой зуузай холбон өрсөлддөг. Хоёулаа нэг багштай. Алексей Мишиний шавь байсан ба багш нь арай залуу тамирчнаа сонгосон. Хоорондоо хоёр насны зөрүүтэй. Уран гулгалт дээр хоёр насны зөрүү том ялгаа. Евгений Плющенко техник сайтай. Алексей Ягудин үзүүлэх, уран сайхан талдаа илүү чадвартай. Хоёр аваргын чансаатай тамирчид нэг багшийн удирдлага дор байхаар мэдээж зөрчил үүснэ. Тэгээд Алексей Ягудин Татьяна Тарасовагийн удирдлага руу шилжсэн. Тэр цагаас хойш үнэхээр “алалцаж” эхэлсэн. Тухайн үед уран гулгалтын ертөнц хоёр хуваагдах болсон. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ямар ч тэмцээн болсон Алексей Ягудин, Евгений Плющенко хоёр алт, мөнгө авах нь тодорхой. Бусад орны тамирчид хүрэл медалийн төлөө өрсөлддөг байлаа. Татьяна Тарасова агуу дасгалжуулагч. Алексей Мишинээс Ягудиныг ирэхэд бүх стиль имиджийг өөрчилж чадсан. Алексей Мишин ч агуу дасгалжуулагч. Техник талдаа их сайн. Гэхдээ тэдний багийн тавьж байгаа үзүүлбэрүүд бусад багийнхантай харьцуулахад уран сайхны тавилт нь хуучинсаг гэж хэлж болно. Шинэлэг биш техник дээр илүү суурилсан. Тэших, уран сайхны тал дээр акцент төдийлөн өгдөггүй ч төгс техниктэй. Гэхдээ уран сайхны гүйцэтгэлийг Тарасова илүү хөгжүүлж чадсан. Улирал бүр давтагдашгүй шинэ үзүүлбэр тавина. Бүх үзүүлбэр нь шинэчлэгдсэн. Ягудины уран сайхны талын авьяасыг маш сайн хөгжүүлсэн. Гурван улирал дараалж том тэмцээнд ялсан.

Гэвч олимпийн өмнөх улиралд хожигдож эхэлсэн. Бэртлүүд нөлөөлөх болсон. Дандаа хоёрдугаар байрт явж байгаад хамгийн сүүлийн Сайн санааны тоглолт (тухайн үеийн Good Will Games гэдэг тэмцээн) дээр бүр гуравдугаар байрт орсон. Бид ч Плющенкогийн эрин үе эхлэх нь үү дээ гэж бодож байтал нэг зуны туршид чимээгүйхэн бэлтгэлээ хангаж байгаад олимпийн улирал эхлэхэд тэс өөр болоод орж ирсэн. Эрэгтэй уран гулгалтын түүхэнд үлдэх шинэ хүн болж, шинээр ялж эхэлсэн. Мартагдашгүй ул мөр ой санаанд үлдээж байсан. Гурван улирал давамгайлаад, нэг улирал хожигдож, олимпийн улирал дахин давамгайлсаар байгаад хамгийн сүүлд олимпийн дараахь ДАШТ-д дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болоод дуусгаж байсан. Дараагийн улиралд нь үлдэх сонирхолтой байсан боловч бэртэл нь сэдрээд гулгаж болохоо байгаад их спортоосоо зодог тайлж, мэргэжлийн уран гулгалтын шоу, тэмцээн рүү шилжсэн. Хамгийн их ой тойнд үлдсэн зүйл нь бусад уран гулгагчид хэвлэлийн бага хурал дээр хэлээд л зодог тайлаад өнгөрдөг. Гэтэл Алексей Ягудин 2003-2004 оны улирлын эхний гараа болох Скейт Канада гэдэг Гран-при цуврал тэмцээнд богино үзүүлбэр үзүүлсний дараа түнхний бэртэл нь сэдэрч, хөл нь мэдээгүй болсон тул дасгалжуулагчтайгаа ярилцаад шийдсэн юм билээ. Ер нь хязгаар нь тулж байна гээд зодог тайлахаар болсон. Дараа нь уран гулгалтын ертөнц тэр чигтээ хөдөлж үдэх тоглолтыг хийсэн. Мемориал гэдэг нэртэй үзүүлбэр яаралтай бэлдээд үзэгчдийн өмнө баярласнаа илэрхийлээд дараагийн амьдралын шинэ үеэ эхлүүлж байгаагаа зарлаад, стадион дүүрэн хүн нулимстай их спортоос нь үдэж байлаа. Түүний оролцож байсан бүх тэмцээн, үзүүлбэрүүдийн дүрс эвлүүлгийг тухайн үед маш гоё хийгээд стадионд том дэлгэцээр цацсан. Одоо хүртэл түүнийг дурсахаар нүднээс нулимс гардаг. Үнэхээр гоё, нэр төртэй явах үедээ явж чадсан.

-Эрэгтэй, эмэгтэй хүний бие физиологийн онцлог энэ спортод их нөлөөлж байх шиг. Эмэгтэйчүүд нь 15-16 насандаа цойлж байхад эрэгтэйчүүд нь 20 нас гарсан хойноо цойлдог нь биеийн онцлогоос болдог уу?

-Ерөнхийдөө 20-25 нас хүртэл эрэгтэй уран гулгагчийн оргил үе. Хамгийн сайн боловсорсон эрч хүчтэй үе нь. Ганцхан техник биш, уран сайхныхаа гүйцэтгэлийг их сайн ойлгодог болчихдог. 20 нас хүртэл техник сайн байсан ч уран сайхны гүйцэтгэлээ багш нарынхаа яаж зааснаар явах тохиолдол олон. 20 нас хүрээд ирэхээр насанд хүрч амьдралын эрээн барааныг ойлгодог болно. Ялангуяа спортод сэтгэл зүйн нас нь биологийн наснаасаа өндөр байдаг. Багаасаа их хэрсүүжиж байгаа шүү дээ. Тийм болохоор уран сайхны гүйцэтгэлээ илүү ухамсарлаж хийх нь илэрхийлэл гүнзгий болоход шууд нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн хувьд хэзээ нэгэн цагт эх хүн болно. Байгалиас тийм заяатай. Их ачаалал өгөөд эхлэхээр бие нь өөрөө өөрийгөө хамгаалах ажиллагаа явагдаж эхэлдэг. Тухайн хүнд удирдагдахгүй эсэргүүцэж эхэлдэг. Тэгээд магадгүй бэртэл үүсч болно. Тиймээс техникийн хүнд гүйцэтгэл хийе гэвэл бүсгүй биедээ шилжээгүй байгаа 15-16 нас оргил үе нь болчихоод байгаа. Одоо бол Ultra-C төрлийн элементүүдийг эзэмшихийн тулд шилжилтийн нас эхлээгүй байхад хийхэд эвтэйхэн байна гэдэг шийдэлд хүрчихээд байгаа. Гэхдээ миний бодлоор энэ чиг хандлага гарцаагүй өөрчлөгдөнө. Тиймээс Олон улсын тэшүүрийн холбоо дараагийн олимпийн циклээс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн насанд хүрэгчдийн ангилалд орох насны доод хязгаарыг 17 нас болгох санал оруулсан.

-Уран гулгалтын спорт хөгжлийн туйлдаа хүрчихсэн гээд байгаа. Цаашид нэмэгдэж гарч ирэх техник, гүйцэтгэл үлдсэн болов уу?

-Туйлдаа хүрсэн гэж зарим аналитик экспертүүд ярьж л байгаа. Ер нь хүрэх дөхөж байгаа гэж хэлж болно. Хуучин квад үсрэлт (дөрөв эргэлттэй үсрэлт)-үүд бага байхад чөлөөт үзүүлбэрт хоёр л квад үсэрдэг байсан. Богино үзүүлбэрт нэг квад, нэг каскад үсрэлт, нэг гурав эргэлттэй аксель үсрэлт хийдэг. Тэр нь тухайн үедээ бас л хязгаар нь байсан. Сүүлдээ Канадын уран гулгагч Кевин Рейнольдс гэдэг уран гулгагч залуу 2013 оны Дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа богино үзүүлбэрт хоёр квад үсрэлт үсэрч чөлөөт үзүүлбэртээ гурван квад үсрэлт оруулж сайн гүйцэтгэснээр тухайн тэмцээнд гарцаагүй ялна гэгдэж байсан Ханью Юзуруг ялж шуугиан дэгдээсэн. Түүнээс хойш Ханью Юзуру ч гэсэн чөлөөт үзүүлбэрээ хүндрүүлж эхэлсэн.Энэ утгаараа хоёулаа шинэчлэгч. Түүнээс хойш Нейтан Чен насанд хүрэгчдийн ангилалд орж ирэнгүүтээ чөлөөт үзүүлбэртээ 4-5 квад үсрэлт оруулах хүртэл хүндрэлийн түвшинг дээшлүүлж явсан. Зургааг хүртэл оролдож байсан.

-Яагаад хөгжил яриад байна гэхээр аливаа спорт хөгжлийн туйлдаа хүрээд ирэхээр төр, шашин гээд гадны нөлөөлөл ороод байна уу даа гэж харагддаг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Уран гулгалтад шашин хүчтэй нөлөөлж байхыг харж байгаагүй юм байна. Уран гулгалт харьцангуй бүх зүйлийг хүлээн зөвшөөрдөг, ур чадвар дээр тогтдог спорт учраас. Зөндөө хүмүүс байдаг. Өөр бэлгийн чиг хандлагатай. Тэднийг ерөөсөө ад үздэггүй. Тамирчин гэдэг утгаар нь хүлээж авдаг. Тэр хүнд ямар чадвар байна гэдгээр хүлээж авдаг. Түүнээс цаад асуудал, бэлгийн чиг баримжаа ямар ч хамаагүй. Түүгээрээ ардчилсан сайхан спорт гэж үздэг.

-Монголд энэ спорт хөгжих боломж хэр байна вэ?

-Пёнчаны олимпоос хойш Мөсөн өргөөтэй болчихож байгаа юм чинь энэ боломж руугаа хурдацтай ойртож байна гэж харж байгаа.

-Сүүлийн үед ази гаралтай тамирчид хүч түрэн гарч ирэх боллоо. Энэ юутай холбоотой вэ?

-Ази хүний биеийн өгөгдөл уран гулгалтад тохиромжтой гэдгийг уран гулгалтын ертөнц хүлээн зөвшөөрсөн. Харьцангуй хөнгөн ястай. Европ хүн шиг өндөр том биетэй биш. Европ хүмүүс өндөр чацтай. Харагдах байдал нь гоё боловч өндөр хүний яс хүнд. Ultra-C элементийг хийх ачаалал их. Бэртэх магадлал өндөр. Ази хүн уян хатан, хөнгөн ястай, арай шавилхан биетэй. Шавилхан болохоор илүү хурд сайтай. Байгалиас заяасан өгөгдөл нь энэ спортод илүү тохироод байгаа. Хүндрэлийн түвшин нэмэгдэх тусам ази гаралтай тамирчид илүү сайн гүйцэтгэж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд одоогийн бүх лидерүүд ази гаралтай тамирчид байгаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ч гэсэн солонгос охид түрж гарч ирж байна. Япон охид угаасаа хүчтэй байдаг. Сүүлийн жилүүдэд Этери Тутберидзегийн баг орос охидыг гаргаж ирж байгаа. Гэхдээ анхааралтай ажихаар лидерүүд нь цэвэр орос биш.

-Хэдэн наснаас уран гулгалтаар хичээллэвэл хамгийн тохиромжтой вэ?

-2-3 наснаас хичээллэвэл хамгийн сайн. 4-5 нас ч байж болно. 6-7 болоод ирэхээр оройтчихдог.

-Уран гулгалт тайлбарлахыг хүссэн, зорьсон хүмүүс юу үзэж судалж, мэргэжлийн мэдлэгтэй болох вэ?

-Сурах бичгүүд байдаг л даа. Гэхдээ монгол хэл дээр олдохгүй байх. Япон, орос, англи дээр бол олдоно. Гэхдээ цахим ертөнц хөгжсөн өнөө үед хаанаас л бол хаанаас мэдээлэл авах бүрэн боломжтой.

-Та монгол хэл дээр гарын авлага, сурах бичиг гаргах уу?

-Болохгүй зүйл байхгүй л дээ. Одоогоор би “Шүүхийн орчуулга” гээд хуулийн үг хэллэгтэй мэргэжлийн сурах бичиг бичээд дуусч байгаа. Ном зүй, оршил гээд механик ажлууд үлдсэн. Цаг зав болж өгөхгүй байна. Ном бичиж болно оо. Цаг хугацааны асуудал гэж бодож байна. Систем, техник, гүйцэтгэл, дүрэм сонирхдог хүн цөөхөн байдаг юм билээ. Ихэнх нь таашаал авах гэж үздэг. Би ч гэсэн тийм байсан. Эхний 10-20 жил. Үнэлгээний систем нь Олимпийн цикль болгонд жаахан, жаахан өөрчлөгддөг. Олон улсын тэшүүрийн холбоо уран гулгалтынхаа төрөл бүрээр мэргэжлийн чиг хандлагаа харж байгаад яавал оновчтой байх вэ гэдэг шийдвэрээ гаргаад онооны үнэлгээнд өөрчлөлтүүд оруулдаг. Тэгэхээр гарын авлага гаргавал тухайн үеийнхээ үнэлгээний журмаар л гаргана гэсэн үг. Тэр гарын авлага гарснаас хойш дөрвөн жилийн дараа дахиад өөрчлөгдөх магадлал маш өндөр.

-Тайлбар хийхээр сайн муу их л сэтгэгдэл ирдэг байх. Тэдгээр сэтгэгдлийг та яаж хүлээж авч байв?

-Намайг дэмжсэн хүмүүс олон байгаа. Түүнд маш их баярлаж урам зориг орсон. Миний тайлбар олон хүнд хүрсэнд үнэхээр их баярлаж байна. Энэхүү спортыг эх орондоо хөгжүүлэхэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулахыг хүсдэг. Мөн нөгөө талдаа сөргүүлсэн коммент их ирж байна. Үүнд хандаж би нэг л асуултад хариулт өгмөөр байна. Гадаадын улс орнуудад өөрөө уран гулгалтаар хичээллэж байсан хүн энэ спортыг тайлбарладаг. Бурхангүй газрын бумба галзуурах нь шив дээ гэсэн өнгө аястай сэтгэгдэл ч байсан. Уран гулгалт тайлбарладаг хүн бүр уран гулгагч байдаггүй. Олон улсын жишиг энэ. Уран гулгалтыг шүүж байгаа хүмүүс ч заавал уран гулгагч байдаггүй. Тийм дүрэм журам байхгүй. Харин ч шүүгчдийн панельд сууж байгаа есөн шүүгчээс уран гулгагч биш хүн олон байдаг. Гэхдээ тэд бүгд уран гулгалттай холбоотой хүмүүс. Багадаа гулгадаг байсан, эсвэл бүжиглэдэг. Техникийн гүйцэтгэлийг тодорхой хэмжээгээр биеэрээ мэдэрч чаддаг. Онолын ойлголттой, шүүлтийн системээ нэвтэрхий мэддэг. Бодитой, дунджийг сахисан хандлагатай хүмүүс байдаг. Хэн нэгний талд хэзээ ч ордоггүй. Тайлбарлагч хүн ч мөн ялгаагүй тийм байх ёстой. Дээр нь заавал анализ хийж чаддаг байх ёстой. Уран гулгагчдыг хооронд нь харьцуулж байна гэсэн хүн ч байсан. Гүтгэх, доромжлох шинжтэй сэтгэл зүйн дайралтууд ч ирсэн. Анализ хийхэд харьцуулан жиших гэдэг ойлголт хаа ч байдаг. Энэ зүйлгүйгээр уран гулгалтын тайлбарыг хийх боломжгүй. Ер нь ямар ч спортын тайлбарт харьцуулан жишихгүйгээр тайлбар явахгүй. Манай улсад хараахан уран гулгалтын тухай ерөнхий ойлголтууд түгээгүй байгаа болохоор энэ тухай дурдах хэрэгтэй болов уу гэж бодлоо.

Уран гулгалтыг үзэж сонирхдог хүмүүс болон тэмцээнүүдийн шууд дамжуулалтад хүчин зүтгэж байгаа Монгол Улсын телевизийн холбоо тэргүүтэй телевизүүд, дэмжлэг үзүүлж буй ивээн тэтгэгч байгууллагуудад талархлаа илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *