Categories
мэдээ цаг-үе

А.Даваасүрэн: Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр 2013 оноос Япон, Монголын стратегийн түншлэлийн гэрээнд орж ирсэн

Сүүлийн үед Энэтхэгийн нэг тэрбум долларын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яригдаж байна. Тус үйлдвэрийн шавыг тавьж, дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжсэн тухай албаны хүмүүс мэдээлсэн. Харин үүнтэй зэрэгцээд Японы талтай 2014 онд гэрээ байгуулснаар Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал сөхөгдөх болсон. Тус үйлдвэрийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, түүхий эд, газар шийдэгдсэн гэнэ. Манай сонин өмнөх дугаарууддаа хоёр талын байр суурийг олон нийтэд хүргэсэн билээ. Энэ удаа ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Даваасүрэнгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр эдийн засгийн макро түвшинд судалгаа хийдэг аж.


-Манай стратегийн бүтээгдэхүүн болсон нефтийн салбар ямар түвшинд байна?

-Стратегийн хамгийн чухал салбар болсон нефтийн бүтээгдэхүүний 99 хувийг бид гаднаас авч байгаа. Энэ салбар нь Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой нягт холбоотой.

-Яагаад энэ чухал асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрэв?

-Энд манай нефть импортлогч компаниудын бизнесийн сонирхол нөлөөлдөг байж магадгүй. Нөгөө талаар хөршүүдэд маань манай биеэ даасан бодлого таалагдахгүй учраас зориуд геополитикийн бодлого хэрэгжүүлж байж болох талтай.

-Монголыг түүхий нефть үйлдвэрлэгч орон гэдэг. Яагаад бид боловсруулах үйлдвэрийн талаар олон жил дуугүй суув?

-Дотооддоо нефть олборлоод, гаднаас нефтийн боловсруулсан бүтээгдэхүүнийг 100 хувь авч байгаа нь бидний л арчаагүйнх. Энэ бүхний бурууг бусдаас хайх шаардлагагүй. Одоогийн байдлаар 400 гаруй сая тонн нефтийн нөөц тогтоогдчихсон. Түүнийгээ ашиглах талаар ажиллахын оронд түүхийгээр гадагшаа гаргачихаад, бэлэн бүтээгдэхүүнийг гаднаас зах зээлийн үнээр авч байна. Зах зээлийн үнэ нь манай эдийн засгийг тэр тусмаа өргөн хэрэглээний үнийг шийддэг болсон. Нефтийн бүтээгдэхүүний хувьд зүгээр л бэлэнчлэх сэтгэлгээнээс болж бид эдийн засгаа жолоодох боломжгүй болсон. Энэ нь ард түмний амьжиргааг савлуулаад удаж байна.

-Яаж энэ бүхнийг засах вэ?

-Нэг их том онол, олон улсын математик бодоод байх шаардлага байхгүй. Монголдоо нефть боловсруулах үйлдвэр барьчихад л энэ асуудал шийдэгдэнэ.

-Өнөөгийн байдлаар Дорноговийн Алтанширээд барих төрийн, Дарханд Японтой хамтран барих газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн тухай яригдаж байна. Энэ тухай мэдээлэл байна уу танд?

-Судлаачийн хувьд энэ талаар маш их сонирхдог. Учир нь манай нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал салбар. Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал яагаад удааширсныг би дээр хэлсэн. Энэ бүхнийг улстөрчид зохион байгуулдаг.

-Дарханы нефть боловсруулах үйлдвэрийн тухайд…

-Энэ үйлдвэрийн асуудал 2008 онд Монгол Улсын нийгэм эдийн засгийн үндэслэлд тусгагдсан. Түүнээс хойш 2016 он хүртэл жил бүрийн үндсэн чиглэлд тусгасаар ирсэн. Дарханы үйлдвэр 2013 оноос Япон, Монголын Засгийн газар хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд орж ирсэн. Түүндээ 2013-2017 онд хэрэгжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл Японы талтай нефть боловсруулах үйлдвэрийг стратегийн гэрээний хүрээнд хэрэгжүүлнэ гэж тохирсон байдаг.

-Мэргэжлийн хүний хувьд стратегийн гэрээний хүрээнд хийсэн нефть боловсруулах үйлдвэр байгуулах заалт хэрэгжих боломжтой гэж үзэж байна уу?

-Би нефтийн мэргэжилтэн биш. Гэхдээ эдийн засгийн судалгаагаар үүнийг тогтоож болно.

-Яаж?

-Аливаа томоохон хөрөнгө оруулалтыг татах шалгуурууд байдаг. Эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх. Хоёрдугаарт, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг. Дараа нь үйлдвэрийн байрлал. Өөрөөр хэлбэл үйлдвэр хэрэглэгчийн дэргэд байрлах уу, түүхий эдийн дэргэд байрлах уу гэдэг асуудал чухал. Мөн үйлдвэрийн ирээдүйн үнэлгээ. Оруулсан өртгөө нөхчихлөө. Цаашдаа хэдэн жилийн хэр хэмжээний найдвартай зах зээлтэйг тодорхойлдог. Энэ бүхнээс гадна тасралтгүй үйлдвэрлэлийг явуулах нөөцийн хангамж. Мэдээж дэд бүтцийн асуудал чухал. Ус, цахилгаан, зам тээвэр гэх мэт. Үйлдвэр баригдсанаар хэдэн ажлын байр бий болох, хэдэн хүний, ямар хэмжээний нутаг дэвсгэрийн хэрэгцээг хангах асуудал яригдана. Боловсон хүчний асуудал гээд шалгууруудыг хангаж байж л үйлдвэр баригдах тухай асуудал яригдана.

-Түүхий нефтийн нөөцийн асуудал…

-Манай түүхий нефтийн тогтоогдсон нөөц 400 сая тонн. Технологиороо бид арван хувийг л ашиглаж чадвал дээдийн заяа. Олон улсын стандарт ч ийм байдаг. Дээр нь энэ нөөц маань дэндүү алслагдмал нөөцөд тооцогдоно. Манай зүүн хязгаарт байрлалтай.

-Төрийн нефтийн үйлдвэр 600 шахам км-ээс түүхий эдээ татах тооцоо хийж байгаа тухай мэдээлэл өгсөн?

-Энэ өөрөө асуудал. Түүхий эдээ төмөр зам эсвэл хоолойгоор татна. Энэ нь бүтээн байгуулалтын нийт зардлыг асар ихээр нэмэгдүүлнэ. Бүтээгдэхүүний үнийг өсгөнө. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Энэ нь сөрөг үзүүлэлт.

-Тэгээд төрийн болон Дарханы хувийн үйлдвэрийн аль нь эерэг үзүүлэлтийг хангаж байгаа вэ?

-Дарханд барих Японтой байгуулсан гэрээний хүрээнд баригдах үйлдвэр эерэг үзүүлэлтүүдийг хангаж байгаа юм.

-Хэрэгжих баталгаа нь…

-Анх 1.2 тэрбум доллараар баригдах байсан. Өнөөдөр 1.5 тэрбумд хүрсэн. Япон “Чоёдо” гэдэг компани гүйцэтгэх гэрээтэй юм билээ. Хугацаандаа хэрэгжсэн бол 300 сая доллар хэмнэх байсан. Хөрөнгө шийдэгдсэн.

-Та яагаад энэ тухай сайн мэдэж байна?

-Энэ талын мэдээллийг би судалгааныхаа шугамаар олж авдаг. Зөвхөн энэ үйлдвэрийн тухай биш. Бусад олон үйлдвэрийг судалдаг.

-Дарханы үйлдвэрийн түүхий эдийн баталгаа юу вэ?

-“Марубени” компанитай хийсэн Монголд жилд хоёр сая тн түүхий нефть нийлүүлэх гэрээ.

-Алтанширээгийн үйлдвэрийн хувьд…

-Энд би хувийн байр сууриа илэрхийлж байна. Энэ асуудалд олон судлаач, эрдэмтэд эсрэг байр суурь илэрхийлэх байх.

-Яагаад?

-Алтанширээд барих үйлдвэр хөрөнгө оруулалтын шалгууруудыг хангаж чадахгүй байна. Тамсагийн тосыг хоолойгоор татна гэдэг бол асар өндөр зардал. Газар бүр нефть цаг уур, геологийн байршил зэргээс хамаарч өөр бүтэцтэй байдаг. Манай Тамсагийн нефть нэлээд гүнээс гардаг. Бас өтгөн тосондоо хамрагддаг.

-Энэ нь сайн уу, муу юу?

-Муу гэсэн үг. Тээвэрлэлтийн хэцүү нөхцөлтэй. Тээвэрлэхэд шингэрүүлэлт хийнэ. Тэр хэрээр химийн бодис ихээр хэрэглэнэ. Хүйтний улиралд халаалт хэрэгтэй болно. Км тутамд шахуурга, халаагуур шаардана. Энэ бүхнийг дагуулаад цахилгаан шугам, аюулгүй байдлын байгууламж гээд асар их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Хоолойны хувьд нэг биш, хос хоолой татна. Ингээд тооцохоор нэг тэрбумаар үйлдвэр бариад дөрвөн тэрбумын дэд бүтэц барих шаардлагатай болж мэднэ.

-Хор уршиг нь?

-Бүтээгдэхүүний үнэ өснө. Бараг гадаадаас авсан нь хямд болно. Харин бид өрийг маргахгүйгээр төлнө. Дотоодын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлээс 4-5 дахин өсөхөөр бид яах болж байна.

-Төрийн болон хувийн үйлдвэрүүдийн нэгж бүтээгдэхүүний үнийн тооцоо гарсан уу?

-Дарханы үйлдвэрийн тооцоогоор өнөөгийн 2000 төгрөгийн шатахуун 1200 болж буурах боломжтой. Төрийн үйлдвэрийнхийг хийх боломжгүй. Хаана, юу, ямар өртгөөр баригдах нь тодорхойгүй учраас тэр.

-Нефтийн үйлдвэр байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу?

-Яаж харахаас шалтгаална. Нефтийн үйлдвэр үндсэн бүтээгдэхүүн болох дизель, бензин, онгоцны түлш, мазут үйлдвэрлэнэ. Нефть химийн бол үлдэгдэл хаягдлыг боловсруулна. Үүнд бидний зажилдаг бохь багтана. Японы “Чоёдо” компанийн технологи хамгийн сайн технологи.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *