Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

А.Даваадорж: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна


Монгол Улсад жил бүр 300 гаруй мянган тонн ган шаардлагатай байдаг аж. Барилгын салбарт өргөн хэрэглэгддэг арматур төмөр гэхэд 150-200 мянган тонны хэрэгцээ үүсч, хоёр хөршөөс импортолж байна. Энэ бүхнийг оруулж тооцсоноор төмрийн худалдаанд жил бүр 300 орчим сая ам.долларыг гадагш нь урсгаж байгаа аж. Тэгвэл дотооддоо гангийн үйлдвэр барих боломжийн талаарҮүр тээлкомпанийн захирал А.Даваадоржтой ярилцлаа.


Манай улс олон жил гангийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, төлөвлөж ирсэн. Гэвч бодит биеллээ олохгүй байна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах нь хэр төвөгтэй үйл явц вэ?

-Гангийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Үүний тулд эхлээд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. нэгдүгээрт, төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу, жоншоо ашиглаад анхдагч ширэм гаргах ёстой.

Гаргасан ширмээ ган бэлдэц болгоно. Энэ гангаар бүр төрлийн төмөр хийх бололцоотой. Хоёрдугаарт, “Таван толгой”-оос гарч байгаа коксжих нүүрсийг шууд ширэм боловсруулахад хэрэглэхэд тохиромжгүй. Буталж боловсруулаад барьцалдуулагч бодистой хольж, хүчилтөрөгчгүй орчинд шатаана. Ингээд саарал өнгөтэй жинхэнэ кокс гарна. Үүний тулд коксын үйлдвэр байгуулах шаардлагатай болж байна. Коксын үйлдвэр байгуулснаараа төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь том алхмаа хийчихлээ гэсэн үг. Дээрээс нь шохойн чулуу, жонш хэрэгтэй. Энэ дөрөв нь манайд бий. Нэмэгдээд температур өсгөгч ферманган шаардлагатай. Энэ нь бол манайд байхгүй.

Үйлдвэр дагасан эрчим хүчний асуудал тулгарах байх…?

-Тийм. Энэ үйлдвэрийг ажиллуулахад 42 мГв-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай. Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнүүдийг шийдэх боломжгүй. Цаашид шийдэх хэрэгтэй. Шийдчихвэл бид жилд 500-800 мянган тонн ган үйлдвэрлэнэ гэсэн үг. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 30-40 мГв-ын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно.

-600 сая ам.долларыг босгоход хэр хүндрэлтэй вэ. Хэдийгээр өндөр дүн ч урт хугацааны үр ашиг, стратегийн зорилтоо харвал босгож болох мөнгө байх?

-Бид эрдэс бүтээгдэхүүнээ экспортолж, улс орны орлого нэмэгдэж байна. Энэ орлогын өсөлтийг дэд бүтэц рүү л зарцуулна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд барилга байгууламж, зам гүүр нэн тэргүүнд шаардлагатай. Энэ дэд бүтцийг шийдэхэд цемент, арматур гэсэн хоёр зүйл хэрэгтэй. Цементийг бол дотоодын зах зээлээс хангаж болно. Харин 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт байвал төмрийн үйлдвэрийг ойрын 3-4 жилийн хугацаанд л байгуулах боломжтой. Үүнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай байна. Бид санхүүжилтийг хэд хэдэн аргаар босгож болно. Нэгдүгээрт бартерын гэрээ. Бид Гашуунсухайтын төмөр замыг барихын тулд 600 сая ам.долларыг дараа төлбөрт нөхцөлтэйгөөр гаргаж байгаа. Үүнтэй ижил бартерлаж болно. Өнөөдрийн ханшаар 90 ам.доллар гэж тооцоолоход 8 сая орчим тонн төмрийн хүдрээр бартерлах боломж бий. Ингээд цогц үйлдвэртэй болох боломж байна.

Үндсэн түүхий эд нь манайд байна шүү дээ. Бид жилд л дунджаар 300 сая ам.доллар гаргаж байгаа. Хоёр жилийн импортоор гаргах хэмжээний хөрөнгөөр л дотоодын эдийн засгийг 10-15 хувь тэлэх хэмжээний цогцолбортой болно гэсэн үг. Гэхдээ үүнийг ерөнхий дүр зураг гэж ойлгох нь зөв. Энд дахин онцлоход бүх төмөр хийцийн үйлдвэрлэл, зам гүүр, барилга байшинг дотоодын бүтээдэхүүнээр хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Үүнийг дагаад 5000 орчим иргэнийг ажлын байраар хангана. Жижиг, дунд үйлдвэрүүд хөгжинө. Хажуугаар нь анхдагч ширмээ экспортод гаргахад нээлттэй. БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад ширэм экспортлох боломж бүрдэнэ. Энэ үйлдвэрийг байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэгтэй холбоотой.

Манайд төмөрлөгийн үйлдвэр бий. Хаягдал түүхий эд дахин боловсруулах замаар үйлдвэрлэл явуулж байна. Уг үйлдвэрийн хүчин чадал дотоодын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг яагаад ч хангаж чадахгүй байна?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд л 100 сая ам.доллараар боссон. Зөвхөн хаягдал төмрийг хайлуулж бүтээгдэхүүн гаргаж байна. Дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй.Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч болсон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэдэг.“Эрдэнэт” үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах зээл. Бид өмнөх 10 жилд үүнийг хийчихээр байсан л даа. Сэтгэл л дутаад байна.

Бид “Эрдэнэс Таван толгой”-г 600 орчим тэрбумаар босголоо. Ойролцоогоор 200 орчим сая ам.доллар гэсэн үг. Энэ асуудал дээр бонд босгох юм уу, бартерын гэрээ, зээл тусламжийн замаар санхүүжилт босгох бүрэн боломж харагдаж байгаа. Манайх олон улсын айлчлалаар хүнд хүртээлгүй жижиг сажиг төсөл барьж явахаа одоо болих цаг иржээ. Өөрсдөө шийдэх боломжтой зүйлийг гаднаас хайгаад хэрэггүй. Харин үйлдвэр барих бодлогоо боловсруулаад л санал болгоод явах хэрэгтэй.

Та гурван жилийн дотор барих боломжтой гэж байна.Бидэнд боловсон хүчин байгаа юм уу?

-Тэр нэг их асуудал биш ээ. Гурван жилийн дотор бэлтгээд гаргаж болно. ОХУ-д бэлтгэгдсэн суурь боловсон хүчин ч манайд бий. Үйлдвэр барьж байх явцад сургаад авчихаж болно. Бид машин үйлдвэрлэх гэж байгаа асуудал огт биш. Хольж шатаах л үйл явц. Хэдэн мянган жилийн өмнө ч хүн төрөлхтөн газар доор домен зууханд юм шатаагаад явж л байсан.

Үүнтэй ижил технологиор явах үйл явц. Идэвх санаачилга, зүрх зориг л хэрэгтэй. Төрийн удирдлагууд хаана ч очсон үүнийг л яриад явмаар санагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *