Categories
мэдээ цаг-үе

А.Чулуун: Хувьцааны ашгаа дор хаяж 300 сая хүрэхээр хүссэн зүйлдээ зарна гэж боддог

Уншигч тантай уулзуулж байгаа энэ хүнийг А.Чулуун гэдэг. Шил, лааз түүж амьжиргаагаа залгуулдаг, тэтгэврийн хэдээ хадгалж байгаад хувьцаа худалдаж авдаг, хөрөнгийн зах зээл дээр аль ерээд оноос тоглож эхэлсэн, ном унших дуртай гэж ирээд яривал сонирхмоор намтартай эрхэм. Хөрөнгийн бирж дээр арилжааны мэдээ авах гэж ирэхэд нь өчигдөр уулзаж ярилцлага авсан юм.

-Улс төрийн товчооны Төмөр-Очир гуайн орчуулсан “Мөнгө” зохиолоос хөрөнгийн зах зээлтэй анх танилцсан гэж сонссон. Тэр чинь хэдэн он билээ?

-Өө их эрт, 1968 он. Анх уншаад хөрөнгөтөн оронд л ийм сүрхий сайхан зүйл хөгжсөн байх нь гэж бодоод өнгөрсөн. Эмиль Золягийн зохиол л доо. “Мөнгө” гэдэг тэр номонд 1850-иад оны үеийн хөрөнгийн зах зээлийн тухай гардаг юм. Элдэв юм гарна. Хувьцаа аваад баяжсан хүн ч гарна. Хувьцаа аваад юу ч үгүй болсон дүр ч бий.

-Эдийн засагч болохоор хөрөнгийн зах зээлийг сонирхож харсан байх нь?

-Тэр үед би их сургуульд сурч байсан л даа. Ах нь Дорнод аймгийн хүн. Аав, ээж минь хоёулаа тэндхийн уугуул. Арваа онц төгсөөд МУИС-ийн эдийн засгийн ангид орсон юм. 1970 онд сургуулиа төгсөөд Төв аймгийн Барилга конторт эдийн засагчаар очсон. Тэндээ дөрвөн жил ажилласан.

-Өөр ажилд томилогдсон хэрэг үү?

-Үгүй ээ, яах аргагүй болоод саналаараа гарсан юм. Тэр үе чинь социалист нийгэм. Өмнө нь хэзээ ч байгаагүй шударга сайхан, агуу их Октябрийн хувьсгалын нөлөөгөөр хүн нь хүнээ дарлан мөлжих ёсыг үүрд устгасан шинэ нийгэм байгуулж эхэлсэн гэдэг байлаа. Үнэн хэрэгтээ тийм байгаагүй. Манай даргын ах нь Намын төв хороонд ажиллана. Тэгж байтал Увс аймгийн Чандмань сумын нэг хүн манайд ерөнхий нягтлангаар ирлээ. Арын хаалга нь Улстөрийн товчооны гишүүн хавьцаа. Ер нь өнгөрсөн нийгэм чинь тэр чигтээ арын хаалганых байсан шүү. Арын хаалгатай хүн гайгүй алба хашна. Манай дарга, ерөнхий нягтлан хоёр надад талгүй. Яамнаас хүн ирэхээр энэ хүн юу ч хийдэггүй, шинэ санаа гаргадаггүй гэж танилцуулна. Ажлаасаа цэрэгт явна гээд гарсан л даа. Чих муу учраас цэрэгт тэнцээгүй. Ажил нэлээд хайсан. Он гарсан хойно Усны аж ахуйн яаман дээр очлоо. Азаар Борнуурт эдийн засагчийн орон тоо байна гээд тийшээ очсон. Тэндээ долоон жил ажиллаад хотод ирсэн хүн дээ. Дахиад л ажил олдоогүй хэсэг таваргасан.

-Яагаад, уг нь номыг нь үзсэн эдийн засагч хүнд ажил олдмоор юм?

-Арын хаалганы нийгэм байсан гэж би хэлсэн дээ. Тийм л шалтгаанаар олдоогүй хэрэг. Би танд нэг жишээ ярья. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр нийгмийн хангамжийн хэлтэс гэж байлаа. Ганц хүний орон тоо гарч л дээ. Өчнөөн хүн очиж. Тэгсэн тэндхийн намын хороонд ажилладаг мэргэжилтэн миний таньдаг нэг хүний бичиг баримтыг барьж гүйж байгаад оруулсан юм билээ. Ажилдаа ороод хэдхэн хонож байтал буцаагаад гаргачихсан байгаа юм. Илүү том ар талтай хүн гарч ирсэн учраас гэсэн тайлбар хэлсэн гэдэг. Ах нь ийм л нийгэмд амьдарч байсан хүн. Сүүлдээ нам дагахгүй бол болохгүй нь гэж бодсон л доо. Тэгээд цэргийн газар дагавал намд орох нь гайгүй юм билээ гээд нормчин хийж үзлээ. Тэнд очоод ч бараагүй. Бас л арын хаалгагүй бол мэргэжлээрээ ажиллахгүйг ойлгоод 1985 онд гарсан.

-Ажлаасаа гараад самар түүж зардаг болсон гэж дуулсан. Орлого хэр байв?

-Сард 1200 төгрөгийн орлоготой. Тэр үеийнхээр бол орлогч сайдын цалин (инээв). Богд ууланд самар түүхээр гардаг хориод хүн байсан юм. Аягыг нь нэг төгрөг гээд самар зарж эхэллээ. Ардчилал ялтал самраа зарсан. Намар нь зүгээр суухгүй хөдөө явж тарвага өвчинө. Анчдын байнгын бригад гэж байсан юм. Тэдэнтэй явж өвчинө л дөө. Нэг анчинг тарвага өвчдөг нэг хүн дагана. Тарвага олноор нь агнадаг хүнийг гурван өвчигч дагана. Цэрэнчимэд гэдэг анчин бүр өдөрт 70 тарвага агнана. Нэг тарвага өвчихөд хоёр төгрөг. Хоёр сар шахуу яваад 1200 төгрөг, хоёр дөчийн бедон тарваганы махтай хотод орж ирнэ. Ардчилал эхлээд тарвага, самрын аль аль нь алга болсон л доо. Ажилгүй болсон хүмүүс олноороо Богд ууланд гарчихсан. Бие биеийнхээ самрыг хулгайлна, дээрэмдэнэ, есөн жорын л юм гарч эхэлсэн. Хэтрүүлж хэлбэл хүн бүр тарваганд явсан даа.

-Ардчилал эхлээд шууд хөрөнгийн зах зээл рүү оръё гэж бодсон уу?

-Шууд ч үгүй л дээ. Нэг хэсэг ундаа зарсан. Төгрөг 20 мөнгөний ундааг зах дээр наймаа хийж байгаа улсад таван төгрөгөөр зардаг байлаа. Гэтэл ундаа үйлдвэрлэгчид ундаагаа машинаар нь зах дээр аваачаад бөөний үнээр нь зараад эхэлсэн. Ингээд амь зуудаг бизнес маань алга болж байгаа юм. Тэгээд хөрөнгийн зах зээл рүү орсон доо.

-Эхлээд ямар компанийн хувьцаа авч байв?

-Тэр үед чинь ямар ч хувьцаа авсан гүйдэг байсан. Хувьцаа аваад байж байтал дараахнаас нь өсөөд эхэлсэн. Тэгж байгаад овоо мөнгөтэй боллоо. Гэхдээ авсан хувьцааны маань ихэнх нь дампуурсан. Одоо хувьцааны шинэ үе эхэлж байна. Хөрөнгийн бирж дээр оршин тогтнох бололцоогүй компаниудын хувьцааг бүгдийг нь хасчихлаа. Бололцооны компаниуд нь үлдсэн. Тэгэхээр энэ зах дээр тоглох боломж тэр үеийнхээс ч илүү байгаа гэсэн үг. Би Хөрөнгийн бирж дээр заримдаа сардаа нэг, зарим үед долоо хоногт нэг удаа ирдэг. Ер нь долоо хоногтоо нэг удаа ирээд арилжааны мэдээ авчихвал болчихдог.

-Хувьцааг нь авах компаниа яаж сонгодог вэ, олон жил ажиллаад ирэхээр арилжааны мэдээгээ төвөггүй уншаад, мэдрээд сурчихдаг уу?

-Компаниудаа мэднэ л дээ. Арилжааны мэдээгээ цуглуулаад гурван жилийн өмнө ямар байсан, одоо хэд байна гэх мэтээр харьцуулаад уншчихна. “Улаанбаатар” зочид буудлын хувьцаа 250 төгрөгөөр эхэлж байсан юм. Гэтэл одоо 100 мянган төгрөг. Тэр үед би ямар нэг аргаар “Улаанбаатар” зочид буудлын 5000 хувьцаа авсан бол өнөөдөр 500 сая төгрөгтэй болох байсан юм билээ.

-Хувьцаанаас хамгийн их ашиг хийсэн тохиолдлоо сонирхуулаач?

-Их олж байсан үе бий. Гэхдээ сайн наймаа хийдэг хүнийг яаж гүйцэхэв. 4000 төгрөгөөр авсан хувьцаагаа 64 мянган төгрөг болгосон удаа байгаа. Хувьцааны ашиг гэж нэлээд юм авдаг байсан. Одоо ч авч байгаа. Хувьцааны ашгийг жилээр ярина л даа. Бид хувьцаагаа зарж ашиг олохгүй. Хувьцааны үнийн өсөлтөөс нэлээд юм олдог. Бэлэн мөнгөний хувьд жилд гурван сая төгрөгөөр л шинэ хувьцаа авч байгаа юм. Өнөөх маань жилдээ зургаа, долоон сая болоод үржчихнэ. Урьд нь авчихсан хувьцааны үнийн өсөлт гэж бий. Авсан хувьцаагаа зарна гэхээс илүү улам өсөхийг нь хүлээнэ. Ер нь хувьцааны захаас ашиг олно гэдэг урт удаан хугацааны үйл явдал шүү дээ. Хувьцааны томчууд чинь өсөх хувьцааг дарсаар байгаад мөнгөждөг. Би тэр аргаар явж байна л даа.

-Жилдээ арваад саяыг бол чөлөөтэй л олдог юм байна даа?

-Бараг тийм байх. Гэхдээ хувьцааны зах чинь нууцлалтай байх ёстой шиг байгаа юм. Томчуудаас та ямар компанид хувьцаа эзэмшдэг вэ гэж асуухад хариулдаггүй биз дээ (жуумалзав).

-Та одоо хаана амьдарч байгаа вэ?

-Гэр хороололд амьдарч байгаа. Хүмүүс байр аваач гэдэг л юм. Хувьцааны зах зээл дээр тоглож байгаа хүнд чинь эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Хувьцаагаа зараад байр авчихвал цаашдаа ямар ч бизнес эрхлэх аргагүй болж таарна. Би 1945 онд төрсөн хүн. Дал гараад явж байна. Нас дээр гарсан ч мөнгөө өсгөж хүссэн зүйлдээ заръя гэсэн бодол, хүсэл маань хэвээрээ.

-Хувьцааны зах дээр тоглож багагүй мөнгө олдог хүн лааз, шил цуглуулаад явна гэхээр гайхах хүн гарч мэдэх л юм. Хувьцааны ашгаараа өөр бизнес эрхэлье гэж бодож байсан уу?

– Ер нь тэгээд хувьцааны арилжаа амьдрал маань болчихож. Шил, лааз цуглуулах чинь их нэмэртэй. Тэтгэврийнхээ мөнгөнд хүрэхгүй шүү дээ. Унших ном, өмсөх хувцас, хоол ундаа бол шил, лааз тушааж олсон мөнгөөрөө аргалчихдаг. Тэтгэвэр гэж сард 280 мянган төгрөг авна. Тэрийгээ хувьцаандаа оруулдаг юм. Тэгээд ч зүгээр сууснаас амьдрал дунд явна, хөдөлмөрлөнө гэдэг сайхан. Шил, лааз цуглуулахаас гадна амралтын өдрүүдээр сонин, ном зардаг юм. Дэлгүүрт сууж байгаа улс сонин, ном их харна. Авдаг хүмүүсээ мэддэг болохоор яваад зарчихдаг. Ер нь амрах дургүй. Болж л өгвөл хөдөлж, ажиллаж байх дуртай.

-Гэхдээ л мөнгөө ийм юманд ингээд зарчих юмсан гэсэн бодол төрнө биз?

-Хүссэн хэмжээндээ хүрсэн үед л зарна даа. Дор хаяж 300 сая төгрөгтэй байж хүссэн зүйлээ эхлэх боломжтой болно. Тэр хүртэл нэлээд үзэх байх аа.

-Таныг хувьцаа эзэмшигчдийн хуралд идэвх­тэй суудаг гэж сонссон. Компанийн захирлуудтай яриа хөөрөө үүсгэнэ биз?

-Тэдэнтэй ярих дуртай. Хувьцаа эзэмшигчдийн хуралд зах зээлд хөлөө олчихсон сүрхий улс очдог. Танилцаад хууч хөөрөхөд урамтай, хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчийн хурлын мэдээллийг “Өдрийн сонин”, “Өнөөдөр”-өөс харна. Олж чадаагүй зараа брокероосоо авчихна. Хуулиараа бол компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлын зарыг сониноор зарлах ёстой л доо. Бидэнд чинь хуралдаа сууна гэдэг хамгийн сайхан үе. Том сайд дарга нар хувьцааныхаа хуралд ирдэггүй юм. Хувьцаа эзэмшигчдийн хуралд орохыг хориглосон байдаг юм шиг билээ. Төлөөний хүнээ явуулаад байх шиг харагддаг.

-Хөрөнгийн бирж дээр тан шиг тууштай арилжаа хийдэг хүн хэчнээн байгаа бол?

-Байнгын хувьцаа зардаг нь гэвэл тавь, жараад бий байх шүү. Хувьцааны арилжаанд оролцогчид насны хувьд янз бүр. Залуус их оролцож байна. Халиад нэг юм ярихад сүүлийн үед нэг олзуурхмаар мэдээ дуулдаж байна. Ямар нэг компанийн хувьцаанаас эзэмших нэг хүний хувьцааны дээд хязгаарыг тогтоож өгнө гэсэн агуулгатай хуулийн төсөл явж байгаа дуулдсан. Гэхдээ их хурлын гишүүд хувиа бодсон улс учраас ард түмэнд хэрэгтэй ийм санаачилгыг дэмжихгүй л болов уу гэж урам хугарах юм. Уг нь энэ заалт батлагдчихвал энгийн иргэд хувьцааны зах руу орж мөнгөө өсгөхөд их нэмэртэй.

-Та хэчнээн компанийн хувьцаа худалдаж авсан бэ?

-Жараад компанийн хувьцаа худалдаж авсан байдаг юм. Гэхдээ ашигтай нь арав гаруй.

-Хөрөнгийн зах зээл рүү орох хэр хэцүү вэ?

-Эхлээд 5000 төгрөгөөр дансаа нээлгэнэ. Дараа нь бас нэг данс нээлгэж мөнгөө хийнэ. Брокертоо би энэ хувьцааг авна гэж захиалгаа өгөөд л болоо. Хамгийн гол нь арилжааны мэдээгээ сайн харж байх хэрэгтэй.

-Арилжаа хийх идэвхтэй үе гэж байх уу?

-Байлгүй яахав. Би гэхэд л зун мөнгөө хурааж байгаад хувьцааны зах руугаа өвөл ордог. Өвөл хувьцааны үнэ унадаг юм. Компаниуд мөнгөөр дутагдаж эхэлдэг үе л дээ. Одоо хувьцааны үнэ уналттай байгаа нь үнэн. Гэхдээ эргээд өснө л дөө. Америкт хямралын үеэр ханш нь унасан хувьцаа авсан улс одоо хожиж байна.

-Та аль чигийн ном сонирхож уншдаг вэ?

-Түүхийн номонд дуртай. Бизнесийн ухааны номонд гар татахгүй. Сүүлд “Наполеон” гэдэг ном уншлаа. Энх-Амгалан хааны тухай нэг ном авсан. Уншиж амжаагүй байгаа. Сүүлийн үед сонирхолтой номнууд хэвлэлтээс гарангуутаа алга болж байна шүү. Анзаараад байхад амжилттай яваа хүмүүс ном их уншдаг. Ном уншдаг учраас л бусдаас давуу амьдарч байна л даа. Тийм байх чадвараа номноос авч байна.

-Хамгийн үнэтэй авч байсан ном гэвэл…?

-“Коммунизмын хар ном”-ыг 50 мянган төгрөгөөр авч байсан.

-Уншсан номныхоо тоог багцаалдаад хэлэх боломжтой юу?

-Өө, тоогоо алдсан. Ах нь номгүйгээр амьдрах аргагүй болчихсон хүн л дээ. Зав гарвал ном бариад авдаг дадалтай болчихсон. Манай гэрийн хогшил, эд гэвэл ном л байна. Хуучин цагт унших ном ховор байсан. Үзэл суртлын шүүлтүүр гэж айхавтар юм байлаа. Тэр дундаа миний унших дуртай түүхийн, хаад, ноёдын ном их ховор байсан цаг. Одоо бол мөнгө л байвал хүссэн номнууд байна шүү. Гэхдээ хүний шунал барагдах биш. Уншмаар номнууд орчуулагдаж өгөхгүй л байна. Жишээ нь Суворовын тухай ном огт алга. Линкольн, Вашингтоны тухай ном уншмаар санагдах юм. Уг нь аль дээр үед “Жизнь замечательных людей” гэдэг том цувралаар орос хэл дээр гарчихсан л даа. Орос хэлэндээ сайн биш учраас орчуулагдчих болов уу гэж хүлээж суух юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *