– АЛЬ Ч ТОХИОЛДОЛД БИД ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛД ХОЛБОГДОХ ХЭСГИЙН СУУРЬ ЗАРЧИМ, АГУУЛГЫГ Л ДАХИН САНАХ ХЭРЭГТЭЙ-
МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.
-Та Хууль зүйн яамнаас боловсруулсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон олон үзэл санааг гуйвуулж, ноцтой зөрчлүүдийг бий болгохоор байна гэж үзжээ. Ингэж үзэх болсон гол шалтгаан нь юу байв?
-Энд ямар нэг хувийн, эсвэл хэн нэгний ашиг сонирхлын төлөө хандаад буй зүйл огт байхгүй. Ганц зүйл буй нь таван сарын өмнө баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг зарим нэг нь олж үзээгүй байхад бүү мартаасай л гэдэг асуудал байгаа. Бодит байдал дээр буюу шүүхийн тухай хуулийн төсөлд буусан хэлбэрээр яах аргагүй таван сарын өмнө баталсан үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмаа мартсанд л учир байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг бүрдүүлж буй асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон үзэл санаа, зарчмыг орхигдуулж буйгаас харж болно. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан суурь зарчмаа зөрчих юм бол яах гэж 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ.
-Та Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг томилж буй арга Үндсэн хууль зөрчихөөр байна гэжээ. Үүнийг тодорхой тайлбарлаач?
-Шүүхийн ерөнхий зөвлөл бүрдэх үйл явцыг аль болох улс төрийн албан тушаалтнаас л ангид байлгах зорилго нэн чухал байсан. Энэ ч үүднээс шүүгч бус таван гишүүн яг л энэ шалгуураар бүрдэх учиртай. Гэтэл төсөлд хэд хэдэн ноцтой зүйлс буй нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж байсан асуудлыг орхигдуулсанд хамаг учир байна. Төсөлд шүүгч бус таван гишүүнээ УИХ-ын холбогдох байнгын хороо гурав, Хууль зүйн сайд Засгийн газрыг төлөөлөөд нэг, Ерөнхийлөгчид энэ бас гомдох вий гэсэн шиг нэгийг томилно гээд оруулаад ирсэн. Үүгээр зогсохгүй шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээ орон тооны, орон тооны бусаар ялгах зохицуулалт оржээ.
Хууль зүйн сайд Ерөнхий зөвлөлийн дарга байсан 1996-2002 он шигээ өөрийн томилж буй гишүүнээ орон тооны гишүүнийг төлөөлөн орохоор зохицуулсныг бид чухам юу гэж ойлгох вэ. Учир нь төсөлд ШЕЗ-ийн даргыг орон тооны гишүүд дотроос сонгохоор заасан. Гэтэл энэ заалт бүхэлдээ 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу орсон нэмэлт болох “зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэх заалттай шууд зөрчилдөнө шүү дээ.
-Мөн төсөлд ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилох эрх олгожээ. Энэ зохицуулалт орвол ямар үр дагавар бий болох вэ?
-2012 оны Шүүхийн багц хуулиудын гол эхлэх цэг бол 2002 оны хуулиар Шүүхийн дотоод хараат бус байдал хэрээс хэтэрлээ. Дээд шүүх бүхий л асуудлыг өөрөө мэдэж шүүн таслаад ч тэр, шүүхийн захиргаагаа ч тэр гартаа авлаа гэдгээс шинэчлэл эхэлсэн байдаг. Гэтэл энэ савлагаа нь 2012 оны хуулиар Ерөнхийлөгчид шүүхтэй холбоотой бүхий л эрх мэдэл төвлөрснөөр өнөөгийн асуудал бий болсон. Бид түүхийг мартаж болохгүй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид Гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт төвлөрүүлэх буюу парламентын сонгодог тогтолцоо руу бодит алхам хийсэн. Үүний дагуу Ерөнхийлөгчийг төрийн тэргүүний хувьд Монголын ард түмний эв нэгдлийг хангаж ажиллах тал руу зоримог өөрчлөлт орсон. Энэ дагуу хийгдсэн нэг томоохон өөрчлөлт бол Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт орсон өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, өмнөх хувилбар Ерөнхийлөгчид зөвхөн хуулиар тодорхой бүрэн эрхийг олгож болно гэж заасны дагуу Авлигатай тэмцэх газрын дарга, дад даргыг нэр дэвшүүлэх, ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилох, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийг томилох зэрэг Үндсэн хуульд заасан бүрэн эрхэд нь хамаарах эрхийг хуулиар олгож ирснийг хязгаарласан. Гэтэл төсөлд ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны тус бүр нэг гишүүнийг Ерөнхийлөгч томилохоор бүрэн эрхийг хуулиар олгож буй манай Үндсэн хуульд Ерөнхийлөгчид огт олгоогүй бүрэн эрхийг дахин олгох гэж буйгаараа 2019 оны өөрчлөлтөөр орсон 33.4 дэх хэсгийг шууд зөрчиж буй юм.
-Энэ хуулийн төсөл батлагдвал Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог бүрдүүлэхэд ямар нэгэн улс төрийн байгууллагын нөлөөлөл үүсэх үү?
-Мэдээж хэрэг орон тооны гишүүдээр дамжин улс төрийн нөлөөлөлд орохыг үгүйсгэхгүй. Нөгөө талаасаа энэ төслийн дагуу нийлээд олон зүйлс Улсын дээд шүүхэд төвлөрч байгаа. Ялангуяа шүүхийн захиргааны байгууллагыг Улсын дээд шүүхтэй зэрэгцэх байгууллага боллоо гэх сүүлийн хэдэн жилийн шүүмжлэлийн үр дүнд 2002 оны шүүхийн тухай хуульд байсан төвлөрөл шүүхэд ирж буй юм. Энэ нь ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг сонгож буй хэлбэр, мөн Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн олонхыг шүүгчид өөрсдөө бүрдүүлж буй зэргээс харж болно. Дээр нь хууч хамаарал сэдэрсэн асуудал болох Хууль зүйн сайд ШЕЗ, Сахилгын хорооны гишүүний өөрөө томилох эрхийг, өөрөө санаачилж оруулж ирсэн, дээр нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхэд үл хамаарах эрхийг хуулиар олгох замаар бий болгож буй нь хэрэг дээрээ дахин шүүх эрх мэдлийн хараат бус байдалд нөлөөлөх улс төрийн нөлөөг хэвээр хадгалах л үр дүн гарахаар байна.
-Ерөнхийлөгчийн зүгээс мөн Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Ингэж барьж буй шалтгаан нь ямар учиртай вэ?
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн ээдрээтэй байсан хэсэг бол шүүх эрх мэдлийн асуудал юм. Ийнхүү хэлж буйн нотолгоо бол хууль санаачлах эрх бүхий хоёр институци болох Ерөнхийлөгч, Засгийн газар аль аль сонирхолтой нэг нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн багц хуул нэрээр Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай хуулиудыг санаачилж буйгаас тод харж болно. Яагаад гэвэл хуулийг санаачлах замаар өөрийн эрх мэдлээ хэвээр хадгалах нөгөө л өрсөлдөөний үр дүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд маш тодорхой байсан зүйлсийг, агуулгын хувьд зарчмыг тогтоох хэмжээний мөлийлгөж баталснаас харж болно. Энэ нь чухамдаа шүүхийн тухай хуулийг батлах замаар эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж ирсэн түүхийг санагдуулж буй юм.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн гол агуулгыг та юу гэж харж байгаа бол?
-Төслийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор өргөн барьсны дараа л олж үзсэн. Ийм төсөл байгаа тухай магадгүй хэвлэлийн мэдээ гарахтай зэрэг л танилцсан. Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан хуулиуд бүхэлдээ Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй нь нууц биш юм. Харин агуулгын хувьд бүрэн судалж дуусаагүй боловч ШЕЗ, Сахилгын хорооны гишүүнийг томилох асуудалд Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй ижлээр өөрөө томилох саналыг оруулсан байсан. Өнгөц харьцуулж үзэхэд төсөөтэй заалтууд цөөнгүй байна. Дээр нь ШЕЗ, Сахилгын хороог бүрдүүлэх үйл ажиллагааг ялгаатай байдлаар зохицуулж өгсөн харагдсан. Гэхдээ аль аль төсөлд нэг төсөөтэй тал буй нь ШЕЗ, Сахилгын хорооны гишүүдийг бүрдүүлэх асуудалд өөрийн эрх ашиг сонирхлыг хадгалах гэж зорьсон нь харагдаж буй юм. Мэдээж аль ч тохиолдолд бид 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлд холбогдох хэсгийн суурь зарчим, агуулгыг л дахин санах хэрэгтэй. Энгийн жишээ бол хуульчдаас шүүгчийн шилж олох чиг үүргийг ШЕЗ хүлээхээр заасан байдаг. Гэтэл үүнтэй зэрэгцэн Шүүхийн мэргэшлийн хороо гэх хэрэг дээрээ хуульчдаас шүүгчийн шилж олох ажлыг эрхлэх 2002 оноос бий болгосон бас нэг орон тооны бүтцийг аль аль төсөлд хэвээр хадгалахаар оруулж ирсэн байна. Энэ тохиолдолд бид яах гэж ШЕЗ-ийн гишүүний тоог арав болгосон юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэг дээрээ Үндсэн хуульд заасан хуульчдаас шүүгчийг шилж олох ажлыг хийх чиг үүрэгтэй учир түүнийг л хийлгэх гэж ийнхүү зохицуулсан шүү дээ. Энэ мэт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ашиглан шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлах замаар эрх мэдлээ өөрт төвлөрүүлэх оролдлогыг УИХ-ын гишүүд эрх биш засах болов уу л гэж найдаж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар огцрох нөхцөл байдал үүсэх үү?
-Товчхондоо бол огт үүсээгүй. Харин үүсээд буй асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх тухай л эргэлзээ үүсч буйг зарим хуульч, судлаачид хэлж байгаа. Гэхдээ бид бүхэлд нь авч үзвэл дагаж мөрдөхөд шинжих асуудал бол 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөр хоорондоо уялдаа холбоо бүхий гурван баримт бичиг буйг мартаж болохгүй юм. Энэ нь нэгд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хоёрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, мөн үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, гуравт, 2020 оны УИХ-ын Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол гэж бас бий. Энэ тогтоолоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хууль тогтоомжийг утга агуулгад нийцүүлэх хуваарийг тогтоосон байдаг. Тэгэхээр энэ гурван баримт бичгийн уялдааг харах хэрэгтэй болно. Энэ нь 2020 оны тавдугаар сарын 25-ны 12 цагт дан ганц Засгийн газартай холбоотой асуудалд бус бусад заалтуудад ингэхдээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуульд хугацааг тусгайлан заасан Улс төрийн намыг байгуулах нэг хувь болон Дархан, Эрдэнэт зэрэг хотуудыг байгуулах харилцааг шууд уг хуульд заасан. Харин бусад хуулийн хувьд УИХ-ын тогтоосон хуваарийн дагуу шинэчлэн батлах хүртэл хуучин хуулийг дагаж мөрдөхөөр л зохицуулсан шүү дээ. Харин хуваарийг УИХ 2020 онд нэгдүгээр сарын 02 дугаар тогтоолоор баталсан. Хууль зүйн хувьд цаашид УИХ өөрийн баталсан хуваарьт багтан хууль тогтоомжийг батлахгүй бол сая асуудал гарна.
-Огцрох нөхцөл байдал үүснэ гэж зарим хуульчид үзжээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, мөн дагаж мөрдөх хуулийг өөрөөр тайлбарлах боломж бий юү?
-Үндсэн хуульд өөрт нь он, сар зааж дагаж мөрдөх заалт нэг ч байхгүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон түүнийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд хугацааг нь зааж өгсөн. Дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн нэгдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан.
Хууль зүйн хувьд хууль хүчин төгөлдөр болох, түүний дагаж мөрдөх гэх ойлголтыг өөр хооронд нь хольж болохгүй. Учир нь 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч нотлон баталгаажуулснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт албан ёсоор албажсан. Үүнээс үүдэн уг нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх асуудал бол одоо Үндсэн хуулийн салшгүй нэг хэсэг болсон дагаж мөрдөхөд шилжих хуулиар зохицуулагдаж буй юм.
Үүний нотолгоо нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй гэдэг заалт байгаа. Энэ нь уг хууль эрэмбийн хувьд ердийн хуулиас дээгүүр гэсэн үг. Энэ заалт гэв гэнэт ингэж хийгдээгүй. 1992 онд шинэ Үндсэн хуультайгаа хамт хавсралт буюу Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шилжих хуулийг баталсан. Өнөөгийнхтэй логик нь яг л адилхан. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль гэж нэрлэдэг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т яг ийм заалт бий. Үүний дагуу бид өнгөрсөн хугацаанд 2000 хүртэл дагаж мөрдөхөд шилжих хуулийн дагуу хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх үйл ажиллагааг хийснийг санах хэрэгтэй.
-Цар тахалд 4.6 тэрбум, сонгуульд 450 тэрбум зарцуулахаар байна. Ийм цаг үед УИХ-ын сонгуулийг хойшлуулах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлэх нь олонтаа байна. Иргэдэд ч өвчин тарах вий гэсэн айдас байх шиг. Энэ удаад сонгуулийг хойшлуулаад үзвэл яадаг юм бэ?
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах үүргийг УИХ-ын өмнө Засгийн газар хүлээдэг. Энэ хүрээнд өвчин хяналтад байна гэж үзэж байгаа юм болов уу гэж харсан.
Эдийн засаг дийлэхгүй гэдгээр сонгууль хойшлуулж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Монгол Улсын Үндсэн хуульд ээлжит сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалт бий. Үндсэн хуулийн 22.1-т улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал үүссэнийг арилах хүртэл сонгуулийг хойшлуулж болно. Үүнийг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнөөгийн нөхцөлд бол коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн боловч энэ манай улсад хэр хэмжээнд байна вэ гэдэг бол тусдаа асуудал юм. Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиа баривал Монгол Улсын хэмжээнд зарим хэсгийг, эсвэл бүхэлд нь хамарсан онцгой нөхцөл мөн эсэхийг тогтоох эрх нь зөвхөн УИХ-д хадгалагдаж байна. Хэрэв онцгой нөхцөл мөн гэж үзвэл эдийн засгаас хамаарахгүйгээр сонгууль хойшилно. Эргээд эдийн засгийн хямрал нь онцгой нөхцөл эсэхийг мөн л УИХ шийдвэрлэнэ. Дашрамд дурдахад, Сонгуулийн хуульд заасны дагуу сонгууль хойшлуулах зохицуулалт Үндсэн хуультай зөрчилдсөн байгаа. Үүнийг УИХ мөн засах хэрэгтэй болов уу.