Хөгжмийн зохиолч, балетмейстр А.Батдэлгэртэй ярилцлаа.
– Та 2007 онд “Гэсэр номун хаан” хоёр дахь балетаа хөгжим, цомнол аль алийг нь бичиж, өөрөө дэглэн найруулж тавьсан. Энэ бүтээл Монголын балетын урлаг үндэснийхээ эртний сонгодог утга зохиолын сэтгэлгээнд хандсан анхны бүтээл байлаа. Э.Чойдог, Б.Жамьяндагва нарын “Чойжид дагина” энэ хоёроос өөр ийм бүтээл одоо хэр гарч ирээгүй байна. Та хөгжимд анх хэрхэн хөл тавьж байснаа дурсаач?
-Бүр эртний уг сурвалжаа яривал, балетын сургуульд байх үе, арван гурав дөрвөн настайгаасаа хөгжим тоглож эхэлсэн л дээ. Тэр үедээ поп групп болоод гурван гитартай, нэг бөмбөртэй дөрвүүлээ тоглодог байв. Тухайн үедээ поп рок маягаар тоглож байгаад 1972 онд балетын сургуулиа төгсч ирээд театртаа бүжиглэсэн. Хоёр найзынхаа хамт “Үүрийн туяа” хамтлаг байгуулж анхынхаа дууг бичсэн л дээ. Тэр бол 1976юм уу 1977 онд улс төрийн дууны уралдаанд хоёрдугаар байрт шалгарсан “Хилчний хөшөө” гэдэг дуу байдаг юм. Манай хамтлаг тэр уралдаанд гурван дуугаар орсны нэг нь Ж.Чулуун гуайн “Бөмбөг дэлбэрвэл аюултай” гэдэг дуу байв. Энэ дууг Дашням ах дуулсан юм. Манай “Үүрийн туяа”-гийн бүрэлдэхүүн дээр нэг труба нэмээд Чулуун гуай бичсэн дуу л даа. Нөгөө нь Дарамзагд гуайн “Сансар” гэдэг дуу. Ж. Чулуун гуайн дуу нэгдүгээр байрт, Дарамзагд гуай бид хоёрын дуу хоёулаа хоёрдугаар байрт орж байсан юм. Яваандаа 1983 оны үеэс ер нь хүнд хэлбэрийн хөгжим рүү орж, мэргэжлийнхээ дагуу балетын хөгжимд суралцах юм сан гэж бодох болсон юм. Сонирхлоороо бичсэн хэдэн юмаа ноотолж аваад,хийлч Мөнхцэцэгийг (гавьяат) гуйгаад Ж.Чулуун гуайд анх сонсголоо. Эргээд бодоход, тийм том хүнд үзүүлж л байдаг их зоригтой байж л дээ. Чулуун гуай сонсоод “Би чамд нэг хүн зааж өгье. Тэр хүн дээр оч. Чамд тусалж чадах хүн байгаа юм. Циркт ажиллаж байгаа Хангал гэж хүн бий” гэж хэлсэн юм. Ингэж төрийн шагналтай, ардын жүжигчин хөгжмийн зохиолч, удирдаач тийм хүн анхлан хөгжмийн уран бүтээлийн маань замыг засч өгсөнд би үргэлж бэлгэшээж явдаг л даа.
-Таныг шавь орохоор очиход Хангал гуайн балетууд гараагүй байсан үе биз дээ?
-Арай гараагүй байсан үе. Дараахан нь ”Эрдэнэсийн уулс” балет нь гарсан. Би ч хэдэн ноотоо аваад цирк дээр очлоо. Хангал гуай нөгөө хэдэн муу ноотыг маань өмнөө тавьж байгаад өөрөө тоглож үзээд хөгжмийг яаж баяжуулахаас эхлээд олон юм хэлж өгсөн. Өөрөө ч их сайхан тоглодог хүн байсан л даа. Тэгээд хэлж байна. Хэрвээ чи юм бичиж суръя гэж байгаа бол яагаа ч үгүй байна. Янз янзын юм холиод ямар ч эмх замбараагүй болчихсон байна гээд миний бичсэн эхний найман тактыг аваад ингэж баяжуул гэхчлэн их үр өгөөжтэй зүйлс хэлж өгсөн л дөө. Анх надад хөгжмийн зохиол гэдгийг тайлбарлаж, тайлж өгсөн хүн бол З.Хангал багш минь юм. Анхны тэр хичээлийн дараа би нөгөө найман такт аятайгаа гурав дөрвөн сар ноцолдсоор явлаа. Засч янзалчихаад Хангал багшийн хаана байгаа газар нь очижүзүүлнэ. Яг тэр үед би их юм сурч авсан шүү. Анхны тэр ноот дээрээсээ бараг найман аяз бичсэн дээ. Габойд зориулсан хоёр гурван аяз, вольторн, төгөлдөр хуурт зориулсан аяз гэхчлэн долоо найман аяз гаргасан. Үндэсний хөгжмийн цөөхүүлд зориулж бичсэн бас нэг жижиг зохиол гээд л. Тэдгээрийг Хөгжим бүжгийн коллеж фонддоо авчихсан байдаг юм. Бүх юмыг шавааралдуулчихсан байна гэж Хангал багшийн хэлсэн тэр найман тактаасаа задлаад бичсэн хэрэг.
-Та Хангал гуайтай хэр удаан ажиллав. Хэр зэрэг шахаж шаарддаг, ямархуу барилтай хүн байв?
-Өөрөө тоглоод түүн дээрээ хэлж зааж өгнө үү гэхээс хүний юмыг засахгүй л дээ. Хангал багшийн удирдлагад надад шантарсан юм байгаагүй ээ. Хүсэл эрмэлзэл байсан болохоор ч тэр үү нэг юм биччихээд үзүүлнэ, дахиад засаж үзүүлээд л уйгагүй явдаг байсан. Тийм барилаар хүн юм их сурдаг юм байна лээ. Би Хангал гуайн удирдлагад нэлээн удаан явсан. Бараг өөд болох хүртэл нь байх. Би сүүлдээ 1992онд тэтгэвэрт гараад Буриадын театрт хэсэг ажиллаад эргэж ирсэн л дээ.
-Нээрээ та Буриадын театрт бүжиглэж байсан юм байна лээ. Тэнд ямар балетад бүжиглэж байв?
-Сайндаа ч Буриад яваагүй юм. Яг тэр үед би нэг балет биччихсэн байсан юм л даа. Хөгжмөө сонсгоод, бүжгээ дэглээд байж байтал намайг балетмейстрийн дипломгүй гэж гоочлов. Бараг юм хийлгэхгүй ч юм шиг, дипломтой балетмейструуд байхад гэх маягийн яриа гарсан юм. Яг тэр үед Буриадын театрын нэг хүнтэй тааралддаг юм. Танайд очиж ажилладаг юм билүү гэлээ. Нөгөө хүн маань ч тэг тэг гээд намайг аваачсан. Тэгээд очиж ажилласан. Би тэтгэвэртээ гарчихсан байсан үе л дээ. Тийм болохоор бүжиглэх сонирхол нэг их байхгүй, “Хунт нуур”-ын гурвал гэх мэтийн юмнуудад бүжиглэсэн л дээ. Очсон зорилго маань өөр байсан. Хүний газар очоод бие дааж юм хийе, өөрийгөө боловсруулъя л гэж бодсон. Очоод би анхныхаа балетыг бичиж тайзнаа тавьсан л даа.
-“Арван хоёр жил” гээд хүүхдийн их хөөрхөн балет байдаг байх аа. Анх Буриадад тавьсан юм уу?
-Тэгсэн шүү дээ. Нэг бүлэгтэй долоон үзэгдэлтэй балет. Тодорхой нэгэн үйл явдалгүй, арван хоёр жилийн өнгө төрхийг харуулсан балет юм. Арван хоёр жил дотроо гурав гурваараа эргэж байдагчлан нэг хүн байснаа хоёр болоод гурав болоод сүүлдээ арван хоёр болдог.
-Буриадад хэрхэн хүлээж авсан бэ?
-Их сайхан хүлээж авсан. Тэндэхийн балетын сургуулийн хүүхдүүдийн бүрэлдэхүүн дээр тавьсан юм. Тэд дараа нь бүр Монголд ирж тэрийгээ тоглосон юм. Энд тоглосных нь дараа би эргэн ирж Нацагаа багшийг театрын дарга байхад нь Монголдоо тавьсан. Манайд тэр жилээ их олон тоглогдсон доо. Хүүхдийн амралт эхлэхээр л тоглодог байлаа. Өдөрт хоёр гурван удаа тоглодог байсан юм. Балетмейстрийнхээ гарааг би ямар ч сургуулийг нь төгсөөгүй байхдаа тэгж эхэлж байсан л даа.
-Одоо хүүхдүүдэд үзэх олигтой жүжиг байхгүй байхад хамгийн их хэрэгцээтэй балет санагддаг юм?
-Болохгүй гэх юмгүй л дээ. Зөвхөн одоогийн нөхцөл байдал мэтийн янз бүрийн байдлаас болоод тоглогдоо больсон жүжиг олон байна шүү дээ. Уг нь уран сайхны зөвлөлөөрөө ороод батлагдаад гарчихсан, урын сандаа орчихсон бүтээлүүдээ тоглож байх ёстой л доо. Бүр тааруухан хийсэн бүтээлийг бол аяндаа хүн үзэхээ болиод ирдэг, тэр үед нь хааж болно. Гэтэл манайх тэр зарчмаараа явахгүй байна л даа.
-Та түрүүн хэлсэн, З.Хангал гуайн “Суварган цэнхэр уулс” киноны хөгжмийг оркестр хэрхэн тоглож бичүүлж байсан тухай,поп оркестрын эхлэл байсан гэж. Дэлгэрүүлээд яривал..?
-Манай “Үүрийн туяа” хамтлаг оркестртой хамт тоглож, Жамсранжав удирдаач удирдан тоглуулж байсан юм. “Үүрийн туяа” хамтлаг нэлээн олон киноны хөгжмийг тоглосон байдаг юм. “Тойрох хуудас”, “Загийн алим”, “Бид мартахгүй”… гэхчлэн. Тэр үедээ л поп оркестр маягаар тоглож байж л дээ. Үндсэндээ поп оркестр л юм даа. Цахилгаан хөгжмийг ашиглаж эхэлж байсан үе. Жамсранжав удирдаачийн “Бид мартахгүй” гээд киноны хөгжим байдаг даа. Киноны эхэнд явдаг дууг Чуулгын дуучин Дэжидмаа бид хоёр дуулж байв.
-Английн Лондон хотод “Европын балет” компанид та багшилж байсан. Ямар тохиолоор очив?
-Хувийн журмаар хэлний курст очсон юм. Тэнд балетын жижиг компаниуд олон байдаг л даа. Хэдэн сар ажиллаад тарчихдаг. Намар, хавраар нэг цуглаж хотуудаар тойрч тоглоод явдаг. Тэнд нэг орос захиралтай компанид жил гаруй ажилласан юм. 12 жүжигчинтэй, нэг багштай, нэг жолоочтой, нэг автобусанд суугаад явчихдаг байсан. Явахаасаа өмнө Лондонд арваад хоног бэлтгэлээ хийчихнэ. Тайзны менежер нь бүх юмаа бэлдчихээд тусдаа машинаар түрүүлээд оччихсон, биднийг тоглох газраа очиход бүх юм бэлэн байж байна. Тэгээд жижиг хотуудаар тойроод тоглоод явчихдаг. Шотланд, Хойд, Умард Ирландад тоглочихоод буцаад Лондондоо хүрээд ирнэ. Ойрхон болохоор гурав дөрвөн сар яваад л ирдэг байсан.
-Та ингэхэд хэдтэйдээ тэтгэвэрт гарсан юм бэ.ДБЭТ-ын балетын ид оргил үе дал, наяад онд нь бүжиглэсэн, урын сангийн бүх балетыг бүжиглэсэн хүн?
-Гучин естэйдөө гарсан. Миний анхны балет бол “Бахчисарайн оргилолт булаг”. Вячеславт тоглосон. Гавьяат жүжигчин Туултай хамт. Бахчисарайн оргилолт булагт надаас өмнө нэлээн хэдэн хүн тоглосон байдаг юм. 1978 онд би тоглоод түүнээс хойш тэтгэвэрт гартлаа тоглосон. Гурван портнёр солигдсон. Эхлээд Туул эгчтэй, дараа нь Энхээтэй, дараа нь Алтантуяатай тоглосон доо. Энэ жүжиг миний хувьд их сонин. Би Улаан-Үдэд очиж дөрвөн жил ажиллачихаад энд буцаж ирээд дөчин дөрөв тавтайдаа дахиад нэг тоглосон. Тэр сүүлчийнх байв. Вячеслав гэдэг маань арван найм хорьтой залуугийн дүр шүү дээ. Гэхдээ би гучин жил бүжиглэсээн. Балетчин хүн хорин жил бүжиглэдэг юм. Энэ бол миний сайных биш л дээ. Багш нар маань сайн байсан, надад их сайн зааж өгсөн байгаа юм. Хүн чинь үнэхээр нас яваад ирэхээр хүч хурд саардаг. Би бол бүжигчнийхээ хувьд театрынхаа урын сангын бүх жүжигт тоглосон. “Мөнгөн залаа”-д гэхэд л ардын жүжигчин Ганбаатар, Оюун, би, Намнанбаяр, Эрдэнэцэцэг тоглодог байлаа. Ереванд манайхан жаран хэдэн хүний бүрэлдэхүүнтэй очиж тоглож байлаа. Тэгэхэд “Мөнгөн залаа”-г хоёр өдөр тоглоход эхнийхэд Ганбаатар, Оюун, Намнанбаяр гурав, хоёр дахь өдөр нь Эрдэнэцэцэг, Намнанбаяр бид гурав тоглож байлаа. Манай балет тийм хүчтэй байсан үе.
-Э.Чойдог гуайн хэдэн сайхан балет байна. Та түүнтэй хэр ойр харилцаж байв?
-Нэг их ойр байгаагүй. Харахад зөөлөн дөлгөөн хүн л байсан юм. Чойдог гуай бол хамгийн олон балет бичсэн хөгжмийн зохиолч. “Мөнхийн нөхөрлөл”, “Шарилжин дундах цэцэг”, “Хөгжмийн эгшиг”, “Мөнгөн залаа”… гээд л.
-“Хөгжмийн эгшиг” уг нь их гоё балет байх шиг. Тоглож байх үеийнх нь хуучны хүмүүс сайн мэдэх байх. Ямархуу юм бэ?
-Жамъяндагва гуай симфони найрал хөгжимд хөгжмийг амилуулж хөдөлгөөнөөр үзүүлэх гэсэн оролдлого л доо. Нэг үзэгдэлт балет. “Анчин ба согоо” гээд бас нэг үзэгдэлт балеттай хамт тоглодог байсан юм. Одоо тэгээд “Мөнгөн залаа”-гаа эвдээд “Чойжид дагина” болгочихлоо шүү дээ.
-Ер нь балетын ид оргил үед бүжиглэж байсны хувьд та хэлээч. Өнөөгийн цаг үед тоглох бололцоотой цөөнгүй балет бий. Тэдгээрийг, дээрээс нь шинээр хийсэн балетуудаа хүртэл тоглохоо больчихсон нь ямар шалтгаантай юм бэ?
-Нэг хэсэг бүр уналтад орж тоглож байсан жүжгүүдээ тоглохоо болчихсон юм. Эргээд 2000 оны эхэн үеэс эхлээд Эрдэнэбат, дараа нь Сэргэлэн даргын үед бүх юмаа сэргээж хийж эхэлсэн л дээ. Хангалын “Эрдэнэсийн уулс”, Чойдог гуайн “Мөнгөн залаа” гэхчлэн. Би өөрөө тоглож байсан учраас хийж байсан бүх юмаа мэдэж байгаа учир хөгжмийг нь редакторлож өгөөд, өөрийнхөө тоглож байсан хэсгийг бүгдийг нь зааж өгч, засварлахыг нь засварлажингэж сэргээсэн л дээ. Одоо харин үндэсний балет маш цөөхөн байна. Өмнө нь олон байсан юм. “Нуурын домог”, “Хошуу наадам”, “Найз залуус” гээд л. Яваандаа тоглогдохгүй болоод ирсэн. Зарим нь ч жишээ нь, найз залуус гэхэд Орос Монголын нөхөрлөлийн сэдэвтэй балет. Одоо цаг үедээ нийцэх ч юм уу үгүй ч юм уу. Тэгж хаагдсаар байгаад тоолоход манайд тавхан балет одоо тоглож байна. Миний хоёр балетыг хасаад тэр шүү дээ.
-“Тэнгэрийн ташуур” -ыг яагаад тоглохоо больчихсон юм бэ?
-Ганцхан удаа тоглоод больчихсон. Энэ улсууд их хачин болчихсон юм байна шүү дээ. Юм хийдэг хүнийг л оролдоод байдаг юм байна. Би ингэж бодож байгаа юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд ямар балет, дуурь тавигдав гээд үзэхэд хоёр балет хоёр дуурь л байна. Өмнө нь1994 онд “Гүег хаан” гэж балет тавигдаад зогссон байсан. Тэрнийгээ бас тоглохоо больчихсон. Тэгээд 15 жилийн хугацаанд Шаравын “Чингэс хаан”, Лувсаншарав гуайн “Хархорин” дуурь, миний “Гэсэр номун хаан”, “Тэнгэрийн ташуур” ингээд л болоо. “Гэсэр номун хаан” бол хүмүүс их үздэг, 2007 оноос хойш тасралтгүй тоглосон балет. Гадаадынхан ч их үздэг дотоодынхон ч үздэг. Гэтэл тоглохоо больчихсон.
-Хүмүүсийн их үздэг жүжгийг тайзнаас буулгана гэдэг бол байж боломгүй тэнэг хэрэг.Уран сайхны зөвлөл нь шийддэг биз дээ?
-Нэгэнт өмнө нь уран сайхны зөвлөлөөрөө батлаад олон түмэнд тоглож болно гэсэн ийм оюуны өмчийг тоглож л байх хэрэгтэй. Хэрвээ хүн сонсохын аргагүй муухай хөгжим бичээд, үзэхийн аргагүй муухай балет дэглэсэн бол аяндаа хүн үзэхээ болиод хаагддаг. Гэтэл “Гэсэр номун хаан” балетыг гадаад дотоодгүй сонирхоод үзээд байхад л ямар ч шалтгаангүйгээр болиулчихаар би гайхаад байгаа юм. Ер нь юм хийж байгаа хүмүүсээ доош нь татаж унагаад байдаг юм байна. Юм хийж байгаа хүнтэйгээ л зууралдаад доош нь дарах гээд байдаг.
-Та бод доо. Тэр балетыг үзүүлж байх нь олон нийт нийгэмд л хэрэгтэй болохоос танд бараг хамаагүй шахуу шүү дээ. Тэртэй тэргүй хийсэн, гаргасан, олон жил хүмүүс үзсэн?
-Олон түмний хүртээл болж байх ёстой л доо. Яагаад гэвэл, энэ чинь олон хүний хөдөлмөр. Ганцхан би хийчихээгүй. Тайзны зураач, хувцасны зураач, тайз техникийн ажилчид, найрал хөгжмийнхөн, балетын бас гуч дөчин хүн гээд ийм олон хүний хөдөлмөрийг надаас болоод хааж боож байна шүү дээ. Намайг дарлаа гээд яах юм бэ. Намайг дарлаа гээд үр дүнд нь хөлс хүчээ зориулсан тэр олон хүний хөдөлмөр л талаар өнгөрнө. Хамгийн хортой үр дагавар нь, өнгөцхөн харахад Аюурзанын Батдэлгэр гэдэг хүнийг дараад байгаа юм шиг харагдаад байгаа боловч цаагуураа Монголын үндэсний балетын урлагийн хөгжилд саад болж байгаа юм. Балетыг урагшаа явуулахгүй гэсэн, байранд нь бариад байх гэсэн, үхмэл цэг дээр байлгах гээд байгаа хэрэг л дээ. Үхлийн ийм намжмал байдалд байх сонирхолтой. Дандаа шинэ юм хийж өсөж дэвжиж байх ёстой байтал үхлийн ийм намжмал байдалд байлгаад байх сонирхолтой хүмүүс байна. 15 жилд хоёрхон балет хоёрхон дуурьтай сууж байна гээд бод доо. “Гэсэр номун хаан” балетын хөгжим, цомнолыг нь бичих гэж хичнээн их юм уншиж судалж, хичнээн олон жилээ зарцуулсан гэж бодно. Арван долоо найман жил болж байж бичсэн. Гэтэл зарим хүмүүс ямар ч үндэслэлгүй, судалгаагүй юм ярьдаг. Мэргэжлийн хүнээр хийлгэ гэж ярьдаг юм. Тэгэхэд би Чулуун гуай замыг минь засч, Хангал багшийн гар дээр суралцаад ингээд албан бусаар хориод жил суралцсан хүн шүү дээ. Тэгээд практик дээрээ хөгжмөө бичээд явсан хүн.
-Та Орост балетын сургууль төгсөөд 30 жил балет бүжиглэсэн, дараа нь хөгжмөө бичсэн, дэглэн найруулсан олон туршлагууд байна. Агуу их Зундуйн Хангалын удирдлагад хөгжмийн зохиомж онолоо заалгачихсан. Заавал тэр консерваторын диплом гэх хавтас авах ямар хэрэг байна?
-Тийм янз бүрийн яриа яваад байхаар нь би хөгширсөн хойноо тэр дипломыг нь авчихъя гэж бодлоо. Хөгжим бүжгийн коллежийн хөгжмийн зохиолчийн ангид нь сурч төгслөө. Тэгээд харсан чинь би 52 настайдаа СУИС-ийн балетмейстрийн ангийг, 61 настайдаа ХБК-ийн хөгжмийн зохиомжийн ангийг төгссөн байна. Одоо 62-той.
-Таныг дуурь бичиж байгаа гэж сонссон. Ямар дуурь вэ?
-Одоохондоо дуусаагүй байгаа юм аа. Хутагтын зохиол “Саран хөхөө”. “Саранхөхөө”-г би гурван жил судаллаа. Доктор Хөвсгөл гуайтай хамтраад мэдэхгүй юмаа асууж хамтарч ажиллаж байна.
-Шартолгой гуайн хөрвүүлснээр Мөнхдорж гуай найруулж тавьсан жүжиг бий?
-Түүнээс өөр. Олон жил бодоод л явдаг байсан юм. Хүн байж байгаад шувуу болчихдог, тийм нэг гоё жүжиг байсан гэнэ лээ. Тэрийг сонгодог хэлбэрт бичих юм сан гэж би олон жил бодож явсан юм. Тэгээд гурав дахь жилдээ судалж байна. Энэ чинь бүх судалгаатайгаа, тайзтайгаа, зохиол нь их том юм билээ. Тэр дотроосоо текстээ сонгож аваад гол утга санааг нь алдагдуулахгүйгээр хөгжим цомнолоо бичиж байна. Равжаа хутагтын өөрийнх нь шүлэглэсэн бичсэн материалыг нь авч шинээр цомнол бичиж байгаа юм.Өөрөөр хэлбэл, Хөвсгөл, Батдэлгэр хоёр өөрөөсөө зохиогоод байгаа юм байхгүй. Хөгжмөө бичээд жил ч болоогүй байна л даа.
-Ерөнхийдөө удиртгал, бүлгүүдээ босгочихсон байгаа юу?
-Таван үзэгдэл биччихсэн байна. Уг нь есөн үзэгдэлтэй байх юм. Хоёр бүлэгтэй.
-Та дандаа хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд хийж байна. Сүүлийн үед ер нь дуу бичиж байна уу?
-Хааяа бичдэг юм. Дуу бол орхигдохгүй л дээ. Нэг түүвэр бас гаргах бодолтой байгаа.
-Та Ю.Оюун гуайтай нэг анги гэж байсан. Та хэд хэрхэн явж байв?
-Ленинградад 1964 онд яваад 1972 онд төгсч ирсэн. Арван нэг хоёр настай л явцгааж байсан байх. Есөн жил тэнд сурсан. Миний бичиг баримтан дээр нүд хар, хөмсөг хар, өндөр нь метр арван сантиметр гэсэн байсан. Тийм л жаахан хүүхдүүд очиж байж.
Н.ПАГМА