Categories
мэдээ нийгэм

А.Бат-Оргил: Монголын улс төрийн намуудын дотоод ардчилал хэлбэр төдий байна

“Дефакто” институт улс төрийн намуудын дотоод ардчиллыг судалжээ. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 28 намаас зургаан нам нь уг судалгаанд хамрагдаж, хагас ардчилалтай гэсэн дүгнэлт гарчээ. Бусад 22 нам нь судалгаанд оролцохоос татгалзаж, дахин холбогдоогүй байна.Судалгаанд МАН, МАХН, ХҮН, ИЗНН, ЭОН, АН хамрагджээ.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Ардчилсан орны намуудын санхүүжилт хамгийн ил тод байх ёстой. Сонгуулийн дараа бүх мэдээллийг аудитаар шалгуулан, СЕХ олон нийтэд мэдээлэх хуультай. Энэ хууль биелэгдэхгүй байна. Тиймээс бид намууд хаанаас санхүүждэгийг мэдэхээр зорьж байгаа” гэв.

Манай улс төрийн намууд авилгад хамгийн их автсан байгууллагуудаас хоёрт жагссаныг Азийн сангаас мэдээлсэн байна. Намууд санхүүжилтээ ил тод зарладаггүй учир шийдвэр гаргах албан тушаалуудыг худалдаж байна гэж үзжээ.

Намын дотоод ардчиллыг намаас нэр дэвших, дарга сонгох, дотоод бодлого, мөрийн хөтөлбөрийг боловсруулахад намын жирийн гишүүдийн оролцоо ямар байгаагаар нь тодорхойлжээ. “Дефакто” институтийн ахлах судлаач А.Бат-Оргил“Намын дотоод ардчилал, өрсөлдөөн, оролцоо зэрэг нь хэлбэр төдий байна. Намынхаа талаар мэдээлэл хомс, улсын төсвөөс хэдэн төгрөг авдгийг мэддэггүй гишүүд байна. Судалгаанаас гарсан үр дүн намын жирийн гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролд нэмэр оруулна” гэлээ.

Гишүүдийн утасны дугаар олдохгүй байх, намууд албан ёсны цахим хуудасгүй байх зэрэг хүндрэлүүд учирсан байна.

Жил бүр энэ судалгаа хийгдэхээр болжээ.

Э.АНХМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *