Түрүүч нь №250(603) дугаарт
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн асан А.Бакей ХААИС-ийн харьяа Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирлаар ажиллаж байна. Тэрээр эдийн засгийн ухааны доктор, академич цолтой, 2004-2008, 2012-2016 онуудад АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдож байсан юм.
-Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв нь юу хийдэг байгууллага вэ?
-Одоогоор макро түвшинд эдийн засгийн судалгаа хийдэг байгууллага үндсэндээ байхгүй болсон. Өмнө нь Академийн дэргэд эдийн засгийн хүрээлэн гэж байсан. МУИС-д очсон. Манай ХАА-н хүрээлэн гэ байсан. Бас татан буугдсан. Тэгээд л ХАА-г хөгжүүлэх бодлого тодорхойлох хэрэгтэй энэ төвийг байгуулах хэрэгтэй гэж үзсэн.
-Манай ХАА маш их нөөцтэй. Гэхдээ нэмүү өртөг авч чаддаггүй гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Би хувьдаа Монголын эдийн засгийн суурь нь ХАА гэж үздэг. Манай эдийн засаг гурван тулгуур хөлтэй.
-Тэр юу юм?
-Хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр. Үйлчилгээний салбар нэмэгдэнэ.
-Таны ярьж байгаа ХАА монголчуудад юу өгөх вэ?
-70 гаруй сая толгой мал тоологдох байх. Дунджаар жилд 400 мянган тонн мах бэлдэж байна. 11-12 сая арьс, шир гарч байна. Ноолуур зургаан мянга гэдэг байсан. Арван мянган тонн хүрлээ. Хятадуудын дараагийн хамгийн том нийлүүлэгч болж байна.
-Манай ноолуур чанараараа тэргүүлдэг гэсэн үнэн үү?
-Үнэн байсан. Гэхдээ анхаарах асуудал гарсан.
-Ямар?
-Манайхны сүргийн бүтцэд сэрхний хувийн жин их болсон. Ингээд ноолуурын бүдүүн ширхэг нь өсдөг юм байна. Харин хятадууд ноолуураа нарийн болгох бодлого явуулж байгаа. Ноос 50 шахам мянган тонн, сүү багаар тооцоход сая тонн гарна.
-Тэгээд энэ их бүтээгдэхүүнийг борлуулж чадахгүй юу?
-Харин тийм. Мах, сүүний арван хувийг, бусад нь олигтой гадагшаа гаргаж чадахгүй байна.
-Сая Ерөнхийлөгч УИХ-аас ХАА-н парк байгуулах гээд 500 сая төгрөг нэхлээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Уг нь эдийн засгийн утгаар харвал малчдын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх арга.
-Яаж?
-Асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй байгаа юм. Хотноос гарсан хонь дэлхийн зах зээлд хүрэх замыг парк л шийднэ. Үүнийг л ойлгочихвол малчдын орлого багаар тооцоход хоёр дахин нэмэгдэнэ.
-Тэгээд 500 тэрбумыг хэн төлөх юм бэ?
-Нийт эдийн засагт орох орлогыг хар.
-Малчид гайгүй орлоготой биз дээ?
-Өнөөдөр 4-5 жил малласан хонь 70 мянган төгрөг байна. Өндөр хөгжилтэй орны гайгүй зоогийн газрын нэг таваг шөлний мөнгө.
-Та баруун бүсээс сонгогдож байсан УИХ-ын гишүүн. Танай аймаг өнөөг хүртэл цахилгааны хомсдолтой байна.
-Энэ асуудлыг шийдэх боломж байгаа юм. Гэхдээ миний яриад байгаа сонгуулийн жижиг тойрог нөлөөлөөд байна л даа. Аймгийн, бүсийн асуудлыг шийдэхээс илүүгээр тухайн сонгогдсон сумын асуудлыг шийдэх сонирхол гишүүдэд байдаг. Энэ нь сонгуулийн жижиг тойргоос болж байгаа юм.
-Шийдэх ямар гарц байна?
-Баруун бүсээс сонгогдсон гишүүд нийлж байгаад эхлээд энэ аймгийн нэг том асуудлыг, дараа нь нөгөө аймгийн бас нэг асуудлыг шийдэх хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах хэрэгтэй. Ийм бодлого хэрэгтэй байхад сүүлийн үед бүр дордоод явчихлаа.
-Яаж?
-Бүр ЖДҮХС-гаас идээд эхэллээ. Ийм байхад яаж баруун бүсэд хөгжил ирэх юм бэ. Том хэмжээний хөгжлийн хөтөлбөр боловсруулаад хуульчилж өгөх хэрэгтэй байхгүй юу.
-Баруун бүс төв рүү бараагаа зарахад өртөг нэмэгддэг. Хилийн зурвасаа ашиглаж болохгүй юу?
-Чөлөөт бүс гэж нэг юм байгаа юм. “Цагаан нуур”-ын чөлөөт бүс гэсэн нэртэй. Манайхан “Алтан булаг”, “Замын-Үүд” нэртэй чөлөөт бүс нэрийн дор хашаа барьчихсан. Гэтэл чөлөөт бүс гэдэг чинь иж бүрнээрээ ажилладаг механизм байхгүй юу. Үүнийг ойлгохгүй байна.
–“Цагаан нуур” чинь ажиллахгүй байгаа юм уу?
-Хашаанаас өөр юмгүй. Хэдэн хүн цалин авдаг сураг бий.
Уг нь чөлөөт бүс гэдэг нь гадныхан бараагаа авчирч хямд зараад, манайхан ч юмаа зарах боломжтой газрыг хэлж байгаа юм. Гэтэл энэ нь улстөрчдөд ашиггүй учраас л хэрэгжихгүй өнөөг хүрч байна. Ингэснээрээ чөлөөт бүсийн нэр хүндийг гутаачихаж байгаа юм. Нефтийн хоолой дамжих хамгийн дөт зам баруун бүс. Ийм асуудалд анхаарлаа хандуулахын оронд хууль гаргаад хашаа барьчихаад суугаад байгаа байхгүй юу.