Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

А.Баасансүрэн: Ноолууран зулмал зураг яг л зулхай хийдэг монгол аргаар бүтдэг

Ноолууран зураг урлаач А.Баасансүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэнгээ “Монгол арт галерей”-д гаргасан юм. Түүнээс энэхүү шинэ урлалын талаар нь сонирхлоо.


-Үзэсгэлэн дажгүй гарав уу, хүн ихтэй байв уу?

-Нээлтийн үеэр хүн их байсан.

-Ноолуураар уран зураг урлах гэхээр сонирхолтой байна л даа. Өөрөө зураач мэргэжилтэй гэсэн үү, өмнө нь үзэсгэлэн гаргаж байв уу?

-Тийм ээ, би СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн ангийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ядамсүрэнгийн Оюунчимэг багшийн удирдлага дор төгссөн дөө. Өмнө нь зургийн бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй. Үзэсгэлэнгүүдэд ганц, хоёр зургаар оролцож байлаа. 2015 онд ноосон зургаар Ардын урлалын үзэсгэлэнд оролцож байсан. Харин ноолууран урлалаар анх удаа бие даасан үзэсгэлэн гаргаж байгаа юм. Ноолууран урлалаар том үзэсгэлэн гарч байсан тохиолдол дэлхийд ч байхгүй байх л даа.

-Ноолууран зургаас өмнө ноосоор уран бүтээл хийж байсан юм уу?


-Ноосны ширхэг нь нарийн зураглал хийхэд тохиромжгүй байсан учраас ноолуур ашиглах болсон.

-Танд ноос ноолуур, эсгий сонирхох өгөгдөл байсан уу?

-Хадмынх монгол памбагар цагаан эсгий гутал хийдэг байлаа. Баяндэлгэр суманд 2002 онд очоод, эсгий гутал дээр чимэглэл хийж үзэх санаа төрсөн юм. Хүүхдийн эсгий гутал дээр амьтны дүрс хийж үзээд, ноосон дээр зураг зурж болох юм байна гэсэн сэдэл төрсөн. Тэгээд урлан дээрээ ирээд, ноосоор хадны сүг зураг хийж үзсэн. Үүндээ урамшаад зураг зурах болсон.

-Ноолуураар зураг зурах технологио яаж боловсруулж олсон бэ?

-Хүмүүс ноосон дээр тавилаад зураг дүрслэл хийж байгааг харсан. Туршиж үзэхэд яг санаснаар гарч өгөхгүй дүрслэл хөдлөөд байсан. Эсрэгээр нь хийж үзье гээд зураглалыг нь доор нь тавиад үзэхэд ерөөсөө хөдлөхгүй байсан. Түүнээс санаа авч патент авсан.

-Танаас өөр хүмүүс ийм аргаар уран бүтээл хийдэггүй гэсэн үг үү?

-Яг ийм нарийн ноолууран зураг хийдэг хүн байхгүй л дээ. Ноосоор дээрээс нь зулж хийдэг арга бий.

-Та ноолууран дүрслэлээ зулж тогтоодог юм уу?

-Энэ зураг яг л зулхай хийдэг монгол аргаар бүтдэг. Эхлээд дүрсээ боловсруулаад, толин тусгалаар гаргана. Ноолуурын ширхэгээр нэг бүрчлэн зурж дууссаныхаа дараа хоёрдугаар давхарлагаа, өнгөн давхарлагаагаа хамгаалсан өнгүүд тавьж, фон болох ноолуураа зулаад, дээрээс нь илж биежүүлсний дараа монгол аргаар эсгий болгоно гэсэн үг.

-Зураг зурахаас хамаагүй илүү ажиллагаатай юм биш үү?

-Илүү ажиллагаатай. Хамгийн сүүлд эсгий болсны дараа л зургаа эргүүлж харах боломжтой. Наана нь үзэх боломжгүй. Анхнаасаа энд нарийн сүүдэр, дулаан өнгө байх ёстой, ямар харьцаагаар явахыг нарийн тооцох учиртай. Бүх ажиллагаа явж дуусаад, илээд агшаагаад эсгийрсний дараа зургаа эргүүлж харах боломжтой.

-Зургаа харахгүйгээр урлаж дуусгана гэхээр хэцүү юм аа. Хүний хөрөг бүтээхэд нүд, ам нь зөрөх тохиолдол байдаг уу?

-Тийм юм байхгүй л дээ. Яг энд дүрслэл гарах ёстой гээд нүдний өнгө, гэрэл сүүдэр бүгдийг тооцож явна. Эсгий ноос ноолуур уян зөөлөн учраас бага зэргийн хөдөлгөөн гарна л даа. Түүнийг бол агшаалтынхаа явцад засаад, зүүн шивүүрээр зарим хэсгийг нь хөдөлгөөнгүй биежүүлж, эсгийрүүлнэ.

-Та нийтдээ 60-аад уран бүтээл хийсэн гэсэн шүү дээ. “Амарбаясгалант”, “Нүүдэл” зургууд чинь маш том уран бүтээл юм билээ. Хамгийн ихдээ хэр хугацаа зарцуулав?

-”Амарбаясгалант хийд” зургаа хамгийн удаан хийсэн. Гурван сар гаруй хугацаа зарцуулсан. Үзэсгэлэнд байгаа ихэнх зургуудад хоёроос гурван сарын хугацаа зарцуулсан л даа. 15 зураг бий. Өмнөх зургууд маань ихэвчлэн ноосон бүтээлүүд байв. Америк, Шотланд, Англид үзэсгэлэнд оролцоход үзэсгэлэн дээрээсээ зарагдчихдаг. Англид төвтэй Олон улсын эсгийчдийн холбоо гэж байдаг. 2007, 2008, 2009 оны хуралд оролцож байлаа. 2008 онд “Нүүдэлчин монгол” эсгий урлалын үзэсгэлэн болсон. Монголын ширмэлчид, эсгийчид найман хүн оролцсон. Тэр үзэсгэлэн дээр миний арваад бүтээл зарагдсан юм.

-Урландаа л хийх үү?

-Арвангуравдугаар хороололд урлантай. Тэндээ л хийнэ.

-Туслах байдаг уу?

-Өөрөө бүгдийг бие дааж хийдэг. Бэлэн, самнасан, үйлдвэрийн, угаасан, цэвэр ноолуур авдаг.

-Уран бүтээл хийх ноолуураа яаж сонгодог вэ?

-Хамгийн нарийн, урт ширхэгтэй ноолуур сонгодог. Одоохондоо “Сор” кашмераас ихэвчлэн авдаг.

-Та ноолуураар зураг зурахаас гадна ноолууран эдлэл хэрэглэдэг үү?

-Ноолууран цамц, малгай бий.

-Жанжин Д.Сүхбаатарын хөрөг урлажээ. Хөрөг бүтээхэд онцгой ур шаарддаг уу?

-Хөрөг хийхэд хамгийн эхлээд нүүрний төрх, арьсны өнгийг бодолцож ноолуураа бэлтгэдэг. Бүх өнгийг нарийн гаргана гэсэн үг л дээ. Эрүү ам, хамраас авахуулаад хэлбэр дүрс гаргах, гэрэл сүүдэр хаанаа байна, бүгдийг нь нарийн тооцож явдаг. Явдалтай л даа.

-Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид таныг сонирхож байна уу?

-Ноолуурын компаниудад урилгаа өгч амжаагүй. Ноос, ноолуурын холбооныхон нээлтэд ирсэн. Хүрээлэнгийн ажилтнууд хамт олноороо ирсэн. Ноос, ноолуураар хувцас хийнэ үү гэхээс зураг урлана гэж төсөөлсөнгүй гэж ярьж байна лээ.

-Ноолууран зураг амьд, дулаан мэдрэмж төрүүлдэг юм байна. Та ноолууран зургаа борлуулсан уу?

-Нээлтийн дуудлага худалдаан дээр “Ойд цас оров” зургийг 7,8 сая төгрөгөөр “ЗДМ” хэвлэлийн компанийн захирал Д.Содбилэг худалдаж авсан.


-Ноолууран зураг гэхээр хэр эдэлгээтэй юм бол, хорхой шавьж иддэг болов уу гэж хүмүүс сонирхох байх л даа?

-Ноолууран зураг, эсгий зургийг гүнгэрваа жаазанд битүү хадгалбал удаан эдэлгээтэй. Эртний Кидан гүрний үеийн булшнаас олдсон эсгий гэхэд газрын хөрсөн доор байсан хэрнээ л хэдэн зуун жил хадгалагдсан байдаг шүү дээ. Эсгий амьд материал гэдгээрээ нар, салхи үзэхгүй бол байж л байна.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Эсгий туургатан гэдгээрээ ноолууран, зулмал зургийг дэлхийн хэмжээнд таниулахыг хүсч байна. Аялагчид Монголоос ноолууран зураг авах гэж зорьж ирдэг байгаасай гэж хүсдэг. Монголд ирсэн бол ноолууран зулмал зураг авах хэрэгтэй гэдэг болгохыг л зорьж байна. Ноолууран зулмал зургийг дэлхийд таниулахын тулд Монголын өв соёл түүх, ахуйг харуулсан зургууд бүтээхээр зорьсон.

-Та том зургуудаас гадна бэлэг дурсгалын уран бүтээл гаргадаг уу?

-Ноосон зургаар таван хошуу мал, байгалийн зураг, судалбар, монгол ахуйг харуулсан зургууд хийдэг л дээ.

-Дунд сургуулийн найзууд чинь бас үзэсгэлэнгээ гаргахад тусалсан гэсэн үү?

-Арван жилийн ангийнхан маань үзэсгэлэнгээ гаргахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулж оролцсон.

-Тан шиг ноолууран зураг бүтээж суръя гэсэн хүмүүс ханддаг уу?

– Анхан шатны сургалтад сууя гэсэн хүмүүс олон байдаг.

-Та эсгий гутлан дээр чимэглэл хийж байсан гэсэн шүү дээ. Хувцас урлаачидтай хамтарч ажиллах бодол бий юү?

-Би бол одоо хувцас урлал биш зураг талаа барьж явна. График зургийг бас эсгий, ноолууран зураглал дээр хийж байгаа.

Монгол ноолууран зулмал зураг дэлхийд анхдагч гэдгээрээ олон улсын үзэсгэлэнд томоохон хэмжээний бүтээлээр оролцох сонирхол байгаа.

-Хүссэн өнгөө гаргаж авахад хэцүү байдаг уу, ноолуураа будганд оруулдаг уу?

-Ноос, ноолуурын зориулалтын будагнууд байдаг. Усанд будгаа хийж найруулаад, ноос, ноолуураа дэвтээж, чанаж, өнгө оруулдаг. Удаан хугацаагаар их будганд хийвэл гүн өнгө орно. Хөнгөн дүрээд авах төдийд хөнгөн өнгө гарна. Хоёроос гурван өнгө л холих ёстой. Дуртай өнгөө гаргаж авах боломжтой.

-Та ямар үеэр уран бүтээлээ хийдэг вэ?

-Өглөө нэг их эрт босдоггүй. Яаралтай зурагтай үед босно уу гэхээс биш бусад үед найм, есөн цагт босоод, урландаа арав, арваннэгэн цагийн үед л ирдэг. Урландаа ихэвчлэн арван цаг ажилладаг. Орой 18-22 цаг хүртэл нарийн ажиллагаанууд явагдана даа.

-Та аль нутгийнх вэ, таны урладаг монгол ахуйг хаанаас мэдэрч авсан бэ?

-Би Улаанбаатарт төрсөн л дөө. Аавын нутаг Төв аймгийн Эрдэнэ сум. Багаасаа зундаа хөдөө өвөө, эмээ дээрээ очдог байлаа. Байгалийн үзэсгэлэнт газруудад бага насаа өнгөрүүлсэн. Морь унаж, хонь мал хариулж, тарвага зурамд явдаг байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *