Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл хийж байна.
Энэ удаагийн хуралдаанаар Залуусыг хөдөлмөрт бэлтгэх талаар авах арга хэмжээ болон төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа 5000 залуусыг 1 сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтанд хамруулах хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр:
2020 оны дөрөвдүгээр улиралын байдлаар 2.1 сая хөдөлмөрийн насны хүн бий. Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичиг 235 мянган хүн авдгаас 65 мянган нь 18-35 насны хүмүүс байна. Залуус халамж хүлээн авагч биш халамжаас хөдөлмөрт шилжих нь зүйтэй. Тиймээс Засгийн газраас 18-35 насны залуусыг хөдөлмөрт бэлтгэх 1 сарын вакум сургалтанд хамруулж, давхар 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталлаа. Ажиллах чиг баримжаа, зөв хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг баталсан. Ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс туршилтаар 500 залууг хамруулж эхлүүлнэ. Цаашлаад 5000 залууг сургах төлөвлөгөөтэй байна.
Сургалтанд хамрагдах залуус өмнө нь дипломтой байх шаардлагатай юу, голлох шалгуур юу вэ? гэсэн асуултад “Хүсэл тэмүүлэлтэй байх нь хамгийн голлох шалгуур болно. Олон улсын Soft skill-ийн стандартын дагуу сургалтын агуулгыг боловсруулсан. Уг хөтөлбөр ажилгүйдлыг буруулах том гарц биш ч ажлын байран дээр гарахад шаардлагатай суурь мэдлэгүүдийг боломжийг хүртэж чадахгүй байгаа залууст олгоно. Мөн мэргэжил олгодог богино хугацааны сургалт биш. Уг хөтөлбөр эмзэг бүлгийн, мэдээллийн дутмагийн байдлаас үүдэж боломжоос хүртэж чадахгүй байгаа залууст зориулсан. Сонгон шалгаруулалтыг хийхдээ e-mongolia платформоор дамжуулж бүртгэнэ” гэлээ.