Угааж үйлдвэрийн аргаар боловсруулсан ноосыг эрүүл, эко амьдралыг эрхэмлэгч улс орнууд барилгын дулаалгадаа ашигладаг болоод байгаа. Үүнээс гадна дуу чимээг тусгаарладаг, дотор агаарын чийгшил зохицуулдаг зэрэг олон давуу талтай ажээ. Тэгвэл манай улсад Европын холбооны санхүүжилтээр Чехийн “Пипл ин Нийд” байгууллага“Хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж ашиглах хангамжийн сүлжээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Уг төслийн менежер А.Амгалантай ярилцлаа.
-Та эхлээд төслийнхөө зорилгыг манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-“Хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж ашиглах хангамжийн сүлжээг бэхжүүлэх” төсөл маань 2013 онд эхэлсэн л дээ. Энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон гол зорилго бол хонины ноосоор өртөг шингэсэн барилгын дулаалгын материал үйлдвэрлэх байлаа. Улмаар барилгад ашиглаж, ард иргэд дулаан тохьтой амьдрах орчинг бүрдүүлэхийг зорьсон.Гол нь өртгийн сүлжээг бий болгоход чиглэгдсэн. Ингэснээр хонины ноосны ашиглалтыг сайжруулна. Цаашилбал эрчим хүч хэмнэснээр хүлэмжийн хийг бууруулах, иргэдийн зардал хөрөнгийг хэмнэх боломжтой болох юм.
-Хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал нь уламжлалт эсгийтэй төстэй юу. Ерөнхийдөө эсгийнээс шивтэр үнэртээд байдаг тал бий?
-Монголчууд эрт үеэс хонины ноосоороо эсгий хийж гэр орноо дулаалж байсан. Нүүдлийн ая дааж удаан эдлэгдэхийг нь тооцож аль болох нягт хатуу хийдэг байсан шүү дээ. Харин нэхээсгүй эдлэлийн технологиор хийж байгаа хонины ноосон дулаалгын материал нь ийм нягт бус, дундаа агаарын эзлэх зай ихтэй. Гэхдээ хоорондоо ширэлдсэн, биетэй бүтээгдэхүүн юм. Санаж байгаа бол шилэн юмуу чулуун хөвөн ч бас тиймэрхүү зузаан, сэвсгэр байдаг даа.Тэдгээртэй төстэй. Барилгад хэрэглэх арга технологи нь ч ижил юм. Эсгийнээс ялгаатай бас нэг тал нь угаасан ноосоор хийдэгт байгаа. Харин эсгийг угаагаагүй ноосоор хийдэг. Тийм болохоор уламжлалт эсгий шиг үнэртэхгүй. Бас хорхой шавжнаас хамгаалах боловсруулалт хийгдсэн байдаг.
-Манай улсад хонины ноосон барилгын дулаалгын материалыг хэдийнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Манайд яг одоогоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн”, “Таван Богд Инсулэйшн” ХХК, “Нэхээсгүй эдлэл” ХК, “Эрдэнэт хивс” ХХК үйлдвэрлэж эхэлсэн.Өнгөрсөн жил аравдугаар сард “Барилгын дулаан тусгаарлах ноосон материал”MNS 6470:2014 үндэсний стандарт батлагдсанаар зураг төсөлд оруулаад барилгаа дулаалах бүрэн боломжтой болсон юм. Мөн Дарханд “Эко Ноос” ХХК,Ховдод “МАДУ” ХХК тус тусүйлдвэрлэх бэлтгэл ажлаа хангаад байна.
-Бусад төрлийн дулаалгын материалуудаас ямар давуу талтай юм бол?
-Зөвхөн дулаалгын материалаас гадна барилгын дуу чимээ тусгаарлагчаар ашиглагддаг. Энэ мэтчилэн бусад дулаалгын материалуудтай харьцуулахад нилээд олон давуу талтай. Барилгын дулаалгын материалын хамгийн чухал үзүүлэлт нь дулаан дамжуулалтын илтгэлцүүр байдаг. Энэ үзүүлэлтээрээ хонины ноосон барилгын дулаалгын материал бусад дулаалгын материалиас илүү сайн.
-Монголд хамгийн ихээр ашигладаг шилэн хөвөн, хөөсөнцөр, эрдэс хөвөн зэргээс илүү гэж үү?
-Тэгэлгүй яахав. Эдгээртэй харьцуулашгүй давуу чанартай гэж ойлгож болно. Хэрэглэхэд хялбар, тусгай хамгаалалтын хувцас, бээлий өмсөх шаардлагагүй. Ноосны гайхалтай шинж чанар нь түүний агаар нэвтрүүлдэг-амьсгалдаг чанарт оршдог.Ноосон хувцас хүнийг хөлрүүлээд байдаггүйтэй яг адилхан. Байшинг ноосоор дулаалахад хөгц мөөгөнцөрт таатай орчин үүсдэггүй. Ноосны ширхэгтүүд нь агаарын чийгийг өөртөө шингээгч шинж чанартай. Орчноосоо хамаарч өөрийн жингийн 35 хүртэл хувьтай тэнцэх чийг шингээсэн ч дулаан тусгаарлагч шинж чанар нь буурдаггүй. Чийг шингээх үедээ өөрөөсөө бага хэмжээний дулаан ялгаруулж орчны температурыг нэмэгдүүлдэг. Цаг агаар дулаан үед дээрх үйлчилгээ эсрэгээр эргэж өөрт шингээсэн чийгээ гадагшлуулснаар орчноо сэрүүн байлгадаг юм. Өөрөөр хэлбэл, гадаа сэрүүхэн байхад дотор дулаан, гадаа халуун байхад дотор сэрүүхэн байлгадаг гэсэн үг.
-Шилэн хөвөн норохоороо буцаж хэвэндээ ордоггүй, дулаан тусгаарлах чадваргүй болдог гэх юм билээ. Тэгвэл хонины ноосон дулаалга нь норвол шинж чанараа алдах уу?
-Энэ тал дээр санаа зоволтгүй. Хонины ноосон дулаалга барилга угсралтын явцад бороо, цасанд норлоо гэхэд буцаад хатсаныхаа дараа хэлбэр хэмжээгээ алддаггүй дулаан тусгаарлах чадвар нь ч өмнөх шигээ байдаг. Шилэн хөвөнтэй харьцуулашгүй гээд байгаа өөр нэг шинж чанар нь энэ юм. Ноосон дулаалгын материал нь формальдегид, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл мэтийн агаар бохирдуулагч хийг шингээж, сарниулдаг. Өөр ямар ч дулаалгын материалд ийм шинж чанар байхгүй. Харин ч эсрэгээрээ байдаг. Жишээлбэл шилэн хөвөнгийн ширхэгт агаарт бужигнан амьсгалын замаар уушгинд нэвтэрч эд эсэд гэмтэл учруулдаг. Үүнээс үүдэн үрэвсэл үүсгэдэг. Эрдэс хөвөнгөөс дэгдэмхий, хортой бодисууд, фенол, феноальдегид, аммиакийн уур ялгардаг л даа.
Ноосны ширхэг нь буржгар, долгионтой учраас хангалттай зузаан хийсэн тохиолдолд сайн дуу тусгаарлагч болдог. Энэ шинж чанарыг нь аядуу зөөлөн цаг ууртай газрынхан илүү үнэлж үздэг. Агаарт болон барилгын бүтээцээр тархах дуу чимээг маш үр дүнтэйгээр бууруулдаг. Бас нэгэн давуу тал нь ноосон дулаалга байшингийн насжилттай ижил хугацаанд үүргээ биелүүлэх чадвартай. Манайхны их ашигладаг хөөсөнцөр гэхэд дээд тал нь 20 жилийн настай шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд баригдсан барилга галд тэсвэргүй байгаа нь хөөсөнцөр ашигладагтай холбоотой гэж Онцгой байдлын албаныхан онцолдог. Ийм төрлийн дулаалгыг барилгад аль болох хийхгүй байхыг анхааруулдаг л даа. Харин ноосон дулаалгын материал галд шатах уу?
-Цэвэр ноос нь дөллөн асаж шатдаггүй, харин хуйхлагддаг болохыг монголчууд маань андахгүй биз ээ. Шатаж байгаа зүйлээс холдмогц өөрөө унтардаг. Дулаалгын материалын хувьд гал дэмждэггүй ангилалдаа багтдаг. Тодруулбал, чулуун хөвөнтэй адил галд тэсвэртэй биш. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл галд бүрэн тэсвэртэй барилга гэж байдаггүй, түймэр гарлаа гэхэдшатах олон зүйл байдаг. Тийм болохоор барилгын материалын хувьд түймэр гарлаа гэхэд галыг түгээхгүй, хорт утаа гаргахгүй, хайлж дөлтэй дусал үүсгэхгүй байх нь л чухал. Ноосон дулаалга энэ бүх чанарыг хангаж байгаа. Түймэрт эндсэн хүмүүсийн дийлэнх нь шууд түлэгдэж бус угаартсан байдаг.
-Бусад оронд хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж, ашигладаг болов уу?
-Австри, Чех, Англи, Америк, Канад, Герман, Франц, Итали, Ирланд, Швейцар гэх мэт их олон оронд хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж ашигладаг. Бид Англи, Чех, Австрийн үйлдвэрүүдтэй холбогдон туршлага солилцож хамтран ажиллаж байгаа.Барууны орнуудад хонины ноосоор барилгын дулаан тусгаарлагч материал хийн тансаг зэрэглэлийн байшинд ашигладаг. Жишээлбэл, Англи улсад хуучны түүх дурсгалт байшинг засварлахдаа ихэвчлэн хонины ноосон материалыг ашигладаг. Энэ нэлээд өндөр үнэтэй дулаалгын материал. Тухайлбал, Францад 10 см зузаантай хонины ноосон материал нэг метр квадрат нь 15-20 евро буюу 31-42 мянган төгрөгийн үнэтэй. Харин ийм зузаантай шилэн хөвөн 3-8 евро, чулуун хөвөн 5-10 еврогийн үнэтэй байдаг. Чанартай, эко бүтээгдэхүүн учраас жишээлбэл Япончууд Австралиас ноос авч барилгын дулаалгын материал хийж ашигладаг. Японд бол дулаалгын материалаас илүү чийг тохируулах чанарыг нь чухалчилдаг.
-Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлттэй барилга гэж их ярих болсон. Хонины ноосон дулаалга ч эрчим хүчний хэмнэлт бий болгоно гэж та дээр дурдсан. Ингэхэд хэр зэрэг эрчим хүч хэмнэх бол?
-Зөвхөн ноосон дулаалгаар ч биш ер нь байшинг технологийн дагуу зөв дулаалбал эрчим хүч хэмнэнэ. Арван см зузаан хонины ноосон дулаалгын тусгаарлах чадвар нь ойролцоогоор 1.2 метрийн зузаан тоосгон ханатай дүйцнэ. Зөвхөн хонины ноосон ч биш, бусад дулаалгын материалууд ч гэсэн ойролцоо үзүүлэлттэй. Бид хонины ноосон дулаалгаар дулаалсан гурван байшинд эрчим хүчний аудит хийлгэсэн. СБД-ийн Бэлх дэх байшингийн гадна ханыг 10 см, таазыг 15 см хонины ноосон дулаалгаар дулаалж, ханыг ус тусгаарлах мембран болон металл өнгөлгөөтэйгээр хийсэн. Цонхыг шинэчилж хоёр хөндийт шилэн багцтай хуванцар жаазтай цонхоор сольсон. Ингэснээр барилгын хана болон хучилтын дамжуулалтын дулаан алдагдал дөрөв дахин, агаарын сийгэлтийн алдагдал тав дахин буурсан. Түлшний бодит хэрэглээ 40 гаруй хувь буурсан бөгөөд цаашид халаалтын зуухаа зөв хэрэглэж чадваас 60 гаруй хувиар ч бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Төвийн дулаанд холбогдоогүй айл өрхүүд ийм төрлийн хөрөнгө оруулалт хийвэл өвлийнх нь урсгал зардлыг бодитоор бууруулах болно гэдгийг энэ тоо харуулж байна. Харин орон сууцанд амьдардаг хүмүүст энэ тоо нь төдийлөн ач холбогдолтой санагдахгүй байж болох ч эрчим хүчний үнэ чөлөөлөгдөх тухай гэж ярьж байгаа өнөөгийн нөхцөлд цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх магадлалтай. Иймээс байшингаа дулаалж эрчим хүч хэмнэх шаардлага гарч байна.
-Монгол оронд хонины ноосон дулаалгын материал үйлдвэрлэх түүхий эд хангалттай байгаа.Тэгэхээр барилгын дулаалгын материалын импортыг орлож чадах уу?
-Монгол Улс нийт 40.9 сая толгой малтай бөгөөд үүний 44.3 хувь буюу 18.1 сая нь хонин сүрэг юм. 2012 оны байдлаар жилд 19.1 мянган тонн ноос бэлтгэсэн. Хамгийн гол нь ноос маань нөхөн сэргээгдэх нөөц баялаг. Жил болгон ноос бэлтгэнэ. Хонь байгаа цагт ноос байна. Манай монгол хонины ноосны 95 орчим хувь нь бүдүүн ноос байдаг. Ийм бүдүүн ноосоор хивс, эсгий хийхэд л тохиромжтой. Хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжхязгаарлагдмал байдаг. Манай улс нийт ноосныхоо 50 орчим хувийг л ашигладаг. Үлдсэн 50 хувийг нь угааж анхан шатны боловсруулалт хийгээд экспортолдог байлаа. Энэ гадагшаа гаргаж байгаа ноосыг боловсруулан дотооддоо ашиглах боломжтой. Мэдээж дулаалгын материалын бүх импортыг орлож чадахгүй. Гэхдээ амины орон сууцуудыг хонины ноосон дулаалгын материалаар дулаалах боломжтой.
-Ноосон дулаалгыг ямар төрлийн барилгад хэрэглэхэд хамгийн тохиромжтой вэ?
-Онолын хувьд ямар ч төрлийн байшинд хэрэглэж болно. Шинэ, хуучин гэх мэт. Гэхдээ модон болон канад технологиор баригдаж буй 2-3 давхар барилгад илүү тохиромжтой, хялбар. Цэцэрлэг, сургуулийн байшинг дулаалах боломжтой. Ер нь бол шилэн хөвөнгийн оронд ашиглаж болно. Энэ дулаалга маань хуйлмал хэлбэрээр гардаг. Гэхдээ шаардлагатай бол хавтан байдлаар зүсүүлж авч болно. Барилгын бүх хэсгийг хана, шал, дээвэр, дээврийн хөндийг дулаалж болно.
-Монголд хэдэн төгрөгөөр борлуулж байгаа вэ. Үнийн хувьд бусад дулаалгын материалтай харьцуулахад ямар юм бол, хаанаас худалдан авч болох вэ?
-Бусад дулаалгын материалтай харьцуулахад дундаж үнэтэй. Манайд 4, 5, 8 см-ын зузаантай, урт нь 5-12 метрээр үйлдвэрлэж байгаа. Дөрвөн см-ын зузаантай нь нэг метр квадрат нь 3,500-5,800 төгрөг, найман см-ын зузаантай нь 7,000-12,000 төгрөг байна.
-Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ямар утсаар холбогдох вэ?
-Та өөрт ойрхон байршилд байгаа газруудаасаа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Доорх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
-Хөнгөн үйлдвэр судалгаа хөгжлийн хүрээлэн”:99192645,
-“Таван Богд Инсулэйшн” компани: 94003434,
– “Нэхээсгүй эдлэл” ХК: 70071888
-Дархан-Уул аймагт “Эко-Ноос” компани: 94447469,
-Орхон аймагт “Эрдэнэт хивс” компани: 99352041
М.МӨНХ