Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Алтангэрэл: IT-ийн чиглэлд амжилт гаргахын тулд хүүхдүүдийг багаас нь бэлдэх шаардлагатай байна

Мэдээллийн технологийн үндэсний парк нь Япон улсын мэдээллийн технологийг дэмжих агентлагтай хамтран Азийн бүс нутагт мэдээллийн технологийн монгол мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх, мэдээллийн технологийн инженерийн шалгалтын цар хүрээг тэлэх, шалгалтын ач холбогдол, мэдээ мэдээллийг төрийн болон бизнесийн байгууллага, их дээд сургуулийн оюутнуудад таниулан сурталчлах зорилгоор “Мэдээллийн технологийн хүний нөөцийн чадвар-10 жил” семинарыг өнөөдөр зохион байгууллаа. МТҮП шалгалт нь Азийн 7 оронд зэрэг авдаг, 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт юм байна. Энэхүү шалгалтыг Монгол Улсад нутагшуулаад 10 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Дөрвөн түвшний 12 шалгалт байдгаас Монгол Улс одоогийн байдлаар 3 түвшний нийт 21 удаагийн шалгалтыг зохион байгуулсан байна. 21 удаагийн энэ шалгалтад 1500 шалгуулагч хамрагдсанаас 130 шалгуулагч амжилттай дүн үзүүлж сертификатаа гардан авчээ.
Энэхүү семинарт “Монголын МТ-ийн инженерүүдийн ур чадвар, онцлог” сэдвээр илтгэл тавьсан ШУТИС-ийн МХТС-ийн профессор багш А.Алтангэрэлтэй ярилцлаа.
-МТҮП шалгалт бидэнд ямар боломжийг нээж өгч байна вэ?
-Өнөөдөр инженерийн суурь шалгалт авч эхэлсний 10 жилийн алдаа оноогоо дүгнэж байна. Эндээс харахад шалгалт өгч байгаа орнуудынхаа хувьд Монгол Улс өндөр түвшинд явдаг. Шалгалт өгч байгаа хүний тоо цөөн байдаг. Эндээс олон улсын боловсон хүчин хэр их байна вэ гэдэг нь харагддаг. Хүн амаа дагаад боловсон хүчний тоо бага байна. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс сертификатынхаа түвшнээр зөвшөөрөгдсөн улсуудад ажиллах боломжтой байдаг. Энэ боломжийг л нээж өгч байгаа шалгалт юм.
-Олон улсын түвшинд өрсөлдөх инновацийг монгол хүн бүтээж байгаа юу?
-Олон улсад өрсөлдөх инновац бүтээх гэж л явж байна. Тэрнээс өмнө чадалтай боловсон хүчнээ л бэлдэх хэрэгтэй байна. Технологиудыг нэлээн гүнзгий нэвтрүүлэх тал руу л анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Бидний хувьд их дээд сургуулиудын хувьд чадлынхаа хэрээр бэлдээд явж байна. Өндөр чадвартай боловсон хүчин бэлдэхэд хүүхдүүдийн суурь мэдлэг ерөнхийдөө дутагдалтай байдаг. Цөөн тооны шаардлага хангахуйц хүүхдүүд байна. Ихэнхийнх нь мэдлэгийн түвшин хүрч чадахгүй байна. Тэгэхээр бид ирээдүйд IT хэмээх гол гарцаа харж байгаа бол хүүхдүүдийг багаас нь өндөр түвшинд хөгжүүлчихбэл тэд их дээд сургуулиудад маш амжилттай сурч маш сайн инженер болох боломж байна.
Үүнд бас нөлөөлөх зүйлүүд бий. Сургуулиудын зааж байгаа хөтөлбөр дээр сүүлийн үед анхаарч ажиллаж байна. Багш нарын чанар чансаа дээшилж гадаад дотоодод цол хамгаалсан багш нар нэлээд боллоо.
-Монголд уул уурхай их хөгжиж байна. Тэгвэл мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлбэл илүү баялаг бүтээх ирээдүй бий юу?
-Энэтхэгт энэ салбар их сайн хөгжсөн байдаг. Тэд дэлхийн стандартад нийцсэн сургуулиудыг байгуулж боловсон хүчиндээ анхаарсны хүчинд Энэтхэг өнөөдөр тэргүүлж байна. Энэ хүмүүс аутсорсинг хийж байна. Аль ч улс оронд очсон Энэтхэгийг боловсон хүчин өндөр чанартайд тооцогдож ажлын байраар хамгийн түрүүнд хангагддаг. Монгол хүмүүс ч бас ингэж үнэлэгдэх боломж байгаа. Түрүүчээсээ “Фэйсбүүк”, “Гүүгл” ч гэдэг юм уу олон нэр хүндтэй газар ажиллаж байгаа монгол инженерүүд байна. Гэхдээ харьцангуй цөөхөн байгаа. Тиймээс энэ тоог л нэмэгдүүлэх юм бол уул уурхайгаасаа илүү мөнгө олох боломж бүрдэж байгаа.
-Монголд ямар компани мэдээллийн технологийн бизнесээр амжилттай ажиллаж, мөнгө олж чадаж байна вэ?
-Яг ямар компани хэр их мөнгө олж байгааг би баримттай хэлж чадахгүй. Дэлхийн компаниудад ажиллаж байгаа хүмүүс бол тэр компаниудын техник, технологийг эзэмшинэ. Буцаад Монголдоо ирээд үүнийгээ ашиглана. Өндөр хөгжилтэй бүх орон ингэж явсан. Жишээ нь Солонгос, Хятад, Энэтхэг гэх мэт улсууд бүгд л боловсон хүчнээ гадаадад гаргаж ажиллуулж байсан. Тэгээд хүмүүс нь буцаад улс орондоо технологи, инновацийг авчирсан. Монгол ч гэсэн яг л энэ замаар явах ёстой.
-Багш нарын хувьд хэр их бэлтгэгдэж байна. Та түрүүн илтгэлдээ багш нарыгаа хүүхдүүд нь гүйцэж түрүүлээд явчих тал бий гэсэн?
-Дунд сургуулийн мэдээллийн технологийн хичээл заадаг багш нарыг чадавхжуулах хэрэгтэй байна. Их дээд сургуулийн хувьд бол ер нь боломжийн байгаа. Дунд сургуульд байхад нь хүүхдүүдийн суурийг нь сайн тавьж өгөх хэрэгтэй. Тэгээд суурийг нь тавьчихсан хүүхэд бол их дээд сургуульд орж ирээд сурахад илүү боломж нээгдэнэ. Үүнийг сайжруулахын тулд их дээд сургуулиудад хөтөлбөрийн шинэчлэлт хийж, гадны стандартуудыг нэвтрүүлж байна. Дунд сургуулийн хүүхдүүдийн мэдээлэл зүйн боловсролыг дээшлүүлэхийн тулд багш нар нь дугуйлан маягаар хичээллүүлэх хэрэгтэй. Ер нь бол математик сэтгэлгээ хөгжсөн хүүхдэд л IT буюу алгоритм гэдэг сэтгэлгээг л хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй манай арван жилүүдэд хэдэн хэрэглээний программууд дээр л ажилладаг. Тиймээс алгоритмын мэдлэгийг л сайн заах хэрэгтэй байна.

-Гадаадын уралдаан тэмцээнд монгол хүүхдүүд хэр амжилттай оролцдог вэ?
-Олон улсын мэдээлэл зүйн олимпиад гэж жил бүр болдог. Эндээс Батнамжин, Батбаатар гээд хоёр хүүхэд 10 жилийн өмнө буюу 2005, 2006 онд медаль авч байсан. Түүнээс хойш нэг ч медаль аваагүй байна.
-Жил бүр оролцдог уу, яагаад медаль авахгүй байна вэ?
Жил болгон оролцдог. Гэхдээ хүүхдүүдийн түвшин хүрэхгүй байна. Энэ бол бид хэтэрхий хожуу бэлтгэснийх юм. Ерөнхийдөө хүүхдүүдийг 10, 11 дүгээр ангиас нь бэлтгээд л ордог. Тийм учраас гадныхан хэлж байна. 10 наснаас бэлд. Тэгж байж амжилт гаргана гэж.
-Оюутнуудын олимпиад гэж байдаг уу?
Оюутнуудын SCM олимпиад гэж бий. Энэ олимпиадад оюутнууд жил болгон багаараа амжилттай оролцож хүрэл, мөнгөн медалиудыг авч байгаа. Үүнд МУИС, ШУТИС-ийн багууд их сайн оролцдог.
-IT-р ажилд ороход арын хаалга байхгүй болно гэж та түрүүн илтгэлдээ хэлж байсан. Энэ талаар?
-Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ажил олгогчид тодорхой шалгалтуудад тэнцсэн сертификатуудыг шаарддаг байх ёстой гэсэн үг юм. Тэгвэл сертификат авсан хүн л тухайн ажилд орно шүү дээ. Ер нь гадаадад бол тийм л зарчмаар явдаг. Манайд бол дөнгөж эхлэлийн шатан дээр л байна.
-Монголд IT-ын мэргэжилтэй хүмүүсийг ямар компаниуд түлхүү ажилд авч байна вэ?
“Интерактив” компани байна. Мөн “Ай би ай”гэсэн гол компаниуд байна. Мөн гадны компаниудад ч ажиллаж байна. Жишээ нь “Юни медиа” байна. IT-н чиглэлэр ямар компаниуд амжилттай ажиллаж байна вэ гэдэг мэдээллийг “МОСА” байгууллагаас дэлгэрэнгүй авч болно. нэ нь программ хангамж үйлдвэрлэгчдийн нэгтгэсэн холбоо юм.

О.ӨНӨРЦЭЦЭГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *