Categories
мэдээ нийгэм

А-92 шатахууны үнэ одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй

Монгол Улсын төсвийн орлогод 2019 онд уул уурхайн салбараас татвар, хураамж хэлбэрээр 2.9 их наяд төгрөг бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 25.4 хувиар өссөн дүнтэй гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн эхэнд онцоллоо.

Салбарын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилийн хугацаанд өссөн эерэг үзүүлэлттэй байгаа нь манай эдийн засагт эерэгээр нөлөөлж буйг мөн хэлэв. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 13.8 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байна.

Мөн шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар бодлогын арга хэмжээ авч, зохицуулалт хийж байгаа юм байна. А-92 шатахууны үнийг одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй гэдгийг мэдээллээ. А-92 шатахууны хагас жилийн нөөцийг бүрдүүлсэн аж.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Хэджинг хийх санхүүжилтийг хэрхэн гаргах гэж байгаа вэ?

-Шатахууны үнэ ханшийг тогтвортой барих ёстой. Манай улс анх удаа шатахууны үнэ ханшийг тогтворжуулах, олон улсын санхүүгийн хэрэгсэл болох хэджинг хийх аргыг ашиглах гэж байна. Энэ бол зөв зүйтэй алхам. Шатахууны үнийг тогтвортой барихгүй бол ард түмний нуруун дээр бүх ачаа нь ирнэ.

Сингапурын BDO сантай хамтран шатахууны үнийг тогтворжуулах хэджингийн хэлцэл хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, АИ-92 дээр хэджинг хийх бөгөөд тус шатахууны одоогийн үнэ ханш цаашид өсөхгүй. Цаашид ч хэджинг хийнэ. Ер нь шатахууны үнийг өсгөхгүй байхаар Засгийн газраас зохицуулалт хийж байгаа.

Энэ санхүүгийн хэрэгслийг олон жил улс орнууд ашиглаад ирсэн юм. Хаанаас мөнгийг нь гаргаж, хэн босгох гэж байгаа юм гээд хардаад байх шаардлагагүй. Харин өмнөх сайдуудын үед яагаад хэджинг хийдэггүй байсан юм бэ гэдгийг би гайхаж байна. Мөн шатахуун хангамжийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна.

– Энэхүү гэрээг цаашид үргэлжлүүлэх үү?

– Цаашид үргэлжлүүлнэ. Мөн “Роснефть” компанийн дор охин компани байгуулах тогтоол сая засгийн газрын хуралдаанаас гарсан. Энэ онд ОХУ-ын “Роснефть” компаниас хэчнээн хэмжээтэй шатахуун худалдан авах, ямар үнээр худалдан авах зэрэг хоёр талын хамтарсан компани байгуулах талаар хэлэлцэхээр ажлын хэсэг ОХУ-ыг зорино.

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO ажил ямар нөхцөл байдалтай явж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO бэлтгэл ажил маш сайн яваа. Гэхдээ бид IPO тай холбоотой илүү тодорхой асуудлуудыг ярьж болохгүй. Олон улсын хөрөнгийн биржээс бидэнд ирсэн зөвлөмжид зааснаар IPO-тай холбоотой мэдээллийг санаатай, санаандгүй гаргасан тохиолдолд биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай байгаа тул бид мэдээлэл өгч болохгүй. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг маш чухал.

– Энэ онд нүүрсний үнэ хэрхэх бол?

– 2020 оны дүр зургууд уналттай биш бөгөөд түвшингээ хадгалаад явна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *