АНУ-ын Элчин сайдын яамнаас өчигдөр (2024.11.06) “Новотел” зочид буудлын хурлын танхимд сонгууль ажиглах өдөрлөг зохион байгууллаа. АНУ-ын “CNN”, “Fox news” телевизүүд сонгуулийн үйл явцын мэдээлллийг хэрхэн түгээж буйг танхимын дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэв.
АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Мэйтью Фэрэнс хүндэт зочдоо угтан авсан юм. Өдөрлөгийн турш жишил санал хураалт явагдаж, зочид төлөөлөгчдөд АНУ-ын сонгуулийн санал хураалтын үйл явцыг өөрийн биеэр мэдрэх боломж олгож, америк дипломатчид танилцуулга хийсэн нь ихэд сонирхолтой байв.
АНУ-ын сонгуулийн талаар мэдээлэл өгөх ширээнүүд ажиллаж, зочид төлөөлөгчид сонгуулийн үйл явц, гол сэдвүүдийн талаар америкчуудтай ганцаарчлан ярилцсан юм. Эхний ширээ сонгуулийн коллеж, санал өгөх үйл явц, хэн нэр дэвших боломжтой, санал авах санаачилгууд болон мөрийн хөтөлбөрт голчлон төвлөрсөн бол удаах нь сонгуулийн коллеж, эрх мэдлийн хуваарилалтын талаарх мэдээллийг хүргэж байлаа. Гурав дахь ширээн дээр үндэсний болон муж, орон нутгийн асуудал өрнөсөн бол дөрөв дэх ширээний зочид эдийн засгийн асуудлаар мэдээлэл сонсов.
Энэ үеэр АНУ-ын сонгуулийн талаарх монголчуудын үзэл бодол хэлэлцүүлэг болж, монгол мэргэжилтнүүд тус сонгуулийн талаар үзэл бодлоо илэрхийллээ. Дараа нь монгол сэтгүүлч АНУ-ын сонгуулийг бодит цаг хугацаанд сурвалжилж буй үйл явцыг толилуулав.
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдсан хоёр дахь хэлэлцүүлэг “АНУ-ын сонгуулийн талаарх монголчуудын үзэл бодол” сэдвээр өрнөж, монгол мэргэжилтнүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм
ХАМГИЙН ОЛОН САНАЛ АВСАН НЭР ДЭВШИГЧ
БҮХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН САНАЛЫГ АВДАГ
АНУ-д бүх нийтийн сонгуулийн санал хураах өдөр үргэлж арваннэгдүгээр сарын 1-нээс хойшхи эхний Мягмар гаригт тохиож, иргэд санал өгөх байранд өөрийн биеэр, эсвэл урьдчилан шуудангаар саналаа өгдөг. Энэ өдөр АНУ-ын 18-аас дээш насны, сонгууль өгөх бүртгэлтэй иргэд саналаа өгнө. Мужууд нь өөр өөрийн сонгуулийн хуультай.
АНУ-ын иргэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн төлөө саналаа өгснөөр Сонгогчдын коллеж хэмээх үйл явцад өөрсдийн мужийг төлөөлөх төлөөлөгчдийг сонгож буй юм. Муж бүрт хүн амын тооноос хамаарч тодорхой тооны төлөөлөгч хуваарилдаг бөгөөд Монтана, Аляск зэрэг мужууд 54 төлөөлөгчтэй аж. Бараг бүх мужийн хувьд хамгийн олон санал авсан нэр дэвшигч тухайн мужийн бүх төлөөлөгчийн санал авдаг байна.
Сонгогчдын коллеж нь нийт 538 төлөөлөгчтэй. Нэр дэвшигч нийт төлөөлөгчийн олонхийн саналыг авахын тулд хангалттай тооны мужид ялалт байгуулах, эсвэл хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авах шаардлагатай.
Мужийн төлөөлөгчдийн тоо тус мужаас Конгресст суугаа төлөөлөгчдийн тоотой тэнцэнэ. Конгресс дахь Төлөөлөгчдийн танхим 435 гишүүнтэй бол Сенатын танхим 100 сенатчтай. Нийлээд 535 бөгөөд АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си нь муж биш ч гурван төлөөлөгч нь нэмэгдээд 538 болдог байна.
Америкчууд энэ онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, АНУ-ын Сенатын 1/3-ийг сонгоно. Мөн энэ жил мужийн төлөөлөгчдийн, нийтийн сургуулийн удирдах зөвлөл болон орон нутгийн бусад албан тушаалтнуудын сонгууль болж буй юм.
Өдөрлөгийн үеэр зочид, төлөөлөгчид АНУ-ын сонгуулийн санал хураалтын үйл явцын талаар ямар мэдээлэл, санал бодолтой байгаа талаар сонирхлоо.
“АНУ АЗИЙН БҮС ДЭХ АРДЧИЛЛЫН ТҮНШ МОНГОЛ УЛСТАЙ ТУУШТАЙ ХАРИЛЦААТАЙ ХЭВЭЭР БАЙХ БОЛНО”
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган:
-Юуны өмнө АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн сонгуулийн онцлог юунд байна вэ?
-Баярлалаа. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль төдийгүй Сенат, Конгрессийн гишүүдийг, зарим муж, хотууд захирагчаа сонгож байна гээд бүх шатны эрх баригчдыг сонгох сонгууль болж байгаа учраас бид ерөнхий сонгууль гэж нэрлэдэг. Дөрвөн жилд нэг удаа болдог. Өнөөдөр Америкийн ардчиллын хүч чадлыг тод харууллаа. Бид АНУ-ын бүх нийтийн сонгуулийн мөчүүдээс Монголын болон олон улсын нөхөдтэйгөө хуваалцсандаа маш их баяртай байна. Бидэнтэй нэгдэж, ардчиллын үйл явцыг тэмдэглэсэн бүх хүмүүст баярлалаа.
-Хоёр орны харилцаанд та чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүний нэг. АНУ-ын 47 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль Монгол, Америк хоёр орны харилцаанд ямар нааштай үр дүн авчрах бол. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Түүхийн хувьд манай хоёр орны харилцаа маш бат бөх байсаар ирсэн. Бидний хувьд өндөр түвшний харилцан айлчлалууд байнга давтамжтайгаар явагдаж байсан. Иргэд хоорондын харилцаанаас эхлээд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр ирсэн. Энэ нь дипломат харилцаа тогтоосноос хойш тогтоосон 35 жилийн хугацаанд Бүгд найрамдахчууд төр барьсан ч бай, Ардчилсан намынхан төр барьсан ч адилхан явж ирсэн. Тийм учраас Монгол Улстай харилцах харилцаанд аливаа нэгэн намын нөлөө, харъяалал гэсэн зүйл огт байхгүй. Бидний бодлого Азид тууштай хэвээрээ байна. Түүнээс гадна Азийн бүс дэх ардчилсан түншүүд, түүний дотор Монгол Улстай бид тууштай харилцаатай хэвээр байх болно.
“БИД ЕРӨНХИЙЛӨГЧ, КОНГРЕССЫН ГИШҮҮД, МУЖ БОЛОН ХОТУУДЫН ГОЛ ТӨЛӨӨЛЛҮҮДЭЭ СОНГОЖ БАЙНА”
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Молик Д.Бэркана:
-АНУ-ын 47 дахь ерөнхиийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Өдрийн сонин”-ы хамт олонд манай сонгуулийн өдөрлөгийн арга хэмжээнд оролцож байгаад маш их баярлалаа. Бидний энэхүү арга хэмжээнд залуучууд түлхүү оролцож байгаад их баяртай байна. Санал хураалтын үр дүнгийн талаар хэлэхэд эрт байна. Энд байгаа дэлгэц дээр Сонгогчийн коллежийн үйл явцын яг одоогийн мэдээллийг харуулж байна. Одоогийн байдлаар санал хураалтын дүн тал хувь нь гараад байна.
-Америкчуудын хувьд сонгуульд оролцох идэвх нь өндөр байна уу?
-Гэр бүл, ойр дотныхны мэдээлж буйгаар, иргэд энэ жилийн сонгуулийг маш их сонирхож, урд урдынхаасаа илүү их идэвхтэйгээр саналаа өгч байгаа юм байна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч оролцож байгаа нь дэлхийн анхаарлыг татаж байна. Та энэ удаагийн сонгуулийн онцлогийн талаар юу хэлэх вэ?
-Миний хувьд энэ сонгууль дөрвөн жилд болдог л үйл явц, болдгоороо болж байна л гэж бодож байна. Бид Ерөнхийлөгчөө сонгоод зогсохгүй, Конгрессын гишүүд, мөн муж болон хотууд гол төлөөллүүдээ сонгож байгаа юм.
-Та энэ чухал мөчид Монгол Улсад ажиллаж байна. Ерөнхий сонгуульдаа урьдчилж саналаа өгсөн үү?
-Би Вашингтон мужид харъяалагддаг. Манайд мужид нэлээн эрт сонгуульд оролцож, саналаа өгөх эрх нэлээн эрт нээгдсэн. Би саналаа гурван долоо хоногийн өмнө и-мэйл захидлаар хүргүүлсэн.
-Тэгэхээр сонгуульд саналаа өгөх олон эрх байх нь, тийм ээ?
-Ямар ч байсан 2-3 янзаар саналаа өгөх боломжтой. Миний өсөж төрсөн Ориган мужид бүх сонгогчийн саналыг шуудангаар авдаг. Зарим газар и-мэйлээр саналаа өгч болж байхад зарим нь өөрийн биеэ очиж сонгуульдаа оролцох бүрэн боломжтой.
-Монгол Улсад товчхон хэлбэл, илүү олон санал авсан нь ялдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч бүх мужийн сонгуулийн үр дүн гарсны дараа тодрох бил үү?
-Америкийн сонгуулийн процесс багагүй ярвигтай. Зарим америкчуудад ч энэ процессыг ойлгох хэцүү байдаг. АНУ-ын хувьд муж бүр сонгуулийн хуулийнхаа дагуу саналаа тоолж, дүнгээ нэгтгээд зарладаг тогтолцоотой. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч тодорно.
“ХОЁР ДАХЬ УДААГАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ТҮҮХ ДАВТАГДАХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА”
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үйл явцыг ажиглахад танд ямар бодол төрж байна вэ, түүнээсээ хуваалцахгүй юу?
-Мэдээллээс хараад, Трамп ялах юм болов уу гэж бодоод зогсож байна. Америкийн түүхэнд 1800 онд Ерөнхийлөгчөөр нэг хүн хоёронтаа сонгогдож байсан юм билээ. Хоёр дахь удаагаа ерөнхийлөгч болсон түүх давтагдах магадлалтай байна.
-Трамп ялбал ам.долларын ханш чангарч, Азийн валютууд суларна гэсэн мэдээлэл бий. Америкийн энэ удаагийн сонгууль Монгол Улсад ямар байдлаар нөлөөлөх бол?
-Зөвхөн Монгол талаасаа гэж харвал, Трамп гарвал манай урд талын хөрштэй асуудал өрнөж магадгүй. Урд нь өрнөж байсан түүхтэй шүү дээ. Дам нөлөө нь бидэнд жаахан сөргөөр нөлөөлж болзошгүй. Одоо байгаа цэнхэр бодлого энэ чигээрээ явбал хойд хөршид өрнөөд байгаа үйл явдал дамаараа нөлөөлнө. Бид том тоглогч биш шүү дээ. Хэн ч сонгуульд ялсан бай цаашдын үйл ажиллагаа бидэнд тус дэмтэй байгаасай гэж залбирч байна. Тэрнээс аль нэг нь гараад, манайд байдал сайжраад, зээлжих зэрэглэлийг сайжруулаад, зээл тусламж өгөх асуудал мэдээж хэрэг тусдаа. Засгийн газар хамтарч ажиллана. Одоо манай дээр хэрэгжих хамгийн том, усны төсөл Мянганы сорилтын сан дээр явж байна. Хувь хүний талаасаа энэ төсөл батлагдаад хэрэгжээд явбал зөв гэж бодож байна.
“МОНГОЛЧУУДЫН ХУВЬД АНУ РУУ ЯВЖ СОНГУУЛЬ
АЖИГЛАХ БОЛОМЖ ТЭР БҮР БАЙДАГГҮЙ”
Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажиглаад, танд ямар бодол төрөв?
-Миний хувьд хоёр нэр дэвшигчийн аль нь ч гарсан Монгол Улстай харилцаа сайн хэвээрээ байна гэж итгэж байна. Энэ жилийн сонгууль ширүүн өрсөлдөөнтэй байгаагаараа үзүүштэй болж байна. Монгол Америкийн хооронд 1989 онд дипломат харилцаа тогтсон. Манайд 1990 онд Ардчилсан хувьсгал ялсан. 1989 оноос хойш хоёр улс сонгуулийн явцыг харилцан ажиглах гэж үзсэн. Манай сонгууль бүрийг АНУ-ын ажиглагчид ирж ажигладаг. Манай монголчуудын хувьд Америк руу явж ажиглах боломж тэр бүр байдаггүй. Одоо сонгуулийн санал хураалтын үйл явцыг дэлгэцээр шууд дамжуулж, хөндлөнгөөс ажиглах боломжтой болж байгаа нь надад сонирхолтой санагдаж байна.
-Бидэнд энэ сонгуулиас сурах зүйл юу байна вэ?
-Трамп, Харрис хоёр өнөөдөр сонгуулиа өгч байна. Тэгэхэд өчигдөр оройны 24 цаг хүртэл сурталчилгаагаа хийлээ. Манайд 24 цаг боллоо, сурталчилгаа дууслаа гээд амыг нь үдчихдэг шүү дээ. Тийм юм байхгүй байна. Эд нар өнөөдөр ч бараг сурталчилгаагаа хийгээд л байх шиг харагдаад байна. Тэгэхээр үг хэлэх, хэвлэн нийтлэх, өөрөө өөрийгөө сурталчлах, дэмжигчид нь хоорондоо чөлөөтэй мэдээллээ сонгох асуудал ямар ч хорио саадгүй байх шиг байна. Дээр нь CNN, Fox news гээд хоёр мэдээллийн эх сурвалжийг бид харж байна. Хоёр өөр байр суурьтай телевизийн мэдээг харахад урьдчилсан санал хураалтын дүнг эхнээсээ санал асуулгаар аваад, мужийн хорооны баталгаажсан мэдээлэл, иргэдээс авсан санал асуулгыг зэрэгцүүлж тавиад, шууд танилцуулаад байна. Энэ нь манайд бас байхгүй эрх чөлөө байна.
“АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ДЭЛХИЙН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНД ӨНДӨР НӨЛӨӨТЭЙ”
Төслийн Удирдлагын Институт (PMI)-ын ерөнхийлөгч Б.Түмэнцогт:
-Сонгуулийн үйл явцын талаар та юу хэлэх вэ?
-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн АНУ-ын сонгууль биш, дэлхийн улс төр, эдийн засаг, олон улсын харилцаанд өндөр нөлөөтэй сонгууль. Эдийн засгийн бодлого, ажил олголт, үнийн өсөлт, инфляци гэсэн хэдэн асуудалд төвлөрч байх шиг байна. Хоёрдугаарт, цагаачлалын бодлого. Нэлээн хатуу байр суурьтай байх шиг байна. Мөн эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн асуудал яригдаж байна. Муж болгон хууль тогтоомжоор шийдэх үү, эсвэл тухайн хүн өөрийн эрхээр шийдэх үү гэдэг асуудал байна. Мөн гадаад бодлого. Бүс нутгийн аюулгүй байдал, жишээлбэл, Орос, Украины дайны санхүүжилт, НАТО-гийн асуудал байна. Зарчмын байр сууриуд арай өөр боловч ерөнхийдөө бүгд орвонгоороо эргэх асуудал байхгүй. Нэр дэвшигчдийн саналын зөрүү ойролцоо л гарах юм шиг байна.
-Энэ сонгуулийн үр дүн манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Нэг үе глобальчлал гээд бүх юм нээлттэй байх ёстой гэсэн бодлого явсан. Трамп “Make America again great” гэж гарч ирсэн. Тиймээс үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого явах чиг хандлагатай байна. Хятадтай худалдааны дайнтай холбоотойгоор Хятадаас орж ирж байгаа импортын бараанд өндөр татвар тавих ч юм уу. Ингэснээр бусад орнуудын импорт, тухайлбал Монгол Улсын эдийн засагт дам нөлөөлөх боломжтой.
“АНУ-Д ЕРӨНХИЙЛӨГЧ 11 ДҮГЭЭР САРД СОНГОГДСОН Ч ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД АЖИЛДАА ОРДОГ”
Фулбрайт хөтөлбөрийн англи хэлний багш Майя Алболд:
-Төрийн тэргүүнээ сонгох энэ чухал өдөр та саналаа хэрхэн өгсөн бэ?
-Би бүр есөн сард сонгуульд оролцохоор бүртгүүлээд, саналын хуудас ирэнгүүт ЭСЯ дээр ирээд саналаа өгч, шуудангаар илгээсэн.
-Энэ сонгуулийн үр дүн ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
-Нэр дэвшигчдийн санал маш ойрхон гарах байх гэж бодож байна. Төлөөлөгчдийн танхим, Конгресс маань БНН руу илүү чиглэх болов уу.
-Монгол Улсад хоёр ч сонгууль болсон. Та сонирхож үзэв үү? Ямар бодол төрсөн бэ?
-Сонгуулийн дараа Монголд ирсэн. Гэхдээ миний ажигласнаар Монголд сонгууль маш хурдан явагддаг юм билээ. Үр дүн нь орой гэхэд бараг шууд гардаг. Мөн шинээр сонгогдсон Засгийн газар, УИХ, гишүүд нь маш хурдан ажилдаа орчихдог юм байна. Америкт бол Ерөнхийлөгч сонгогдсон ч нэгдүгээр сард ажилдаа ордог. Миний харснаар ХҮН нам гэж нам гарч ирээд, залуучуудаа дэмжих уриатай байгаа нь маш их таалагдаж байна.
-Та хоёр нэр дэвшигчээс хэнийг Ерөнхийлөгч болоосой гэж бодож байна вэ?
-Камала Харрисыг дэмжиж байгаа. Тэрбээр гэр бүл төлөвлөлтийн асуудал, үр хөндөлтийн асуудлыг гарган тавьж байгаа Би Флорида мужаас ирсэн. Тэнд энэ асуудал хурцаар тавигддаг.
ДОНАЛД ТРАМП СОНГУУЛЬД ЯЛСНАА ЗАРЛАЛАА
Дугаар шилжих мөчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн дэмжигчдэдээ хандаж үг хэлж, сонгуульд ялснаа зарлав. Тэрбээр сонгуулийн дүн хаашаа ч эргэх магадлалтай Пенсильвани, Хойд Каролина, Жоржиа муж улсуудад илүүрхсэнээр Камала Харрисын ялах магадлал эрс багассан байна.
Д.Трамп 2020 оны сонгуульд Жо Байденд ялагдсаны дараа Цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдож буй нь ер бусын үйл явдал болох юм.
Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч 2025 оны нэгдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаанд Цагаан ордонд сууж, АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашна. Америкийн Ерөнхийлөгч хууль сааначилж, батлах эрхтэй ч ихэнх тохиолдолд Конгрессын дэмжлэг авах шаардлагатай болдог. Тэрбээр дэлхий дахинд АНУ-ыг бүрэн төлөөлж, гадаад бодлогыг бие даан хэрэгжүүлэх эрх үүрэгтэй юм.
Д.ЭРДЭНЭТУЯА