Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Н.Энхбаяр: Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ гэдэг зохистой хязгаарыг тогтоох ёстой DNN.mn

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналууд ташраараа унаснаас харахад, ирэх оны төсөв ер нь анх өргөн барьснаараа батлагдах бололтой. Асуудлын гол нь юунд байна вэ гэдэг чухал. Бид төсвөө төлөвлөж чадахгүй байна уу?

-Манай эдийн засагт төсөв чухал. Сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүний 37-38 хувийг эзэлж байна. Зарлага өмнө нь 27 их наяд байсан бол ирэх онд 35 их наяд хүрэх гэж байна. Нэг талаараа эзэлж буй дүнгээрээ, нөгөө талдаа орж буй орлого нь уул уурхайн салбараас хамааралтай учир манайх шиг улсын хувьд их түвэгтэй. Ерээд онд зах зээлийн харилцаанд адилхан шилжсэн Зүүн Европын орнууд, Зүүн Өмнөд Азийн Вьетнам, Лаос, Камбож улсуудыг харахаар түүхий эдийн орлого багатай. Үйлчилгээ, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжсөн байдаг учраас эдийн засаг нь харьцангуй тогтвортой. Тал бүрийн орлоготой байна. Вьетнам улсын эдийн засаг гэхэд сүүлийн 20 жилийн турш 5-6 хувийн өсөлттэй байна. Хэлбэлзлээ гэхэд нэг л хувь.

Монгол Улсын хувьд төсвөө төлөвлөнө гэдэг маш түвэгтэй асуудал хэвээрээ байгаагийн гол шалтгааныг нэрлэхгүй юү?

-2008, 2009 он хүртэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш бага байхад манайд арай хялбар байсан. 1990-ээд оны сүүлээр би татварын хэлтэст ажиллаж байсан. Яг орлого төлөвлөхөд дараа жилийн гүйцэтгэл нь түүнээс 2-3-хан хувийн зөрүүтэй гардаг, маш оновчтой төлөвлөдөг байсан. 2008, 2009 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш өсч, Монгол Улсын нүүрсний экспорт 4, 5 саяд хүрсэн юм уу даа. Бид уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай болоод 20 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Тэр үеэс манай төсвийн төлөвлөлт амаргүй, савлагаа ихтэй болсон. 2008 оноос хойш гээд тооцоод үзвэл, 2008, 2009 оны эдийн засгийн хямрал, 2012 оноос хойш түүхий эдийн уналт, ковид гээд гурван ч удаа манай эдийн засаг гадаад зах зээлийн хүчин зүйлээс хамаараад савлаж байна. Ийм савлагаатай байдаг учраас бид төсвийг туйлын анхаарал болгоомжтой, эрсдэлийг бодож төлөвлөх шаардлагатай юм.

-Салбарын мэргэжилтнүүд одоогийн төсвийн хууль, эрх зүйн орчин өнөөдрийн шаардлагад төдийлөн нийцэхгүй байна гэж шүүмжилж байна. Санал нийлэх үү, та?

-Тийм ээ. 1993 онд шинэ Үндсэн хуульд нийцүүлээд, Монгол Улсын Төсвийн тухай хуулийг гаргаж байсан. Батлуулахад нь би оролцож байсан. Бид түүнээс хойш татварын тогтолцоогоо нэлээн өөрчилсөн. Татварын багц хууль, нэмэгдсэн өртгийн албан татвар гэх мэт. Гэтэл төсвийн зарлага талын төлөвлөлт төдийлөн өөрчлөгдөөгүй. Яг л өнгөрсөн оны суурин дээр үндэслэдэг хэвээрээ. Бүтээмжтэй нь огт хамааралгүй. Төсвийн зарлага талд ийм алдаа байна. Харамсалтай нь, төсвөөр дамжиж зарж байгаа мөнгө нь өсөөд байдаг, төлөвлөлтийн арга зүй, түүнийг зарцуулж буй, хяналт тавьж буй байдал төдийлөн өөрчлөгдөхгүй байгаад л их санаа зовж байна.

-Эрсдэл нь юунд байх вэ?

-Зун Засгийн газраас өмнөх жилийн төсвийн гүйцэтгэлээ гаргаад, санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцээд, есөн сард бараг гүйцэж хэлэлцэж дууслаа шүү дээ. Гүйцэтгэлийг хэлэлцэх явцад өнгөрсөн онд зарцуулсан мөнгөөр бид ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээ хэлэлцэж байгаа юм. Тэр үед гишүүд “Барьсан нь байгаа оносонгүй, халамж эзнээ олсонгүй, олон жижиг тойрогт хуваагаад, үр дүнтэй том бүтээн байгуулалт хийсэнгүй” гэх мэтээр маш их шүүмжилдэг. Гэтэл энэ шүүмжлэлээ засах арга замаа бид одоо болтол олохгүй байна. Арай нэг бодитой өөрчлөлт гэвэл сонгуулийн тогтолцоогоо холимог тогтолцоогоор өөрчилж үзлээ. Тодорхой хэдэн гишүүд тойргоос биш, нэрсийн жагсаалтаар гарч байгаа учраас тойргийн төлөө санаа зовохгүй. Улс орны том төслүүдийн төлөө санаа тавьдаг болсон нь нэг ахиц юм. Гэхдээ яг төсөвтэй холбоотой, төсвийн зарцуулалт талдаа хууль эрх зүйн орчноо сайжруулаагүйгээс болоод төсвийн үрэлгэн зарцуулалт маш их байна.

-Төсвийн байгууллагуудын хувьд маш олон хүн, маш их мөнгөөр ажил хийж буй ч ахиц дэвшил төдийлөн гардаггүй. Энд ямар зохицуулалт хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Өнгөрсөн жил 50 сая төгрөгийн төсөвтэй байсан байгууллагынх өнөөдөр 150, 200 сая болж өссөн байна. Байгууллагуудын бүтээмж төдийлөн өсөөгүй. Зүгээр урсгал ажлаа л хийдэг. Нэг өрхийн эмнэлэг 50, 60 хүнд үйлчилгээ үзүүлдэг байсан нь хэвээрээ. Цагдаагийн хэлтэс жилдээ 1000 гэмт хэрэг бүртгэдэг нь хэвээрээ. Нийгмийн чиглэлээр ажиллаж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлье гэж өчнөөн жил мөнгө зарсан. Гэтэл ажилгүйдлийн түвшин нь хэвээрээ. Бидний гаргаж байгаа үр дүн хаана байна вэ гэдэг асуудал байнга гарсаар байна. Бид эдгээрийг өөрчлөхгүй бол төсвийн орлогоо хэчнээн нэмээд, байшин барилгыг нь шинэчлээд үр дүн авчрахгүй. Олон улсын байгууллагууд үүнийг л анхааруулж байна. Түүхий эдээс хамааралтай орны бэрхшээл гэвэл орлого орсон үедээ их баярладаг, юм юмандаа мөнгө цацаж эхэлдэг. Түүхий эд унасан үед бүх зарцуулсан юмаа хамж, танаж эхэлдэг. Энэ мөчлөгөөсөө гараач ээ гэдгийг олон улсын байгууллагууд байнга хэлж байна. Өнөөдөр бидэнд хоёр зовлон байна. Нэг нь, түүхий эдээс хамааралтай, нөгөөх нь уламжлалт 1990-ээд оны социализмын үед төлөвлөдөг тогтолцоо. Үүнийг сууриар нь өөрчлөхгүй бол болохгүй. Энийг шийддэг арга тусдаа.

-Ямар ямар арга байна вэ?

-Зөв зохион байгуулалт, зөв бүтэцтэй зөв удирдлага менежмент, зөв технологи. Цахим технологи олон хүний хийх ажлыг маш өндөр бүтээмжтэйгээр бага хугацаанд хийдэг боллоо. Үүний үр дүн их байна. Энэ рүү чиглэж, төсвийн байгууллагуудын зардлын төлөвлөлт, зарцуулалтыг өөрчлөхгүй бол болохгүй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлт дотор бий. Төсвийн тухай хуульд нэг заалт байгаа юм. Төсвийн байгууллагад төсвийн ерөнхийлөн захирагчид 4-5 жил тутам нэг удаа харьяа төсвийн байгууллагад иж бүрэн дүн шинжилгээ хийнэ гэж. Түүнийг хийж байж асуудал хаана байна вэ гэдэг шалтгаанаа олж харах ёстой. Хүн, мөнгө нэмээд үр дүнд хүрэхгүй байна. Өнгөрсөн онд 50 бичиг үйлдвэрлэж байсан нь одоо ч хэвээрээ. Тэгэхээр энэ дээрээ дүн шинжилгээ хийгээч ээ. Хуулийн заалт байгаа боловч үүнийг одоо болтол хэрэгжүүлэхгүй байна. Хамгийн гол нь энэ судалгааг өөрөө хийж болохгүй. Жишээлбэл, ЭМЯ харьяа эмнэлгийнхээ судалгааг өөрөө хийж болохгүй. Цагдаагийн байгууллага харьяа хэлтсийнхээ судалгааг хийж болохгүй. Тэгэхээр асуудлаа олж харахгүй байна. Энийг хараат бус хөндлөнгийн, судалгааны байгууллагууд, төрийн бус байгууллагууд, Их, дээд сургуулиудын судлаачид оролцсон баг гаргаж байж, энэ байгууллага дээр ийм бүтээмжийн өртөг хийх, бүтцийн өөрчлөлт хийх боломж байна гэдгийг гаргаж ирнэ.

Компаниуд зах зээлийн нөхцөлд уялдуулж, байнга бүтцийн өөрчлөлт хийдэг, гэтэл төсвийн байгууллагууд хийхгүй байна. Бүх шатандаа улам л олон газар, хэлтэстэй болъё гэсэн ойлголттой байна. Үүнийг өөрчлөхгүй бол бидний жил болгон төсвөө улам л тэлдэг, алдагдлаа нэмдэг тогтолцоо төдийлөн сайжрахгүй. УИХ дээр ирээд бөөн маргаан болдог, шат шатандаа асуудал нь хэвээрээ, ийм л байна.

-Иргэдийг бухимдуулж буй эрчим хүчний үнэ тарифын асуудлын талаар ярилцъя. Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлын шалтгаан юутай холбоотой гэж та хэлэх вэ?

-Эрчим хүчний үнэ өсгөх шалтгаан системээс хамааралтай. Одоо 60-аад оны цахилгаан станц ажиллаж байна. Судалгаагаар II цахилгаан станцын тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан гэж гарсан. ТЭЦ-III-ын зарим тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан байна. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын зарчмаар анх байгуулсан өртгөөрөө аль хэдийнэ нөхөөд дууссан үйлдвэр. Хоёрдугаарт, инженерүүд нь металлынхаа хувьд дууссаныг хэлж байна. Жишээлбэл, хүнд даацын машин 10 жил явах ёстой гэхээр ашиглалтын хугацаа нь дууссан, тэрнээс илүү явбал эвдрэх эрсдэлтэй. Ийм түвшинд хүрсэн учраас үнэ өсгөх шалтгаан болж байна.

-Эрчим хүчний салбараа бүр орхиж, хөрөнгө оруулалт ч үгүй үлдээсний уршиг одоо нүүрлэж байх шиг?

-Бид эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг байнга хийж явах ёстой байсан. Гэтэл тэгдэггүй, хөрөнгө оруулалт, мөнгөгүй гээд зогсоочихно. Улс төрийн шалтгаан, геополитик гээд зогсоочихно. Бид ТЭЦ-V дээр маш том алдаа гаргасан. 2017 онд Эрчим хүчний яам дээр тендер зарлагдаад, шалгаруулалт нь явагдаад, бараг ялагч нь тодорсон байхад цуцалчихсан. Ямар шалтгаан байсныг мэдэхгүй. Киловатт цагийн эрчим хүчний үнэ манайд одоогийн барьж байгаа үнээс өндөр байна гэдэг шалтгаанаар цуцалсан л гэж хэлдэг. Маш харамсалтай. Ийм байдлаар цаг хугацаанд нь хөрөнгө оруулалт хийхгүй явснаас болоод хуримтлагдсан асуудал одоо үүсч байна. Хоёрдугаарт, иргэддээ хайртайгаа зарлах гээд хайраа буруу илэрхийлээд байна. Иргэд бага мөнгө төлж байвал сайн гэж ойлгоод, эцэст нь хурааж хурааж байгаад нэг том “ачаа” буулгаж байна.

-Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх зарчимд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардалд нөлөөлөх хүчин зүйлд үндэслэн, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлнэ гэж заасан. Энэ зарчим Монголд хэрэгжиж байна уу?

-Индексжүүлэх боломж бий. Гэвч индексжүүлэх ажлыг нь хийлгэхгүй байна. Эрчим хүчний зохицуулах зөвлөл өнгөрсөн 2022 онд журам гаргасан байсан. Ямар аргачлалаар бодож цахилгаан, дулааны үнийг индексжүүлэх вэ гээд. Тэр аргачлалаар бид жил болгон 3, эсвэл 5 хувийн индексжүүлэлт бодоод явах ёстой байсан ч тэрийг хийлгэсэнгүй. Ковидоор шалтгаалж, таван жил үнийг барьж байгаад нэгдүгээрт, ханшийн, инфляцийн өөрчлөлт, хоёрдугаарт, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, үнэ тарифын асуудлууд хуримтлагдаад, өнөөдөр гал алдах байдалд хүрч байна. Энэ алдаанаасаа сургамж аваад, цаашдаа бүх хууль эрх зүйн орчны зохицуулалтуудыг хийх ёстой.

-Эрчим хүний үнэ тарифын өөрчлөлт инфляцид нөлөөлнө биз?

-Монголбанкны судлаачдын гаргасан судалгаанаас харахад, эрчим хүчний үнэ 100 төгрөгөөр өсөхөд инфляцид нөлөөлөх нөлөө харьцангуй бага байсан. Ялгаатай тал нь юу вэ гэхээр дулааныг арай багаар тооцож, цахилгааны үнийг голчилсон байсан. Одоо цахилгаанаас гадна дулааны үнэ нэлээн өндөр өсөх гээд байна. Тэгэхээр инфляцид нөлөөлөх нөлөө нь арай өндөр гарах байх. Гэхдээ энэ ондоо үзүүлэх нөлөө нь бага. Гол нь ирэх хавар халаалтын улирлын төгсгөлд иргэд нөлөөг илүү мэдрэх болов уу. Монгол Улсын Зөвлөх инженер Цэцэгээ маш зөв санаанууд хэлж байна лээ. Хэрэглэгчид өөрөө дулаанаа зохицуулах боломжтой байх ёстой гэж. Тэр боломжийг олговол тарифын өсөлт учиртай байхгүй юу. Тэр боломж нь байхгүй учраас хэчнээн халаалтаа бууруулъя гэсэн ч чадахгүй, хэрэглээгүй дулааны төлөө алдагдалтай үнэ төлөөд л яваад байна.

-Эдийн засагчид үнийн өсөлт иргэдээс илүү жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд илүү хүнд тусна гэсэн байр суурь илэрхийлж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Жил болгон төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан дараа жилийн инфляцитай уялдуулан цалин хөлсийг нэмээд яваад байна. Өнгөрсөн хавар нэлээн сайн нэмсэн. Ирэх хавар цалин хөлс нэмэх талаар төсвийн төсөлд тусгасан. Цалин авч байгаа хүмүүсийн хувьд гайгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн хувьд энэ нь амаргүй тусна. Ирэх хавар энэ оны эцсийн инфляцийн түвшинг харгалзаад, дахиад цалин тэтгэврийн индексжүүлэх асуудал үүсч магадгүй. Үнийн өсөлт иргэдээс илүү жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд илүү хүнд тусах байх гэж бодож байна. Үнэ нэмэгдлээ гэхэд эхний өвөлдөө гайгүй. Гарч байгаа үнийн зөрүүгээр алдагдлаа нөхөж чадах уу гэдэг асуудал байна.

-Эрчим хүчний систем өнгөрсөн оны байдлаар 200-гаад тэрбум төгрөгийн алдагдалтай гэж байна. Энэ нь хэдий хугацаанд хуримтлагдсан алдагдал бол?

-Бараг сүүлийн гурван жилд үүссэн алдагдал байна лээ. Бага багаар л нэмээд явах байсан. Үнийн зөрүүгээр ТЭЦ-III-ын их засварыг хийхгүй, зөвхөн урсгал зардлын үнийг л нөхнө. Тэр үүсч байгаа, ТЭЦ-III дээр хуримтлагдсан зөрүүг улсын төсвийн татаасаар нөхөх хэрэг гарна. Эрчим хүчин дээр маш чухал хоёр зүйлийг бодох хэрэгтэй болж байгаа юм. Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү гэж яриад байна.

Энэ хэд байж болох вэ гэдэг зохистой хязгаарыг тогтоох ёстой. Жишээлбэл, айл өрхийн цахилгааны үнэ доогуур бол дулаан дээр маш өндөр байна. Хэд хүрч, хэдээс дээш хэтэрсэн нөхцөлд бид үнэ тарифаа нэмэгдүүлэх вэ гэдэг нэгдүгээр асуудал байна. Хоёрдугаарт, бид улсын төсөв хэдэн хувийн зөрүүг нөхөх вэ гэдэг дээр Эрим хүчний яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам бүгд ойлголцсон байх ёстой. Хэрэглэгч дээр очих кВт цагийн зөрүү ийм байна гэж хуулиндаа тусгаж өгөх ёстой. Төвийн эрчим хүчин дээр кВт цагийн зөрүү 20 хувь байлаа гэж бодъё. Энэ зөрүүг улсын төсвөөс өгнө гэж хуульчилж, баталгаажуулж тусгах ёстой. Одоо мөнгөний бололцооноосоо хамаараад, татаасаар шийдээд байна. Зөрүү байх нь угаасаа ойлгомжтой. Иргэдэд дарамт учруулахгүй гэж байгаа бол зөрүүг улсын төсвөөс татаасаар нөхнө гэж хуульчлах хэрэгтэй.

2 replies on “Н.Энхбаяр: Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ гэдэг зохистой хязгаарыг тогтоох ёстой DNN.mn”

ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, ЭЛБЭГДОРЖ, ЦАГААНЫ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАК- Н СТРАТЕГИЙН ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ АСАР ИХ, ТОМ ТОМ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ НӨХ… ИРГЭД АЧААЛЛЫГ НЬ ДИЙЛЭХГҮЙ…ЭДГЭЭР ХУЛГАЙН МӨНГӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ ХЭДЭН ЗУУ, МЯНГА ДАХИН НӨХӨХ БОЛОМЖТОЙ.

Өвөлийн бэлтгэлээ Эрчим хүчнийхэн зохих ёсоор хангасан байгаа гэж бодож байна Иймээс одоо бүгдээрээ байгаа нөөц бололцоогоороо ачаалалаа зохицуулж өвлийг алдагдал багатай давахдаа хаа ханаа анхааралаа төлөрүүлж хамтарч ажиллах гол шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *