Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Үндсэн хуулийн журмын тухай хуулийг Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгуулах хуйвалдаан эрчээ авлаа DNN.mn

“Хийх хүн аргыг нь олдог” гэж аргагүй үнэн үг аж. Хэдүйнээс хойш Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж зааснаас “Зөвхөн нэг удаа” гэснийг авч хаях тухай яриа гарсан. Үүнтэй холбоотой хэд хэдэн үйл явдал ч болсон.

Аль ч талаасаа Үндсэн хуульд халдсан, хууль бус, хамгийн гол нь парламентын засаглалд халтай уг үйл ажиллагааг хэн, хаагуур, хэрхэн гүйцэтгэх нь тодорхой бус байгаад байсан юм.

Тэр тодорхой болжээ. Гүйцэтгэгчээр нь Үндсэн хуулийн Цэц өөрөө тодорчээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан дээгүүр доогуур гүйгээд байгаа дуулдаад л байсан. Яригдаад л байв. Тэгж тэгж Үндсэн хуульд “халдах” аргаа олсон бололтой.

Үндсэн хуулийн Цэц “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийг хүчингүй болгох замаар Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хийхээр болжээ. Гэтэл дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-иар дамжиж Үндсэн хуулийг өөрчлөхөд хэцүү гэсэн үг. Тэрчлэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэсэн хориг бий. Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулжээ. Түүнээс хойш дүүрэн таван жил ч болоогүй байна.

Өөрөөр хэлбэл өнөөдөр энэ өөрчлөлтийг хийх хэрэгцээ шаардлага хийгээд хийж гүйцэтгэх процесс, нөхцөл боломж нь шууд утгаараа хуйвалдаан гэж үзэхээр болоод байна.

Өөрчлөлтийг гардаж хийх Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланг хоёр шалтгаанаар дарамт, эсвэл наймаа тохироонд орсон гэх хардлага хуульчид, эрхзүйчдийн дунд яригдаж байна. Товч хэлэхэд, нэг нь албан тушаал, нөгөө нь ар гэрийн шалтгаантай гэсэн мэдээлэл байна.

Ерөнхийдөө тэдний үйл ажиллагааны нарийн ширийн төлөвлөгөө ил болоогүй байна. Тэгэхээр тэдний хэрхэн гүйцэлдүүлэх гэж байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Уг нь Үндсэн хуулийг сахин хамгаалдаг үүрэгтэй байгууллага нь Үндсэн хуулийн Цэц юм. “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль” ч ялгаагүй тийм үүрэгтэй. Үндсэн хуулийг дур зоргын биш гадна, дотнын нөлөөгүйгээр аль нэг нам, хувь хүн, бүлэглэлд нийцүүлж өөрчлөхөд тавигдсан хориг юм. “Уг нь албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм” гээд Ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэгддэг, Гавьяат хуульч Б.Чимид “Монголын үнэн” сонинд 2010 оны арванхоёрдугаар сарын 15-нд ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Гэвч харамсалтай нь өнөөдөр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг хамгаалах биш харин цэцээс үндсэн хуулийг хамгаалах гаардлага үүсжээ.

Ер нь Үндсэн хуулийн Цэц маань ноёдын дохио зангаагаар хөдөлдөг, нохойд барьдаг мод мэт болоод удаж байна. Улстөрчид эрх баригчдын гүн гүнзгий оролцоотойгоор Үндсэн хуулийн Цэцэээр гишүүн асан Д.Гантулгын нөхөн сонгуулийг будилуулж байв. Үндсэн хуулийн Цэцээр Цагаан суваргыг авч байлаа. Үндсэн хуулийн цэцээр “давхар дээл”-ийг нээж байв. Үндсэн хуулийн Цэцээр Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй болгож байлаа.

Одоо бүр Үндсэн хуулийн Цэцээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийг хүчингүй болгож, улмаар хүссэн зүйлээ УИХ-аар биш Үндсэн хуулийн Цэцээр дамжиж хүрээд шийдвэрлэхээр зүтгээд эхэллээ.

Хамгийн эмгэнэлтэй нь Үндсэн хуульд ийм байдлаар халдах, Үндсэн хуулиар ингэж тоглох нь тухайн улсад нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэж, өнгөт хувьсгалд хүргэдэг гашуун туршлагууд дэлхий нийтэд бий. Венесуэл, Гүрж, тэр бүү хэл Украины нөхцөл байдал ч Үндсэн хуульт засаглалаа ганхуулсантай нь холбоотой. Хамгийн сүүлд Венесуэлийг хоёр ерөнхийлөгчтэй болгоод хуваачихлаа. Үүнийг Монгол дээр буулгаж чадвал мөн ч амархан, энгийн ойлголт доо. Ерөөсөө л монголчууд парламентын хийгээд Ерөнхийлөгчийн засаглалынхан гэж хоёр хуваагдана.

Ийм л Үндсэн хуульт, эрх зүйт төрийн аминд халдах далд хуйвалдаан эрчээ авсан байна. Угтаа Үндсэн хуулийг Үндсэн хууль биш болгох тохироо нэгэнт хийгджээ.

Манай улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид” гэж эхлээд “Мэдэгтүн, сахигтун” гэж төгсдөг. Тиймээс бүгдээрээ анхаарах хэрэгтэй, Үндсэн хуулийн журмын тухай хуулийг Цэц хүчингүй болгохоор хуйвалдаж байна. Ард түмний Үндсэн хуулийг авлигачдаас, Ардын намаас хамгаалах цаг ирж байна.

Ажиглагч

А.БАТБОлД

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *