Categories
гадаад мэдээ

Гамшиг

Оросын арми саяхан Львов хотын төв рүү баллистик болон Кинжал пуужингаар харвасан. Уг явдалтай холбогдуулан Украины Львов хотын дарга Андрей Садовы нэгэн гэр бүлийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж “Энэ зураг дээрх хүмүүсээс зөвхөн нөхөр Евгений амьд үлдэж эмнэлэгт хүргэгдсэн. Түүний эхнэр болон тэдний гурван охин Ярина, Дарья, Эмилия нар гэртээ нас барсан” гэж бичжээ.

Оросын пуужингийн довтолгоонд Львов хотод хэд хэдэн байшин бүрэн сүйрч, нийтдээ 70 гаруй барилга эвдэрсний ихэнх нь орон сууцны барилга байжээ. Оросууд Львов руу пуужингийн довтолгоо хийсний дараа Польшийн ерөнхий сайд Дональд Туск нийтийн сүлжээнд “Сүйрсэн барилгуудыг сэргээхэд Украинчуудад Польшийн эрх баригчид тусална”гэж мэдэгдээд “Львовт тусламж хэрэгтэй байна! Хотын төв Оросын дайралтын бай болсон. Олон түүхэн барилга эвдэрсэн” гэж бичжээ. Мөн Германы канцлер Олаф Шольц Оросын энэхүү довтолгоог эрс шүүмжилж “Бид Украnнд найман IRIS-T SLM систем, есөн IRIS-T SLS систем захиалсан. Тэдгээрийн хоёрыг энэ онд, үлдсэнийг нь 2025 онд нийлүүлнэ” гэж мэдэгдсэн байна. Львов бол Польшийн хилээс ердөө 60 км-ийн зайд оршдог баруун Украины хамгийн том хот бөгөөд энэхүү явдал барууны иргэдийн хувьд бол санаанд багтамгүй зэрлэг, балмад үйлдэл. Харин ихэнх оросууд, тэр дундаа Кремлийг дэмжигчдийн хувьд болж л байх ёстой энгийн зүйл юм. Харин эдгээр хүмүүс ийм явдлын зөвхөн зах зух өөр дээр нь ирэхэд энэ бүхний гол буруутанд хандан “Бид таныг дэмжиж байсан. Владимир Владимирович минь бидэнд туслаач!” гэж нийтийн сүлжээгээр орилолдох болсон билээ. Харин “Орос тогтолцоо” гэх энэхүү гаж үзэгдэл нуран унаж, устаж байж л дайн, дажин, үхэл, хагацал, ядуурал, хоцрогдол, тархины хатангиршил гэх мэт бусад гамшиг арилах нь тодорхой болоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *