Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж ус нутгийг минь гутаан доромжилсонд харамсч байна DNN.mn

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн болсон Сэгс цагаан Богд уул төдийгүй хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын нэрийг өөрийнхөө нэршил болгож “Сэкс цагаан богд” гэж илтэд гуйвуулан ашиглаж буй асуудлаар тус сумын ИТХ-ын дарга асан Д.Готовдоржтой ярилцлаа.


-Монголын XX зууны алдартай найрагчийн сор болсон бүтээл төдийгүй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн “Сэгс цагаан богд” уулын түүхээс сонирхуулж болох уу?

-“Сэгс цагаан богд” гэдэг хайрхан “Их богд” хайрхантай холбоотой. Бие биетэйгээ өвгөн савдгууд хоорондоо цагаан тэмээ унаж золгодог. Цагаан тэмээ унасан хүн тэмээгээ сөг, сөг гэж хэвтүүлдгээс үүдэлтэйгээр “Сөг сөг цагаан богд” гэж нэрлэж байгаад олны хэллэгээр “Сэгс цагаан богд” гэсэн нэртэй болсон түүхтэй. Баянхонгорын “Их богд”, “Сэгс цагаан богд” нь ах дүү хоёр уул гэсэн дээр үеийн ам яриа ч бий. Мөн Зохиолчдын хорооныхон говиор явж байгаад 16 настай охин нь хөдөө мал дээр гарсан, Хулангийн унага тэжээсэн Надмид гэдэг айлд таарч бууж, хоол цай идээд хөдөлсөн юм билээ.

Тэр айл хулангийн унагандаа ногт зүүчихсэн байсан гэсэн. Нямаа гуай хулангийн унагыг нь сонирхож зургаа хамт авахуулж, өөрт байсан орос тэмдгээ ногтон дээр нь зүүгээд, унаганы хошуун дээр нь үнссэн байгаа юм. Нямаа гуай Оросод сургууль төгсөөд ирээд удаагүй байсан үе. Замдаа явж байгаад тэрээр “Сэгс цагаан богд” найраглалын тэмээчин гол дүрийн баатар илгээлтийн эзнээр мал дээр дөнгөж гарсан байсан Сүхбатыг үнсэх гээд үнсэж чадсангүй унагыг нь үнсчихлээ, тэмдгээ охинд дурсгах гээд чадалгүй унаганд зүүчихлээ гэж тоглоом хийж ярьсан гэдэг. Энэ хооронд зохиолын санаа Д.Пүрэвдорж гуайд төрсөн гэж сонсож байсан. “Сэгс цагаан богд” найраглал бол XX зууны хамгийн шилдэг бүтээл. Түүнийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй.

-“Сэгс цагаан богд” гэдэг нэрийг гуйвуулан “Сэкс цагаан богд” гэж хэлж хормой хотны бузар булай явдалтай холболоо. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-“Сэгс цагаан богд” уул бол Монголын баруун хязгаарт хилийн багана мэт сүндэрлэж байгаа хайрхан. Ганц Шинэжинст, Баянхонгорынх ч биш. Монголын алдартай том уул, нутаг. Энэ нутаг усаар бий болсон алдартай найраглал Монгол даяар түгэж, нутаг усны маань нэрийн хуудас болсон. “Сэгс цагаан богд” бол ганц Монголынх ч биш. Дэлхийд нэрээ дуурсгасан, дэлхийн шим мандалд бүртгэгдсэн хайрхан юм. Тийм учраас “Сэгс цагаан богд”-ыг хазайлгаж боломгүй титэм шиг гэдэг шиг нэрийг нь буруу зөрүү хэлэх нь битгий хэл алсаасаа залбираад ажил үйлс, амьдралаа даатгаад явж байдаг хайрхан. Сүүлийн үед нарийн ширийн учрыг нь мэдэхгүй залуу Сэгс цагаан богд хайрхан, найраглалын маань нэр, үүгээр овоглосон Баянхонгор болоод Шинэжинст, Монголын нэрийг унагасан байдлаар гуйвуулан өөрийгөө нэрлэж, залуучууд болоод ард түмний дургүйцлийг хүргэж, зарим мэдэхгүй хүмүүст буруу үлгэр дууриалал үзүүлж буйд нутгийн төдийгүй удирдлагын түвшинд ажиллаж байсан хүний хувьд маш их эмзэглэж байна. Нутаг ус үеийн үед мөнх байдаг. Энэ Сэгс цагаан богдоор овоглож байгаа хүмүүст ч хүнд байгаа. Зохиолчид ч гэсэн энэ алдартай зохиолд иймэрхүү байдлаар хандсанд эмзэглэж байгаа байх. Үүнийг засч залруулах ажлыг холбогдох хүмүүс нь яаралтай хийх шаардлагатай байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэгс цагаан богд”-оор өөрийгөө нэрлэсэн хүнийг зөвлөхөө болгосонд та юу хэлэх вэ?

-Миний хувьд эмзэглэж байна. Төрийн жолоог атгаж, бодлого тодорхойлж буй сайд хүн ийм шийдвэр гаргасанд харамсаж байгаа. Төрийн сайдын зөвлөх хийж буй хүн. Хувь хүн биш олон түмэнд үлгэр дууриалал үзүүлэхээр хүн гэж бодохоор бүр их харамсалтай. Баянхонгорын Шинэжинст сумын иргэдээс уучлалт гуйж, ард түмэн, хойч үед зөв мэдээлэл өгч, алдаагаа засах шаардлагатай байна. Энэ тал дээр Ерөнхий сайд ч гэсэн анхаарах. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг зөвлөх хүн гэдэг бол нэрнээсээ зөв байх ёстой биз дээ. Хүн өөрийгөө таниулах гэж Сэгс цагаан богдоор минь овоглож болно. Гэхдээ буруу ташаа сэдэв рүү мушгин гуйвуулж болохгүй. Энэ нь маш олон хүнийг эмзэглүүлсэн, олон хүний дургүйцлийг хүргэсэн асуудал боллоо. Даруй ард түмэн, нутаг уснаас уучлалт гуйж аргадах хэрэгтэй. Зохиолчдын хороо, зохиолчдоос уучлалт гуйх нь ч зүй юм. Мундаг хүний оюун бодлоос төрсөн бүтээлийг учир мэдэхгүй залуу бохир юмтай хольж байгаад дахин, дахин харамсаж байна. Нийт монголчуудаас уучлалт гуйж, оюуны том бүтээлийн нэрийг сэвтүүлсэн гэмээ цайруулах хэрэгтэй гэж үзэж байна. Залуу үед маш буруу үлгэр дуурайллыг үзүүлж, хоёрдугаарт нутаг усыг минь гутаан доромжилсон ийм асуудал боллоо

 

2 replies on “Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж ус нутгийг минь гутаан доромжилсонд харамсч байна DNN.mn”

Долир харцтай, долоож амьдрах хэв маягтай амьтан шив. Харваас олиггүй амьтан хайрхнаар оролдвол хамаг амьдрал нь удахгүй сүйрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *