Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч, хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард ял оноосон. Шүүхээс түүнийг таван зүйл ан-гиар буруутгасан байсан. Сэтгүүлчийг буруутгасан хэргүүдийн талаар өнөөдөр хүртэл нэгмөр ойлголтгүй яваа иргэд олон бий. Түүнийг анх цагдан хорихдоо нэг хэрэгт буруутгаж байсан байх аа?
-Энэ тухай яривал нэлээн өргөн сэдэв болно. 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд Н.Өнөрцэцэгийг цагдан хорь гэсэн шүүхийн шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч гаргасан. Үүнээс өмнө ШЕЗ-өөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-т зааснаар нэр төр алдар хүндэд халдаж, олон нийтэд худал мэдээлэл тараасан гэсэн гомдлыг ЦЕГ-т гаргасан байдаг. Энэ нь “Шалгаж өгөөч” гэсэн гомдол л байсан. Уг нь Эрүүгийн хуулийн 13.14 нь хорих хэмжээний хүнд санкцтай гэмт хэргийн зүйлчлэл биш. Гэтэл Прокурорын байгууллагын зүгээс “Цагдан хоримоор байна” гэдэг саналыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх дээр оруулж ирсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нь “Цагдан хорих баривчлах үндэслэл байхгүй” гээд харин хилийн хориг тавьсан. Тэр саналыг прокуророос зөвшөөрөлгүйгээр хэргийнхээ харьяаллыг өөрчлөөд Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлсэн.
Тэнд аваачингуутаа урд өмнө авагдсан хилийн хориг байсаар байтал таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор баривчлах шийдвэр болгон өөрчилсөн хэрэг.
Таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулж авч болдоггүй.
Ер нь таслан сэргийлэх арга хэмжээ дотроо хувийн баталгаа гаргах, хилийн хориг тавих, зорчих эрхийг хязгаарлах, цагдан хорих арга хэмжээг байдаг. Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-тэй байхад нь буюу олон нийтэд илт худал мэдээлэл тараасан зүйл ангиар шалгагдаад мэдүүлэг өгөх гээд явж байх үед нь цагдан хорих арга хэмжээг авсан. Энэ маш том зөрчил. Хоёрт нь, түүнийг яллагдагчаар татаагүй байсан. Таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад гарын үсэг зурсан байх ёстой байдаг. Н.Өнөрцэцэг гарын үсэг зураагүй байсан. Танилцахгүй гэх юм бол мөрдөгч өөрөө уншиж өгдөг. Та бүхэн санаж байгаа бол Н.Энхбаяр гуай эмнэлэгт байхдаа хоёр чихээ дараад “Сонсохгүй байна, сонсохгүй байна” гэдэг дээ. Тэр хүн хуулийн процессын алдааг харчихсан байсан учраас тэгж орилоод байсан. Харин Н.Өнөрцэцэг дээр энэ хуулийг хэрэгжүүлээгүй. Яллагдагчаар татсан мэтээр шууд 30 хоногийн баривчлах таслан сэргийлэх арга хэмжээ болгож явсан. Энэ бол маш том зөрчил.
-Энэ талаар гомдол гаргасан уу. Ямар хариу өгч байсан юм бэ?
-“Таслан сэргийлэх арга хэмжээний ийм, ийм зөрчлүүд байна. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий шүүгч ээ, та хараач” гэж өмгөөлөгчийн зүгээс бараг 15, 16 удаагийн хүсэлтийг гаргаж, мөн тооны шүүх хурлуудыг хийсэн. Харамсалтай нь “Өөрчлөх үндэслэл алга” гэсэн шийдвэр захирамжуудыг шууд гаргаж байлаа. Энэ захирамжууд одоо ч нээлттэй. Үүнийг манай иргэд олон нийт, Их сургуулийн судлаачид авч сонирхох хэрэгтэй. Энд улсын болон хувийн нууцтай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тэнд ямар хуулийн ямар зүйл заалтыг яаж зөрчсөн, хэн нь зөв, хэн нь буруу яриад байгаа нь цагаан дээр хараар бичээтэй бий. Энэ бүхнийг нэг өдөр түүх гэрчилж, үнэлэлт дүгнэлт хийсэн, маш том жишиг ойлголтууд гарч ирнэ. Үүнийг би хариуцлагатайгаар мэдэгдье.
-Хүний нэрт төрд халдсаны төлөө цагдан хорьсон үйлдэл тухайн үед ямар нөхцөл байдлыг харуулж байв?
-Үүн дээр улс төрийн нөхцөл байдал, эсвэл хэн нэгэн хүний Н.Өнөрцэцэгийг 461-т суулгах гэсэн маш том ашиг сонирхол, өс хонзонгийн сэдэлтэй. Түүнийгээ хэрэгжүүлэх гэж прокурор, цагдаагийн байгууллагаар, ганц нэг нөлөөлөлд ордог шүүгч нараар дамжуулж хэрэгжүүлэх гэсэн сонирхол байсан байхыг үгүйсгэхгүй. Хууль зүйн салбарт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний жам ёсны эрх, хувийн халдашгүй эрхэд хуульд заасан үндэслэлээр л халддаг.
-Ямартаа ч 68 хоногийн дараа түүнийг сулласан. Батлан даалтад гараад ирэхээр олон нийт тайвширсан. Гэтэл шүүх хурал болж, анхны буруутгаж байсан зүйлчлэл дээр хэд, хэдэн хэрэг нэмэгдсэн нь анхаарал татаад байгаа юм?
-Түүнийг анх 461-т хориход Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэр төр алдар хүндийг гутааж олон нийтэд худал мэдээлэл тараасан гэдэг ганцхан зүйл ангиар шалгаж байсан. Өөрийг нь ухаж тонгичоод юм олохгүй болохоор ажлын хамт олныг нь, ах дүү нарынх нь дансыг шалгаж эхэлсэн. Н.Өнөрцэцэг гэдэг хүнээс өөрөөс нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч ирэхгүй байна гэж үзээд бусад газар, орон байр бүх зүйлд нь нэгжлэг хийгээд юу ч гарч ирэхгүй байсан.
-Гэхдээ үүнийг мөрдөгч, прокурор бол нотлох баримт цуглуулах хүрээнд хийсэн ажил гэж тайлбарлана шүү дээ. Харин та “Өөрийг нь ухаж тонгичоод юм олохгүй болохоор…” гэж ярьж байна?
-Эрүүгийн хуулийн 13.14-тэй холбоотой нэр төр алдар хүндэд халдсантай холбоотой Zarig.mn сайтад үзлэг хийх, түүнтэй холбоотой мэдээллүүдийг ухах ажиллагааг хийж болно. Гэтэл мөрдөгчид бүр халиад ямар ч хамаагүй хүний хувийн мэдээлэл рүү, бусад хэн нэгэн, хамаатан садан ах дүү нарынх нь дансыг нь онгичож эхэлсэн. Zarig.mn сайтыг нэгжсэн. Уг нь тэр нэгжлэг, мэдүүлгүүд 13.14-ийг нотлох гээд байгаа биз дээ. Гэтэл түүнийгээ нотлох биш өөр зүйл рүү халиад, баахан өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна гэж эхэлсэн. Ингээд нэг хүнийг өдөрт бараг 5-6 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд яллагдагчаар татсан.
-Тэгж болох юм уу?
-Бүр өмнө нь Нийслэлийн проукророос хааж байсан 13.14-тэй холбоотой хэргийг сэргээж ч байсан шүү. Энэ нь тэр хүний өөрийнх нь эрхзүйн байдлыг маш ихээр дордуулсан үйлдэл. Үндсэн хуулийн 16.14-д заасан хүний эрх, эрх чөлөөний талаар яриад ч хэрэггүй. Түүн дээр үндэслэж гарч ирсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг яриад ч хэрэггүй. Олон улсын гэрээ конвенцид заасан Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргүүдийг санаад ч хэрэггүй. Ийм л процесс 2023 оны арванхоёрдугаар сар гэхэд өрнөсөн. Тэгээд л шуугиад дууссан.
Тэнд Н.Өнөрцэцэг байна уу, өндөр албан тушаалтан байна уу, Монгол Улсын иргэн байна уу ерөөсөө хэн байхаас үл хамаараад хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, түүнийг дагаж баталгаажуулж хамгаалж байдаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын ажиллагаанууд хуульд заасан үндэслэл журмын дагуу л явж байх ёстой.
Гэтэл удалгүй тагнуулаас ирээд “Танд ийм яллагдагчаар татсан тогтоол танилцуулна, энэ ажиллагааны хүрээнд таниас мэдүүлэг авах шаардлагатай байна” гээд үргэлжилсэн.
-Энд эргэлзээтэй нэг зүйл нь мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдгээр мэдээлэл хаалттай болчихсон. Бүр шүүх хурал ч хаалттай боллоо. Эцэст нь ямар хэрэг ил болдог, аль нь хаалттай болдгийг ойлгохгүй болоход хүрч байна. Хууль зүйн талаас үүнийг тайлбарлаж болох уу?
-Ер нь 2018 онд болж байсан томоохон шүүх хурлууд ч тэр, бусад хэргүүдийг харж байхад төрийн нууц, эсвэл хувь хүний нууц гэж байгаад олон нийтээс салгаад нууцлаад гадагшаа мэдээлэл дамжуулахгүй болгоод ирдэг жишиг тогтчихоод байна. Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэрэг болгоод хуулиндаа оруулчихсан. Өмгөөлөгч юм уу хэн нэгэн мэдээлэл гаргахаар үүнийг зөрчлөө гэж айлгах гэж оролддог сүрдүүлдэг буруу тогтолцоотой боллоо.
Үүнийг олон улсад төрийн данс ч тэр, шүүхийн процессын үйл ажиллагаа ч гэсэн нээлттэй байх ёстой гэж үздэг. Хэнийг яаж ямар хэргээр буруутгаж байгааг шүүх хурлын танхимд ирээд үзэх нь нээлттэй. Үнэхээр үнэн шүүж байна уу, өмгөөлөгч нь зөв ярьж байна уу, попорч байна уу гэдгийг иргэд олон нийт нь ил тод нээлттэй хардаг. Харин мөрдөн шалгах ажиллагааны үндсэн концепци нь хэн нэгэн хүн амины хэрэгтэй хүнийг гэрч харж байсан тохиолдолд хэрэгтэн гэрчийг айлган сүрдүүлэх, амь насанд нь хүрэх үйлдэл гаргахгүйн тулд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хамгаалах ёстой болдог. Хэрэг боож дуусаад шүүхийн хаалгаар орлоо л бол бүх хэргийн материал ил болдог. Харин бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд шүүх хаалгаа хааж байгаад шийдэж болно.
Ийм зохицуулалтыг манайд хийхгүй бол Монгол Улс хүнийг хэлмэгдүүлж, хуулиа буруугаар ашиглаад байна.
Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдгээр далайлгаж, айлгаж, юм яриулахгүй байж байгаад хэргийг хаалттай өрөөнд шийдсэн болоод, олон нийтэд “Өө, энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан шүү, ял авсан шүү” гээд хаачихаж байна. Гэтэл шүүх өөрөө ил тод нээлттэй байх ёстой.
Н.Өнөрцэцэгийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс дээр энэ олон зүйл ангиудыг салгах эрхийг нь хангаагүй. Өмгөөлөгчид маш олон хүсэлт гаргасан ч бүгдийг нь хэрэгсэхгүй болгосоор байгаад шийдлээ. Уг нь олон нийтэд худал мэдээлэл тараасан, татвартай холбоотой, төрийн нууцтай, хувь хүний нууцтай холбоотой гэх хэргүүдийг зааглаад олон нийтэд нээлттэй байдлаар шүүх боломжтой байсан.
-Төрийн нууцыг задруулсан гэх хэрэг байгаа. Төрийн нууц задруулсан албан тушаалтан нь хариуцлага хүлээгээгүй мөртлөө сэтгүүлч ял авчихлаа. Өнөөдөр хүртэл эргэлзээтэй сэдэв хэвээр байх юм?
-Миний хувьд төрийн нууцтай холбоотой хавтаст хэрэгтэй танилцаагүй, нууцын баталгаан дээр гарын үсэг зураагүй. Харж байхад, мөрдөгчийн олж авсан баримтын талаар хэн гэдэг хүн нууцыг задруулсан талаар Заригийн сэтгүүлч ярьсан байсан. Төрийн нууцтай холбоотой мэдээллийг байшин дотроос нь гаргаж өгөөд байгаа хүмүүс тэнд ажилладаг ажилтан нь. Тэр хүмүүс мэдээлэл хадгалах үүргээ алдсан бол хариуцлага хүлээх ёстой. Гэтэл мэдээлэл задалсан этгээд хариуцлага хүлээгээгүй байж Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задруулснаар хорьж байдаг нь хошин шогийн жүжиг шиг болсон. Холбогдох өндөр албан тушаалтнууд нь тайлбар мэдээлэл хийгээд л байх шиг байна. Хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь гудамжинд яваад байхад тагнуул, ЦЕГ-ынхан юу хийгээд байна вэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тогтоомж зөрчигдөөд байгаа юм биш үү. Монголын төр өө, хэн нэгнийг хэлмэгдүүлээд байгаа юм биш үү. Бид хууль тогтоомжийнхоо хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй юм уу. Үүн дээр хуульч, өмгөөлөгч хүмүүс хөндлөнгийн дүн шинжилгээ хийхгүй юм уу.
Н.Өнөрцэцэг гэдэг хүнд дуртай, дургүйгээс үл хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчигдөөд байна. Хүний эрх, эрх чөлөө авах юмгүй боллоо.
-Өмгөөлөгчид давж заалдах гомдлоо өгсөн гэсэн. Хурал хэзээ товлогдохоор байна вэ?
-Өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдлоо гаргасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Хэрэг хараахан ирээгүй байна” гэсэн хариу өгсөн байна. Хурал нь товлогдож таарах байх. Мэдээж хэрэг өмгөөлөгчийн зүгээс шүүхдээ итгэнэ.
Энэ дашрамд нэг зүйл сануулахад, “Н.Өнөрцэцэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэл байхгүй байна, хилийн хориг тавих үндэслэлтэй байна” гээд анх хуулийнх нь хүрээнд шийдсэн шүүгч нь АТГ-т шалгуулж байгаа мэдээлэл байсан. Хуулийнхаа хүрээнд ажиллахаар шүүх цагдаагаас дуудаж дарамталдаг байж болохгүй.
Шүүх бие даасан хараат бус байх ёстой. Би шүүхэд итгэдэг. Гэхдээ нөлөөлөлд орсон байж болзошгүй ганц нэг хүнийг цаг хугацаа хүссэн хүсээгүй шүүнэ. Дараа дараагийн залуу хуульч өмгөөлөгчид үүнийг түүх, кейс болгож ярина. Энэ бол хуульчийн ёс зүй, хувь хүний ёс суртахууны асуудал.
Б.ЭНХЗАЯА
One reply on “Хуульч П.Эрхэмбаяр: Хуулийнхан Н.Өнөрцэцэгийг шалгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг уландаа гишгэсэн DNN.mn”
БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮГЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛОХГҮЙ БОЛ ИРГЭДЭЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЭД ДУУСАХ ЮМ БАЙНА ШҮҮ….МАНАЙ ШҮҮХ ХЭДЭН МЯНГАН ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН БОЛ ???… АЙМШИГТАЙ….