Categories
гадаад мэдээ

Павел Аксенов: Украин баллистик пуужин бүтээсэн нь гайхаад байх зүйл биш DNN.mn

Украины ерөнхийлөгч “Украин анхны тийрэлтэт хөдөлгүүртэй “Паляниця” дроныг дайнд ашиглаж эхэлсэн. Мөн Украин өөрийн баллистик пуужин бүтээж, амжилттай туршсан” гэж мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл ВВС-ийн цэргийн тоймч Павел Аксенов Украины эдгээр зэвсгийн тухай тайлбар хийжээ.

“Украинчууд “Паляниця” жижиг далавчит пуужин буюу тийрэлтэт хөдөлгүүрт дрон бүтээсэн нь тогтоогдсоноос хойш хоёр хоногийн дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украин баллистик пуужин туршсанаа зарлав. Энэхүү мэдэгдэлд гайхах зүйл алга. Украин бол ЗХУ-аас хойш агаарын тээврийн салбараа хөгжүүлэн “Луч”, “Южмаш” зэрэг пуужингийн томоохон үйлдвэрүүдээ ажиллуулж байсан. Украин нисэх онгоц, сансрын пуужин бүтээж байсан улс. Энэ дайны нөхцөлд Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор Оросын пуужингийн довтолгоонд өртөж, ажил нь цалгардсан ч мэргэжилтнүүд, технологиуд нь тус улсад байсаар байсан.

Тиймээс Украин баллистик пуужин бүтээсэн нь гайхаад байх зүйл биш. Гэвч “Паляниця” дрон 30 кг гаран тэсрэх бодис тээж, 800 орчим км тусгалтай гэдэг нь тодорхой байгаа бол харин Украины баллистик пуужингийн талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. ЗХУ-ын үеийн “Град”, Украины харьцангуй хол тусгалтай “Ольхи”, Америкийн “MGM-140 ATAC­MS” пуужингууд баллистик пуужингийн ангилалд багтана.

Хэрэв Украины энэхүү шинэ баллистик пуужин нь “Точка У” эсвэл “АТАКМС” зэрэг оператив-тактикийн пуужингийн ангилалд багтаж, Украин үүнийг жижиг далавчит пуужин болох “Паляниця” дронтой хамт олноор нь үйлдвэрлэх боломжтой бол тэдгээрийг хамт ашиглах нь Оросын цэргийн нөхцөл байдлыг ихээхэн хүндрүүлнэ. Учир нь хэд хэдэн төрлийн пуужингийн дайралтыг нэгэн зэрэг бүрэн няцаах ямар ч боломжгүй байдаг. Хэргийн учир нь эдгээр өөрсдөө үйлдвэрлэсэн шинэ зэвсгүүдийг ОХУ-ын эсрэг ашиглахыг хэн ч Украинд хориглож чадахгүй.

Украины эдгээр зэвсгийн чадавхийг үнэлэхэд эрт байгаа боловч барууныхан хязгаарлагдмал пуужин нийлүүлж байгаа өнөөгийн нөхцөлд украинчууд өөрсдийгөө зэвсэглэхээр шийдсэн гэж дүгнэхэд хилсдэхгүй” гэжээ. Сонирхуулахад Украины анхны тийрэлтэт хөдөлгүүрт дроны нэр болох “Паляниця” гэсэн үгээр гэрийн нөхцөлд хийсэн бөөрөнхий талхыг нэрлэдэг юм байна. Гэхдээ орос хэлэнд энэ үг байдаггүй төдийгүй оросууд “Паляниця” гэдгийг зөв дуудаж чаддаггүй гэнэ. Энэ нь украинчууд оросуудад “Бид та нараас өмнө байсан бие даасан үндэстэн шүү” гэж хэлж байгаа үг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *