СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Нийгэм маань стрестэй байна гэж яригддаг. Удахгүй хичээл сургууль орж, хөл хөдөлгөөн нэмэгдэхээр нийгмийн стресс дагаад өсдөг үү?
-Стресс нь англиар хүчдэл гэсэн утгатай үг юм. Нэг талаасаа хүн стрессдэнэ гэдэг нь булчин чангарлын байдалд орохыг хэлж буй юм. Хүнд хоёр төрлийн булчин байдаг. Эхнийх нь хүний ухамсарт хөл гарын хэл яриа, хүзүү толгойн булчингууд шууд удирдагддаг. Мөн автомат мэдрэлийн систем гэж бий. Энэ нь зүрхний цохилт амьсгалын хэмнэл, хоол боловсруулах эрхтний тогтолцоо зэрэг юм. Маш олон төрлийн булчингаас хүн бүрддэг. Стресс хүн, амьтанд хоёуланд нь байдаг зүйл. Стрессийг тухайн тааламжгүй нөхцөл байдалд үзүүлж байгаа ерөнхий хариу урвал гэж үзэж болно. Стресс үүсгэж байгаа хүчин зүйлийг нь стрессор гэж нэрлэдэг. Стресс үүсгэх хүчин зүйлүүд нь тухайн хүнээс өөрөөс нь, нийгмээс, цаг уураас шалтгаалан олон янз байдаг. Цаг уурын эрс тэс уур амьсгал, хэт халах, хүйтрэх, үер, ус гамшиг, нийгмээс шалтгаалах нь утаа, замын түгжрэл, хүмүүсийн хоорондын харилцааны зөрчил, дэд бүтэцтэй холбоотой асуудлууд яригддаг. Мөн ажлын байрны ачаалал, бүтэц зохион байгуулалт, соёл, багаар хэр ажилладаг вэ зэргийг хамааруулдаг. Стресс үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг нэг хэсгийг нь хүн удирдаж чадах ч зарим хэсгийг нь удирдаж чадахгүй. Стресс бол амьдралын нэг салшгүй хэсэг. Үүнээс ангид амьдарна гэж байхгүй. Стресс хүнийг амьд байгааг, шинэлэг алхам хийх санааг өгч байдаг. Энэ нь хэт их байж болохгүй. Стресс ихэдвэл эмгэг, өвчин болно. Огт стрессгүй амьдрах хэцүү. Тохиолдож байгаа стрессийг яаж зохицуулах, даван туулах вэ гэдэг аргачлалд суралцах нь илүү бодитой болох юм. Бас зохиомол стрессүүд байдаг.
Ерөөсөө бүх юм болохгүй байна гээд л стресстдээд байвал тийм л дүр зураг харагдана. Аливаа зүйлийн сайхныг олж харж чадахгүй л гэсэн үг.
-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хоорондоо маш зохисгүй, ямаан омогтой харилцах юм. Тухайн хүнийг стресс ихтэй байна гэж үзэх үү, эсвэл соёлгүй, бүдүүлэг байгаагийн илрэл үү?
-Бид байгаа орчиндоо дасан зохицох ёстой. Түгжрэлээс болоод уурлаж, бухимдаж, стрессдээд явах юм бол тухайн хүмүүсийн эрүүл мэндэд хортой, ахиад өөр бусад хүний сэтгэлийг тавгүйтүүлэх шалтгаан болно. Мэдээж замын хөдөлгөөнд оролцож түгжирснээр цаг зав, бинзен тосоо үр дүн муутайгаар зарцуулж байгаа нь үнэн. Уурлаад энэ асуудалд хувь нэмрээ оруулах нь маш бага юм. Түгжрэлтэй үед яаж асуудлуудаа шийдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дулааны улиралд менежмент хийж, автобусанд суух, дугуй, скүүтер унах, алхах зэргээр шийдэж болж байна. Нийгмийн бухимдал их байгаа учраас хүмүүс хоорондоо ойлголцоход хэцүү болж буй. Мөн хүмүүс тайвширч, стрессээ бүрэн зохицуулж сураагүйтэй ч холбоотой.
Суурин амьдралын хэв маягаар амьдарч буй нөхцөлд тухайн газрынхаа соёл, амьдралын хэв маягт суралцах. Нэг хүний хүссэнээр болохгүй учир олныхоо жишгийг дагаж, улам соёлжиж, аливаад хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Хүн юунаас болж стрессдээд байгаагаа өөрөө мэдэхгүй байх нь элбэг. Тиймээс өөрийнхөө стрессдээд байгаа шалтгаануудыг олсноор стресст өртөхгүй байх гаргалгааг хайж болох юм. Хүн шууд бодсон санаснаа шүүлтүүргүйгээр хэлнэ гэдэг сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй байгаагийн нэг илрэл. Хүн стрессдэж болно, түүнийгээ хэн нэгэнд гаргана гэдэг тийм оновчтой зүйл биш. Уурласан хүнээс зөв шийдэл гарах нь бага. Стресс, уур бухимдал нь богино хугацаанд үүсэхэд сэтгэлийн хүчтэй цочролыг өгөөд хэлэхгүй үгээ хэлэх, хийх ёсгүй үйлдлээ хийхэд хүргэдэг. Стресс, уур бухимдал удаан үргэлжилбэл мэдээж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Сэтгэл зүй тайван байх нь нийгмийн хөгжил, тухайн газрын зан заншил, хүмүүсийн амьдралын хэв маяг, үзэл бодол гээд маш олон зүйлийн бүрдлээс үүсдэг.
Төр засгаас монгол хүний сэтгэл санааг яаж илүү тайван байлгах, аз жаргалын индексийг нэмэгдүүлэх вэ, тавьсан замаас эхлээд хүний хэрэглэж байгаа бүхэн ээлтэй байх бодлого үгүйлэгдэж байна.
-Нэг хүний стресс нийгмийнх болж хувирдаг. Хүний эрүүл мэндэд стресс хэрхэн нөлөө үзүүлэх вэ?
Ер нь тийм. Асуудал байгаа тохиолдолд битгий стрессд гэж хэлэхэд хэцүү. Өдөр бүр өндөр стресстэй явах нь эрсдэлтэй. Зүрх судасны болон сэтгэцийн эмгэг үүсэх гээд олон өвчний үндэс болдог. Стресстсэнээс тамхи татах, архи дарс хэрэглэх гээд сөрөг үр дагавар нь дундаж наслалтад, аз жаргалтай амьдрах амьдарлын чанарт ч нөлөө үзүүлдэг.
Стресс, уур бухимдлаа удирдаж сураагүй бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй. Манай төвийн 1800-2000 гэдэг дугаар руу холбогдож, өөрт хэрэгтэй зөвлөгөө авч болно. Бусдад болон өөртөө хор хөнөөлгүйгээр зөв аргаар стрессээ гадагшлуулах шинэ аргад суралцах хэрэгтэй. Нийгэм хөгжихийн хэрээр сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол зайлшгүй байх ёстой. Насан туршийн боловсрол олгох гэдэгтэй адилхан бүх түвшний хүмүүст сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Оюун санаагаа тайвшруулах бясалгалтай холбоотой аргууд буюу энгийн иогийн дасгал хийж болно.
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд стресстэй хүмүүс хэр олон ирдэг вэ?
-Стресс их байвал эмнэлэгт хандах ёстой гэдгээ хүмүүс харьцангуй мэддэг болсон. Манайд стрессийн шалтгаант сэтгэцийн эрүүл мэндийн клиникийн тасаг гэж бий. Стресс, архаг ядаргаа, нойртой холбоотойгоор энэ тасагт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн урт дараалал байнга үүсдэг. Эдгээр нь хүнд эмгэг биш ч тоохгүй орхивол алсдаа амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, тамирчдын хувьд аваад үзье л дээ. Сэтгэл зүй ямар чухал вэ гэдгийг тэдний амжилтаас шууд харуулчихаж байна. Сүүлийн үед сургуулиуд сэтгэл зүйчтэй болж буй нь давуу тал юм. Сэтгэл зүйчид хандах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Амьдралын зөв хэв маягтай байх нь чухал. Сэтгэл зүйн зөвлөгөөг хүн авахад амар хялбар, ойр байхаар шийдэж, эрүүл мэндийн даатгалд оруулж өгөх хэрэгтэй. Стресстэй холбоотой эмгэгийн тасаг маань төлбөртэй. Харин архины асуудалтай хүн ямар ч төлбөр төлөхгүйгээр хэвтэн эмчлүүлэх боломжтой болсон. Сэтгэл зүй гэдэг төрөхөөс үхэх хүртэлх хугацаанд хүний чухал хэсэг байдаг. Гарц шийдэл хайж, санаачлагатай байх хэрэгтэй.
-Стрессээ тайлах энгийн аргуудаас дурдвал?
-Хүн бүр өөрийнхөө туршлагаар стрессээ зохицуулдаг. Дуртай зүйлдээ цаг зав гаргах. Стрессдэж бухимдаад хэцүү байгаа үедээ тэр үүсээд байгаа мэдрэмжээ ойр дотны хүндээ илэрхийлдэг байх. Мэргэжлийн хүнд хандах. Шинэ зүйлийг сурч мэдэх нь эрч хүчийг өгч, цэнэглэдэг. Ой мод, гол ус, цэвэр агаарт алхах нь хүнд тайвшралыг өгдөг. Дэлхийн олон оронд богино хугацааны бясалгалын аргачлалыг их ашиглах болсон. Английн 400 гаруй сургуулийн бага ангид богино хугацааны бясалгалын аргачлалыг заагаад эхэлсэн. Энэ стресс гэдэг зүйл эмх цэгцгүй бодлын урсгал. Хүн өөрөө ч мэдэлгүй түүндээ түүртээд яваад байдаг. Хүн богино хугацаанд сайн төвлөрөөд байхаар маш том стрессээ тайлах багаж зэвсэгтэй болж буй юм. Нотолгоонд суурилсан бясалгалд суралцана гэдэг стресс бухимдал асуудлаа маш сайн шийдвэрлэх, дотогшоогоо хөгжих, цоо шинээр юмыг харах боломжийг хүмүүст олгож байгаа. Наад захын стресс тайлах арга нь булчин суллах, амьсгалын дасгалууд байдаг. Үүнийг цахим ертөнцөөс харж болно. Энгийн гээд түүнийг тоохгүй орхиж болохгүй. Мөн аливаад төлөвлөгөөтэй хандаж сурах нь зөв. Аз жаргалтай байхын тулд хариуцлагатай байх хэрэгтэй.