Өнгөрсөн 2023 онд орон сууцны залилангийн 6 2 9 гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 2024 оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд залилах төрлийн гэмт хэрэг 7000 гаруй бүртгэгдсэн байна. Нийт залилах гэмт хэргийн 10 хувь нь орон сууц түрээслүүлэх нэрийдлээр үйлдсэн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор наймдугаар сард нийслэл хотод байр түрээслэх гэсэн оюутан залуус улам ихэсдэг. Эрэлт хэрэгцээгээ дагаад орон сууцны түрээсийн үнэ ч өсөхийн зэрэгцээ олдоц муу байдаг гэнэ. Үүнийг нь далимдуулан орон сууцны залилангийн гэмт хэргийн тохиолдол түгээмэл гарах болж. Орон сууцны залилангийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунгуагаас тодрууллаа.
-Түрээсийн байрны залилан ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?
-Цагдаагийн байгууллагад хичээлийн шинэ жил эхлэх үеэр буюу оюутнууд хөдөө орон нутгаас орж ирэхтэй холбоотойгоор түрээсийн байрны залилах гэмт хэрэг ихээр бүртгэгддэг. Нийт гэмт хэрэг дотор залилах гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлдэг. Эдгээр дотроос цахимаар үйлдэх гэмт хэрэг их байна. Түрээсийн байрны залилах гэмт хэрэг цахимаар болон бусад хэлбэрээр үйлдэгддэг. Тухайлбал цахимаар залилах гэмт хэрэг яаж үйлдэгддэг вэ гэхээр facebook, инстаграм гэх иргэдийн түлхүү ашигладаг цахим флатформууд дээр “Байр түрээслүүлнэ” гэсэн зарыг оруулсан байдаг. Зар оруулахдаа ашигласан зураг нь харахад маш үзэмжтэй, тохилог, цэвэрхэн байр байдаг. Зарын дагуу утсаар нь холбогдоод үзэхээр “ Яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул маш хямд үнээр хурдан хугацаанд түрээслүүлнэ. Түрээсийн мөнгийг шууд шилжүүлсэн, хамгийн эхний иргэнд байрыг түрээслүүлэх боломжтой” гэж хэлдэг. Иргэд хараад гоё байр байна, таалагдлаа, хямд үнэтэй байгаа дээр нь авъя гэдэг байдлаар хандаж, мөнгөө залилагчийн данс руу шилжүүлчихдэг. Тэр байрны эзэн мөн бишийг нягталдаггүй. Яагаад орон сууцаа түрээслэх болов, өөрийнх нь түрээсэлдэг байр мөн эсэх зэрэг баталгаатай мэдээллийг нь нягталж шалгаагүй байж мөнгөө шилжүүлснээс залилах гэмт хэрэгт өртдөг.
Орон сууцны түрээсийн залилан хичээл, сургууль амарчихдаг тул зуны зургаа, долдугаар саруудад харьцангуй бага гардаг. Тоон мэдээллийг гаргахдаа байр түрээслүүлэх нэрээр залилуулах гэсэн иргэдийн өргөдөл, гомдол дээр үндэслэдэг.
-Залилагч урьдчилж мөнгөө шилжүүлэхийг санал болгодог гэлээ. Ямар төрлийн дансыг ихэвчлэн ашигладаг вэ?
-Залилах гэмт хэргийн хувьд ашиглагдаж байгаа данс нь ихэвчлэн танихгүй мэдэхгүй, ямар нэгэн гэр оронгүй, өндөр настай, өөрөө гар утсаараа интернэт банкаа ашиглан орлого, зарлагаа хянах гэх мэтчилэнгээр дансаа шалгаж чадахгүй хүмүүсийн дансыг ашигласан байдаг.
-Түрээсийн байр хайж буй иргэдэд юу гэж зөвлөх вэ?
-Түрээсийн байр т үрээслэх гэж буй иргэддээ зөвлөхөд байр түрээслэгчтэйгээ уулзаж, тухайн байраа очиж үзэх. Байр түрээслэгчийн эзэмшлийнх мөн эсэх, тухайн СӨХ-өөс ийм хүн энэ байрыг түрээслэдэг үгүйг нь лавлах, мөнгөө шилжүүлж болох эсэх дээр баталгаатай болсны дараа шилжүүлэх нь зүйтэй. Цахим хаяг дээр байршуулсан зураг мэдээллийн дагуу мөнгөө шилжүүлсэн боловч нөгөө байрны зураг нь өөр хүний сошиал платформ дээрээс авсан зар байдаг учраас өөрөө байраа нүдээр үзэж, харсны дараа мөнгөө шилжүүлсэн тохиолдолд энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой. Тиймээс иргэд мэдээлэлд аль болох нягт нямбай үндэслэлтэй хандах хэрэгтэй.
Хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас зэрэг онлайн захиалгын барааг хямд гэдэг байдлаар нь захиалж, залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Лайк, шэйр ихтэй буюу гоё барааны зураг тавьсан үзэлт ихтэй цахим хаягаар холбогдон иргэд бараа захиалдаг. Эхлээд мөнгөө шилжүүлээд дараа нь бараа нь ирнэ гэдэг ч ирдэггүй. Бага мөнгөөр буюу 10, 20 мянган төгрөгийн бараа захиалсан тухайн иргэний хувьд учиргүй залилуулчихлаа гэж үзэн цагдаад мэдэгдэхгүй ч залилагч хүний дансанд маш их мөнгө ороод байдаг. Залилах гэмт хэргүүдээс өөрсдийгөө урьдчилан сэргийлж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байхыг иргэдээсээ хүсье.