Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

П.Болормаа: Сошиал орчинд бусдын талаар зүй бус агуулга тавьсан хүүхдийн эцэг, эх хуулиар хариуцлага хүлээнэ DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаатай ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Цэцэрлэгийн насныхан, сургуулийнхан эрсдэлд орох тохиолдол нэмэгддэг гэж үздэг. Цагдаагийн байгууллага үүн дээр хэрхэн анхаардаг юм бол?

-Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг зөрчлийн тоо хэмжээ тодорхой хувиар өсдөг.

Өнгөрсөн жил гэхэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 1.8 хувиар, с ургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 30 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ төрлийн гэмт хэрэг голдуу сургуулийн орчинд болон нийтийн гудамж талбай, олон нийтийн газар, гэр орон сууцад гэх мэт орчинд үйлдэгддэг.

Хүний хөдөлгөөн ихсэх тусам зам, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн мөн адил нэмэгддэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд зам тээврийн осолд явганаар болон авто тээврээр зорчиж байх үедээ хохирох тохиолдол дагаад өсчихдөг.

Мөн тоглоомын талбай, спорт заал, номын сан, хичээлийн танхимд эд зүйлсээ алддаг явдал гарна. Дийлэнх нь халаасны хулгай, тэр дундаа гар утсаа халаас, цүнхнээсээ алддаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ үнэтэй, ухаалаг гар утас авч өгдөг болсон. Ялангуяа оюутан залуус, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид үнэтэй утсаа хулгайд алдах тохиолдол их. Цагдаагийн байгууллага хүн ам ихээр төвлөрсөн газруудад хяналтын камер болон цагдаагийн алба хаагчид эргүүлээр хяналт тавьж ажиллаж байгаа. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Хариуцлагын хувьд гар утас хулгайлсан нь нотолгоогүй бол цагдан хорих, саатуулах үндэслэлгүй. Олон удаагийн давтамжтай үйлдэлд прокурор, шүүгчийн шийдвэрээр баривчлах тохиолдол бий.

-Сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тухай та дурдлаа. Үе тэнгийнхний дээрэлхэлт, ахлах дунд ангийнхан бусдад уруу татагдах, хорт зуршилтай болох эрсдэл байдаг. Энэ эрсдэлийг бууруулах гол зүйл юу байдаг вэ?

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж байдаг. Сургууль орохоор сурагчид бөөнөөрөө бүлэг үүсгэж, хорт зуршил буюу тамхи, архи согтууруулах ундаа гэх мэтийг хэрэглэдэг. Энэ нь хүүхдийн бие махбодын онцлог, нас, сэтгэхүйн хувьд хэрхэвч болохгүй зүйл. Архидан согтуурсны улмаас гэмт хэргийн хохирогч, холбогдогч болдог. Зан аашид ихээхэн хурц өөрчлөлт орж бусад хүүхдүүдтэй зодолддог, маргалддаг үл ойлголцол гаргадаг. Өнгөрсөн жилүүдэд зодолдоод нэгнийгээ хутгалсан, зааланд тоглож байхдаа нэгнийгээ хутгалж хүнд гэмтэл учруулсан, гудамжинд явж байгаад … дугаар сургуулийн хүүхдүүд цүнхэндээ байсан цаасны хутга, хайчаар бусдын биеийг гэмтээсэн зэрэг ноцтой гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Иймд эцэг эхчүүд, сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч нар маш сайн хүүхэдтэйгээ ярилцах, зөвлөх, анхаарал хандуулах хэрэгтэй. Хараа хяналт тавь гэдэг нь хичээл хэдэн цагт орсон, хэдэн цагт тарсан, хаана хэнтэй нөхөрлөж байна, ер нь зүй бус харилцаа гэж юу вэ, үүнээс учрах хор хохирол, эрсдэл нь ямар байдаг талаар, тухайлбал, хүүхдийг хохироолоо гэхэд тухайн хүүхэд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг хүртэл дагуулдаг гэдгийг ойлгуулах л чухал.

-Бас ээж аав нь зэрэг ажиллаад эхлэхээр хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ үлдэх болдог. Үүнээс болж маш аюултай эрсдэлүүд бий болдог байх аа?

-Анхаарах ёстой бас нэг эрсдэл бол яалт ч үгүй энэ асуудал. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ цоожтой орхидог. Хаалт хамгаалалтгүй цонхоор хүүхэд унаж бэртэх эсвэл ухсан нүх шуудуу, жорлон, муу усны нүхэнд унаад живсэн тохиолдлууд гардаг. Томчуудаас шалтгаалах зүйлс нь нэгдүгээрт, бага насны хүүхдүүдэд гэр бүлийн орчин, гадна орчны аюулгүй байдлыг бүрдүүлж өгсөн байх шаардлагатай. Хоёрдугаарт, өсвөр насны хүүхдүүдийг зан харилцаа, хаана явж байгаа, хэнтэй нөхөрлөж байгаа, гарах хор хохирлыг сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдвэл насан туршид нь ямар хар толбо үлдэх вэ, зөрчлөөс шалтгаалаад ял оногдуулах асуудал хүртэл яригдана.

Монгол Улсын Эрүүгийн хуульд 14 наснаас гэмт хэргийн субьект болох заалт байдаг. Хүүхдүүд 18 нас хүрээгүй юм чинь ял оногдуулахгүй гэж буруу ойлгодог. Мэдээж захиргааны зөрчил хүртэл оногдуулна. Олон нийтийн газар танхайрах, бусадтай зүй бус харьцах гэх мэт асуудлуудад хуулийн хариуцлага заавал бий.

-Хүүхдийн эрхийн тухай хууль ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн сэдэвтэй холбоотойгоор хуулийн гол өөрчлөлт юу байгааг тодруулж өгөхгүй юү?

-Хүүхдийн эрхийн тухай хуульд үе тэнгийн дээрэлхэлт, бусдыг ялгаварлан гадуурхсан, үл тоомсорлосон, яс үндэс, царай зүс, бие хаагаар ялгаварласан бол хариуцлага оногдуулахаар заасан. Тухайн хүүхдийг эцэг эхтэй нь хамт ёс зүйн сургалтад хамруулж байгаа. Тэгэхээр эцэг, эх хүртэл хариуцлага хүлээнэ. Нийгэмд яригддаг зүйл бол цахим орчны гадуурхал, сөрөг нөлөөлөл, бусдыг доромжлох гэх мэт асуудал байна. Цахим орчинд бусдын талаар зүй бус агуулга тавьсан хүүхдийн эцэг, эх хуулиар хариуцлага хүлээнэ. Үе тэнгийн дээрэлхэлт сүүлийн үед өргөнөөр яригдаж байна. Хүн бүр өөрийн гэсэн ялгаатай, онцлогтой байдаг гэдгийг эцэг, эх нь ойлгуулж өгөөгүйгээс болоод хүүхэд мэдэхгүйгээр бусдыг доромжилж, дээрэлхэж байна. Үе тэнгийн дээрэлхэлтээс болоод хүүхэд сэтгэл зүйн дарамтад орох, амиа хорлох тохиолдлууд хүртэл байдаг. Дарамтад өртсөнөөсөө болоод нөгөө хүүхдээ зодож цохиод эргээд гэмт хэргийн холбогдогчоор татагдаж болдог.

Цагдаагийн байгууллага жил бүр, улирал, тухайн цаг үеийн онцлогт тохируулаад арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Одоо хичээл эхэлж байгаа арга хэмжээнд наймдугаар сарын 26-наас эхлээд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүд насанд хүрээгүй хүнд худалдан борлуулахад нь хяналт тавьж, шалгалт зохион байгуулна.

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ. Сургууль цэцэрлэг орчихоор буурах уу?

-Энэ оны эхний долоон сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 117 хүүхэд хохирсон байна. Үүнээс 48 хүүхэд гэмтсэн. Энэ гэмт хэрэг нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл тухайн хүний зан үйлтэй холбоотой. Тэгэхдээ нөлөөлөх шалтгаан хүчин зүйлс нь архидан согтуурах, нийгэм эдийн засгийн нөлөөлж байгаа хүчин зүйлүүдээс болоод нэмэгдэх хандлагатай. Эцэг, эх, асран хамгаалагч хүүхдийг хичээл хийлгэхдээ загнаж, зоддог асуудлууд гардаг. Энэ тал дээр ухамсартай байж хүүхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүй байхад иргэд өөрсдөө өргөн мэдлэгтэй байх шаардлагатай.

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг регистрийн дугаараар бүртгэдэг болсон. Жолооч зөрчил гаргах болгонд бүртгэж жагсаалт гардаг шиг хүчирхийлэл үйлдсэн бол он сар, хаяг, хэний эсрэг хүчирхийлэл үйлдсэн, ямар хэлбэрээр үйлдсэн байна гээд бүгдийг бүртгэдэг. Тэгэхээр давтамж нэмэгдэх тусам тухайн хүнд хүлээлгэх хуулийн хариуцлага хүндэрнэ гэсэн үг. Давтамжтай үйлдэх юм бол Зөрчлийн тухай хуулиар баривчлах хариуцлага оногдуулж байсан бол давтан үйлдвэл Эрүүгийн хуулиар хоёр жил хүртэл хорих гээд хүндрээд явдаг. Өмнө нь хаягаар эсвэл утсаар бүртгэдэг ч хаяг утсаа солиод ял завшдаг байсан бол одоо боломжгүй. Тиймээс ийм хүмүүс зан үйл, ёс зүйгээ засах хэрэгтэй. Архи уусан үедээ хүчирхийлэл үйлдчихээд “уучлаарай” гэдэг. Архи нөлөөлөх хүчин зүйл болохоос биш шалтгаан нөхцөл биш. Гол шалтгаан нь хүний зан үйл, хүмүүжил төлөвшилтэй холбоотой.

Нөгөө талаар сургууль цэцэрлэгийн орчинд багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийг зодож, цохих, ялгаварлан гадуурхах гэх мэт хандлага гаргадаг. Тухайн сургуулийн нийгмийн ажилтан, захирал нь ёс зүйн хорооны бүртгэлд бүртгээд явдаг. Боловсролын ерөнхий газарт хүүхдийн эрхийн улсын байцаагч, гэр бүл залуучуудын хөгжлийн газар байцаагч ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хариуцлага оногдуулаад хариу арга хэмжээ аваад явна. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Байгууллага, аж ахуй нэгж бүрийн оролцоог хуулиар заасан байдаг. Аж ахуй нэгж нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, оролцоогоор хангасан байх ёстой. Энэ бүхэнд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *