Йогийн багш Б.Тунгалагтай ярилцлаа.
-Та анх яагаад йогоор хичээллэх болов. Йогийг та хэрхэн илэрхийлэх вэ?
Би 2016 оноос анх эрүүл мэндийн шалтгааны улмаас йогоор хичээллэх болсон. Савны гадуур жирэмсэн болоод, шарлаад, зүрх, нуруунд асуудлууд үүссэн. Би залуу хүн, тухайн үедээ яаж эрүүл, өвдөхгүй байх вэ гээд эрэл хайгуул хийж эхэлсэн л дээ. Мэс засалд ороод гарсныхаа дараа г эрийнхээ ойролцоох йогт очсон юм. Мэс засал хийлгэснээс хойш гурваас зургаан сарын дараа йогоор хичээллэж болно гэж багш маань хэлсэн. Гурван сар хүлээхдээ өөрийгөө бэлдсэн. Нуруу, хүзүүний гээд шаардлагатай бүх зургаа авахуулж, арав хоног бариа заслаар явсан. Мөн Гуравдугаар эмнэлэгт зүрхний мэс засалд орох гээд гурван удаа хэвтэж байсан ч ороогүй. Тэр үед н.Батбаатар гээд эмч маш үнэтэй зөвлөгөө өгсөн. “Чи зүгээр л уурлахаа боль, зүрхээ амраа” гэж хэлсэн нь йогоор хичээллэхэд дөхөм болсон. Би яаж уурлахгүй байх шалтгааныг өөртөө бүрдүүлэх вэ гэж их бодсон. Өөрийнхөө сэтгэлийг тайван байлгахын тулд би йогт явах болсноос хойш өдийг хүртэл нэг ч өдөр йогоо тасалж байгаагүй. Жирэмсэн байхдаа ч йогоо хийсээр л байсан. Биеийн булчин нь сулраад ирэхээр хүний бие цэгцрээд ирдэг. Өөрийнхөө жишээгээр харахад нэлээд олон жилийн дадал, зуршил, сахилга баттай байсны үр шим нь таваас дээш жилд илүү мэдрэгддэг юм билээ. Цаашлаад насан туршдаа йогоор хичээллэх нь маш үр дүнтэй гэж боддог. Өөртөө эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй бусдад түгээх нь зүйтэй юмаа гэж бодож, гурав дахь жилдээ йогийн багш хийж байна.
Багш болгон өөр. Йог гэдэг зүйл маш өргөн утгатай. Хүмүүс тал талаас нь харж, сайн зүйлийг нь бусдад түгээдэг. Хүн бүр өөр, өөрийн өнцгөөр хүлээж авдаг нь хүний давтагдашгүй шинж чанартай холбоотой. Миний авсан энэ сайхан мэдрэмжийг бусад нь ч гэсэн аваасай гэж хичээлээ заадаг.
Йогийн маш олон тодорхойлолт бий. Анхан, дунд гэхчлэн йог олон түвшинтэй. Хүмүүс зураг хараад л йог гэхээр хөдөлгөөн гэж ойлгож ирдэг. Хамгийн энгийнээр йогийг амьсгал, хөдөлгөөн, сэтгэл гурвын нэгдэл гэж ойлгож болно. Булчин шөрмөс нь чангарсан үед нэг асана буюу хөдөлгөөнд бариад амьсгалаа аваарай, гаргаарай гэхэд л амьсгалаа түгжчихээд байдаг. Энэ нь алдаатай хийж байна, дахин хийх шаардлагатай л гэсэн үг. Хөдөлгөөн хийж байхдаа амьсгалаа ажиглана. Уурласан үед хүний амьсгал дээр буюу хоолойд байгаад байдаг. Амьсгалаа тайван байлгах тусам булчин, шөрмөс сулардаг.
-Йог хийснээр хүний бие болоод сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарах вэ?
Хүн бүр өөр, өөрөөр тайлбарлах байх. Хүний бие организмд цусан хангамж нь сайн, чөлөөтэй урсаж байж гэмээнэ бие болоод сэтгэл санаа нь эрүүл байдаг. Йогийг тууштай буюу удаан хийснээр хүний цусан хангамж зөв урсгалдаа орох бүрэн боломжтой. Бидний амьдралын буруу хэвшил хэдхэн сар йог хийснээр арилахгүй. Йог хийж, өөрийн болгож, уян налархай болсныхоо хэрээр цусны урсгал сайжирч, дор хаяж хөл гарах дулаацах, толгой өвдөхөө больдог. Хүлээлтээ багасгаад тасралтгүй өдөр бүр йог хийх нь зүйтэй. Йог бол өөрийгөө таних хамгийн том гарц юм. Хүмүүсийг заавал йог гэлтгүй насан туршдаа хөдөлгөөнтэй байгаасай гэж хүсдэг.
-Йог хийхэд амьсгалаа хөдөлгөөнтэйгээ хослуулна гэлээ. Тодруулж хэлж өгөөч?
Зөв амьсгал авахад хүчилтөрөгч хамраар ороод хоолой, цээжний хөндий, хэвлий рүү буюу таван цулд очих юм. Өмнө нь хэвлийд орсон хүчилтөрөгч нь нүүрсхүчлийн хий болж, амьсгал гаргахад хэвлийгээс шахагдаад цээжний хөндий, хоолой, хамрын нүхээр буцаж гарах ёстой. Бид йог хийснээр амьсгалын энэ орж, гарч байгаа замыг ажиглах буюу хэвлийн хөндий рүүгээ гүн амьсгалж чадаж байна уу гэдгээ анзаарч, хөдөлгөөнөө хийхдээ бүрэн амьсгалаа авч, гаргаж чаддаг болох хүртлээ суралцана гэсэн үг. Эхний ээлжинд хамраараа амьсгалаа аваад амаараа гаргаж байгаад, дараа нь хамраараа буцаж гаргадаг болох нь чухал. Үүнийг хөдөлгөөнтэйгээ хослуулж, тухайн булчиндаа анхаарлаа хандуулах юм. Анхаарал хаана байна, түүн дээр эрчим энерги урсдаг гэж үздэг. Амьсгалаа мэдэрч сурах нь хамгийн чухал. Товчхондоо амьсгалаа зөв авч, хөдөлгөөнөө зөв хийснээр хүн эрүүлждэг. Олон хөдөлгөөнөөс илүү нарны мөргөл ч юмуу тогтмол нэг хөдөлгөөнөө хийх нь илүү үр дүн үзүүлэх боломжтой.
-Та ихэвчлэн өглөөний йог хичээллүүлдэг. Өглөөний йог хийх нь юугаараа онцлогтой вэ?
Өглөөний йог бүр илүү гайхамшигтай. Яагаад гэвэл хүнийг амьтан гэдэг талаас нь авч үзвэл хоол ундаа урд өдөр нь идлээ. Урд өдөр нь идсэн зүйл нь өнөөдрийн хоол хүнсийг олж идэх нөөц буюу өөх хэлбэрээр хүний биед хуримтлагдаж таргалалт үүсгэдэг юм байна. Тиймээс тэр өөхийг өглөө йог хийснээр шатааж, таргалахгүй, эрүүл байх боломжтой. Уг нь хүн гэдэг амьтан өглөө босоод хөргөгчнөөсөө юм авч иддэг биш хөдөлгөөн хийдэг байсан бөгөөд өвчлөөд байгаагийн цаад шалтгааны нэг нь энэ гэж хэлж болно. Хүн өглөө 05.40-07.40-ийн хооронд босоод биеэсээ бохирдлоо гаргах шаардлагатай. Бохирдол бол шингэн хэлбэртэй шээс, нус цэр, шүлс, нулимс гэх мэт. Эдгээр бохирдлуудыг гаргаснаар өвчний шалтгаан үүсэх нь бага байдаг. Энэ үед бүдүүн, шулуун гэдэс ч эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж, өтгөн буюу бохирдлыг гаргахад бэлэн байдаг. Өглөө бүр бохирдлоо гаргаад сурчихаар өтгөн ч хатах нь багасдаг. Өглөө эрт босох зорилгоо ойлгох нь мэдээж чухал. Энэ цагт дасгал хөдөлгөөн хийдэггүй юмаа гэхэд унтаа, хэвтээ биш сэрүүн, босоо байрлалд ядаж байх хэрэгтэй.
Цаг болгоны йог өөр, өөрийн гэсэн онцлог шинжтэй. Өглөөний йог нь илүү хүнд үр дүнгээ өгдөг. Хүн унтаж амарсан учраас өглөө булчин нь илүү суларсан байдаг. Хүн өглөө сайхан тайван байхдаа бохирдлоо гаргасныхаа дараа йогоор нэг цагийн турш хичээллэхэд тэр үеийнхээ эрчим энергиэ өөрийн биедээ илүү шингээж авдаг. Тиймээс хүн өдрийн турш эрч хүчтэй, бүтээлч байдаг.
Оройны йогт явахад биеийнхээ булчинг суллаж, ядаргаагаа тайлах онцлогтой. Ядаргаагаа тайлахаар өөртөө эрчим энерги нэмж чадахгүй байх талтай. Өглөөний йогт явснаар илүү эрүүл болно. Хүний эрүүл байх тулгын гурван чулуу бол нойр, хөдөлгөөн, хооллолт сэтгэл зүй. Эдгээрийг тэнцвэртэй байлгаж, зэрэг хөрөнгө оруулалт хийж явснаар эрүүл саруул, эрч хүчтэй, баяр баясгалантай байх боломжтой.
-Йогоор хичээллэхэд ямар нэг хоолны дэглэм барих уу?
Хүн эхлээд өөрийгөө ажиглаж сурах хэрэгтэй. Хийн, шар, бадганын аль төрлийнх нь хүн бэ гэдгээ мэдэх юм. Өөрийнхөө хувьд тэнцвэртэй хооллолт гэдэг юу вэ гэдгийг мэдэж, хэвшүүлэх хэрэгтэй.
-Хүүхдийн йогийн талаар тодруулахгүй юу?
Хүүхдийн йог гэхээр мөн л амьсгал, хөдөлгөөн хоёрын нэгдлийг хэлнэ. Хүүхдүүд томчуудыг бодвол сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван. Хүүхдэд багаас нь амьсгалыг нь зөв дадуулахаар тархины цусан хангамж нь сайжраад илүү юмыг ойлгодог, бүтээлч болдог. Өөрийгөө илүү анзаардаг. Мөн өөрийгөө мэдэрч сурахыг багаас нь хүүхдүүдэд сургах шаардлага бий. Йогийн холбоо, Боловсролын яам хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Хүүхдүүд йог хийхэд одоохондоо мэдэгдэхгүй ч гэсэн цаашдаа маш үр өгөөж өндөртэй зүйл юм. Йогийг хүүхдэд зориулан тоглоомын аргаар явуулж болдог. Йогийн үеэр нэг хүүхэд маш их унтсан тохиолдол гарч байсан. Дэлгэцийн хамаарлаас үүдээд томчуудаас дутахаар гүй стресстэй хүүхдүүд ч байдаг. Йог хийгээд байхаар хүүхэд сайн унтаж, амарч чаддаг болдог. Йогт насны хязгаар байхгүй. Учир нь бүх насны хүнд хөдөлгөөн маш чухал шүү дээ.