Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Баярлалаа DNN.mn

Хэн нэгнийг баярлуулж үзээгүй хүн гэж байдаггүй. Өөрөө мэдсэн, мэдээгүй бусдад талархах сэтгэд төрүүлнэ гэдэг бахархам сайхан.

Өглөө ээж хүү хоёр урд алхаж явсан юм. Хоёр гурван л настай болов уу гэмээр хүүгийнхээ хаясан цаасыг өөрөөр нь авахуулах ээж “хогоо заавал хогийн саванд хийх ёстой”-г ярьсаар хоцорлоо. Хог хаядаггүй залуу үе өсөж өндийж байгаад сэтгэл өег алхлаа.

Автобусанд настай хүн орж ирэнгүүт ухасхийн босч суудал тавьж өгөх залуус олон юм. Нэг хэсэг сошиал орчинд “автобусанд настай хүмүүст суудал тавьж өгөх албагүй. Адилхан л ядарч  яваа шүү” гэсэн пост яваад байсныг олоод харчихсандаа дургүй хүрч явсан би нэг их сайхан урт амьсгаа авав. Ямар насаараа зогсоо яв гэсэн биш, хэдэн буудал газар зогсоод явахад асуудал байхгүй.

Зам дээр тогтсон борооны усны орчим гарахдаа жолооч нь машины хурдаа багасгаж байгааг харахад сайхан санагдана. Бороо орсны дараа замын хажуугаар алхахдаа бараг л усанд орчих шахдаг байсан үе бас байсан юм шүү.

Зам хөндлөн гарч байгаа хөл муутай нэгнийг дэмнээд гаргаад өгөх сэтгэлтэй хүмүүс үеийн үед байсаар байгаад талархана.

Ажил  руугаа алхдаг замыг минь цэв цэвэрхэн байлгадаг ажилсаг тэр нэгэн танихгүй ТҮК-ийн хүнд өглөө бүр баярладаг.

Жижиг гэлтгүй ийм үйлдлүүд биднийг амьдралыг гэрэлтүүлж байдаг. Тус хүргэсэн хүн нь ч, тусыг авсан нь ч, түүнийг харж байсан хөндлөнгийн хүмүүст ч нэг тийм баярлам дулаахан мэдрэмж төрдөг. Ийм мэдрэмжтэй хүмүүс дараа нь өөрийн эрхгүй бусдад туслан гэрэл түгээж байдаг.

Баярлалаа, муу муухай, болохгүй бүтэхгүй гэсэн бараан бүхний дундуур чив чимээгүй шургалан орж, эерэг дулаан болгож байдаг чин сэтгэлтэй та нартаа.

Д.Оюунтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *