Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хуульч О.Билгүүн: УИХ, Засгийн газрын гишүүн ямар нэгэн компанитай хамааралтай байхыг хуулиар хориглодог DNN.mn

Өмгөөллийн “Цогц өмгөөлөл” хууль зүйн фирмийн хуульч О.Билгүүнтэй төрийн өндөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн талаар ярилцлаа.


-Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн асуудал үе, үеийн парламентад яригддаг. Сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудал дэгдэж, олны анхаарлыг татлаа. Хууль зүйн талаас харвал юу болоод өнгөрөв?

-УИХ-ын гишүүн бол ард түмний саналаар томилогддог албан тушаалтан. Энэ албан тушаалтны ажил үүргийн онцлог, ямар нөхцөл журмаар ажиллах вэ гэдгийг нарийвчлан зохицуулсан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой бий. Товчхондоо, УИХ-ын гишүүн төрийн үйл ажиллагаагаа л эрхэлнэ. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд сурталчилгааны асуудлыг зохицуулсан. УИХ-ын гишүүн аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно гэдэг. Нэгэнт ард түмнээс сонгогдож гишүүний тангаргаа өргөчихөөд хувийн бизнес хийх нь энгийн иргэний нүдээр харахад ч ёс зүйгүй үйлдэл. Харин нийгэмд тустай үйл ажиллагаа байвал сурталчилгаа явуулж болно гэж зөвшөөрдөг. Бусад ямар ч тохиолдолд хориглодог. Гишүүний лайв болон бусад мэдээллүүдээр “Би төрийн ажлаа хийж байгаа. Хувь хүн учраас чөлөөт цаг завтай үедээ юу хийх нь миний эрх” гэж буцаад иргэд рүү дайралт хийх маягтай тайлбар өгсөн байсан. Энэ бол маш буруу. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн биеэ авч явахаас ёс зүйн зарчим эхэлдэг. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос хариуцлага тооцсон нь үндэслэлтэй.

-Яг үүнтэй ижилхэн кейс Засгийн газарт бий. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ салбартаа хувийн компанитай. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймагт үхрийн фермертэй. Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин аялал жуулчлалын салбарт томоохон компанитай. Түүндээ төрийн томоохон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэсэн шүүмжлэл гараад байна. Эдгээр тохиолдолд ашиг сонирхлын зөрчил гэж үзэх үү?

-Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь тодорхой албан үүрэг гүйцэтгэж байгаа этгээдүүд тухайн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд хувийн ашиг сонирхол нь төрийн буюу нийтийн ашиг сонирхолтой харшлах, сөргөөр нөлөөлөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, төрийн ажил хийснийхээ төлөө хувьдаа ашиг хонжоо олох, эдийн болон эдийн бус давуу байдлыг өөртөө юм уу өөрийн хамаарал бүхий этгээдүүд, ойр дотны хүмүүстээ бий болгохыг ашиг сонирхлын зөрчил гэж үздэг. Таны ярьсан саяны жишээгээр бол хэрэв УИХ-ын гишүүн, сайд нь өөрийн хамаарал бүхий буюу эхнэр нөхөр, хүүхэд, өөрөө, эдгээртэй хамааралтай хүмүүсээр дам байдлаар компаниас компанийн хооронд хувьцаа эзэмших гэх мэт байдлаар ажиллах нь хуулиар бүрэн хориотой. Үүн дээр гол асуудал нь хууль хангалттай байна. Хариуцлага, хориглолт, хязгаарлалт ч байна. Нийтийн албан тушаалд томилогдсон хугацаандаа ийм үйл ажиллагааг явуулж болохгүй гэсэн хориглолтыг дэлгэрэнгүй заачихсан. Албан тушаалаасаа буусны дараа хоёр жилийн хугацаанд тухайн чиглэлээр хувийн байдлаар ажиллахыг ч хязгаарладаг. Гол нь ашиг сонирхлын мэдүүлгийг гишүүн өөрөө өгдөг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар бол УИХ-ын гишүүн өөрөө үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэдэг. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал надад үүсчихлээ, та бүхэн үүн дээр арга хэмжээ аваач гэж АТГ-т мэдүүлэхээр заачихсан. Харамсалтай нь өөрийгөө барьж өгөх гишүүн битгий хэл жирийн иргэн ч ховор.

-Мэдүүлгээ өгөхгүй бол хариуцлага хүлээлгэх боломж ч байхгүй байх аа?

-АТГ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бусад нийтийн албан тушаалтныг өөрсдөө шалгах бүрэн эрхтэй. Харин гишүүнийг шалгаж болдоггүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаа үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд шалгаж болохгүй, энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж хуульчилсан. Хоёр дахь асуудал нь шалгадаг кейс тохиолдлоо гэж бодоход Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн зүйлчлэлээр авч үздэг. Үүн дээр бас томъёолол дутуу. Жишээ нь, нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол гэсэн хэт ерөнхий томъёо хийчихээр шүүх дээр очоод нотлогддоггүй. УИХ-ын гишүүний кейс дээр гараагүй ч орон нутгийн удирдлагууд, өөр бусад нийтийн албан тушаалтнууд дээр гарч байсан удаатай. Бүр цаашилбал хариуцлагын асуудал байгаа. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх нөхцөл саяхныг хүртэл санкц буюу хариуцлага яг адилхан байсан. Сошиалд сэвж, ард түмэн босч байж өөрчлөлт оруулсныг та санаж байгаа байх. Гэтэл үүнийг аль 2019 онд Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн байсан асуудал. -Тодруулахгүй юу? -2019 онд багштайгаа хамт Үндсэн хуулийн 14.1 буюу хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Гэтэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчиж байна. 50 сая төгрөгөөс доош хохирол учруулахаар ял нь 1-5 жил, бас торгох бусад санкцуудтай. 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт 50 саяас дээш хохирол учруулсан ч ялгаагүй дээрхтэй яг адилхан санкцтай. Нэг ёсондоо нийтийн албан тушаалтан таван сая төгрөгийн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн ч торгуулийн ялтай, 500 сая, таван тэрбумаар асуудал гаргасан ч яг адилхан торгуулийн санцктай. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд энэ буруу. Үндсэн нөхцлөөс хүндрүүлсэн нөхцөлийн ял дагаад хүндрэх ёстой. Ийм байхад Эрүүгийн хууль байгаад нэмэртэй юу, шударга ёсны тухай ярих шаардлага байна уу. Ингээд 2019 онд мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийн цэцээс “Энэ нь Эрүүгийн хуулийн агуулгыг боловсронгуй болгох асуудал байх тул” гээд тухайн үеийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар руу шилжүүлсэн. Тэндээс бидэнд “Байнгын хороон дээр Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс ийшээ шилжүүлж, хурдан зохицуулъя” гэсэн агуулгатай хариу өгсөн. Гэвч тэнд дарагдаад өнгөрсөн. Харин 2023 онд олон нийт сошиалаар сэвж, ард түмэн босч байж өөрчилсөн. Нэг ёсондоо манай улс төрийн албан тушаалтан битгий хэл зарим мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагууд сошиалаар ажлаа хийх гээд байгаа. Үүн дээр хуульчийн зүгээс харамсаж явдаг. Бид сошиалаар, массын үзэл бодлоор ажил хийх албан тушаалтан, мэргэжлийн хүмүүс биш. Үүнээс гадна УИХ-ын гишүүнийг үйлдэл дээрээ барихыг шалгасан комиссар, цагдаа өөрөө шоронд ороод явдаг жишиг манайд бий. Энэ асуудлаар бас 2019 онд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогддог төрийн ажил хийдэг хүн. Гэхдээ илүү дархтай байх ёсгүй гэдэг үндэслэлээр мэдээлэл өгсөн. Гэвч өнөө хэр хариу өгөөгүй.

-Ашиг сонирхлын зөрчилтэй нь нийгэмд ил, олон нийт шүүмжилж байна шүү дээ. Энэ тохиолдолд хууль зүйн гаргалгаа бий юү?

-Нэгэнт ард түмнээс сонгогдсон учраас ард түмэн эгүүлэн татах нь жам ёсны асуудал байх ёстой. Манай Монгол Улсын Их Хурлын тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ шийднэ гэдэг. Иргэд мянга чарлаад, дороо дэвхцээд нэмэргүй гэсэн үг. Бүрэн эрх рүү нь орж шалгаж болохгүй, тиймээс эрүүгийн хариуцлага тооцох боломжгүйгээс өнөөдрийг хүртэл шүүх цагдаа яаж ч чадахгүй байгаа. УИХ-ын гишүүд өөрсдийгөө суудлаасаа босгох эсэхийг өөрсдөө буюу танхим шийддэг. Танхим мэдээж нэг намын олонх.

Нэг ангийн хүүхдүүд, багын найзууд гэдэгтэй адилхан. Засгийн газрын гишүүний хувьд танхимын дарга буюу Ерөнхий сайд сольж болно. Танхимын тэргүүн багаа бүрдүүлж Засгийн эрхийг барина гэхэд иргэд тэр эрх рүү орох боломжгүй байгаа юм. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл, элч мөртлөө иргэд төлөөллийнхөө хүнээр төрийн эрхийг барьж чадаж байна уу гэдэг дээр хэрэгжилт байхгүй. Тиймээс хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгохыг л ард иргэд шаардах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *