Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Н.Туяа: Татварын системийн авлигажсан загвараас эдийн засаг, бүтээмжийг дэмжсэн загварт шилжих шаардлагатай DNN.mn

Хүртээмжтэй хөгжил хүрээлэнгийн захирал, эдийн засагч Н.Туяатай татварын орчны талаар ярилцлаа.


-Улс орны эдийн засгийн үндсэн орлого татвар байдаг. Манай улс хэдэн төрлийн татвар авч байна вэ?

-Төр буй дор татвар буй гэдэг. Татвар байх нь зайлшгүй, харин татварын систем бүхэлдээ тухайн улс орны онцлогт тохирсон, оновчтой, шударга, бас хөгжлийн хөшүүрэг болохуйц, хөдөлмөр бүтээмжийг дэмжсэн байх нь хамгийн чухал. Татвар ярихаар манай улстөрчид системээр нь бус салгаж аваад хувь хэмжээ яриад байдаг. Эсвэл аль нэг салбар, бизнесийн лобби хуулиуд их баталж харагддаг.

Уг нь татварын системийн загвар Монголын онцлогт тохирч байна уу гэдэгт эхлээд үнэлэлт өгөх хэрэгтэй. Одоо байгаа загвар тохирохгүй байвал мянга их, бага, хувь хэмжээ яриад нэмэргүй. Гажуудал улам л гүнзгийрнэ. Татварын системчлэл, загварчлал үндэсний онцлогт тохирч байна уу гэдгээс эхэлж үнэлэлт дүгнэлт өгч, улмаар бодлогоо гаргах учиртай юм. Татварын ерөнхий хуульд зааснаар 30 төрлийн татвар, төлбөр байна. Ерөнхий утгаараа хувийн өмч болон бүх төрлийн орлогоос, мөн онцгой болон гаалийн албан татвар, нийтийн өмчийн ашиглалтаас төлбөр хураамж авдаг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ олон татвар, төлбөр оновчтой байна уу, нийтийн баялгийн ашиглалт үр ашигтай байна уу гэдэгт бид дүн шинжилгээ хийх ёстой юм. Гэтэл иж бүрэн шинжилгээ хийж гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт олж хараагүй. Би хувьдаа маш буруу загвараар олон жил явсны үр дагавар ажилгүйдэл, орлогын ялгаа, чадварлаг хүний нөөцийн хомсдол, бизнесийн дампуурал зэргээр илэрч байна гэж үздэг. Судалгаа ч бэлэхнээ тийм үр дүнг харуулдаг. Тиймээс татварын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгамдаж байгаа. Татварын асуудал бол дан ганц төсөв бүрдүүлэх асуудал биш. Татвараар дамжуулж төр хөгжлийг удирдаж байдаг санхүүгийн маш хүчирхэг хэрэгсэл. Үүнийг л зөв тодорхойлж ашиглаж чадвал зах зээл өөрөө бусдыг нь хийчихнэ.

-Татварын загварыг бүхэлд нь харах гэдэг их сонирхолтой өнцөг байна. Та жишээгээр тайлбарлаж болох уу?

-Татварын том ангиллаар иргэдийн өмч, бизнес орлогоос авдаг татвар, газар байгалийн баялаг буюу нийтийн өмч хөрөнгийн ашиглалтаас авдаг төлбөр гэж үндсэнд нь хоёр том бүлэгт хувааж авч үзэж болно. Нийтийн өмчийн ашиглалт гэдэгт төрийн өмчийн компаниас эхлээд байгалийн баялаг, газрын хэвлий, газар ашиглалт гээд өргөн цар хүрээтэй асуудал хамаарна. Жил бүр төсөв өргөн барихдаа төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд дандаа хувийн секторын, хувь хүний татваруудыг нэмж ирсэн. 2018 онд долоон төрлийн татвар, НДШ нэмсэн шүү дээ. Гэтэл нийтийн өмчийн ашиглалтыг сайжруулж тэндээс орох орлогыг нэмэгдүүлэх талаар нэг ч алхам хийдэггүй нь гайхал төрүүлдэг. Төсөв ярих болгонд энэ талаар ямар нэг байдлаар нийгэмд, эрх баригчдад хэлдэг. Нэг жишээ, хэлэхэд газрын үнэлгээг 1997 оноос хойш огт шинэчлэлгүй 21 жил болсон. Газрын төлбөрийн тухай хуульд газрын үнэлгээг Засгийн газар тогтооно гэж эрх олгосоор байтал манай Засгийн газар 21 жил энэ эрхээ мартсан байгаа юм.

-Татварынхны тайлагнадаг хэсгээ шавхдаг залхуу аргыг халж нийтээрээ хамрагдах замаар татварын хэмжээг бууруулах боломжтой-

2018 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнд манай байгууллагаас шаардлага хүргүүлж байж Засгийн газрын тогтоол гаргуулж газрын үнэлгээг 21 жилийн дараа шинэчлэн тогтоож байлаа. Газрын үнэлгээнд суурилж дуудлага худалдаа явагддаг, газрын төлбөр тогтоодог учраас энэ нь маш чухал асуудал. Судлаад үзэхэд энэ хугацаанд зах зээлийн үнэ дунджаар 30 дахин нэмэгдсэн байдаг. Гэтэл орон нутгийн гол өмч газрын үнэлгээг өөрчлөхгүй 21 жил царцаана гэдэг тэндээс ашиг олдог эрх мэдэлтэй хэсгийн бодлогоор “мартсан” эс үйлдэл гэж үзэхээс аргагүй. Эндээс бид ямар их боломжоо алдаж, газрын мафи ямар их ашиг хийсэн нь харагдана. Дэлхийн жишгийг судлаад үзэхээр хотууд буюу орон нутаг төсвийнхөө 50-иас дээш хувийг газар ашиглалт, түүнтэй холбоотой төлбөр хураамжаас бүрдүүлж байхад Улаанбаатар хотын хувьд 10 хувь ч хүрэхгүй байгаа нь бодлогын алдаанаас үүдсэн. Манай иргэдийг төлөөлж сонгогдсон иргэдийн төлөөлөгчид, хууль тогтоогчид асуудлыг тодорхой чиглэлээр, гүнзгий судалдаггүй, судлахгүй юм чинь мэддэггүй. Энэ нь хуулийг нийтэд бус хэсэг бүлэгт ашигтайгаар өөрчлөх, эсвэл ашигтайгаар “асуудлыг мартах” хоёр хэлбэрээр илэрч байгаа харагддаг. Тиймээс төрийн бодлого, хууль зөвхөн судалгаанд үндэслэж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хэлэлцэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж байж гарах ёстой юм. Тэгсэн цагт нийгмийн хүлээлт хангасан, шударга тогтолцоо бүрэлдэнэ.

-Тэгвэл таныхаар одоогийн татварын бодлогын загвар ямархуу нөхцөл байдалтай байна вэ. Зөв байж чадаж байна уу, эсвэл асуудалтай байна уу?

-Сүүлийн 34 жил тогтсон татварын загвар нь ний нуугүй хэлэхэд хөдөлмөрлөдөг бүтээдэг хэсэгт бүх ачааг үүрүүлсэн. Нийтийн өмч газар, байгалийн баялгийг эрх мэдэлтнүүд хууль тогтоох, бодлого батлах давуу эрхээ ашиглан бүлэглэлдээ үнэ төлбөргүйгээр, нэр төдий төлбөртэйгээр ашиглуулсан загвар юм. Үүнийг төсвийн хэдхэн тоо, хуулийн өөрчлөлтүүдийг ажигладаг жирийн эдийн засагч харж хэлж чадах зүйл. Нэг ёсондоо авлигын загвар тогтсон байна.

Дээр дурдсан газрын үнэлгээг мартсан жишээнээс гадна нийслэлийн төсвийн хоёрхон тоог харьцуулахад л харагдана. Нийслэлийн 2022 оны төсвийн гүйцэтгэлээр газрын төлбөрөөр 94 тэрбум, тээврийн хэрэгслийн татвараар 34 тэрбум төгрөг төсөвт орсон. Газрын төлбөрийн орлого илүү харагдаж байгаа ч нийслэлийн газар ямар үнэтэй хөрөнгө билээ, нийслэлчүүдийн хэдэн хуучин машины үнэлгээ хэд билээ гээд харьцуулахаар эрүүл ухаанд буухааргүй шударга бус байгаа биз. Газрын үнэлгээг царцааж байгаа нь эрх мэдэлтнүүд тэдний хамсаатнууд талхны үнээр газар авч, дэлхийн зах зээлийн үнээр зарж ашиг хийдэг, жинхэнэ эзэн ард түмэн, төсөвт дуслын төдий орлого ордог. Энэ алдагдсан боломж нийслэлчүүдийн утаа, түгжрэл, стандартын шаардлага хангаагүй бохир хотын төлөөс юм.

Уул уурхайн баялаг ч ялгаагүй. Лицензийг төр нь үнэгүй өгдөг, авсан хүмүүс нь дэлхийн зах зээл дээр өндөр үнэ хүргэдэг авлигажсан гаж тогтолцоог өөрчлөх татварын системийг бид нэн яаралтай хийх ёстой. Энэ реформыг бид хийж чадвал баялгийн үр шимийг хөгжилдөө зарцуулж, тэгш шударга хуваарилалт болж хот шиг хотод хүний наад захын эрхээ эдлэх боломжийг бүрдүүлнэ шүү дээ. Тиймээс хөдөлмөрлөснөө мөлждөг сөхрүүлдэг татварын тогтолцооноос баялгаа зөв удирдаж, үр ашгийг нь нийтээрээ хүртдэг, тэр хэрээр өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, авьяас чадвараа дайчилж бий болгосон орлогын татварыг багасгаж, хөдөлмөр бүтээмжийг дэмжсэн татварын цоо шинэ загварт шилжих ёстой. Ингэж чадвал яриад байгаа хөгжил, нийгмийн эв нэгдэл бүгд шийдэгдэх суурь шинэчлэл болно.

-Татварын хувь хэмжээ өндөр байгаа талаар иргэд ААН-үүд шүүмжилдэг. Өнөөдрийн байдлаар НДШ 26 хувь, ХАОАТ 10 хувь, НӨАТ 10 хувь гээд үргэлжилнэ. Хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлье гэвэл татварыг бууруулах ёстой гэж үздэг?

-Хамгийн гол нь татварын суурь зарчим нь тэгш шударга байдал, дээр нь хөгжлийг хөдөлмөрийг дэмжих хөшүүрэг болох явдал шүү дээ. Манай компани 20 гаруй жил бизнесийн зөвлөгөө үзүүлж байна. Бизнес эрхлэгчдэд өөрийн чинь хэлсэн НӨАТ, НДШ асар хүнд дарамт болж байна. Иргэдийн бодит орлогыг бууруулж байгаа татвар ч НӨАТ мөн. Худалдан авалт бүрээсээ татвар төлсөн орлогоосоо дахин 10 хувь нэмж төлж байна шүү дээ.

НДШ, НӨАТ хоёр өндөр байгаагаас шударгаар тайлагнадаг хэсэг нь сөхөрч, нөгөө талдаа далд эдийн засаг нэмэгдсээр байна. Тиймээс НДШ-ийн хувь хэмжээг багасгавал ачаалал жигд буурч, нуудаг, тайлагнадаггүй, багаар тайлагнадаг хэсэг ил гарч нийт дүнгээрээ орлого буурахгүй, нийгмийн өгөөж нь харьцуулашгүй өснө. Ний нуугүй хэлэхэд шимтгэл өндөр байгаагаас цалингаа доод хэмжээгээр тайлагнах нь хавтгай байна шүү дээ. Ийм байдал нь бизнест ч, хувь ажиллагсдад ч хортойгоос гадна хяналт шалгалтын авлигын нэг том шалтгаан шүү дээ. НӨАТ-ыг ч босгогүй болгож хувь хэмжээг 5-7 хувь руу буулгах хэрэгтэй. Худалдан авагч иргэд угаасаа төлдөг татварыг суутгагчийн нэг хэсэг нь төлдөг нөгөө хэсэг нь төлдөггүй байгаа нь нөгөө л шударга ёсны шалгуурт нийцэхгүй байгаа юм. Тиймээс нийтээрээ бага төлдөг, бизнесийн хөгжилд төдийлэн дарамт учруулахгүй байх хувь хэмжээ болон хамралтыг бид авч үзэх ёстой. Энэ дашрамд хэлэхэд татварын хуулийн өөрчлөлтийг татварын байгууллага санаачилж бичдэгээс улс орны эрх ашгийг гэхээсээ байгууллагынхаа амар хялбарыг боддог талтай гэмээр харагддаг нь нууц биш. Тайлагнадаг хэсэг дээрээ л ачаалал нэмээд, хуулийн хэрэгжилт, бааз сууриа өргөжүүлэх тал дээр төдийлөн хангалттай ажилладаггүй тал харагддаг. Үүнийг ч хууль тогтоогчид анхаарах ёстой.

-Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх тухайд?

-Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх талд зайлшгүй хийх шинэчлэл бол хувь хүний орлогын татварын тогтолцооноос гэр бүлийн орлогын татварын тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Авлига, тэгш бус байдлаас шалтгаалсан ядуурал газар авсан энэ үед олон хүүхэдтэй гэр бүлд халамж үзүүлэхээс илүүтэй татварын хөнгөлөлт үзүүлэх нь айл гэрт ч, улсын эдийн засагт ч хэрэгтэй. Ажил хийхгүй халамжаар амьдарснаас ажил хийгээд үр хүүхдээ өсгөх нь ашигтай байх бодлого хэрэгжүүлэхгүй бол халамж хавтгайрч, ажилласан нь татварын дарамтад өрөөс өрийн хооронд явсаар гадаад руу дүрвэж, Монгол Улс боловсролтой ажиллах хүчнээ алдсаар, бизнесийнхэнд хүний нөөцийн асуудал хүндэрлээ.

Одоо цалингаас жилдээ 240 мянган төгрөг чөлөөлж байгаа нь ам бүлээс хамааралгүйгээс гадна хөшүүрэг болж чадахгүй байгаа. Үүний оронд нэг хүнд ногдох амьжиргааны доод түвшний орлогыг татвараас чөлөөлвөл олон хүүхэдтэй гэр бүлд маш том дэмжлэг болно. Татварын хөнгөлөлтийн халамжаас илүү бас нэг чухал давуу тал нь тэнд ямар ч арын хаалга, субьектив нөлөөлөл орохгүй, татвараас бултах шаардлагагүй болно.

-Татварыг бууруулах ямар боломжууд байна вэ. Нөгөө талаар татвар төвлөрүүлэх үйл явц хэр шударга, зарчимтай явагддаг вэ?

-Дээр ярьснаас татварыг бууруулах бодитой төдийгүй зайлшгүй хийх хоёр арга байна. Нэгдүгээрт, нийтийн өмчийн үнэлгээ, ашиглалтыг зохистой түвшинд удирдах замаар төсвийн орлогын нилээд хэсгийг баялгааасаа олох. Хоёрдугаарт, татварын бааз суурийг өргөжүүлэх. Татварынхны тайлагнадаг хэсгээ шавхдаг залхуу аргаас татгалзаж нийтээрээ шударгаар жигд хамрагдах замаар нэгж татвар төлөгчдөд ногдох ачааллыг бууруулах боломжтой. Дээр НӨАТ, НДШ хоёр дээр би тодорхой тайлбарлалаа шүү дээ. Эндээс харахад одоогийн татварын систем шударга бус байгаа гэж хэлэх бүрэн үндэстэй. Бизнес эрхлэгчид ч хэлж байна. Татварын шударга, бас үр ашигтай зөв тогтолцоо бүрдүүлэхэд улстөрчдийн алсын хараа, Сангийн яам, татварын байгууллагын удирдлагын сэтгэлгээний болон үйл ажиллагааны цараа маш чухал үүрэгтэй.

One reply on “Н.Туяа: Татварын системийн авлигажсан загвараас эдийн засаг, бүтээмжийг дэмжсэн загварт шилжих шаардлагатай DNN.mn”

100 хувь Санал нийлж байна. 1/Газрыг үнэгүй шахам, эрх мэдлээрээ олж аваад зах зээлийн үнээр зараад, /үнэндээ улсаас том хулгай хийж байтал/ зарсан мөнгөөрөө үнэтэй байшин хотхон бариад цаашаа уул уурхайн бизнесруу ороод “зад баяжсан улсууд их байтал /Ergelt.mn дээр тэдний тухай их өгүүлдэг /АТГ, цагдаагын газар нь тэднийг хараагүй мэт байдаг мөртлөө жижиг хулгайн хэргээр орсон залуучуудад хатуу ханддаг нь харамсалтай. 2/ Хүн амаа өсгөх бодлого барьж сар бүр хүүхдэд, ээж нарт мөнгө өгчихөөд дараа нь түүнийгээ хүн амын олонхи нь халамж авч байна гэж попроод байдаг улс төрч хүмүүсийг ойлгохгүй юм. Хүн амаа өсгөх бодлого барьсан хирнээ ХХОАТ болон НДШ-г нь аав, ээж нарт гэр бүлийн гишүүдийн тоо болон хүүхдийн тоогоор 10-100 хувь хөнгөлж өгөх ёстой байтал бүгдийг бараг адилхан авдаг нь шударга бус юм. Хүүхэдтэй байх нь хувь хүний хувьд сонголт хэдий ч төр засгийн бодлого нь уялдахгүй байгаа нь хэт хачин. Иргэнээ ижил хайрлаж халамжлах үзэл санаа ч гэсэн гэр бүлийн ялгавартай татвартай уялдана гэж бодож байна. Ганц бие залуучууд хүүхэдтэй хүнтэй барьцаж болохгүй юм. Учир нь хүүхэд гаргах, сургууль д сурган өсгөн хүмүүжүүлэх эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн асрах, насны доройтолд орсон ээж ааваа асрах тэр их цаг хугацаа, хүч хөдөлмөр нь бас эдийн засгийн бэрхшээлтэй тулдаг. Тиймээс гэр бүлийн орлоготой уялдсан татвар, хүүхдийн татварын ба өрх толгойлсон эцэг ба эхийн татварын хөнгөлөлт зайлшгүй хэрэгтэй. ингэж байж улсын татварын эерэг зорилт нь иргэн бүрийг дэмжих зорилготой нь уялдах байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *