Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өчигдөр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дурджээ. Тэрбээр өмнө нь Анхан шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх талаар хүсэлт гаргаж байсан ч хүсэлтийг нь шүүх хүлээн авч байгаагүй юм. Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтийг тэрээр дахин гаргасан байна. Мөн шүүх хурлыг ил тод нээлттэй явуулахыг дэмжиж өгөхийг олон нийтээсээ хүсчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа аж.
Энэ талаар “Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар буруутгаж 4.9 жилийн ял оногдуулан 461 дүгээр хорих ангид хориод байгаа. Буруутгагдсан зүйл ангиуд нь хэр үндэслэлтэй вэ?
-Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн Анхан шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, бүрэн дүгнэлт хийхэд төвөгтэй байгаа.
Хурал нь хаалттай явсан учраас зөвхөн Шүүхийн товч мэдээллээр баримжаа авах боломжгүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн үүх хурал нь хаалттай болсон нь өөрөө асуудал болж байна. Буруутгаж байгаа зүйл заалтуудаас харахад хоёр нь асуудалтай гэж үзэж болно. “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” энэ нь Эрүүгийн хуульд байх ёсгүй заалт гэж олон улсын байгууллага болон манайхаас ч тайлан мэдээндээ дурдсан. Яагаад гэвэл албан ёсоор төрийн нууц хариуцдаггүй хүнийг нууцад хамаарах баримт бичиг олж авсан, задруулсан гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн зүйл заалтаар буруутгах нь буруу гэж хүний эрхийн олон улсын байгууллагаас зөвлөмж гаргасан байдаг. Дараагийнх нь Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Худал мэдээлэл тараах” зүйл заалтыг мөн байх ёсгүй гэж үзэж байгаа. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс ч 2015, 2020 онд хоёр ч удаа “хүний нэр төрд хамаарсан өргөн хүрээтэй урвуулан ашиглах боломжтой ийм зүйл заалтыг эрүүгийн хуулиас халах ёстой” гэсэн зөвлөмжийг Монгол Улсад өгсөн байдаг. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор энэ нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутгах нэг зүйл заалт болж хувираад байна. Энэхүү зүйл заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй учраас шүүх энэ хоёр заалтыг хэрэглэхгүйгээр, бүр түдгэлзүүлэх ёстой байсан. Хууль тогтоогчид энэ хоёр зүйл заалтыг хүчингүй болгох ёстой. Н.Өнөрцэцэгт хамааруулсан Эрүүгийн хуулийн зүйл заалтууд болон шүүхийн шийдвэр нь сэтгүүлчид өөрсдийгөө цензурдэх, чөлөөтэй зоригтойгоор мэдээлэл бэлтгэхээс айдаг болох сөрөг үр дагаврыг дагуулж байна.
-Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчийнх нь гаргасан шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Түүнийг хаалттай бөгөөд өмгөөлөгчгүйгээр шүүсэн асуудал хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэх хүмүүс олон байна.
-Шүүхийн товч мэдээллийг харахад манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заавал өмгөөлөгчтэй оролцох хэргүүдийг жагсаасан байдаг. Н.Өнөрцэцэгийнх заавал өмгөөлөгчтэй оролцох хэргийн жагсаалтад байхгүй буюу өмгөөлөгчгүйгээр оролцож болох зүйл заалтуудаар зохицуулаад өгсөн. Үндсэн хуульд өмгөөлөгч авахаас гадна өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж заасан байдаг. Хүний эрхийг хамгаалахад өмгөөлөгчид чухал үүрэгтэй. Өмгөөлөгчөөсөө татгалзчихаад огт өмгөөлөгчгүй болсон ч гэсэн шүүх хурал цааш үргэлжилж болохыг хуульд мөн заагаад өгчихсөн. Тэгэхээр хууль муу, дутуу байгаа нь өөрөө шүүхийг буруутгахад хэцүү болж байгаа юм. Энэ асуудал дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай.
Олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажилладаг сэтгүүлчийг хаалттай хуралдаанаар яллаж байгаа нь буруу жишиг. Шүүх хуралдааныг хэсэгчлэн нээлттэй явуулах боломжийг хуульчилсан байдаг. Төрийн нууцад хамаарахаас бусад хэсэг дээр хэсэгчлэн нээх боломж байсан.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурлыг нь нээлттэй явуулах боломж хэр байгаа вэ?
-Түүнийг шүүх бүрэлдэхүүн дүгнэнэ. Өмнөх шүүх хурал нь хаалттай болсон. Шийдвэр нь нууцын заалттай тэр хэсгийг судлах мэтгэлцэх учраас Давж заалдах шатны шүүх хурал нь нээлттэй болох боломж хязгаарлагдмал байгаа. Энэ удаа ялын хэмжээ хүндрэхгүй болов уу. Хууль зүйн хувьд ялын хэмжээ нь хүндэрч болно. Энэ тал дээр өмгөөлөгчид нь хэр сайн мэтгэлцэх, онцлогийг нь хэрхэн гаргаж чадах вэ гэдгээс хамаарна.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмнө нь хэсэг хугацаанд цагдан хорьсны дараа гэрийн хорионд байлган, хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан байдаг.
-Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг зүйлийг лицензийн хуульд заасан байдаг. 2017 онд шинээр орсон зүйл заалтаар тодорхой үйлдэл хийхийг хязгаарлах гэж байгаа. Энэ нь агуулгын хувьд эмч, хуульчид хамаатай. Эдгээр нь тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлах юм. Тиймээс олон хүнийг хохироох эрсдэлтэй гэж үзээд ажил үүргийг нь болиулах агуулгатай. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл гэж байдаггүй. Үндсэн хуулийн олон улсын гэрээнд зааснаар сэтгүүлчийн хувьд мэдээлэл хайх, түгээх, хүлээж авах нь мэргэжлийн ажлынх нь онцлог юм.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох тохиолдлууд байдаг. Гэхдээ “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” гэсэн заалт бол байхгүй. Манай эрүүгийн процесс олон улсын гэрээнд нийцэхгүй байгааг харуулж байна.
Шүүх Үндсэн хууль, олон улсын гэрээний хууль тогтоомждоо нийцүүлэх шаардлага байна. Гэмт хэрэгтэн болохоосоо өмнө буруутгагдаж байгаа гэмт хэргийн төрөл зүйлтэйгээ хамаарал багатайгаар эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа нь олон улсын гэрээний ноцтой зөрчил юм.
-Хуульд ямар өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх шаардлагатай байна вэ?
-Шинээр бүрдсэн УИХ-ын гишүүдэд хийх ажил нь маш тодорхой байгаа. Ямар зүйл заалт ямар үр дагавартай байна, ямар хууль батлах вэ гэдгийг “Глоб интернэшнл” сүүлд гаргасан хэвлэлийн эрх чөлөөний тайландаа оруулсан байдаг.
Буруутгагдсан хэргээс нь хамаарч таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байх. Нөгөө талаар сургалтын хүрээнд ч гэсэн мөрдөгч, прокурор, шүүгчийг хууль тогтоомжийг хүний эрх талаас нь зөв оновчтой хэрэглэдэг болгох тал дээр хариуцсан байгууллагууд нь анхааралдаа авах шаардлагатай. Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй, хаалттай явуулахыг Шүүхийн удирдах зөвлөл, шүүгчдэд зориулсан сургалтандаа тусгаж, анхаарах нь зүйтэй.
Сэтгүүл зүйн хувьд мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зэргээр хууль боловсронгуй биш байгаад тэр хуулийг хэрэглэж байгаа хүмүүсийг шууд буруутгахад хэцүү.
Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө Эрүүгийн хуулийн зүйл заалтуудаар буруутгагдаж байна. Тиймд энэхүү хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн асуудлаар дуусахгүй. Эрүүгийн хуульд яллагдагчаар татагдан шалгагдаж, Шүүхээс ял сонсоход ойрхон сэтгүүлчид олон бий. Энэ нь зөвхөн тоогоор хэмжигдэхгүй.