Орон нутгийн ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд явагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа талаар Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ү.Ганболдтой ярилцлаа.
-2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн онцлог юу вэ. Нийслэлийн хувьд хэдэн мандат дээр хичнээн тойрогт сонгууль зохион байгуулагдах вэ?
-Монгол Улсын Их Хурлын 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарласан. Санал авах өдрийг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоосон. Сонгууль зохион байгуулах эрх зүйн акт нь Аймаг нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухай хууль байгаа. Энэ хуулиар 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулсан. Сонгуулийн хуульд заасны дагуу сонгуулийн товыг зарласнаас хойш бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Юуны өмнө 2024 оны тавдугаар сарын 1-нээс өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн мандат, тойргийг тухайн шатны хурлаас тогтоосон.
Нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандатыг нийслэлийн ИТХ-ын дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан байгаа. Нийслэл нийтдээ 45 мандаттай. Баянгол дүүрэг зургаан мандаттай нэг тойрог. Баянзүрх дүүрэг гурван мандаттай хоёр тойрог, дөрвөн мандаттай нэг тойрог. Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай хоёр тойрог. Сүхаатар дүүрэг дөрвөн мандаттай нэг тойрог. Хан-Уул дүүрэг зургаан мандаттай нэг тойрог. Чингэлтэй тойрог дөрвөн мандаттай нэг тойрог. Багануур дүүрэг хоёр мандаттай нэг тойрог. Багахангай дүүрэг нэг мандаттай нэг тойрог. Налайх дүүрэг хоёр мандаттай нэг тойрог. Нийтдээ 45 мандат, 12 тойрогтой байхаар шийдвэр гарсан. Хуульд заасны дагуу нийслэлийн хэмжээнд сонгууль зохион байгуулах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө НИТХ-аас байгуулсан байгаа. 2024 оны долдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Нийслэлийн сонгуулийн хороог есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хороо нь хуульд заасан бүрэн эрхийн хэмжээнд есөн дүүргийн сонгуулийн хороодыг сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө байгуулсан. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 12-ноос өмнө дүүргийн сонгуулийн хороодыг байгуулсан гэсэн үг. Дүүргийн сонгуулийн хороод маань дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүн гээд нийтдээ долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ингээд дүүргийн сонгуулийн хороод наймдугаар сарын 12-ноос өмнө байгуулагдсан байгаа.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд хэчнээн нам, эвсэл оролцох хүсэлтээ ирүүлсэн бэ?
-Орон нутгийн сонгуулийн цаг хугацааны хуваарийг СЕХ-ноос баталж хүргүүлсэн. Энэ хуваарийн дагуу нам, эвслүүд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Наймдугаар сарын 11-ний 24:00 цагаар тасалбар болж, нийслэлийн хэмжээнд сонгуульд оролцох нам эвслүүдийн бүртгэлийг хүлээж авсан. Нийслэлийн хэмжээнд нийтдээ Сонгуулийн хуульд заасны дагуу орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ ирүүлсэн байна. Хуульд заасны дагуу ээлжит сонгууль болох жилийн зургадугаар сарын 25-наас өмнө сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлж, дүгнэлт гаргуулах ёстой. Төрийн аудитын байгууллагаас улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Энэ хүрээнд Нийслэлийн аудитын газраас Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж ирүүлсэн байгаа. Нийтдээ 18 нам, нэг эвсэл сонгуульд оролцох дүгнэлтийг Нийслэлийн аудитын газраас гаргасан байна. Наймдугаар сарын 11-ндээ багтаагаад НИТХ-ын сонгуульд оролцохоор 15 нам, нэг эвсэл буюу нийтдээ 16 улс төрийн субьект сонгуульд оролцох саналаа хүргүүлээд байна. Мөн сонгуульд оролцох сонгогч иргэдийн шилжих хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн 60-аас доошгүй хоногийн өмнө зогсоодог. Энэ хуулийн зохицуулалтын дагуу нийслэл дэх Улсын бүртгэлийн газраас сонгогчдын шилжих хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ноос эхлэн зогсоогоод байна.
-Нийслэлийн сонгуулийн хорооны хувьд одоо орон нутгийн сонгуультай холбоотой зохион байгуулалтын ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд сонгуульд оролцохоор саналаа хүргүүлсэн улс төрийн 16 субьектийн бүрдүүлсэн баримт бичгийг хуулийн дагуу нягтлан шалгаж, бид тав хоногтоо багтааж хариу өгөх ёстой. Тухайн нам, эвсэл сонгуульд оролцох эсэх шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хорооноос шийдвэрлэнэ. Мөн есөн дүүргийн сонгуулийн хороодод энэ ажил давхар хийгдээд явж байгаа.
-Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх шийдвэр хэзээ гарах вэ. Сонгуулийн сурталчилгаа хэзээнээс эхлэх билээ?
-Сонгуулийн сурталчилгааны хувьд хуулийн тодорхой зохицуулалттай. Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн хүсэлтийг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор бид хуралдаад тухайн шатны сонгуулийн хороод бүртгэх эсэх шийдвэрийн хариуг өгөх ёстой. Тэгэхээр наймдугаар сарын 16-ны дотор хариугаа өгнө. Ингээд нам, эвслүүд дотооддоо нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулна. Энэ нь наймдугаар сарын 27-ноос эхлээд есдүгээр сарын 2-ны өдрийг дуустал улс төрийн нам эвслүүд нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа эхэлнэ. Мөн бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах ёстой. Ингээд нэр дэвшигчдийн баримт бичгийг есдүгээр сарын 2-5-ны хооронд тухайн шатны сонгуулийн хороод хүлээж авна. Долоо хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авч нягтлан шалгаад бүртгэх эсэх тогтоол гаргана. Нэр дэвшин үнэмлэх олгох асуудлыг есдүгээр сарын 26-ны өдөр буюу санал авах өдрөөс 15 хоногийн өмнө нэг өдөр олгоно. Тэр нь есдүгээр сарын 26-ны өдөр байгаа. Энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.