Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 50 хувьтай үргэлжилж байна. Нэг талдаа 750 метр, нийтдээ 1.5 км үерийн далан барих юм. НЗД-ын нэгдүгэр орлогч Н.Мандуул болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Голын түшиц хана “Т” хэлбэртэй байх бөгөөд хөрс болон усны ачааллыг хамгийн сайн авдаг. Гулсалтгүйгээр хийх учраас ажлын талбай том. Иймээс тухайн орчмын байрнуудын шугам сүлжээ хөндөгдөж байгаа нь ажил удаашрах нэг шалтгаан болж байна. Ажлын трасст өртөөд байгаа шугам сүлжээг шилжүүлэхээр ажлын зураг төсөл хийж байгааг гэж “Билгүүн Монгол” ХХК-ийн “Сэлбэ Сэргэлт” төслийн удирдагч Р.Дамба хэллээ.
Мөн тэрбээр Натурын гүүрний хойд хэсэгт 130 метр түшиц хана хийнэ. Цутгалтын ажлыг ирэх долоо хоногоос хийж эхлэхээр төлөвлөсөн. Үерийн далангийн хөндлөн огтлол нь хамгийн багадаа 18 метрээс 40 метрийн өргөн байна. Иймээс үерийн далангийн зүүн хэсгийн ажлаа явуулахын тулд шороо болон элсээр шуудайлан далан барьж, голын урсцыг түр хаасан гэлээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ голын үерийн далангийн баруун талаар буюу 100 айлаас эхлээд багшийн дээдийн бүх хөрсний усыг дернажийн системээр цуглуулан Баянмонгол хорооллын хажуугаар гаргаж, Туул голруу нийлүүлдэг. Энэ шугам нь энд байгаа трасстай давхцаад байгаа учраас хаашаа шилжүүлэх талаар зөвшилцөж байна” гэв.
НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Сэлбэ голын түшиц ханыг барьж дууссаны дараа бүх шороогоо зөөн, голын урсцаа сайжруулна. Бидний дараагийн ажил бол голын баруун талын түшиц хана барих юм. Уг ажил зарим асуудлаас болоод хугацаа сунгагдаад байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үер, усны асуудал маш их байлаа. Үүнээсээ сургамж аван бүх даланг стандартад нийцүүлнэ” гэдгийг онцлов.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд таван байршилд үерийн хамгаалалтын даланг шинэчилж, зарим байршил шинээр барьж байна. Тухайлбал, ХУД-ийн Жаргалантын аманд нэг км үерийн далан шинээр барьж байгаа бөгөөд ингэснээр АЕГ, Эх, нярай, эмэгтэйчүүдийн төв эмнэлэг үерийн эрсдэлгүй болох юм. Мөн өнгөрсөн жилийн үерээр Улиастайн гол орчимд хоёр байршилд үерийн хамгаалалтын далан эвдэрч, хавтангууд нь урссан. Дээрх байршилд үерийн хамгаалалтын даланг шинэчилж байна.