УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл, хүний эрхийн зөрчлүүд болон хууль хүчний байгууллагуудын ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж байгаа асуудлуудыг нэгтгэн нээлттэй сонсгол явуулах болсон талаар мэдээлэл хийсэн. Тэд энэхүү хүсэлтээ албан ёсоор УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүллээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.
-Саяхан 461 дүгээр ангид хоригдож байсан
21 настай залуу амиа алдсан. Энэ асуудлаар та бүхэн сонсгол явуулах санаачилга гаргав уу?
-Эрхээ хязгаарлуулаад байсан тэр залуу яг ямар учир шалтгаанаас болоод амь хохирсон талаарх мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа байх. Гэхдээ хохирогчийн хувьд аль эрт буюу энэ оны нэгдүгээр сард АТГ-т хандан “…намайг эрүүдэн шүүсэн. Цагдаагийн алба хаагчид надтай зүй бус, хэрцгий харьцсан” гэдэг байдлаар гомдол өгчихсөн байсан. Энэ гомдлын дагуу АТГ шалгалт хийж байгаа. Мөн АТГ-ын бичиг дээр нэг зүйл байсан. Тэр нь Баянгол дүүргийн мөрдөн байцаагч нарын өрөө бол камергүй байсан. Мөн тэр
тасгийн давхар нь камергүй. Байсан камерынх нь өнцгийг өөрчилсөн байсан. Энэ нь эрүүдэн шүүх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаагаа АТГ тайлбар бичигтээ тодорхой дурдсан. Маш ноцтойгоор дүгнэсэн ийм бичиг байна. Өнгөрсөн долоо хоногт энэ бүхэн ил болсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Тиймээс энэхүү хэргээс үүдэж, АН-ын гишүүдийн зүгээс ер нь энэ хүний эрхийн зөрчлийн асуудлаар зайлшгүй сонсгол хийх шаардлагатай гэж үзсэн.
-Сонсгол ямар байдлаар явагдах вэ?
-Эхний ээлжинд бид эрхээ хязгаарлуулсан иргэдийн хүний эрхийн зөрчил буюу амь хохироод байгаа иргэдтэй холбоотой асуудлыг сонсголоор маш тодорхой хэлэлцэх шаардлагатай байна. Мөн арми дахь цэргийн дэглэлт, хорих ангид байгаа хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор сонсгол хийх шаардлагатай гэж бид дүгнэсэн.
-Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотойгоор яг ямар асуудал тавигдах вэ?
-Хүний эрхийн зөрчил зөвхөн цэрэг, цагдаа, хорих ангид зөрчигдөөд байгаа зүйл биш. Өнөөдөр Монголын нийгэмд хүний эрхийн зөрчилгүй салбар гэж алга. Тэр дундаа хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой зөрчлүүд их гарах болсон. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй үйлдэл дээр хүний эрхийн ямар зөрчил байгааг бид энэхүү сонсголоор нээлттэй ярих хэрэгтэй байна. Мөн иргэдийн эрх улс төрийн хувьд зөрчигдөж байгааг ч ярина. Тиймээс энэхүү сонсголыг хүний эрх талаасаа нэлээд өргөн хүрээнд хийх цаг нь болсон. Энэ сонсголыг УИХ хойшлуулашгүйгээр зайлшгүй хийх шаардлагатай байна. Ардчилсан намын гишүүдийн хувьд сонсгол хийх асуудлыг түрүү долоо хоногоос эхлүүлсэн.
-Сонсгол зохион байгуулах асуудлаар УИХ-ын хэчнээн гишүүн дэмжиж гарын үсэг зураад байгаа вэ?
-Яг одоогийн байдлаар УИХ-ын 20 гаруй гишүүн гарын үсэг зурчихсан байна. Тойрогтоо ажиллаагүй Улаанбаатар хотод байгаа АН-ын гишүүд бүгд гарын үсэг зурсан. Ардчилсан намын үзэл баримтлал бол хүний эрх нэн тэргүүнд гэсэн зарчимтай. Хүн бүх талаараа эрх чөлөөтэй байж сэднэ, сэтгэнэ. Яг энэ концепцийг бид гол зарчмаа болгож явдаг учраас АН-ын хувьд хүний эрхийн зөрчил дээр маш эмзэг ханддаг. Сонсгол зохион байгуулах асуудлаар гарын үсэг бүрдсэн учраас үүнийгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд АН-ын бүлгийн гишүүд гардуулан өгсөн.
Дараа нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тайлбар өгөв. Тэрбээр “Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа томилогдсон. Зөвхөн тэрхүү гавтай нас барсан 21 настай амь хохирогчийн хүрээнд бус хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар энэхүү сонсголыг өргөн хүрээнд хийхээр болсон. Тухайлбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар ч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцож, улмаар 4.9 жил хорих ял шийтгүүлэн шоронд хоригдож байна. Энэ асуудлыг нээлттэй хэлэлцэхээр энэхүү сонсголыг зохион байгуулахаар болсон. Сонсгол зохион байгуулах хуулийн нөхцөл, шаардлага бүрдсэн учраас албан бичгээ бид УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн. Хүний эрхтэй холбоотой нэлээд олон асуудал зөрчилтэй байгаа. Яг ямар хуулийн заалтаар хүний эрхийг зөрчсөн бэ гэдэг асуудлаар нарийвчлан авч үзнэ. Сонсгол хэзээ болохыг манай сэтгүүлчид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даргаас асуугаарай, шаардаарай гэж хүсье” гэв.