Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Батзориг: Импортын цементээс гадна дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын чанар, стандартыг шалгах тал руу илүү чиглэж ажиллана DNN.mn

Засгийн газрын 2024 оны 188 дугаар тогтоолоор импортын цементийн гаалийн албан татварыг 20 хувиас таван хувь болгож бууруулсантай холбогдуулж импортын албаны чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Энэ талаар өчигдөр Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Б.Батзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Шалгалтын ажлын хэсэг барилгын материалын “44” зах дээр худалдаалагдаж буй БНХАУ-ын импортын цементэд таван аж ахуйн нэгжийн зургаан дээжийг “Намнан индастри” ХХК-ийн сорилтын лабораторид физик механик үзүүлэлтийг тодорхойлуулах шинжилгээнд хамруулсан. Дээжүүдээс гурван дээжийн шахалтын бат бэх нь 42.5 МПа байхаас 42 МПа, 39.9 МПа, 41.5 МПа гарч байгаа нь холбогдох стандартад заасны дагуу хүлцэх алдаа буюу (бага зэргийн согог, стандартын шаардлагаас байж болох хэлбэлзэл)-ийн дагуу 40 МПа байж болохоор заасан бөгөөд 39.9 МПа гарсан нэг дээж шаардлага хангаагүй байна.Орон сууц, олон нийт, үйлдвэрийн зориулалттай барилгын үндсэн бүтэц, бетон зам, хучилт, өргийн ажил, заслын ажил, суурь, далан суваг, усны хоолой, хамгаалалтын түшиц хана, бетон ба төмөр бетон эдлэл, бетон зуурмаг үйлдвэрлэхэд цементийг орц нормын дагуу хэрэглэдэг бөгөөд чанарын шаардлага хангаагүй цементийг ашиглах нь газар хөдлөлтийн идэвхжил их байгаа энэ үед олон эрсдэл дагуулдаг гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй” гэв.

Хүмүүс ихэвчлэн үнэ харж сонголт хийдэг. Цемент нь таван төрлийн тэмдэглэгээтэй байдгаас PS 42.5, PS 52.5, OPC 42.5 портланд цементийг түлхүү ашигладаг. PS 42.5 нь бетон зуурмаг, эдлэл, угсармал хийц эдлэлүүдэд, PS 52.5 төмөр замын дэр бетон, цахилгаан шонгийн тулгуур гэх мэт томоохон эдлэлүүдэд, OPC 42.5 хамгийн өргөн хэрэглэгддэг юм байна. Нэг шуудай цемент 50 кг байх ёстой. Стандартад 50 кг тутамд нэг кг-ын хүлцэх алдаа байж болно гэсэн заалттай ажээ.

Энэ тухай Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Б.Батзориг “Бодит байдал дээр 27,28 кг байх нь элбэг тохиолддог тул иргэд худалдан авалт хийхдээ анхаарах хэрэгтэй. Тус стандартад цементийг хураахдаа өөр төрлийн цементүүдийг холихыг хориглоно, газраас хөндийрүүлсэн подонтой түүнээс дээш 1,8 метрт давхарлаж хураана гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч худалдаалж буй аж ахуйн нэгжүүд цементийн төрлүүдийг хольж, хоёр дахин өндөртэй хурааж стандартыг зөрчиж байна. Гурвалжингийн гүүрний барилгын зах дээр гэхэд хадгалалтын горимыг зөрчсөн байдалтай байна. Энэ бол ноцтой асуудал. Тиймээс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хяналт шалгалтын газар, Барилгын хөгжлийн төв болон холбогдох мэргэжлийн ТББ хамтраад хяналт, шалгалтын ажлыг тогтмол явуулж байгаа. Цаашлаад импортын цементээс гадна дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын чанар, стандартыг шалгах тал руу илүү чиглэж ажиллана” хэмээв.

Түүнчлэн гаалийн татварыг таван хувь болгож бууруулсан талаар тэрбээр “Засгийн газрын тогтоолоор албан татварын хөнгөлөлт аравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчлээд арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд буцаад 20 хувь болж хэрэгжинэ. Энэ нь дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалах, дэмжих бодлого юм” гэсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Мөнхцэлмэг “Хяналт шалгалтаар илэрсэн дутагдлуудыг дурдъя. Импортоор оруулж ирсэн цементүүд гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг, чанарын гэрчилгээнүүд байхгүй тохиолдол илэрсэн. Тухайн аж ахуйн нэгжүүдээс асуухад гаалийн бүрдүүлэлт хийхэд нэг хүн дээр төвлөрсөн гээд зөвхөн гарал үүслийн гэрчилгээ гаалийн бүрдүүлэлт хийхэд ашигладаг гэж ойлгогдож байгаа.Импортоор ирж буй ямарваа нэгэн барилгын материалыг дагалдан ирж буй чанарын гэрчилгээ болон чанарын паспорт дээр цемент хэзээ үйлдвэрлэсэн, ямар маркийн цемент байгаа нь, он сар, хэзээ ачигдсан бэ гэх зэрэг маш чухал мэдээллүүд агуулагдаж байдаг. Гэтэл тэр мэдээллүүдийг зөвхөн гаалийн бүрдүүлэлтэд ашиглаж байгаа бол харамсалтай. Цемент нь үйлдвэрлэснээс хойш гурван сарын дараа тодорхой бат бэхээ алддаг. Тийм учраас чухал мэдээллүүд чанарын паспорт, гарал үүслийн гэрчилгээн дээр заавал бичигдсэн байх ёстой. Түүнийг худалдан борлуулж буй цэг дээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө иргэдэд ил тод өгч байх. Мөн худалдан авч буй хүмүүс шаардаж байх ёстой” гэв.

Нэмж дурдахад, манай улс 2020 онд импортоор 157.9 мян.тн цемент авч байсан бол 2023 онд 255 мян.тн болж нэмэгджээ. Харин 2024 оны наймдугаар сарын байдлаар 146 мян.тн цемент импортоор оруулж ирээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *