Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх цахим сургалтыг өнөөдөр /2024-08-08/ зохион байгууллаа.
Улаанбурхан өвчний эхний тохиолдол энэ оны долдугаар сарын 31-ны өдөр батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 2, дотоодын 2 тохиолдол бүртгэгдээд байна. Иймд ЭМЯ-наас яаралтай хариу арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байгаа юм.
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед өрх, сумын эмч нарын нэн даруй авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа, жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг өгөв.