Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан иргэн О нь 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрээр АТГ-т цагдаа нар өөрийг нь мэдүүлэг авна гэж дуудаад зодсон хэмээн гомдол гаргаж, төд удалгүй Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байсан юм. Бид түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан “Өмгөөллийн Эн Энд Би Эдвокэйтс ХХН” ХХК-ийн өмгөөлөгч Г.Анхбаяртай ярилцлаа.
-Та хэзээнээс талийгаач О-гийн өмгөөлөчөөр ажиллаж эхэлсэн бэ?
-Түүний өмгөөлөгчөөр ажиллах гэрээг албан ёсоор долдугаар сарын 20-нд ахтай нь байгуулсан. Учир нь долдугаар сарын 23-нд цаашид цагдан хоригдох эсэх нь шийдвэрлэгдэх шүүх хуралтай байсан. Харамсалтай нь ийм таагүй үйл явдал боллоо. Өмнө нь тавдугаар сарын эхээр уулзаж хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч байсан.
-Цагдан хоригдох хугацаанд нь та түүнтэй хэдэн удаа биечлэн уулзаж байсан бэ?
-Цагдан хоригдох хугацаанд нийт дөрвөн удаа уулзсан. Хэргийн бодит байдлыг бүгдийг нь надад амаараа үнэн зөвөөр, юуг ч нууж хаалгүй ярьж байсан.
АТГ-т гомдол гаргасан байдал, хэрэгт холбогдсон, цагдаа нарт зодуулсан тухайгаа, анх энэ хэрэгт яагаад холбогдсон зэрэг бүх зүйлсээ надад хэлсэн. Наадмын өмнө талийгаач О-той уулзах үед биеийн байдал нь хэвийн байсан.
Гэхдээ хэвлийгээр өвдөөд байгаа. Эмнэлэгт үзүүлэх ямар арга чарга байна гэж асууж байсан. Бие чинь өвдөөд байвал хорих ангийн эмчдээ хандаарай гэж зөвлөсөн. Хэрвээ хоёрдугаар шатлалын буюу хорихын эмнэлэгт эмчлэх боломжгүй байвал чамайг гуравдугаар шатлалын эмнэлэгт хүргэх боломжтой. Чи хорихын эмнэлэгт үзүүлэх боломжтой, ЭХО-д харуулаарай гэх мэт боломжтой зүйлсийг нь түүнд хэлсэн.
-Хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт ЭХО байдаг уу?
-Түүнийг би мэдэхгүй байна. Гэхдээ хоёрдугаар шатлалын эмнэлэгт эмчлэх боломжгүй бол дээд шатны эмнэлэгт хүргэж эмчлэх арга хэмжээ авах ёстой.
-Тантай сүүлд уулзахдаа шүүх хурал хүртэл биеийн байдал гайгүй байх, шүүх хурлын дараа эмнэлэгт тухтай үзүүлнэ гэж ярьдаг байсан уу?
-Үгүй, огт эмнэлэгт үзүүлэх бодлоо хойшлуулсан зүйл ярьж байгаагүй. “Эмнэлэгт үзүүлмээр байна аа” гэж л ярьдаг байсан. Тэгээд яаж эмнэлэгт үзүүлэх, яах ийх талаар нь би хэлж өгч, зөвлөж байсан. Долдугаар сарын 11-13-нд хорих ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Гэхдээ бүгчимдээд, агаар дутагдаад байна гээд өөрийнхөө хүсэлтээр хоригдож байгаа камертаа байж байх хүсэлт гаргасан юм. Тухайн үед ажиллаж байсан эмч нар нь өөрөөр нь “Эмнэлгээс гарахад гомдолгүй, дараа нь ямар нэгэн гомдолгүй” гэсэн зүйлс бичгээр бичүүлж аваад гаргасан. Тухайн үедээ бие өвдөж эхэлж байсан гэж үзэж байгаа.
-Тантай уулзах үеэр юуны тухай ярьж байсан бэ. Биедээ өвчин зовиур байна гэж хэлдэг байсан уу?
-Нуруу, өгзөг, толгой зэрэг газрууддаа ил харагдах шархтай байсан. Тэдгээрийгээ баримтжуулаад АТГ-т гомдол гаргахдаа тухайн гомдолдоо хавсаргаад өгсөн байдаг. Одоо ч ар гэрийнхэнд нь тэдгээр зураг байгаа. Мөн зодуулснаас хойш дотор эрхтэн болон хэвлийн хэсгээр өвддөг болчихсон гэж ярьдаг байсан. Гэхдээ эцсийн дүгнэлт шүүх шилжилгээний хариугаар гарах юм. Яг юунаас болж гэмтэл учирсан байна гэдэг нь тогтоогдоно.
-Талийгаач О таны ажигласнаар түргэн зан авиртай хүн байсан уу, дөлгөөн тайван хүн байсан уу?
-Даруухан. Залуу хүн ямар байдаг билээ дээ, цовоо сэргэлэн байдаг шүү дээ. Гэхдээ түрэмгий бол биш. Соёлтой боловсон, даруу төлөв залуу байсан. Нүднээс харахад сэргэлэн залуу.
-Талийгаач О нь “Эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт долоон холбогдогчтой, 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан” гэх хүний эмзэг мэдээллийг олон нийтэд зарласан. Ингэж хүний хувийн мэдээллийг олон нийтэд зарлаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл байлаа?
-Хувь хүний эмзэг мэдээллийг олон нийтэд тараасан нь хууль зөрчсөн үйлдэл. Ар гэрээс нь ч зөвшөөрөл аваагүй. Олон нийтэд тэгж мэдээлж байгаа бол ар гэрээс нь зөвшөөрөл авах ёстой байсан. Нас барсан ч гэсэн аливаа хүний эмзэг хувийн мэдээллийг олон нийтэд зарласан нь ёс зүйн алдаа байлаа.
-Долдугаар сарын 22-нд эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг нь танд хэзээ мэдэгдсэн бэ?
-Би ар гэрээс нь олж мэдсэн. Харин ар гэрийнхэнд нь Улсын III төв эмнэлгээс мэдэгдсэн байсан. Долдугаар сарын 23-ны өглөө очиход ухаангүй байсан. III дугаар эмнэлгийн эмч нар бидэнд хэлэхдээ “Энэ хүнийг ганцхан хоногийн өмнө авч ирсэн бол амьдруулах бүрэн боломжтой байлаа” гэж хэлж байсан. Амин үзүүлэлтүүд нь уначихсан байсан. Нэг хоногийн өмнө, ядаж ухаан алдахаас нь өмнө авч ирсэн бол амьдруулах бүрэн боломжтой байсан гэж эмч нар хэлж байсан.
-Талийгаачийг гавласан байсан нь ямар учир шалтгаантай байсан бэ?
-Харгалзагч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан журмынхаа дагуу л ажиллаж байгаа юм. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг буруутгах ёсгүй. Хууль, журмынхаа дагуу л ажлаа хийж байсан. Аав нь “та нар ядаж гавыг нь тайлчих” гэж хэлээд тайлуулсан. Ухаангүй хүргэгдэж ирэхдээ гавтай л байсан. Журам нь ийм байгаа юм.
One reply on “Өмгөөлөгч Г.Анхбаяр: Талийгаач О “Зодуулснаас хойш дотор эрхтэн болон хэвлийн хэсгээр өвддөг болчихсон” гэж ярьдаг байсан DNN.mn”
Асуудалгүй зодож алсан байна