Монголын нийгэм хоёр нийгэмд хуваагддаг болоод, Монгол Улс хоёр нийгэмд амьдардаг болоод удаж байна. Зуны улирал ирэхээр найр наадам, уяа морьд, бөх тэх, өв соёл, ёс заншил гээд үндсэндээ дундад зууны гэж хэлж болохоор тийм нийгэмд амьдраад явчихна. Харин есдүгээр сарын 1-нээс дарга цэрэггүй бүгдээрээ хот хүрээ бараадаж гэрэл цахилгаан, аж үйлдвэр, газрын ховор элемент гээд шинжлэх ухаанчаар амьдрах гэж оролдоно. Товчоор хэлбэл, зундаа дундад зууны маягтай, өвөлдөө орчин цагийн маягтай ийм хоёр нийгэмд бид сүүлийн 10 гаруй жил амьдарч байна. Зуны амьдралын муу муухайг хэлэх гэхээр нийтээрээ барьж идчих гээд хэцүү. Ёс заншил руугаа нулимлаа, өв соёлоо гутаан доромжиллоо, монгол монголоороо байх ёстой гээд эхэлнэ.
Тиймээс монголчуудын хавтгайрсан энэ найр наадам, морь бөх, дээл хувцас, том том хөөрөгнөөс өөрийг бодохоо байсан, өв соёл нэрээр мунхарч гүйцэж байгааг нь шүүмжлэх хүмүүс бусдын хэл амнаас халгаад холоос хий л толгой сэгсэрч дув дуугүй ажихаас өөр аргагүйд хүрч байна. “Найрлаж наадаад байтал энэ улс орон чинь дампуурч гүйцэх нь. Наад хэдэн үстэй адгуусаа уралдуулах чинь улс орны хөгжилд ямар хамаатай юм бэ. Наад хэдэн хөлстэй нүцгэн бөхчүүд чинь улс орныг удирдах уу, Монголын хөгжилд ямар гавьяа байгуулсан юм бэ” гээд хэлчихвэл монгол соёлын үнэт зүйлийг гутаалаа гээд нийтээрээ барьж иднэ. Бүгд л бөх морь, монгол наадам, нутаг нутгийн түүхт 100 жил хөөрцөглөж улайрсан, “илд бамбай”-гаа агссан хүмүүс байна.
Ингэж нийтээрээ хөөрцөглөн, дундад зууны нийгмээ санагалзаж байгаа мэт хэлхгэр дээлтэй, нум сумаа агсчихсан уухай хашгирч, цээжээ дэлдэж яваа монголчуудын тархи толгойд бензин шатахуун, тог цахилгаан гэдэг ойлголт огтоос төрдөггүй, стратегийн эдгээр амин чухал асуудал бүхнээрээ гадны улсын хараат болохыг хэнбугай нь ч мэддэггүй нь харамсалтай. Ер нь биднийг хөгжлийн тухай бодуулахгүй энэ чигтээ наадам найр нэрээр улам л хий хооосон хөөргөж, үйлдвэрлэл бий болгоод баярлах биш үстэй адгуусаа уралдуулж аархсан ийм л зэрлэг омгийнхон шиг байлгахыг далдаас бодлогоор бий болгоод байх шиг. Улам л мунхраад байх шиг.
Аливаа юм хэм хэмжээтэй. Баярлахад, наадаж наргихад ч, гомдож, өширхөхөд ч хэм хэмжээ бий. Зуны амьдрал маань хэт их хөгжөөд ёс заншил гээч зүйл рүүгээ улам хошуураад, нийтээрээ дээл хувцас монгол гутал, хөөрөг гаанс болчихвол яах вэ. Наадмаар нимгэн цамц, подволк шорттой явж байвал ёс заншил өв соёлоо уландаа гишгэлээ монгол дээл, монгол гутлаа өмссөнгүй гээд тухайн хүн хэрэгтэн болох, нийгмийн шаар шавхруу мэт нүд үзүүрлэгдэх тийм харалган цаг ирэх вий дээ. Иранд Исламын шашны дэг ёсыг сахиулах үүрэгтэй ёс зүйн цагдаагийн алба гэж байдаг. Хүүхнүүд нь олон нийтийн газарт гараа ил гаргах юм уу, эсвэл толгойн өмсгөлөө өмсөөгүйг, алчуураа бүрэн халхлаагүй зэргээр шоронд хоригддог. Яг үүн шиг Монголд дээл хувцсаа өмссөнгүй, өөрийн дур мэдэж подволк, костюм, жинсэн хослол өмслөө гээд Ираны ёс зүйн цагдаа шиг гавлаад явах, барьж хорих асуудал үүсэх юм биш биз дээ.
Энэ байдлаараа бол үгүй гэх газаргүй л харагдаад байна. Монголчууд болсон хойно цагдаа гэхгүйгээр уянгалаг нэр өгчихнө л дөө. Өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх ёс зүйн алба гэдэг ч юм уу. Ийм сүрхий нэртэй, тэрхүү албаны нөхдүүд нь нэг л мэдэхэд монголчуудын орчин үеийн сэтгэлгээг нухчин дарж айдас хүйтэст автуулснаар нийтээрээ дээл өмсөж, монгол гутал эгэлдэргэлсэн үзээрийн хүмүүс гарч ирэх вий. Тиймээс дундад зууныг ихээхэн санагалзаж байгаа зуны амьдралаа хэмжээ хязгаартай болгоё. Найр наадмаараа баярлалаа ч бүтээн байгуулалтынх нь ажил давхар явдаг хөгжлийн тийм тогтолцоонд шилжих хэрэгтэй.
Зуун жилийн баяр наадмаа хийгээд л улс орны амьдрал зогсчих юм шиг сэтгэлгээгээр хандах юм. 100 жилээ тэмдэглэхэд дараагийн 50, 100 жилийн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө давхар батлагдаж цахилгаан станц, төмөр зам, аж үйлдвэрийн парк, хурдны гал тэрэг гээд бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байх учиртай. Дэлхийн улс орнуудын хөгжил яаж явдаг тэр зарчмаар бид хөгжих ёстой. Гэтэл өнөөдөр нэг л их өв соёл, ёс заншил ярьсан хүмүүс. Улс орны хөгжлийн гол концепцийг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлдог. Манай нэг хүнд ногдох ДНБ ердөө 5 мянган ам.доллар. Польш улс гэхэд 30 мянган ам.доллар байх жишээний. Ингэж монголчууд бид дэлхийн улс орнуудын “ул”-ны улс болчихоод байна. Нөгөө Азийн хүлэг биш, Азийн гөлөг улс гэдэг үнэн болчихоод байна.
Аль юм болгон ингэж ядуу дорой амьдрах юм бэ. Монгол Улсын гал голомтыг сахиж байгаа бид монголоороо байх ёстой гэх мунхаглалаас даруй салах хэрэгтэй. Монголоороо байна гэдэг бол дээл өмсөж, морь унаж, үс гэзгээ ургуулж, сахал самбаандаа баригдаж явахын нэр биш. Харин туурга тусгаар улс орны голомтын эзний хувьд хүчтэй улс орон байх ёстой. Тиймийн тулд баян чинээлэг хөрөнгөтэй, ард иргэд нь эрдэм боловсролтой хүчирхэг гүрнийг тунхаглан босгох ёстой. Хүчирхэг улс гүрэн байхын үндэс суурь нь эдийн засаг. Иймээс найр наадам, өв соёл, зуны амьдралынхаа хугацааг богиносгож, хөгжил дэвшлээ ярьдаг өвлийн амьдралынхаа цагийг уртасгаж ДНБ-ээ дор хаяж 10 мянган долларт, цаашлаад 20, 30 мянган долларт хүргэхийн төлөө хүн бүхэн чармайн зүтгэх цаг нь ирсэн.Морь уяж наадсан, бөх барилдаж баяжсан хэдхэн хүний эрх ашигт амьдармааргүй байна.
Уяачдын болон бөхчүүдийн мөнгөний давхарга гэж бүхэл бүтэн давхарга Монголын нийгэмд бий болсон. Эдгээр давхаргынхан ард түмнийг өөрсдийнхөө тойрог хүрээлэлд оруулж, эдийн засгийн эргэлтээ сайжруулахыг гол зорилгоо болгодог. Энэхүү давхарга нь улс орны эдийн засагт ямар ч хамаагүй. Харин ч улс орны хөгжлийн эдийн засгийн эргэлтийг сааруулна. Дээрээс нь төр засаг ард түмнийг захирахад гарын аясаар хэмээн ядуу хоосон гуйлгачин байлгахыг боддог. Энэ бүхнийг ард нийтээрээ санаж сэрж хэрсүү, ухаалаг байх хэрэгтэй байна.Тиймээс зуны амьдралаа богиносгож, өвлийн амьдралаа уртасгая гэж хэлээд байгаа минь ийм учиртай. Сүүлд нь хэлэхэд, өв соёл гэх зүйл хэрээс хэтэрвэл бид Иран шиг ёс зүйн цагдаатай болж, тэдэндээ гавлуулж хоригддог тийм нийгэмд амьдрах цаг ойрхон буйг дахин сануулъя.
Д.Батболд
One reply on “Өв соёлоо эсэргүүцсэн нэгнийг Иран шиг ёс зүйн цагдаа нь шийтгэдэг мунхарсан улс болох вий дээ DNN.mn”
бөх морь ярьж зунжин, намаржин наадахаас өөр зүйл мэддэггүй улс орон хөгжих үү??? Уг нь бүх аймаг, сумдын наадмыг бүгдийг нь 1 өдөрт хийгээд дуусгаж байвал ажил цалгардахгүй зүгээр дээ. Сум нь Халуун усгүй, модон жорлонгоосоо салаагүй байж 100 жил гэж ярихаасаа ичих ёстой баймаар юм….ядаж багахан ч гэсэн газарт мод тариагүй байж 100 жил гэцгээнэ….100 жилүүдээс юу үлдэв ???