Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхмаа: Монголд дайн дажингүй атал он гарсаар 65 хүн усны ослоор амиа алдана гэдэг гамшиг DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхмаатай ярилцлаа.


-Баяр наадмын өдрүүдэд иргэдийг аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын хэчнээн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн бэ. Та бүхний зүгээс ямар, ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Онцгой байдлын албан хаагчид улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан. Нийт 5620 албан хаагч эргүүлээр буюу гол, нуур, цөөрмийн дагуу үер ус, галын аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ажилласан.

Иргэдийн амралт зугаалгын үе ид дундаа орж байна. Наймдугаар сарын 15 хүртэл усны ослын тохиолдол хэд болохыг таашгүй. Тийм болохоор иргэддээ анхааруулж, Онцгой байдлын газар, Цагдаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын байгууллагуудтай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газар, 21 аймаг, нийслэлийн хэмжээнд үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх шуурхай штабуудыг байгуулсан. Усны ослоос гадна үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх судалгаануудыг хийж буй юм. Эрсдэлтэй цэгүүдэд элсийг шуудайлж бэлдэхээс эхлээд хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хүн олноор цуглардаг гол нуур, цөөрмийн дэргэд байнгын хөдөлгөөнт буюу завьт, морьтой гээд бүх төрлийн эргүүл ажиллуулж байгаа. Гэхдээ иргэн бүрд Онцгой байдлын албан хаагчид хүрч ажиллаж чадахгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд бид иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулга өгч байна.

Манайх цаг агаарын байгууллага биш ч гэсэн цаг агаараас үүдэлтэй аюулт үзэгдэл, гамшиг боллоо гэхэд дуудлага мэдээлэл бидэнд ирдэг учраас өнөөдөр тэр аймгаар бороо их орж, усны түвшин нэмэгдэж, үер буух нь гэдэг мэдээ мэдээллийг хүртэл ард иргэддээ хүргэдэг. Аялж зугаалж байгаа иргэддээ гол усны дагуу битгий хоноглоорой гэж ч хэлдэг. Харамсалтай нь иргэд хайхрамжгүй, хэнэгггүй, сэрэмжгүй байна. Анхааруулга, сэрэмжлүүлэг, тоон мэдээлэлд дөжирчихсөн юм болов уу гэж гайхах юм. Аялж загаалж, амралгүй яахав. Гэхдээ аялах, амрахдаа амь насаа эрсдэлд оруулж, гаргуунд нь гаргаад байгаа нь харамсалтай.

-Баяр наадмын өдрүүдэд гамшиг, ослын хэчнээн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бэ?

-Бид 24 цагаар дуудлага, мэдээллийг бүртгэн нэгтгэдэг. Ослыг төрлөөр нь авч үзвэл усны ослын дуудлага, тохиолдол зонхилж байна. Мөн объектын буюу гэр сууц, хогийн цэг шатсан гэх мэт ахуйн гал түймрийн дуудлага улирал харгалзахгүй нэлээд их. Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт дуудлагын дийлэнх хувийг усны осол, ахуйн гал түймэр эзэлж буй юм. Мөн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн хоногт гэхэд ахуйн гал түймрийн дуудлага найм, ой хээрийн түймрийн дөрвөн дуудлага ирсэн.

Сүүлийн таван жилийн харьцуулсан судалгааг харахад баяр наадмын өдрүүдээс эхлэн үргэлжилсэн урт амралттай энэ сард дийлэнх усны ослууд бүртгэгдсэн байна. Он гарсаар улсын хэмжээнд усны ослын 79 дуудлага бүртгэгдсэнээс 65 хүн амь насаа алдсан. Долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд усны ослын 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 24 хүн амь насаа алдсаны хоёр нь хүүхэд. Ихэвчлэн 18-21 насны залуус усанд осолдож байгаа судалгаа бий. Найз нөхдөөрөө аялж зугаалах нь элбэг байна.

-Иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд их осолддог гэж сонссон. Энэ талаар тодруулбал?

-Зөвхөн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усны ослоор эндээд байгаа юм биш. Хийлдэг завь, гудас, тоглоом энэ бүхэн нь хамгаалах эд хэрэгсэл, голын усанд зориулагдсан аврах хантааз, завь биш. Иргэд гэрийнхээ хажуу дахь тогтоол усанд, бассейнд ашиглах зүйлийг энэ намайг аварна гээд гол, нуурын усанд хэрэглээд байх юм. Бидний зүгээс хэлж сануулсаар байтал хийлдэг гудас, тоглоом зэргийг ашигласан ослын тохиолдол бүртгэгдсэн. Онцгой байдлын байгууллагын зүгээс дээрх зүйлсийг битгий хэрэглээч ээ гэж ард иргэдээсээ хүсмээр байна.

Судалгаанаас харахад усанд сэлж чаддаггүй бус усанд сэлж чаддаг хүмүүс дийлэнх нь усны ослоор амь насаа алдсан байдаг. Гол, нуур цөөрөм бүхэн адилгүй. Манай Ховдын усчин аврагч, Хөвсгөлд очиж тухайн гол нуурыг судлах, тэнд дадлага сургуулилт хийж онцлогийг нь мэддэг. Гол, ус бүхнийг гүн, гүехэн гэж таах аргагүй. Харахад гайгүй юм гэдэг байдлаар мэдэхгүй гол нуур руугаа битгий орооч ээ. Шөрмөс нь татах, булчин нь зангирах зэргээр хөдөлгөөнд саад учрахад л хэчнээн сэлж чаддаг хүн ч эрсдэлд ордог. Гал, усанд ам гарч болохгүй гэдэг шиг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу битгий ойрт. Амарч зугаалж байхдаа иргэд өнөөдөр усны түвшин гайгүй байна гэж тайвширч болохгүй. Хэсэгхэн хугацаанд бороо ороход л голын усны түвшин ихэсч, иргэд майхантайгаа урсах эрсдэл өндөр байгаа юм. Гол бараадаж битгий хоногло. Зориулалтын бус гармаар машин, мотоцикл, морьтой гол гатлах гэж бүү оролд.

-Саяхан гэр бүлээрээ амарч явсан хүмүүс усанд осолдсон харамсалтай мэдээ байна.

-Нэг иргэн усанд осолдоход хамт явсан гэр бүлийн бусад хүн араас нь аврах гэж ус руу ороод бүгд амь эрсэдсэн маш харамсалтай тохиолдол гарсан. Ганцхан энэ тохиолдол биш. Дүү нь усанд осолдоход ах нь, хүүхдийнхээ араас аав, ээж нь аврах гэж ус руу ордог. Хүн сандарч тэвдэхээрээ сэтгэн бодох чадвараа алддаг. Сэлж чаддаг эсэх нь хамаагүй тэр хүнийхээ араас орж, өөрийнхөө амь насыг давхар эрсдэлд оруулдаг. Гэтэл хүмүүс аялж зугаалахдаа идэж уух, өмсөх хувцсаа аваад явдаг. Тухайн хүн өөрөө ус руу оролгүйгээр ослын үед үүнээс бариарай гээд хэрэглэх ядаж уртхан оосор ч аваад явж болно шүү дээ.

Ой хээрийн түймрийн үед гэхэд гал унтраах хэрэгсэл болох элс шороо, хүрз, галын хор зэрэг ямар ч багажийг иргэд авч явдаггүй. Түүнчлэн аюул ослын талаар мэддэг хэрнээ хамгаалах хэрэгслийг орхигдуулдаг. Энэ нь өөрөө эрсдлийг бий болгоод байна. Энэ бүхэн надад тохиолдохгүй гэдэг байдлаар хайнга ханддаг.

-Та бүхний зүгээс иргэдэд юу гэж зөвлөх вэ?

-Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, цаг агаарын мэдээг сонсож, бороо хур ихтэй үед замд гарахгүй байх, түр хоноглох, хонож өнжихдөө гол уснаас майхнаа хол барихыг зөвлөе.

Монголд дайн дажингүй атал усны ослоор он гарсаар 65 хүн амь насаа алдана гэдэг гамшиг. Иргэн Батад ч юмуу өөрт нь тохиолдоогүй болохоор тэдэн хүн өнгөрчихөж гэдэг тоонд нь анхаарал хандуулаад өнгөрөөдөг байдлаа болих хэрэгтэй. Иргэн бүр сэрэмжтэй, анхааралтай байж, цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулж, амьдралдаа хэвшүүлж чадвал аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэв.

Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар:

-Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газраас 1361 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан. Гал түймрийн 15, аюулт үзэгдэл ослын 18 нийт 33 удаагийн дуудлагад давхардсан тоогоор 251 албан хаагч, 60 нэгж техник хэрэгсэлтэй гал түймэрт угаартсан хоёр, аюулт үзэгдэлт ослоос есөн иргэн гээд нийт 11 хүний амь насыг авран хамгаалсан. Аялал зугаалгын улиралтай холбогдуулан бид цахимаар 56 постер, 52 шторк, 19 видео, 24 сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг түгээж нийт хандалтаар 104730 хүнд түгээж ажилласан тоон мэдээлэлтэй байна. Баярын үеэр иргэдийн анхаарал, хайхрамжгүй үйлдлээс болж, Багануурт 11 настай хүүхэд тогтоол усанд осолдсон харамсалтай дуудлага ирсэн. Иргэд амарч, зугаалахдаа мэргэжлийн байгууллагуудаас өгч буй мэдээлэл, зөвлөмжийг дагах, цаг агаарын мэдээллийг тогтмол авч сурах, гэр бүл найз нөхдөөрөө явахдаа нэгдсэн зохион байгуулалтад орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усны ойролцоо байхаас зайлсхийх, бага насны хүүхдэдээ анхаарал, хараа хяналт тавих тал дээр онцгойлон анхаарахыг хүсье.

Л.МИНЖМАА

 

One reply on “Б.Энхмаа: Монголд дайн дажингүй атал он гарсаар 65 хүн усны ослоор амиа алдана гэдэг гамшиг DNN.mn”

Энх цагт гол ус машин техникээс болж амь алдах нь хувь хүний болгоомжгүй хариуцлагагүй хэнэггүй байдлаас болж байгааг хүн бүр л мэдсээр байж ертөнцийн мөнх бустай нүүр тулж байна.Маш олон удаа давтамжтайгаар мэдээлж байна болгоомжлуулж байна.Энэ хүмүүсийн ухамсар сэтгэхүй яагаад ингэж доройтоно вэ.Байгалийн хүчин зүйлээс илүүтэй согтуурлаас болох нь хэтэрч байна.Ахд иргэд минь лээ бие биендээ хайртай байя л даа. Гол усны хажууд согтуурахаа болиочээ.Согтуурсан үедээ машин бүү бариачээ.Онгирч галзуурч хурд битгий хэтрүүлээчээ.Согтуучуудад машин барихыг хориглоод өгөөч зөрчвөл машин насаар нь бариулмааргүй байна.Яг ийм чанга хууль согтуучуудад үйлчилнэ.Дахин давтахыг хармааргүй байна хуульчидаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *