Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: “Бодисадва-Хязгааргүй хязгаар” DNN.mn

Өнгөрсөн сард болсон номын баярын үеэр нэгэн сонирхол татахуйц ном олны хүртээл болсон нь “Бодисадва-Хязгааргүй хязгаар” гэх бүтээл байсан юм. Номын зохиогчид нь Б.Батбаяр, Б.Наранбаатар нар. Харин номын найруулгын зөвлөхөөр Д.Урианхай, утга зүйн зөвлөхөөр гавж С.Гантөмөр нар ажилласан нь уг номын чансааг эхнээсээ илтгэх мэт. Энэхүү бүтээл нь аль ч насныхан уншихад тохиромжтой. Бүх л насныханд яг л таарсан гэмээр. Амьдралын утга учир гэж чухамдаа юу билээ, аливаа бүхний учир шалтгаан, гүн ухаан, тогтлын талаар маш энгийн хэллэгээр тоймлосон нь олзуурхууштай байлаа. Уг бүтээл нь “Зүй тогтол, Үйлийн үр, Төв үзэл, Гэгээрэл, Бодь оршихуй” гэх таван бүлэгтэй.

Хүн гэдэг бодьгал хүмүүний ертөнцөд ирээд аливааг эргэцүүлэн бодохуйц насанд ирмэгцээ амьдралын утга учир юу вэ, бид мөн чанартаа юуны төлөө амьдардаг вэ, бурхан хийгээд чөтгөр байдаг уу, урд хойд нас гээд түмэн зүйлийн тухай эргэцүүлэн боддог. Бусдаас ч лавлаж, өөрөө ч дотроо бясалгадаг. Нарт дэлхийн найман тэрбум хүн бүгд л энэ талаар өөрөө ч мэдэлгүй бодож үзсэн байдаг байх.

Харин ахуйд баригдан, аливаагаас алсрахын хэрээр дээрх асуултдаа хариулт олохыг хичээх нь үгүй болж эхэлдэг нь хүмүүний алдаа мэт. Хүн төрөлхтний соёл иргэншлийн үүрийн гэгээ манхайн цайсан тэр цагаас хойш тоолж баршгүй олон эрдэмт мэргэд төрсөн ч гэлээ Будда шиг учир шалтгаан, зүй тогтлын талаас цэгцтэй цогц хариулт өгсөн нь тун цөөн аж. Бурхан багш өөрөө “Та бүхэн миний сургаалыг сайтар нягтлан эргэцүүлж, мөнхүү утга санааг нь онож танихыг хичээгээрэй. Мэргэдийн сургаалыг авахдаа ч маш сайн шүүн эргэцүүлэх хэрэгтэй” гэж сургасан нь бий.

Аливаа ном бүтээлийг уншихад яалтгүй сэтгэлд хоногшоод үлдчихдэг янз бүрийн эшлэлүүд олон байдаг. “Бодисадва-Хязгааргүй хязгаар” номонд байх олон, олон эшлэлээс онцлон бичих нь зүйтэй.

“Төмрөөс үүссэн зэв эргээд төмрөө иддэгийн адил хүнээс үүдсэн нүгэл эргээд хүнээ хэмлэнэ. “Энэ ертөнцийн бүхий л зүйлсийг үгүйсгэхэд гурван буруу үзэл байдаг тухай Бурхан багш сургасан нь:

-Аливаа бүхэн зөвхөн заяа төөргийн дагуу болдог,

-Бүх зүйл бурхнаас шалтгаалдаг,

-Аливаа зүйлс учир шалтгааны ямар ч холбогдолгүй…

Хүний зан чанарыг таних хялбар биш. Хүн бүхэн өөрсдийн өгөгдсөн араншинтай. Хэдий тийм боловчиг хүмүүсийг доорх дөрвөн төрөлд ангилж болох аж.

-Зөвхөн өөрөө зовж шаналж буй хүмүүс,

-Зөвхөн бусдыг зовоож буй хүмүүс,

-Өөрөө ч зовж бусдыг ч зовоодог хүмүүс,

-Өөрөө үл зовж, бусдыг үл зовоодог хүмүүс.

Хүн зөвхөн өөрийн төсөөлж чадах зүйлсийг л бүтээдэг. Төөрөгдөх, гэгээрэхийн аль аль нь санаа сэтгэлээс урган үйлдлээс үүднэ.Тиймийн учир сэтгэл санаа нь хязгааргүй бололцоо, тааварлахын эцэсгүй хүчийг агуулж байдаг. Хүн аль болох л аятай таатайг хүсэмжилдэг. Тиймээс бидний сэтгэл санаа таатай аятай бүхэнд дасаж хүлэгдэхэд ямагт бэлэн байдаг аж.

…Үүлс нарыг хаавч өөрөө сарнин замхардгийн адил уур ухааныг дийлэвч удалгүй намжин замхарна.

Ухааны сохор зуун жилийн амьдралаас утгыг таньсан нэг өдрийн амьдрал эрхэм. Гэгээрнэ гэдэг хамгийн энгийндээ алив бүхний зүй тогтол, учир шалтгаан, үр дагаврыг танин мэдэхэд сэтгэл санаа, оюун ухаанаа бүрэн дайчлах чадвартай болохыг л хэлж буй хэрэг ажээ.

Эрхэм уншигч таны ширээн дээр байнга байж болох уг цомхон хэрнээ агуулга агуу бүтээлийг сонирхож уншихыг хүсч байна. Урмыг эс хугалах ном ажгуу.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *